2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Г.Жалбуу нарыг оролцуулан эрүүгийн 2309023622*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Т.Ч-ын өмчлөлийн “Самсунг QM6” маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг төлж барагдуулна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С дүүргийн 0 дугаар хороо Цагдаагийн ерөнхий газрын харьяа бүртгэл хяналтын төв дээр байхдаа 110.556.250 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч бусдад худалдан борлуулж залилах гэмт хэргийг,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 951***** дугаарын утсаар О аймгийн Б сумын **** тоотод оршин суух хаягтай хохирогч В.Ц-ын эзэмшлийн 9465**** дугаарын утас руу залгаж “С аймаг руу очиж хямдхан дизель түлш худалдаж аваад Улаанбаатар хотод авч ирээд худалдан борлуулах гэж байна, маргааш болтол түр мөнгө зээлээч” гэж хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар хохирогч В.Ц-ын эзэмшлийн Хас банкны 500362**** дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Х банкны 599100**** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13.300.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 14.800.000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 125.356.250 төгрөгийн буюу их хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Ц.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Ч, В.Ц, гэрч Ж.Э, Д.О нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.С-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Т.Ч-ын өмчлөлийн “Самсунг QM6” маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг төлж барагдуулна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С дүүргийн 0 дугаар хороо Цагдаагийн ерөнхий газрын харьяа бүртгэл хяналтын төв дээр байхдаа 110.556.250 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч бусдад худалдан борлуулж залилах гэмт хэргийг,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 95****** дугаарын утсаар О аймгийн Б сумын **** тоотод оршин суух хаягтай хохирогч В.Ц-ын эзэмшлийн 946***** дугаарын утас руу залгаж “С аймаг руу очиж хямдхан дизель түлш худалдаж аваад Улаанбаатар хотод авч ирээд худалдан борлуулах гэж байна, маргааш болтол түр мөнгө зээлээч” гэж хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар хохирогч В.Ц-ын эзэмшлийн Х банкны 500362**** дугаарын данснаас өөрийн эзэмшлийн Х банкны 599100**** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13.300.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 14.800.000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 125.356.250 төгрөгийн буюу их хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ц.С нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь: 

Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын эхээр 04 өдрөөс 05 ний үед Ч ахтай орой уулзаад зайсан искуар зогсоол дээр машин дотор уулзаад Ж.Э гэх хүний дарамтад ороод хүүнээс хүүгийн хооронд мөн зодуулаад өдөр ээлжгүй хүн дагаад барьцаанд хэцүү байсан Тэгээд би Ч ахтай уулзаад та надад туслах зүйл байна уу гээд асуусан Та надад туслах юм бол 1 сараас 2 сарын хугацаанд тайван ажил төрлөө хийх боломжгүй боломж бүрдүүлж өгөөч Ч ах хариу надад 145 сая төгрөгийн үнэ бүхий машин байна чамд 120 сая төгрөгөөр бодож өгнө Эхний элжинд 50 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд надад тийм мөнгө байхгүй вэ надад 20-30 сая төгрөг бүрдэх байхаа гэж хэлсэн Тэгээд би маргааш нь Ч ахтай уулзаад Б-ийн хажуу талын байрнаас машин аваад бид хоёр хамт явсан Г гэдэг газар  хамт очоод машин шилжүүлэх бичиг авах гэсэн боловч манай захирал 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдөр ирнэ тэр үед ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд Ч ах хандаж чи надад хандаж машинаа аваад Э гэх хүндээ өгөөрэй гэж хэлээд хэд хоног толгой амар ажил төрлөө зохицуулаарай гэж хэлсэн Тэгээд Renault -Samsung QM6 маркийн Сувдан цагаан өнгийн суудлын автомашиныг З хотхон дээр очоод Ж.Э гэх хүнтэй уулзаад та надаас 130 сая төгрөгийн үнээр бодож надаас нэхээд байгаа мөнгөнөөс хасаад аваарай гэж би хэлсэн. Тэгсэн Ж.Э гэх хүн хариу би авахгүй ээ. Би 90 сая төгрөгөөр бодож авна гэж хэлсэн. Тэгээд би ингэж өгч чадахгүй гэж хэлсэн тэгвэл би Ч ахад буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг Ж.Э удалгүй шууд намайг зодож дарамтлаад чи амьд харимаар байна уу гэж хэлээд чи 2023 оны 07 дугаар сарын 17 өдөр машин шилжүүлж егөөрэй гэж хэлээд машин аваад явсан Энэ үед Ж.Э гэх хүнтэй хамт С.Б, Ж гэх нэртэй санаж байна Х.Ж 88***** дугаартай, Б, гэх мэт хүмүүс байсан Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 13 өдөр өөрийн худалдаа хөгжлийн данснаас Ч гэх хүний 4042***** дугаарын данс руу би 3 сая төгрөг шилжүүлсэн Ж.Э надад ирээд чи С.Б гэх хүн рүү шилжүүлж өг гэж хэлээд явсан өдөр болгон Чи С.Б гэх хүн рүү яриад цагаа бүртгүүлж байгаарай гэж хэлсэн 2023 оны 07 дугаар сарын 17ний өдөр Г газар очоод машин шилжүүлэх бичиг аваад автотээвэрийн үндэсний төв дээр очоод 14 цаг 06 минутын орчимд өөрийн нэр шилжүүлж аваад Тэгээд би нөгөө машинаа 14 цаг 48 минутын орчимд С.Б гэх хүн рүү шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /

 

хохирогч Т.Ч-ынмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2021 оны 07 сард С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт ц-ийн гадаа хувиараа автомашин худалдан борлуулах ажил эрхлэн явуулдаг машин зарж байсан. Урьд өмнө надаас машин худалдаж авч байсан С гэх хүн нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр надтай уулзаад та машинаа надад зарчих та надад хямдруулаад өгөх үү гээд миний машин аваад явсан 2023 оны 07 сарын 13-ны өдөр залгаад Х аймагт байна. Би 2023 оны 07 арын 16-нд ирнэ тэгээд маргааш шилжүүлээд мөнгө өгий гэж хэлсэн тэгэхээр миний мөнгийг өгнө гэж бодоод итгэж явсан биш миний утасны дугаар авахгүй мсж бичихээр хариу байхгүй удаж байсан утсаа унтраагаад надад олдохгүй алга болчихлоо гээд цагдаа дээр өргөдөл өгсөн... Тухайн үед улсын дугаар аваагүй орж ирсэн машин гаалийн бичигтэй өгсөн би С нэр дээр шилжүүлж өгнө үү гэж албан бичиг өгсөн. Тэгээд бид хоёр авто тээврийн үндэсний төв дээр очсон боловч С өөрийн нэр дээр шилжүүлээд авсан байна 00-00 гэсэн дугаартай байсан. Би маргааш 11 цагийн үед очоод авто тээврийн үндэсний төв дээр лавлаж асуухад С өөр Б гэх хүний нэр дээр шилжүүлсэн дахин маргааш авто тээвэр дээр очсон боловч Б гэх хүн У гэх хүнд өгсөн 00-00 У** улсын дугаартай болсон байсан... Нэг удаа надад 1100 ширхэг обой гэр лүү хүнээр дамжуулж өгөөд буцаагаад Жинхэнэ обой эзэн гэх 991***** дугаартай М.О 999***** дугаартай гэх хүмүүс буцааж надаас авсан... Анх галын бичигтэй албан ёсны оруулж ирдэг байгууллагын нэр байгаад би С-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэж хүсэлт өгч байсан... Би Тийм машин авсан зүйл байхгүй ээ огт надад байхгүй ээ... Би ямар ч мөнгө авсан зүйл байхгүй ээ Урьд надаас SUBARU Forester маркийн авто машин худалдаж аваад үлдэгдэл мөнгө өгч байсан. Одоо болохоор Sinsung QM6 загварын тээврийн хэрэгслийг худалдан аваад өмнөх өрөө өгөх дөө дахин машин авсан төлбөр өгсөн хэлээд байна... Надаас энэ жинхэнэ эзэн гэх О, М нар үл таних эмэгтэй М-ыг миний хажууд чи муу хүний юмыг бусдад өгдөг хэн бэ гээд орилоод хагшраад буцааж авсан Тэгээд 4 портер машин ачаа болоод 1100 ширхэг обой аваад явсан Гэхдээ 400 ширхэг өгөхөд Үл таних эмэгтэй нь 1975-1980 оны тарган махлаг дунд зэргийн нуруутай бор цайртай эмэгтэй байсан байсан Намайг байхгүй байхад үйлдсэн обойг ирээд ачаад аваад явсан байсан. Манай дүү М гэх хүн хажууд нь байсан… Надад зүгээр барьцаа болгож үлдээсэн боловч Жинхэнэ эзэн эмэгтэй аваад явсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 22, 24-26/,

 

хохирогч В.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би З аймгийн У сумын 0 дугаар сургуульд 1-5 дугаар анги хүртлээ суралцаж байхад манай ангид Ц.С гэдэг эрэгтэй хүүхэд хамт сурдаг байсан юм, тэгээд анх бага наснаасаа хойш холбоотой байсан гэхдээ ойр дотно бол биш. Тэгээд уулзаагүй явж байгаад 2022 онд арван жилийн ангийн уулзалт болоход Ц.С-тай уулзсан. Тэрний дараа 2024 онд Ц.С Д аймаг, Х аймаг руу явж байна гээд О аймагт ирж надтай утсаар холбогдож уулздаг байсан... Тэгээд Ц.С бид хоёр хаяа даа нэг холбоотой байж байгаад 2024.03.31-ний өдөр Ц.С нь өөрийнхөө утаснаас над руу залгаад Д.Б гэдэг ахтайгаа явж байна С аймаг руу очиж хямдхан дизель түлш худалдаж аваад Улаанбаатар хотод авч ирээд худалдан борлуулах гэж байна, ашиг нь 1,000,000 төгрөг байдаг юм, надад 13,300,000 төгрөгийг маргааш хүртэл хугацаатай зээлээч гэж хэлэхээр нь би юм бодолгүй тэгье тэгье гээд өөрийн гэртээ буюу *** тоот хаягтай хашаан дотор байрлах байшин дотор байж байхдаа өөрийн эзэмшлийн Х банкны 500362**** дугаартай данснаасаа Ц.С-ы Х банкны 59910***** дугаартай данс руу интернэт банк ашиглаж 13,300,000 төгрөгийг 2024.03.31-ний өдөр 18 цаг 30 минут орчимд шилжүүлсэн. Тэгээд шилжүүлчхээд байж байсан чинь дахиж надтай холбогдоод мөнгө хүрэхгүй байна 2,000,000 төгрөгийг нэмээд шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь тэгье гээд өөрийн эзэмшлийн Х банкны 500362**** дугаартай данснаасаа Ц.С-ы Х банкны 59910***** дугаартай данс руу интернэт банк ашиглаж 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн... Тэгээд би 2024.04.01-ний өдөр болоход Ц.С өөрийн эзэмшлийн Х банкны 59910***** дугаартай данснаасаа миний эзэмшдэг Х банкны 50036***** дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 1,000,000, 1,000,000 төгрөгөөр тус тусад нь шилжүүлж өгөөд үлдсэн 13,300,000 төгрөгийг Улаанбаатар хотод очоод шилжүүлээд өгнө гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгээд 2024.04.02-ны өдөр мөнгөө нэхэж холбогдоход дахиад 1,700,000 төгрөг өгөөч түлшинд мөнгө дутчихлаа маргааш шилжүүлье гээд 2024.04.02-ны өдөр би өөрийн эзэмшлийн Х банкны 500362**** дугаартай данснаасаа Ц.С-ы Х банкны 59910***** дугаартай данс руу интернэт банк ашиглаж 1,700,000 төгрөгийг шилжүүлж өгөхөд 2024.04.03-ны өдөр Ц.С 1,700,000 төгрөгөө буцааж шилжүүлж өгсөн. Тэгтэл 2024.04.03-ны өдөр өдрийн 15 цагийн орчимд дахиж надтай холбогдоод нэг ахад 10,000,000 төгрөг өгөөд маргааш авах юм 1,500,000 төгрөг дутчихлаа маргааш авсан бүх мөнгөний хамт эргүүлээд өгнө гэж хэлэхээр нь итгээд Өөрийн гэртээ байж байхдаа өөрийн эзэмшлийн Х банкны 500362**** дугаартай данснаасаа Ц.С-ы Х банкны 599100**** дугаартай данс руу интернэт банк ашиглаж 1,500,000 төгрөгийг интернэт банк үйлчилгээг ашиглаж шилжүүлсэн... Би нийт 18,500,000 төгрөгийг шилжүүлж 3,700,000 төгрөгийг буцааж авсан бөгөөд одоо 14,800,000 төгрөгийг Ц.С-аас нэхэмжилж байна, их гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 166-167/,

гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч гэдэг хүнийг бол танихгүй ээ, гэхдээ С-аас машин худалдан авсан асуудлаас болоод нэг удаа уулзаж байсан, тэрнээс өөрөөр энэ хүний талаар мэдэхгүй.... 2023 оны зун С-аас “Самсунг Ринаулт” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 90 сая төгрөгт тооцон өгсөн. Төлбөрийн хэрхэн төлсөн гэхээр би ээжийнхээ авто машиныг солиод өгчих юм сан гэж ярьсан байсан, гэтэл С нь уг тээврийн хэрэгслийг надад үзүүлээд та ээжийнхээ нэр байгаа “RХ350” маркийн машинаа 65 сая төгрөгт тооцоод 25 сая төгрөгийг өмнөх өрнөөсөө суутгаад тэгээд авчих гэсэн учир би “RХ350” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээж Б.У-ийн нэр дээрээс Б руу шилжүүлсэн. Ямар учраас Б руу шилжүүлэн өгсөн гэхээр С нь Б-аас 50 сая төгрөгийн үнэнд түүний эзэмшлийн “Ауди” маркийн машиныг авсан байсан, тийм учир тэр төлбөрт нь шилжүүлэн өгсөн юм. Ингээд үндсэндээ бол уг “Самсунг Ринаулт” машиныг 90 сая төгрөг бодож авсан. Тухайн үед надад зарах үед Улсын дугааргүй зөвхөн гаальтай машин байсан бөгөөд би аваад ээжийнхээ хуучин машины дугаар болох 00-00 дугаарыг шилжүүлэн авсан. Одоо уг тээврийн хэрэгслийг машиныг манай ээж өөрийн нэр дээр ээ авсан, унаад явж байгаа...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 37-38/

 

гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад Солонгос жийп байна гэж хэлээд гаалийн бичиг үзүүлсэн. Тэгээд бэлэн байр, мөнгө өгнө гэж хэлээд надаас Солонгос обой 3 төрлийн, 400 сая орчим төгрөгийн үнэтэй обой, Япон обой 500 сая төгрөгийн үнэтэй аваад явсан... М, С хоёр хувааж авсан байсан. Тэгээд надад байх машин өгнө гэж хэлсэн боловч өгсөн зүйл байхгүй байна... Би авсан 400 орчим обой буцааж авсан М, Ч-аас үлдэгдэл обойг авсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 31-32/,

 

Автотээвэрийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн “00-00 улсын дугаартай Samsung QM6 загварын 2021 оны тээврийн хэрэгсэл Б.У-н нэр дээр бүртгэлтэй” лавлагаа /1хх-ийн 110/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн шинжээчийн “шинжилгээний объектын 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 110.403.125 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 170-176/,

Хохирогч В.Ц-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, Х банкны 500362**** дугаартай В.Ц-ын дансны хуулга, Ц.С-тай харилцсан талаар фейсбүүк чатны хуулбар /2хх-ийн 146-162/,

Х банкны 599100**** дугаартай Ц.С-ы дансны “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13,300,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийн орлого орсон” хуулга /2хх-ийн 171-175/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.С-гийн дээрх үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Харин түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нас, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Ц.С-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 /нэг/ жилийн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 183 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээр тооцож, 2.745.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ц.С-гийн эдлэх ялыг 7.255.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ц.С-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Ч-ад 110.556.250 төгрөгийн, В.Ц-д 14.800.000 төгрөгийн, нийт 125.356.250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд нөхөн төлсөн, хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул түүнийг  хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Б.У-ын нэр дээр бүртгэлтэй 00-00 улсын дугаартай “Samsung QM6” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №35 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овгийн Ц.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.С-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 183 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээр тооцож, 2.745.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ц.С-гийн эдлэх ялыг 7.255.000 төгрөгөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Б.У-ийн нэр дээр бүртгэлтэй 00-00 улсын дугаартай “Samsung QM6” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №35 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР