Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/77

 

 

 

 

 

 

   2021          1             14                                          2021/ДШМ/77

 

 

 

Н.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/699 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2020 оны 11 дүгээр 24-ний өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Ат холбогдох 2003004220359 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нанжидын Н.А, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Хялганат суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булагийн 31 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 11 дүгээр гудамжны, 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ФЖ87102902/,

Н.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Космо” ХХК-ийн баруун талын замд “Тоёота Приус” загварын 68-07 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч, замын хашлага даван, явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Оюунбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Есүл овгийн Нанжидын Н.Аийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Есүл овгийн Нанжидын Н.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд зүйл битүүмжлээгүй, хохирогч М.Оюунбаатарын эмчилгээний зардал болох 2.600.000 төгрөг бүрэн төлөгдсөн тул санал хүсэлтгүй гэсэн ба иргэний нэхэмжлэгч Новелнетворк ХХК-д шонгийн төлбөрт 1.500.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай эвлэрсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Оюунбаатар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Аээс жич нэхэмжлэх эрхтэйг зааж, Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2020/ШЦТ/699 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.” гэжээ. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан торгох ялыг ямар хугацаанд төлөх болон торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг “Тогтоох нь” хэсэгт дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Иймд Н.Ат холбогдох Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/699 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу зохих өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ....” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтуудад зааснаар торгох ялыг ямар хугацаанд төлж биелүүлэх, мөн тогтоосон хугацаанд биелээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх талаар шийтгэх тогтоолдоо тусгах ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Н.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Космо” ХХК-ийн баруун талын замд “Тоёота Приус” загварын 68-07 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч, замын хашлага даван, явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Оюунбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Оюунбаатарын“...2020 оны 8 дугаар сарын 10-ны өглөө би ажилдаа очих замдаа Космо ХХК-ийн баруун талын авто замаар ертөнцийн зүгээр хойноос урд чиглэлд явган хүний замаар явж байсан. Гэтэл нэг машин замаас баруун гар тийшээ замын хашлага давж явган хүний зам дээр гарч ирээд миний араас мөргөөд миний алхаж явсан явган хүний зам дээр байсан нэг гэрлийн шонг эгц урдуураа мөргөөд зогссон. Тухайн үед би машинд мөргүүлээд нилээд хол шидэгдсэн. Тухайн автомашиныг эмэгтэй хүн жолоодож явсан. Би тухайн үед эрүүл байсан, миний хоёр чихний ар хэсгээс цус гарчихсан, эрүүний доод хэсэгт шалбарчихсан, баруун хөлний шагай хэсэгт гэмтсэн байсан. Өөр ямар нэг ил харагдах шарх, гэмтэл анзаарагдаагүй. ...Миний эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөг өгсөн. Жолоочид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралдаанд оролцохгүй. ...” /хх 17-19/,

Н.Аийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ нөхрийн хамт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Космо ХХК-ийн баруун талын авто замаар ертөнцийн зүгээр хойноос урд чиглэлд явж байхдаа 9 цагийн үед машины урд хоёр суудлын голд байдаг тавиур дээр байсан савтай усны таг нь суларчихсан хажуу тийш унаад ус гоожоод байхаар нь би нөгөө унасан устай савыг жолоо барьж явахдаа нэг гараараа авч тавиад нэг харсан л би замаас баруун гар тал руу гарч замын хашлага даваад замын хажууд явган хүний замаар алхаж явсан явган зорчигчийн араас нь мөргөөд давхар цаана байсан гэрлийн шонг мөргөөд зогссон. Тухайн үед би их тэвдсэндээ хашлага давахдаа машиныхаа тоормос дээр биш хаазан дээрээ гишгэчихсэн юм. Тэр үед миний хажуу талд буюу машины зүүн талын урд суудал дээр манай нөхөр унтчихсан явж байгаад намайг юм мөргөх үед сэрж, би хүн мөргөчихлөө гэхэд машинаас буун машины хойгуур тойроод явсан. Тэгээд нөгөө хүн машины урд хэсэгт миний мөргөсөн шонгийн цаана зогсож байсан. Тухайн үед машинд мөргүүлсэн явган зорчигчийн хоёр чихний ар хэсгээс цус гарчихсан, эрүүний доод хэсэгт шалбарчихсан, нэг хөл нь доголчихсон байсан. Өөр ямар нэг ил харагдах шарх гэмтэл анзаарагдаагүй. Харин миний болон манай нөхрийн биед ямар нэг гэмтэл учраагүй. Миний жолоодож явсан машины урд эсгийн буфер, копут хэсгээр нэлээн цөмөрч, урд талын шил хагарсан байсан. Мөн замын хажууд байсан гэрлийн төмөр шон суурь хэсгээрээ булгарч хугарч гэмтсэн байдалтай байсан. Бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ....” /хх 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Оюунбаатарын биед баруун шаант ясны далд хугарал, баруун, зүүн чиний ар нугалаасанд шарх, тархи доргилт, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цааашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өрдийн 9322 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7/, явган зорчигчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан шалгасан тэмдэглэл /хх 8/, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 13/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 14/, мөрдөгчийн магадлагаа /хх 45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Аийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Аийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Аийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино. ...” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй орхигдуулсан тул нэмэлт заалт оруулж зөвтгөх нь зүйтэй.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/699 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/699 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч Н.Ат оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тавах нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ат мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ