Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 359

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2018/03643 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Т-д холбогдох

Гэм хорын хохиролд 8 756 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хүү Д.Д, дүү Э.Б нарын хамт Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Мамба Дацангийн 1-6 тоотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрны 2 давхрын 7 тоотыг түрээслэн амьдарч байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө тус байрны түрээслэгч Д.Т- өөрт хамааралтай 6 этгээдийн хамт намайг болон хүү Д.Д-, дүү Э.Б- нарыг санаатайгаар бүлэглэн зодож, бидний биед гэмтэл учруулсан. Б.Д- миний бие тэр өдрөөс хойш бүх бие өвдөж, зүүн хөл гишгэж чадахгүй болсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч н.Амартөвшинөөс 10 хоногийн чөлөө авч, Хөвсгөл аймаг руу эмчлүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр явсан. Гэтэл биеийн байдал улам доройтсоор хотод ирэх боломжгүй болсон. Биеийн байдлаас хамаарч 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Уг хэргийг Баянзүрх дүүрэг, цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч н.Энхзаяа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шалгаж байгаад 2 хүн нь олдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн. Би 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн прокурорын газар уг хэрэг тодорхойгүй байгаа талаар гомдол бичсэн. Гэтэл Д.Т-, түүнд хамааралтай 6 хүний 2 хүн нь олдохгүй байсан гэсэн. Эрүүгийн 2014250007399 дугаартай хэрэг Д.Т-, түүнд хамааралтай 4 хүн зодсон мэтээр хаагдсан тухай мэдэгдэх хуудсыг илгээсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/17 дугаартай хариу мэдэгдэх хуудаст дурдсаны дагуу учирсан хохирлоо хариуцагч Д.Т-аас гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Б.Д-, хүү Д.Д-, дүү Э.Б- нарын бие өвдөж, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн. Б.Д- миний бие 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн хүү Д.Д-ын хамт ирж эмчилгээ, бариа засал хийлгэж байна. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Б.Д- миний бие байнга өвдсөөр өнөөдрийг хүрч байгаад маш их гомдолтой байна. Амбулаториор эмчлүүлснийг картын дэвтэр дээр ямар эмчилгээ хийлгэсэн болох нь тодорхой бичигдсэн байгаа. Иймд хариуцагч Д.Т-аас учирсан хохирлоо нөхөн төлүүлж, цаашдын эмчилгээний зардалд хэрэглэх хэрэгтэй байх тул түүнээс 8 756 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т- нь шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1-6 тоотод маргаан болж, улмаар харилцан зодоон болсон. Энэ зодооны улмаас Б.Д-гийн биед зүүн зовхи, баруун хацар, зүүн шуу, баруун шилбэнд цус хурсан. Зүүн дээд нэг шүд сулран гэмтсэн. Д.Д-т зүүн сарвууны нэгдүгээр хуруунд зөөлөн эдийн няцралт хөнгөн гэмтэл. Б.Баасанцэрэнгийн биед хүзүү, хоёр сарвуунд зулгаралт, нэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн эм, эмчилгээний баримтууд нь ямар эмнэлэг, эмчийн зөвшөөрлөөр хэдий хугацаагаар хэр тунгаар хэрэглэсэн нь тодорхойгүй. Ямар өвчинд хэрэглэсэн нь бичигдээгүй. Зөвхөн эмийн сангийн баримт байгаа нь нотлох баримт болохгүй. Бариа засал хийлгэсэн Д.Д-, Б.Баасанцэрэн нарын хувьд хуруунд гэмтэл учирсан байхад толгой хүзүүний бариа засал хийлгэсэн нь тухайн үед авсан гэмтэлтэй холбоогүй. Б.Д-гийн хувьд нурууны гэмтэл авсан гэж бариа заслын эмчилгээ хийлгэсэн байх боловч энэ гэмтэл нь 2014 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн шилжих шөнө авсан гэх гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Энэ талаар 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 1348 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Унааны болон шатахууны зардал нэхэмжилсэн нь мөн хүзүү нурууны болон бариа засал хийхэд зарцуулсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хойшид хийлгэх эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд нурууны гэмтэл тогтоогдоогүй. Зодоон болсон нь үнэн талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул цагдаагийн байгууллагад шалгуулах явцад тээврийн зардал болон бусад байр түрээслэх, бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардалд 500 000 төгрөг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Т-аас 1 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 506 130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Б.Д- нь зодуулснаас үүссэн гэм хорын хохиролд өмгөөлөгчийн зардал нэхэмжилдэг түүнийг шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Д- шүүх хурал дээр өмгөөлөгч нарынхаа талаар маш тодорхой ярьж тайлбарласан. Эхний өмгөөлөгчийг авсан гэтэл тэр өмгөөлөгч надад олдохгүй ажлаа хийгээгүй тул дахин өмгөөлөгч авсан мөн тэр өмгөөлөгч надтай нэг ч уулзаагүй, прокурортой ч уулзаагүй. надтай ч яриагүй би өөрөө ирж нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хандаж байна энэ 2 өмгөөлөгч хоёулаа надад туслаагүй юм гэж шүүх хурал дээр ярьсан. Энэ нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалаагүй, гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн нь гэрээний харилцаанаас үүссэн маргаан бөгөөд зохих журмын дагуу өмгөөлөгч нараасаа өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгөө шаардан авах эрх нь нээлттэй байгаа тул хэн нэгний буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргалаа гэж үзэж байна. Хариуцагч Д.Т нь цагдаагийн байгууллагад ирсэн зардал болон үс унаснаас түрхсэн тэжээлийн тосны зардалд нийт 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас бусдыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч Д.Т-д холбогдуулан гэм хорын хохирол 8 756 130 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч гэмтэл учирснаас үүдэн эмчилгээ, эм тариа, бариа заслын хийлгэсэн эмчилгээний мөнгө болон хөдөө орон нутгаас ирж, очсон тийзний үнэ, эмчлүүлэхээр явсан таксины зардал болон  бензиний зардал, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид хөлс төлсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Т- нь 2014 оны 10 сарын 30-наас 31-ний шилжих шөнө бусадтай бүлэглэн нэхэмжлэгч Б.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 16442, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1348 тоот дүгнэлтүүдээр тогтоогджээ. /хх114-116/

Иймд хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн үс арчлахад гарсан зардал болон эмчилгээнд 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн үнийн дүн дээр хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 750 000 төгрөг нийт 1 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн эмийн болон бариа засал хийлгэсэн гэх зарим баримт нь 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө гарсан зодооноос үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн гэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 7 506 130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу биш байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хоёр өмгөөлөгч авсан боловч хоёулаа туслалцаа үзүүлээгүй...” гэж тайлбар гаргасан байхад эрх зүйн туслалцаа үзүүлэхэд төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулсныг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь өмгөөлөгч Л.Г, Э.Б- нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Л.Г-ийн 5405038406 тоот дансанд 250 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч Э.Б-гийн 5030152702 тоот дансанд 500 000 төгрөг, тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон байна.                                                                              /хх 9-11, 78-79/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО