| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/1174/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/240 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан эрүүгийн 2409000001*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто машины засварын үйлчилгээ үзүүлдэг "А" нэртэй засварын газар дотор тус засварын газраар үйлчлүүлэхээр ирсэн А.А-тай маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан биед нь зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.А, гэрч М.Т Э.О нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.С-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8851 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Т-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр шүүгдэгч Н.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто машины засварын үйлчилгээ үзүүлдэг “А” нэртэй засварын газар дотор тус засварын газраар үйлчлүүлэхээр ирсэн А.А-тай маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан биед нь зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т-ын хохирогч А.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Н.Т-ын нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр хүн ч гэсэн намайг цохиж гэмтэл учруулж харилцан цохилцсон. Би санаатайгаар тухайн хүнд хохирол учруулаагүй тэр хүн ч гэсэн намайг цохиж хохирол учруулсан. Би ч гэсэн гомдолтой байгаа учир гэмтлээ тогтоолгох хүсэлтэй байна. Хуулийн хариуцлага хүлээх бол хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Олон нийтийн газар маргалдаж зодолдсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/30 цагийн үед эхнэр Н.О болон 2 хүүхдийнхээ хамт явж байх үедээ С дүүргийн 0 дугаар хороо "С"-ийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг "А" гэсэн нэртэй машин засварын газар очсон... өмнө нь тухайн автомашины завсрын газраар өөрийнхөө машиныг засуулсан бөгөөд тэнхлэг нь сайн таараагүй байсан учраас асуухаар очсон юм аа... очиход 2 эрэгтэй ажилтан байсан бөгөөд тэр засварын газрын захирал гэх 40 гаран настай эрэгтэй хүнтэй машин завсрын асуудлаас болоод маргалдаж эхэлсэн бөгөөд намайг тэндээс явах гэж байхад миний араас хатуу зүйлээр зүүн чихний хэсэгт 1 удаа цохихоор нь би тэр захирал гэх эрэгтэй хүнтэй барилцаж авсан... миний дээд үүдэн шүдийг нэг удаа цохиод миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн... засварын газрын захирал гэсэн эрэгтэй хүн л зодсон. Нөгөө хамт байсан ажилтан нь намайг цохиж зодоогүй... зүүн чихний дэлбэн хэсгээс цус гарсан, дээд үүдэн шүд хөдөлсөн. Өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би машин янзлаад байтал нэг ах “Хийсэн тэнхлэг чинь алдагдчихлаа” гэхээр “Та түр хүлээж бай” гэхэд тэр ах “Одоо оруулна, пизда минь” гэж зандарсан. Тэгэхээр нь би "Та түр хүлээж байгаач, ажилтай байна" гэхэд "Чамтай хэрэлдэж зодолдмооргүй байна шүү, хурдан миний машиныг оруулж янзал" гэхэд Н.Т ах "Чи чинь ямар сонин юм, завгүй байна" гээд түлхэхэд Н.Т ахыг мөргөчихсөн. Гэтэл Н.Т ах уурлаад зүүн чих, эрүү рүү нь ганц 2 удаа цохиж байсан. Би очоод маргааныг зогсоосон. Тэр ах гадаа “Та нарыг бүгдийг нь ална" гэж занаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,
гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Намайг харж байхад тухайн засварын ажилтан манай нөхрийн ам руу гараараа цохиж, гартаа барьсан шүүр шиг юмаар чих рүү нь цохиод чихнээс нь цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.С-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 88** дугаартай: “...А.А-ын биед зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто машины засварын үйлчилгээ үзүүлдэг "А" нэртэй засварын газар дотор тус засварын газраар үйлчлүүлэхээр ирсэн А.А-тай маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан биед нь зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Т-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Т-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Н.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч А.А нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон боловч хохирогч өөрийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах боломжгүй.
Харин хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотолсон баримт болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Н.Т-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотолсон баримт болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР