Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож, Б.Оюун,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ц.Бат-Эрдэнэ,

гэрч Б.Нэргүй,

шүүгдэгч Б.Чинбат, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Бүлтүүшийн Чинбатад холбогдох эрүүгийн 201625012967 дугаартай, 105/2017/0229/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 19ий өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачингийн 15-232 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Найрамдал дүүргийн ардын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял шийтгэснийг тэнсэж, хянан харгалзсан,

1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 54 тоот тогтоолоор оногдуулсан 5 жилийн  хорих ялыг эдлүүлсэн,

Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн Эрүүгийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 8 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Бэсүд овогт Бүлтүүшийн Чинбат, /РД:ЦА67052210/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Чинбат нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Бат-Эрдэнийн баруун гарын бугалга хэсэгт зүсэж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Чинбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эхнэртэйгээ гадуур явж байгаад гэртээ ирээд амарч байхад Б.Чинбат гаднаас орж ирээд юм яриад байхаар нь “чи юу яриад байгаа юм, олон юм битгий яриад бай” гэж хэлээд өшиглөхөд гараад явсан. Би цонхоор юм хараад зогсож байтал ард дугарахаар нь эргээд хартал Б.Чинбат зогсож байсан бөгөөд “яах гээд байгаа юм, гар” гэж хэлээд түлхэхэд баруун гар халуун оргисон. Тэгээд би “хутгалчихлаа” гэж хэлэхэд Б.Чинбат гараад явсан гэв.

Гэрч Б.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед гэрт байсан. Б.Чинбат Ц.Бат-Эрдэнийг хутгалах үйл явдлыг хараагүй. Ц.Бат-Эрдэнэ, Б.Чинбат нар ажлын талаар яриад маргалдаад бие биенээ түлхэж байсан бөгөөд Ц.Бат-Эрдэнэ гарнаас цус гарчихлаа гэж хэлэхээр нь харсан.  Би хохирогч Ц.Бат-Эрдэнэтэй амьдраад 17 жил болж байна. Ц.Бат-Эрдэнэ тухайн үед ажил хийж байсан бөгөөд одоо ажилгүй байгаа. Ц.Бат-Эрдэнэ, Б.Чинбат нар хоорондоо маргалдаж л байдаг. Б.Чинбат манай гэрт амьдардаг. Б.Чинбат, Ц.Бат-Эрдэнэ нар нь зан аашийн хувьд хоёулаа хурц ширүүн зан ааштай. Манай нөхрийн гар хэрэг үйлдэгдэхээс өмнө зүгээр байсан. Одоо шүүгдэгч Б.Чинбатад гомдол санал байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Чинбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгч Нэргүйн нөхөр Бат-Эрдэнэтэй маргалдсан. Яагаад маргалдсан гэхээр өмнө нь намайг “чи муу банди, танай эгчийг чинь би хошногоддог шдээ” гээд согтуудаа хэлж байсан санаанд ороод, дээрээс нь бага зэрэг архи уугаад зориг орчихсон байсан. Тэгээд би чи миний хөгшин эгчийг хайрлаж чадах уу гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө хутга авч дээшээ гарсан. Уг нь айлгая гэж бодсон боловч архиндаа согтсон байсан учраас баруун гарын эрээн булчин хэсэгт зүсэх шиг болсон. Маш их цус гарахаар нь би айгаад сандраад гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг. /хх 50-55 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Чинбат согтуу ирээд “чи яасан том юм” гээд маргаад хэл амаар доромжлоод байсан. Доромжлоод байхаар нь эхлээд “чи зүгээр байгаач дээ” гэж хэлчихээд болихгүй байхаар нь орноосоо босоод ирсэн чинь өрөөнөөс гараад явчихсан. Би цонхон дээр очоод гадагшаа хараад зогсож байхад араас хүрээд ирэхээр нь эргээд харсан чинь дахиад хэл амаар доромжлоод маргаад байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь баруун гар халуун оргиод байхаар нь харсан чинь хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 11-15, 39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Чинбат гаднаас согтуу орж ирээд Бат-Эрдэнэтэй маргаад байсан. Тэгээд Чинбат нэг сүр сар гээд гал тогоо руу орох шиг болсон. Харин Бат-Эрдэнэ цонхон дээр очоод зогсоод байж байхад Чинбат дахиж өрөөнд орж ирээд Бат-Эрдэнэ дээр очоод маргаан дөнгөж эхлээд удаагүй байхад Бат-Эрдэнэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 16-18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹11575 дүгнэлтэд “Ц.Бат-Эрдэнийн биед баруун бугалганы булчин, том артери, венийн судас, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны хөдөлгөөн хязгаарлагдсан нь тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% тогтонги алдагдуулна” гэжээ /хх 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 38 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Чинбат нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Бат-Эрдэнийн баруун гарын бугалга хэсэгт зүсэж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Чинбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Чинбатад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн Эрүүгийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 8 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан боловч Эрүүгийн хуульд заасан ялтай байдал арилсан байна.

Мөн шүүгдэгч Б.Чинбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй, ажлын хэсэг дээрээ Хонг Ли гэсэн бичиглэл бүхий үзүүр хэсэг нь хугарч мухарласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Чинбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.