Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0761

 

 

 

 

 

 

 

2022         10          13                                    128/ШШ2022/0761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О /РД:ЛЮ************/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ц.О, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Л.О нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан  гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар тус дүүргийн ***дугаар хороо Хилчин *** дүгээр гудамжны 1а тоот хаягаар нэгж талбарын 180******дугаартай 247 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Л.О ахуйн зориулалтаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан ч иргэн Ц.Ц**** “2008 оноос хойш тасралтгүй 13 жил дугуй засварын үйл ажиллагаа эрхэлж байгаа газрыг Л.О эзэмшүүлсэн байна” гэх гомдлоор шалгаад, дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр дээрх 2021 оны А/334 дүгээр захирамжийн Л.О холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

2.2. Нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн  үндэслэлдээ: “Л.О миний бие Сонгино хайрхан дүүргийн**** дугаар хороо Хилчин-**** гудамжийн **** тоот хаягт байршилтай 247 м.кв талбайтай газрыг эзэмшихээр 2014 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд 2021 онд дахин хүсэлт гаргасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Л.О**** надтай 01116-2021/07145 тоот "иргэнд газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулж эрхийн улсын бүртгэлийн Э-220***** дугаарт бүртгэж 000**** тоот гэрчилгээ олгосон. Миний бие egazar.mn апликейшнээр шалгаж үзэхэд дээрх газрын мэдээлэл гарч ирдэг байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шалгаж үзэхэд мэдээллийн сангаас миний эзэмшиж буй дээрх газрын мэдээлэл алга болсон байсан. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нөхөр Т.Б Сонгинохайрхан дүүргийн Газрын алба руу явуулахад нөхөр маань “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн хуулбарыг авч ирсэн. Уг захирамжаар 2021 оны А/334 дүгээр захирамжийн Л.О холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар А/144 дүгээр захирамж гарсныг мэдээгүй, надад мэдэгдээгүй. Миний бие сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацааны хувьд хохирч байгаа бөгөөд хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж буй Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамж нь иргэн Л.О миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрсөн гэж үзэж байгаа тул энэхүү захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Ц төрөл садангийн хүмүүс нь Хилчин ***, 1-3 зэрэг тоотуудад амьдардаг гэдэг нь гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мэдлээ. Л.О эзэмших эрх олгогдсон газар нь Хилчин 1-а тоотод 247 м.кв газар. Энэ газартай Ц.Ц амьдарч байгаа газар давхцаагүй гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.Ц нь өөрийн амьдарч байгаа газар дээр ***, 1-**** тоотод эзэмших эрх олгоно уу гэдэг байдлаар хүсэлт гаргаж байсан.

Иргэн Л.О тайлбарласнаар анх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан байдаг. Харин дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд нарт өгсөн хариутай адил хариуг өгсөн байсан. Л.О болон түүний нөхөр Т.Б нар Ц.Ц уулзсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн “дугуй засварын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг.” гэсэн. Л.О үүний дагуу асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд Ц.Ц очиж уулзаад “дугуй засварын үйл ажиллагаа нь ямар нэг зөвшөөрөлгүй юм байна, тиймээс дугуй засвараа нүүлгэх үү” гэхэд Ц.Ц нь “би энэ газар олон жил амьдарч байгаа, миний хамгийн том эгч, дүү энд амьдардаг, хашаан дотор байсан дугуй засварын байшинг хашааны гадна гаргаж ирсэн” гээд Т.Б “энэ дугуй засварыг худалдаж авах боломжтой юу” гэж асуусан байдаг. Ц.Ц “нэгэнт газар чинийх болж байгаа бол дугуй засварыг мөн худалдаад авчих” гэсэн байдаг. Дээрх байдлаар хоорондоо зохицсон гэж бодож байтал “Т.Б гэдэг хүн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд их хэмжээний мөнгө өгч газар авсан” гэж зурагтын нэвтрүүлэгт нэртэй нь хамт ярилцлага өгсөн байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зөөврийн флаш байгаа. Харин бодит нөхцөл байдал дээр Ц.Ц гэдэг хүн газартай холбоотой асуудлаар ямар нэг маргаан байхгүй байхад түүний эхнэр, эгч нар шунахайн сэдэлтэйгээр маргаан үүсгэж байгаа. Газрыг хуулиар олгосон гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ. Газар ашиглах эрх гэдэг нь тусдаа ойлголт. Бусдын эзэмшил газар дээр дугуй засварын үйл ажиллагаа явуулж байж өөрийн эзэмшил газар гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Шуудангаар мэдэгдэл явуулсан гэж байгаа боловч хаягаар очсон эсэхэд маргаантай байгаа. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн гуравдагч этгээд, Т.Б нартай уулзсан байгаа. Тэр уулзалт бол сонсох ажиллагаа хийх зорилгоор биш Авлигатай тэмцэх газарт Т.Бг гүтгэлээ гэж гомдол гаргасан. Гуравдагч этгээд нар Т.Б Авлигатай тэмцэх газарт өгсөн. Энэ асуудлаар Т.Б дуудсан. Харин Л.О газартай холбоотой маргаанаар дуудаагүй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнийг дуудаж уулзсан байдаг. Уулзалтаар ямар нэгэн авлига авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс таны өгсөн сиди-д бичлэг байхгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.7-т утсаар санал авч болно гэж заасан. Гэтэл 9****** гэдэг дугаарыг Газрын албанд өгдөг. Харин 9905-тай дугаарыг хаанаас яаж олсныг мэдэхгүй, ийм дугаар байхгүй. Хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Сонсох ажиллагааг зөвхөн Л.О буюу захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх ашиг хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагаа хийх байтал түүний нөхөр Т.Б хуульд заасан итгэмжлэл, төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй этгээдэд сонсох ажиллагаа хийнэ гэж байхгүй. Ц.Ц хууль бусаар Л.О газар дээр үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Л.О газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Иргэн Л.О Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/144 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.О нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дүүргийг Газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар дүүргийн 22 дугаар хороо ************тоотод нэгж талбарын дугаар 18020******дугаар бүхий 247 м2 газрын 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 01116-2021/07145 дугаартай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0001**** дугаар гэрчилгээтэй болсон байна. Тус газарт дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг. Газар эзэмших эрх хүсэж байхдаа түүний нөхөр Б**** нь хариуцсан газар зохион байгуулагчид “энэ дугуй засвар манайх” гэж хэлж байсан гэж  газрын байцаагч нь тайлбарладаг.

Иргэн Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Л.О олгосон газарт "2008 оноос хойш тасралтгүй дугуй засварын үйл ажиллагаа 13 жил эрхэлж байгаа талаараа дурдаад" гомдол ирүүлсэн. Иргэн Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Засаг даргад хандан мөн дээрх нөхцөл байдлаа дурдаад холбогдох нотлох баримтын хамт гомдол ирүүлсэн. Дээрх гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 22 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.А хоёр талыг байлцуулан уулзалт хийж тэмдэглэл хөтөлсөн байна. Тус уулзалтад иргэн Т.Б, н.Б, Ц.Ц, Д.А, Ц.О нарыг байлцуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн ажилтан Г.М тэмдэглэл хөтөлсөн байна.

Иргэн Л.О 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17/3198 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн, шууданч Бо “иргэн Л.О СХД-ийн *** дугаар хороо Баянголын **** тоот хаягт очиход тийм хүн байхгүй, 99****** гар утас руу залгахад холбогдох боломжгүй байв” гэх тайлбартай буцаж ирсэн.

Ц.Ц**** нь дугуй засвар ажиллуулж байсан газрыг эзэмших хүсэлт өгсөн өргөдөл бүртгэгдээгүй. Газрын албаны мэргэжилтнээс асуухад өндөр хүчдэлийн шугам байсан учраас газар эзэмших эрх олгох боломжгүй гэж байсан. Архиваас шүүж үзэхэд ямар нэгэн хүсэлт гаргаж байсан зүйл байхгүй.

Газрын байцаагч нар судлаад Л.О нь “манай дугуй засварын газар” гэж хэлсэн учраас бусдад эзэмшүүлээгүй сул газар дээр нь Л.О эзэмших эрх олгосон байдаг. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.5. Гуравдагч этгээд Ц.Цогтгэрэл тайлбартаа: “Ц.Ц миний бие Сонгинохайрхан дүүргийн ****-р хороо Хилчин **** тоот хаяг байршилтай 247 м.кв талбайд 2008 оноос 2013 оныг дуустал үйлдвэр үйлчилгээ явуулах гэрчилгээтэй, дугуй засварын үйл ажиллагааг 2021 он хүртэл тасралтгүй 13 жил явуулж ирсэн. Манайх 2003 оноос энэ газарт амьдарсан, төрсөн том эгч Ц.С 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 295 дугаар захирамжаар 1-1б тоот хаягт байрлах 699 м.кв газрыг, 2017 оны А/598 захирамжаар **** тоот хаягт амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэрчилгээг авсан.

2017 оноос хойш тусад нь дугуй засварын газарт гэрчилгээ гаргуулахаар дүүргийн Газрын албанд хандахад дээгүүр нь Дата төвийн үйл ажиллагаатай холбоотой 10,0 Вт өндөр хүчдэлийн шугам явж байгаа учир үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн хариу өгч байсан. 2020 онд өндөр хүчдэлийн А шонг буулгасан ч ковид өвчний улмаас газар олголт Нийслэлийн Засаг даргын түр захирамжаар олгохгүй байгаа гэдэг хариуг Газрын албанаас өгч байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сард ажлын байран дээр үл таних хүмүүс хашаа барьж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/334 дүгээр захирамж үзүүлж, Т.Б**** /9****/ гэгч ажлын байрны доторхыг гаргаж, ажлын байрыг эвдэн “Чи юмаа аваад яв, энэ газрыг авахад Газрын албанд их хэмжээний мөнгө төлөх болно, харин 1, 2 жилийн дараа чамд энэ газарт булан гаргаж өгье” гэсэн утгатай зүйл ярьж сүрдүүлэн доромжилсон.

2003 оноос 2021 оны хүртэлх хугацаанд тус газарт Орбит хуучин эцэс орчмын жалга, хог хаягдлын цэгийг бид өөрсдийн хөрөнгөөр хүн машин хөлслөн шороо асгуулж, хогийг дарж, жалга байсныг тэгшилж авсан. Ажиллаж байх хугацаандаа газрын татвар, үйлдвэр үйлчилгээ явуулж байсан хог хаягдлын мөнгийг сар бүрд нь тогтмол төлж байсныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байсан А**** /8******/ Ц, хэсгийн ахлагч /9*****/ хогны байцаагч Н /9*****/ одоогийн Засаг дарга Г***** /7*****/ Газрын албаны дарга байсан А* нар сайн мэдэх бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга С тус хороонд ирэх бэлтгэл ажил хийгдэх үед 250,000 төгрөгөөр машин хөлслөн шороо асган түрүүлснийг харж гэрчилнэ. Олон жил ажиллаж амьдарч байхад гэрчилгээ өгөөгүй байж “энэ миний дугуй засвар, би ажиллуулдаг” гэж хэлээд очсон Л.О, Т.Б нарт Сонгинохайрхан дүүргийн Газрын алба юу үндэслэн эзэмшүүлснийг хардаж байна.

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Л.О нөхөр Т.Б Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хуралдаж нүүрэлдэн нөхөр Т.Б гэгчээс “Та эдгээр хүмүүсийг таних уу” гэхэд “Үгүй” гэсэн. “Энэ миний дугуй засварын газар гэж яагаад худлаа хэлсэн юм бэ?” гэхэд “би дугуйгаа янзлуулсан юм, энэ дугуй засварыг зарна гэж ярьж байсан” гэж хариулсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамж гарсан бөгөөд бид хэзээ Газрын албанд бичиг баримтаа авч болохыг лавлахад Газрын албаны байцаагч А “намар 9 дүгээр сараас хөөцөлдөж болно” гэсэн хариу өгсөн.” гэжээ.

2.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны** дүгээр хэсгийн Хилчин *** дүгээр гудамж ***тоотод 20 жил оршин сууж байгаа Д.А, хүү Ц.Ц, охин Ц.О, бэр Ч.Б болон сургуулийн насны 3 хүүхдийн хамт 2003 оноос энэ газар амьдарч байгаа ба хүү Ц.Ц, охин Ц.О нар маань 2008 оноос уг дугуй засвар, гагнуур машин, угаалга хийх зөвшөөрлийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас авч тасралтгүй 13 жил ажиллуулж байсан юм. Уг газар нь хогийн цэг, жалга байсныг олон жил шороо асгаж тэгшилж авсан ба одоо ч жалга байгаа. Энэ газрын жалга, чулуу байсныг гэрчлэх гудамж, хорооны хүмүүс, хэсгийн дарга, хорооны Засаг дарга гэрчилж байгаа юм.

2008 оноос эхлэн дугуй засварын газрыг ажиллуулсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр ажил дээрээ ирэх үед нь газар дээр хашаа барьж байсан. Нөхцөл байдлыг тодруулахад “Засаг даргын гэрчилгээ гарсан, газар эзэмшигч нь Л.Оюунтуяа” гэсэн гэрчилгээг Л.О нөхөр Т.Б харуулсан байсан. Та нар одоо их хэмжээний төлбөр төлнө гэж хэлсэн байсан. Нөхцөл байдлыг тодруулаад холбогдох газраар явахад дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтанд манай дугуй засварыг Т.Б гэж хүн өөрийнх эзэмшдэг дугуй засвар гэж хэлсэн байсан. Ц.Ц огт дугуй засварыг зарах талаар ярьж байгаагүй.

Газар эзэмших эрх аваагүй, өндөр хүчдэлийн шугамын шон байдаг учраас газар эзэмших эрх олгохгүй биднийг түр хүлээж бай гэдэг  хариу өгч байсан. 2020 оны цар тахалын үед өндөр хүчдэлийн шугамыг авсан байсан. Газар дээр дугуй засварын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа. Оршин суугаа хаяг болон дугуй засвар ажиллаж байгаа хаяг, байршлын хувьд өөр тусдаа. Амьдарч байгаа газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Эгч Ц.С эзэмших эрхтэй газарт Ц.Ц дугуй засварын байшин ороогүй. Хажуу талд нь том хэмжээтэй жалга байсан учраас тэр хэсгийг кадастрт оруулах боломжгүй байсан. Ц.Ц нь төмөр байшин, шар байшин 2-т дугуй засварын үйл ажиллагаа явуулж байсан. Шар байшин нь 12 м.кв, нөгөө байшин мөн адил 12 м.кв орчим хэмжээтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. 2013 онд үйлдвэр үйлчилгээ эрхлэх эрх дууссан. 2013 оноос газар эзэмших хүсэлт гаргаж байсан боловч албан бичгээр бус амаар хариу өгч байсан. Кадастрын зураг хийлгээгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.О Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан  гаргасанСонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.11 дэх хэсгийг баримтлан өмнө гаргасан Л.О газар эзэмшүүлсэн шийдвэрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

Тодруулбал, иргэн Ц.Ц 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “дүүргээс олгосон зөвшөөрлөөр 2008 оноос хойш дугуй засварын үйл ажиллагаа 13 жил эрхэлж байгаа газрыг иргэн Л.О эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээх агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын алба гомдол гаргагч болон газар эзэмшигч талуудыг байлцуулан, талуудын тайлбарыг сонсож, улмаар газар эзэмших хүсэлт гаргахдаа Л.О нөхөр Т.Б нь “Ц.Ц ажиллуулдаг дугуй засварыг өөрийн гэж тайлбарласан” нь худал болохыг Т.Б нь гомдол шийдвэрлэх ажиллагаанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү эндүү ойлголт нь  Л.О газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад үндэслэл болсон хэмээн өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тухайлбал, Т.Б нь “энэ дугуй засвараар би нэлээн хэдэн жилийн өмнө үйлчлүүлж байсан. Тэгэхдээ энэ ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй гэдгийг мэдээд, зөвшөөрөлгүй ийм дугуй засварыг зарах уу гэдэг яриа явагдаж, энэ дугуй засварыг зарах байх гэж үзсэндээ минийх болох юм аа гэж хэлсэн болохоос албан ёсоор минийх гэж хэлээгүй” хэмээн газар эзэмших хүсэлт гаргах үедээ газар зохион байгуулагчид Ц.Ц ажиллуулдаг “дугуй засварыг өөрийн” гэж тайлбарласан тухайгаа гомдол шийдвэрлэх ажиллагааны үед хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэд хооронд үүссэн маргааныг харьяалан шийдвэрлэх чиг үүрэгтэйн дээр мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан.

Ийнхүү газар эзэмших, ашиглах талаарх иргэд хоорондын гомдлыг шийдвэрлэхдээ өөрийн өмнө гаргасан шийдвэрээ “худал тайлбарт үндэслэснээс бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийн дээрх зохицуулалтад нийцэж байна. 

2. Дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Л.О эзэмшүүлсэн нэгж талбарын 1802***** дугаартай 247 м.кв газар нь гуравдагч этгээд Ц.Ц дугуй засварын үйлчилгээ эрхэлдэг газартай давхцалтай, энэ давхцалын талаар талууд маргаагүй бөгөөд Л.О газар эзэмшихээр 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтдээ хавсаргаж өгсөн Г ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар эзэмшихийг хүссэн газарт Ц.Ц дугуй засвар, гагнуурын үйл ажиллагаа явуулдаг байсан нь шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, агаарын зургаар тогтоогдож байна.

Хэдийгээр дүүргийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч Л.О эзэмшүүлсэн газрын кадастрыг 2008 оноос хойших агаарын зурагтай давхцуулан ирүүлэхдээ кадастрын зургийн эргэлтийн цэгүүд дундах хэсгийг будсанаас дугуй засвар, цахилгаан гагнуурын үйлчилгээ эрхэлж байсан гэх 2 байр аль хэсэгт нь давхцаж буй нь судлагдахааргүй байгаа ч Ц.Ц дугуй засвар, цахилгаан гагнуурын үйлчилгээ эрхэлж байсан гэх 2 байр Л.О эзэмшүүлсэн газарт бүхэлдээ багтаж байгаа талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд талууд маргаагүй, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гуравдагч этгээдээс ирүүлсэн фото зургууд, дээр дүгнэсэн бусад нотлох баримтуудаар энэ үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Ц.Ц нь Хилчин 1 дүгээр гудамж 3 тоотод амьдардаг бөгөөд харин Хилчин 1 дүгээр гудамжны 1 тоот хаягаар уг гудамжны зүүн урд талд дугуй засвар, цахилгаан гагнуурын үйлчилгээ 2008 оноос эрхэлсэн болох нь 22 дугаар хорооны Засаг даргын болон дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, дүүргийн Хог хаягдлын үйлчилгээний сантай 2008, 2009, 2013 онд байгуулсан хог тээвэрлэлтийн гэрээ, “Ц дугуй засвар” гэсэн утгаар хог тээвэрлэлтийн төлбөр төлсөн Тээвэрлэлт, үйлчилгээний төвийн 2008, 2009, 2010, 2013, 2014 оны кассын орлогын ордерууд, дүүргийн Газрын албанаас 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн газрын төлбөрийн 22/НСБ-054 тоот акт, дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон “дугуй засварын үйлчилгээ эрхлэх” 22-02 тоот гэрээ зэргээр тогтоогдож байна.

Тиймээс захиргааны байгууллага Л.Он газар (дугуй засвар, цахилгаан гагнуурын байр бүхий) эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж буй газартай давхцаагүй байх” шаардлагыг хангуулаагүй, энэ заалтыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон дээрх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

3. Иргэн Ц.Ц, түүний ээж Д.А нараас дүүргийн Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “дүүргээс олгосон зөвшөөрлөөр 2008 оноос хойш дугуй засварын үйл ажиллагаа 13 жил эрхэлж байгаа газрыг иргэн Л.О эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээх агуулгатай гомдлоор дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тус хороог хариуцсан газар зохион байгуулагч гомдол гаргагч Ц., Д.А болон газар эзэмшигч Л.О нөхөр Т.Б нарыг оролцуулан талуудын тайлбарыг сонсож, “зөвлөлийн хуралд асуудлыг танилцуулах”-аар болж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байдаг.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17/3198 тоот албан бичгээр “иргэн Ц.Ц нараас ирүүлсэн гомдлын дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2021 оны 13 дугаар хуралдаанаар хэлэлцэж тухайн байршилд иргэний эд хөрөнгө байгаа учир газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар хүчингүй болгох” талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 12-7 (а) тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн ч хаягтаа байхгүй шалтгаанаар шуудангийн байгууллагаас буцаагдсан байх ба мэдэгдэл хүргүүлсэн энэ хаяг нь нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлдээ бичсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол *** тоот хаяг байх тул холбогдох хаягаар хүргүүлсэн гэж үзнэ.

Иймд газар эзэмших эрх олгосон шийдвэрийн үндэслэлийг иргэний гомдлоор хянаж шийдвэрлэхдээ талуудыг байлцуулан гомдолд дурдсан “дугуй засварын үйлчилгээ эрхэлж бодитоор ашигладаг газрыг бусдад эзэмшүүлсэн” үндэслэлийн талаарх тэдгээрийн тайлбарыг сонсож, шийдвэр гаргахаасаа өмнө гаргах шийдвэрийнхээ үндэслэлийг албан бичгээр хүргүүлсэн байх тул захиргааны байгууллага захиргааны акт гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж сонсгох, тайлбар авах ажиллагааг хийсэн гэж үзлээ.

5. Гуравдагч этгээд Ц.Ц, мөн нэхэмжлэгч Л.О 2014 оноос маргаан бүхий байршилд газар эзэмших хүсэлтээ өгч байсан гэх ч Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу бичгээр өргөдөл гаргаж байсан нь тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

6. Ц.Ц нь дээр дүгнэсэнчлэн маргаан бүхий газарт дугуй засварын үйлчилгээ эрхэлдэг байсан ч газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байх тул түүнд Газрын тухай хуулиар субьектив эрх олгогдоогүй, түүний хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших, ашиглахыг хуулиар хориглоно. Түүнчлэн эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж, ашигласан зөрчлийг арилгуулах, газрыг албадан чөлөөлөх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

Тиймээс ч шүүх энэ хэргийг Ц.Ц эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар биш, газар эзэмших иргэний хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоож, эзэмших хүсэлт гаргаж буй газрын аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэсний эцэст Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангуулан газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар, нөгөөтэйгүүр бусдын эрхэлж байгаа ажил үйлчилгээг өөрийнх хэмээсэн худал тайлбарт үндэслэж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож зөвтгөсөн захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэлийг хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнийх нь хүрээнд дүгнэж шийдвэрлэлээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Л.О холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА