2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

          улсын яллагч П.Отгонбаатар,

          шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2409003831*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

           

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Б-ийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" сүлжээ дэлгүүр дотор байхад нь түүний эзэмшлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 3.050.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Д” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Ч.О-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Б-ийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" сүлжээ дэлгүүр дотор байхад нь түүний эзэмшлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 3.050.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.О-ын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б-д 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

Шүүгдэгч Ч.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 сард өглөө гэрээсээ гараад баруун 4 зам руу хүнтэй уулзах гээд явж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б замд байрлах С сүлжээ дэлгүүр ороод дулаацаад нойл оръё гэж бодоод орсон. Тэгээд намайг дотогш ортол газар нэг гар утас байсан ба цаад талд нь согтуу хүн сандал дээр унтаж байсан. Тэгээд би утсыг нь аваад гарсан. Тэгээд би тус дэлгүүрийн замын эсрэг талаас нисэх орох автобусанд суугаад нисэх рүү яваад нэг айлд очтол гэртээ байгаагүй. Тэгээд би буцаад Т кино театрын буудал дээр буугаад Т худалдааны төвийн гадна утас авна гэсэн хүн байхаар нь утсаа 100.000 төгрөгөөр зараад өөрийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 43-44/,

 

хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х-ын урд талын зогсоол дээрээс найзынхаа машиныг авч хамтдаа явсан бөгөөд би Б замд буусан. Тэндээсээ "С" орсноо санаж байна түүнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Өглөөний 08 цагийн үед сэргээд гар утсаа шалгаж үзтэл миний гар утас байхгүй байсан... Миний алдсан гэх гар утас айфоне 14 про макс гэх загварын гар утас бөгөөд сарын өмнө эхнэрээсээ авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17/,

 

Хөрөнгийн үнэлгээний "Д" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн СБ1-24- 321 дугаартай "айфоне 14 про макс загварын гар утас 3.050.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Б-ийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" сүлжээ дэлгүүр дотор байхад нь түүний эзэмшлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 3.050.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.О-т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Ч.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.   

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ч.О-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 3.050.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 3.050.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ч.О-т холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ч.О нь завсарлага авсан хугацаанд хохирол, төлбөр болох 3.050.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч Б.Б нь цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч энэ хэрэгт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б овогт Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т хэсэгт зааснаар Ч.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;” үүргийг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР