| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01071/и |
| Дугаар | 155/ШШ2017/00127 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2017/00127
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2017/00127 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух Т
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 01-18 тоотод оршин суух Г-д холбогдох,
3.132.500 /гурван сая нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Б.Галбадрахтай 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 406 толгой малыг 38.820.000 төгрөгөөр зарсан бөгөөд Галбадрах 17.810.000 төгрөг өгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгөөс 3 үхрийн махыг 3.120.000 төгрөгт авсан. Тэгээд 4 хоногийн дараа өгнө гээд үлдсэн мал туугаад явсан. Би 12 дугаар сард эгчтэйгээ Мөрөн суманд орж ирээд Галбадрахтай уулзахад мөнгө байхгүй байна гэж хэлж байсан. Бид өөрсдөдөө алдаатай наймаа хийн байж 8.910.000 төгрөг аваад нийт 16.867.500 төгрөг авсан. Одоо 3.132.500 төгрөг авах юм. Өөрөө бол өгнө гэж хэлдэг хамгийн сүүлд уулзахад та нар намайг шүүхэд өг гэж хэлсэн учраас шүүхэд хандсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Г3.132.500 /гурван сая нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Гнь нэхэмжлэгч Тын тус шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Б.Галбадрахыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Гхэргийн материал танилцуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 07, 01 дүгээр сарын 09, 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд түүний эзэмшлийн 99386622 дугаарын утас, Мөрөн сумын 6-1-18 тоот хаягаар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,
Мөн 201 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг Г2017 оны 01 дүгээр сарын 09, 12-ны өдөр түүний эзэмшлийн 99386622 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.132.500 төгрөгийн тэмдэгтийн хураамж 65.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Г-аас 3.132.500 /гурван сая нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г65.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ