2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/309

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан эрүүгийн 2411024561*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Г урьд нь 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Н.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Н.Г нь өмнө 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар  хасуулсан байх үедээ буюу Ч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүрийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цаг 10 минутын орчимд Toyota Prius маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч Н.Г-ийн яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Г нь өмнө 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар  хасуулсан байх үедээ буюу Ч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүрийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цаг 10 минутын орчимд Toyota Prius маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Г-ийн Автотээвэрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйл баримт нь: 

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ийн мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би 2024 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт Ахуй үйлчилгээний баяр болдог юм. Тэгээд 2024 оны 10 сарын 04-ний өдөр хуучин хамт ажилладаг байсан хүмүүстэйгээ М дээр уулзаад пиво ууж байгаад гарч машиндаа 1 шил 0.5 литрийн архи 2 уулаа хувааж уучхаад гэр лүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөөд явж байтал М-ийн автобусны буудал дээр цагдаа нар зогсож байсан. Тэгээд намайг зогсоож шалгаад драйгер багаж үлээлгэсэн... Би тухайн үед гайгүй байсан архи уучхаад шууд хөдлөөд явсан болохоор согтолтын зэрэг өндөр байсан.... Би драйгер багаж үлээхэд 4.05% согтолттой байсан.... Би жолоо барих эрхээ 2024 оны 07 сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад 1 жилээр эрхээ хасуулсан байсан. 2013 онд жолооч болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 47/,

 

гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 10-р сарын 05-ны шөнө цаг 01:10 минутын үед Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Ч дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.З-аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 21:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөөний 07 цаг хүртэл Хүрэмт-15 бүсийн эргүүлээр хяналт шалгалт хийж ажиллах чиглэлээр үүрэг авч Hyundai Venue маркийн 00-00 улсын дугаарын албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж байхад 01:10 цагийн үед 603-аас/ зүүн талд/ постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад жолооч Н.Г нь жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Драгер багажаар шалгахад 4,05%-н согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулах ТС-2, холбогдогчийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэн зөрчлийг материалжуулан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8/

гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Г нь миний нөхөр. Г аймгийн А суманд төрсөн. 10 жилийн амьдарч байна. А сумын сургуулийг 2002 онд төгссөн. Төгсөөд хотод ирж ТЗД-ийн харьяа мэргэжил дээшлүүлэх курс төгсөөд бид хоёр 2006 онд танилцсан. 2014 онд охинтой болсон бөгөөд 2019 онд охинтой болсон бөгөөд одоо хүүхдийн хамтаар Б дүүргийн 0 хорооны ****тоотод  амьдардаг. Манай нөхөр Н.Г нь хүнд маш тусархуу, үнэнч, хийсэн юмаа заавал дуусгадаг, хэлсэндээ хүрдэг, гэр бүл халамжтай, үр хүүхдэдээ цаг зав зарцуулдаг, Хүнтэй эелдэг зөөлөн харьцаатай. Хааяа нэг архи уухаараа машин тэрэг бариад, жолоодоод байдаг, янз бүрийн ааш зан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ж.Н 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолт 4,05%, /хх-ийн 2-3/,

 

Хяналтын камерын /CD/ бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-12/,

 

Яллагдагчийн жолоодох эрхийн лавлагаа, хувийн мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бусад хувийн байдлыг тогтоосон тодорхойлолтууд, /хх-ийн 48-54 дүгээр хуудас/

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан /драгер/ талаарх тэмдэглэл, /хх-ийн 14/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/1099 дугаартай шийтгэврийн хуулбар, /хх-ийн 17-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Г нь өмнө 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар  хасуулсан байх үедээ буюу Ч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүрийн урд замд 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 01 цаг 10 минутын орчимд Toyota Prius маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.Г-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Г-т 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Н.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Н.Г-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Н.Г-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд төлж барагдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеээс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай 

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР