| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/331 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Булганчимэг
шүүгдэгч Н.Б,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан эрүүгийн 2409017532*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б, Б.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У-ын урд талын сааданд байсан иргэн Ж.Б-ы эзэмшлийн самсунг галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Н.Б, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ж.Б-ы мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч Н.Б, Б.О нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Б, Б.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У-ын урд талын сааданд байсан иргэн Ж.Б-ы эзэмшлийн самсунг галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б, Б.О нарын хохирогч Ж.Б-ы эзэмшлийн самсунг галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт нь:
шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 0 дугаар хороо, У-ын урд талын сааданд олуулаа байсан. Одоо хэн байсан талаар санахгүй байна. Би сандал дээр унтаж байсан. Тэгтэл миний бөгсөн дээр алгадахаар нь эргэж харахад танихгүй хүн байсан, /Б байсан/. Тэгээд би “би чиний гомо биш” гэж хэлээд заамдалцаад байж байхад М буюу О ирээд гар утасны куртикний баруун талын халааснаас авсан санагдаж байна/. Ирээд гар утсыг аваад, бид хоёр цугтаа яваар би С талбай дээр үлдсэн, М тухайн хагархай дэлгэцтэй гар утсыг аваад явж зарсан, надад 406000 төгрөг өгсөн. Надад Т ах аа “100.000 төгрөгөөр зарсан шүү, май 40.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд би тухайн гар утасны мөнгө болох 280.000 төгрөгийг Б дээр харуулын ажил хийж байхдаа цалингаараа төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,
Шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тг би 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гадуур явж, цуг архи уусан. Тухайн үед Т /Б-ын хоч нь/ бид нар У-ын урд талын сааданд сүүдэрт сууж байсан. Б нэг танихгүй хүнтэй маргалдаад заамдалцаад бургасан дундуур явсан. Би наад талд нь хараад сууж байсан. Тухайн үед нэлээн олуулаа байсан санаж байна. Тэгээд Б цаана бургаснаас гарч ирээд гар утсыг авчихлаа, заръя” гэхээр нь би “дүүдээ архины 20 цаас өгчих халуураад” гэж хэлээд М руу араас нь дагаад явсан. Би замын наад талд нь зогсож байгаад Б цаашаа ороод 80.000 төгрөгөөр зарчхаад гарч ирээд надад 20.000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгөөр нь архи авч уусан. Би цуг аваагүй, Т чинь л авсан, тэгээд би цуг дагж яваад зарчхаад өгий гэхээр нь ганц шил архины мөнгө авсан. Гэхдээ би наад талд нь хараад байж байсан. Гар утсыг Б өөрөө авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,
хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд С дүүргийн нутаг дэвсгэрт байрлах У-ын буудлын урд талын сааданд сууж байсан чинь үл таних эрэгтэй ирээд учир зүггүй нэгжиж байснаа өмдний карманд байсан самсунг А23 загварын гар утсыг булаагаад зугтсан, би араас нь хөөгөөд гүйцээгүй...нэг эрэгтэй миний гар утсыг авч зугтаасан, нэг эмэгтэй хажууд нь зогсож байсан...Би 2024 оны 05 дугаар сард өөрийн самсунг галакси А23 загварын гар утсаа бусдад дээрэмдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаагийн алба хаагч нар тухайн хүнийг олж тогтоосон. Тухайн хүмүүс надад учирсан хохирлыг төлж барагдуулсан...эрэгтэйг нь зааж өгч чадна, эмэгтэйг нь сайн хэлж мэдэхгүй байна, тухайн үед нөгөө эрэгтэй хамт явж байсан... У буудлын урд талын сааданд сууж байсан чинь үл таних эрэгтэй хүрч ирээд тамхи байна уу эсвэл цаашаа суучих гэж үл ялиг шалтаг яриад халаас ухаад гэнэт дарж аваад цохиод гар утас аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 43-44/,
хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны №10*** дугаартай “...самсунг А23 загварын гар утас 280,000 төгрөгийн үнэлгээтэй..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-30/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Н.Б-ын зургийг зааж миний утсыг булааж авсан зугтсан эрэгтэй яг мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Б, Б.О нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У-ын урд талын сааданд байсан иргэн Ж.Б-ы эзэмшлийн самсунг галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Б, Б.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Н.Б, Б.О нарын үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-д 280.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.О, Х овогт Н. Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Ч дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б, Б.О нарт авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б, Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР