| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 105/2023/1552/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/317 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/317
2025 01 28 2025/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Агар /томилолтоор/,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Даваахүү, Г.Оюунболд нарыг оролцуулан эрүүгийн 2203002830*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дур:
Шүүгдэгч А.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 45 минутын орчимд Б дүүргийн 00 дугаар хороо, Э-ийн замд “Honda Insight” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 5.3 “...гэрэл бүдэг асдаг болсон”, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч С.Б-г дайрч, Б дүүргийн 0 дугаар хороо, Ж-ын баруун зам хүртэл 1,9 км зайд чирснээс амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, гэрч М.Ч, Г.Д, Э.Т нарын мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Зам тээврийн осол дээр тогтоосон акт” Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 471 дугаартай “ 2022.06.16-ны өдрийн 1502 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Ц, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн дэд профессор, шинжээч И.Ба нарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 2964 дугаартай дүгнэлт,
шүүгдэгч А.А-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 45 минутын орчимд Б дүүргийн 0 дугаар хороо, “Э-ийн замд “Honda Insight” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 5.3 “...гэрэл бүдэг асдаг болсон”, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч С.Б-г дайрч, Б дүүргийн 0 дугаар хороо, Ж-ын баруун зам хүртэл 1,9 км зайд чирснээс амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.А нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ын мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Миний бие Б дүүргийн 0 хороо Х банкны салбарт ажилладаг ба ажлаа тараад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 19.00 цагийн үед ажлын газрын хүмүүстэй хамт Ж худалдааны төвийн хажуу талд байдаг К нэртэй газар орж 2 шил Сэнгүр нэртэй пиво уугаад орой 23:00 цагийн дайн газраас гараад өөрийн эзэмшлийн Honda Insight маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж-ийн баруун талын зогсоолоос жолоодоод төв зам руу орж гэртээ харихаар баруунаас зүүн чиглэлтэй ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байгаад офицерын тойрог өнгөрөөд явж байсан чинь миний ард явсан гэр бүлийн машин гэрлээрээ дохиод байхаар нь намайг хурдан яв гээд байгаа юм байх гэж бодоод хурдаа нэмээд явж байх үед офицерын тойрог дөнгөж өнгөрөөд ертөнцийн зүгээр урагшаа 2 дугаар эгнээгээр явж байх үед нэг юм даваад гарах шиг болохоор нь би хурд сааруулагч юм байх гэж бодоод цааш явж байгаад чулуун овооны тойргоор зүүн тийш эргэх А чиглэлтэй явж байх үед миний машины урд талын жолоочийн талын под карлан хуучин эвдрэлтэй дугараад байхаар нь угаасаа дугардаг юм чинь гэж бодоод цааш явсаар байгаад М-ын эмнэлгийн гэрлэн дохиотой уулзварын наад талын уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж Ж-ын замаар явж байгаад хурд сааруулагч дээгүүр гарах үед миний машины под карлон бүүр чанга дугараад байхаар нь жолооны хүрдийг баруун тийш эргүүлж зогсоод нөхөр лүү залгаж хэлэх гэж байсан чинь ард явж байсан машинууд сигналдаад замаа чөлөөл гээд байхаар нь баруун талын гудам руу орж зогссон. Тэгээд би өөрийн нөхөр Т руу залгаж миний машины под карлон бүүр чанга дугараад явж болохгүй байна чи намайг ирээд авчих гэж хэлчхээд машиндаа нөхрөө хүлээгээд 15-20 минут орчим сууж байсан чинь цагдаагийн машин миний хажуу талд ирж зогсоод намайг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар миний согтолтын зэргийг шалгаж үзэхэд 1.04% согтолттой байна гэж гарсан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор цагдаа нар намайг дагаад яваад байсан юм байх гэж бодоод юу болоод байгаа юм бэ гэж цагдаа нараас асуусан чинь намайг машинаараа хүн дайрсан байна гээд машиндаа суулгасан. Би тухайн үед машинаасаа буулгүй шууд гудам руу орж зогсоод нөхрөө хүлээж байсан юм. Би тэр талаар юу ч мэдээгүй машин зам дээр ямар нэгэн хүн хэвтэж байгаа нь надад огт харагдаагүй бөгөөд би хэрэв мэдсэн бол зогсоох арга хэмжээ авах байсан. Би тухайн асуудлыг цагдаа нар ирээд надаас юу болсон талаар тодруулж асуух үед о-ын тойргийн урд хэсэгт явж байхдаа хурд сааруулагч дээгүүр гарлаа гэж бодох үед хүн мөргөөд чирээд явж эхэлсэн гэдгээ мэдсэн. Би тэр үед цагдаа нартай хамт о-ын тойргийн урд хэсэгт хурд сааруулагч байгаа эсэхийг очиж үзэхэд ямар нэгэн хурд сааруулагч байхгүй байсан. Би өчигдөр эрүүлжүүлэх саатуулах байранд байх үедээ болсон асуудлын талаар эргэн санах үед осол анх гарсан хэсэгт ямар нэгэн явган хүний гарц байгаагүй хажуу талаараа төмөр хашлагатай хэсэг байсан болохоор би тухайн хүнийг зам дээр хэвтэж байсан байх гэж бодож байгаа" гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр бүл эхээс 7 бөгөөд 3 эмэгтэй, 4 эрэгтэй хүүхдүүдтэй. Миний ах С.Б 1977 оны 02 дугаар сарын 28-ны өдөр У аймгийн Н сумын нутагт айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Хоёр ах нь нас барчихсан нэг эмэгтэй дүү нь бас нас барчихсан юм. Одоо бидний аав ээж бурхан болчихсон 3 эмэгтэй дүү нар нь үлдсэн. С.Б нь У аймгийн Н-т төрсөн цагаас мал дээр мал маллаж амьдардаг байсан бөгөөд ямар нэгэн цэцэрлэгт сургуульд явж үзээгүй боловсрол байхгүй. 20 жилийн өмнө С.Б нь гэр бүл зохиож нэг хүнтэй хамт амьдарч байх хугацаандаа хүүтэй болсон бөгөөд ээж нь 5 настай байхад нь хүүхдээ хаяад Улаанбаатар хот руу яваад буцаж ирээгүй. Тэр цагаас хойш С.Б-гийн хүү О нь над дээр өсөж хүмүүжиж байгаа. Манай ах Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 2-3 сар болчхоод буцаж сумандаа ирж 1-2 сар болчхоод буцаад Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд явчихдаг байсан юм. Манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотод ах дүү хамаатан садан байхгүй тул хаана амьдардаг байсан талаар би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сард Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн. ... Би тухайн осол гаргасан жолоочтой эвлэрлийн гэрээ байгуулж 20,000,000 сая төгрөг авахаар тохиролцсон боловч одоогоор 5,000,000 төгрөг миний Хаан банкны 58082***** дугаартай данс руу шилжүүлсэн байгаа боловч одоо үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би цагдаагийн байгууллагаас У аймгийн Н сумаас хот хоорондын автобусанд сууж нэг талдаа 103,000 төгрөг төлж ирдэг тул тухайн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгч, гарсан тээврийн зардал болон нэхэмжилсэн мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг, /2хх-ийн 166/,
гэрч М.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед байх би цагийг нь яг сайн санахгүй байна. Б дүүрэг Ж-ын урд талын автобусны буудлын ойролцоо такси бариад Ч гэх газар руу найзын гэрт очих гээд явж байсан чинь о-ын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт буюу Ч руу явдаг замын 3 дугаар эгнээнд замын голоор байдаг төмөр хашлаганы ойролцоо эрэгтэй хүн толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай, хажуу талаараа газар хэвтэж байхаар нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өөрийн эзэмшлийн 8028****дугаарын утаснаас.... "зам дээр эрэгтэй хүн хэвтэж байна, машины доогуур орчих гээд байна... "гэх дуудлага мэдээллийг өгсөн. Тэгээд би найзын гэрт очиж 30 орчим минут байж байгаад буцаад тухайн хүн хэвтэж байсан газрын хажуу талаар буюу нөгөө эгнээгээр нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явах үед зам дээр хэвтэж байсан хүн байхгүй болчихсон байсан. Би тухайн хүний хажуу талаар явж өнгөрөх үедээ гартаа утсаа барьчихсан байсан болохоор харсан зүйлээ тэр үед нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг дуудлага мэдээлэл өгөх үед зам дээр хэвтэж байсан хүний нүүр, царай харагдахгүй байсан. Тухайн газрын ойролцоо ямар нэгэн өөр хүн, тээврийн хэрэгсэл харагдаагүй бөгөөд тухайн замаар явж байсан тээврийн хэрэгслүүд хажуу талаар тоохгүй яваад байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 171-172/,
гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Б дүүргийн Ж-ийн урд байдаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд гэртээ харих гээд Ж-ийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй өөрийн Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан чинь хурд сааруулагчтай хэсэгт танихгүй эрэгтэй хүн доошоо харсан байрлалтай зам дээр хэвтэж байхаар нь машинаа цаад талд нь байрлуулчхаад буцаад нөгөө осолд орсон хүн дээр очиход замаар дүүрэн цус болчихсон хүн хэвтэж байхаар цагдаагийн байгууллагад өөрийн 8800**** дугаарын утаснаас дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 40 минутын орчим Ж-руу гэртээ харихаар явахдаа о-ын баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явсан ба тухайн үед о-ын ертөнцийн зүгээр баруун талын зам дээр ямар нэгэн явган зорчигч байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 172/,
гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх 2022 онд Б дүүргийн 0 дугаар хороо Ж-ийн урд ойролцоо гэр хороололд амьдардаг байсан юм. Тэгээд о-ын ойролцоо з хороололд байр аваад нүүдэл хийх гээд 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд Ж-ийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан чинь хурд сааруулагчтай хэсэгт танихгүй эрэгтэй хүн доошоо харсан байрлалтай зам дээр хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад өөрийн 9686**** дугаарын утаснаас дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед ослын газрын ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд тэр хавьд явж байсан бас нэг машинтай хүн цагдаа дуудаж байх шиг байсан. Би тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 40 минутын орчим Ж-руу явахдаа о-ын З хотхоноос гараад о-ын тойргийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явах үед о-ын тойргийн ертөнцийн зүгээр баруун талын зам дээр ямар нэгэн явган зорчигч байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 177-178/
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 102 дугаарын утсаар дамжуулан 802***** дугаарын утаснаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 45 минутад “зам дээр эрэгтэй хүн хэвтэж байна, машин доогуур орчих гээд байна” гэх дуудлагын лавлагааны хуудас, /2хх-ийн 169/,
102 тусгай дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 51 минут 28 секундэд 9686**** дугаарын утаснаас “саарал инсайт машин хүн дайрсан байна” гэх дуудлага өгсөн лавлагааны хуудас, /1хх-ийн 1/,
102 тусгай дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 57 минут 25 секундэд 8800**** дугаарын утаснаас “нэг хүнийг мөргөөд зугтсан байна цус нь гоожоод хэвтэж байна үхсэн амьдыг нь мэдэхгүй байна” гэх дуудлага өгсөн лавлагааны хуудас, /1хх-ийн 195/,
2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Зам тээврийн осол дээр тогтоосон акт” / Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 10-12/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 00:40 минут “...Б дүүргийн 0 дугаар хороо Ц гудамж, Ж-ын хойд замд Honda Insaigt маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.А нь явган зорчигч С.Б-г мөргөж гэмтээсэн байв...” гэх /1хх-ийн 13/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 02:10 минут / ... / ...Б дүүргийн 0 дугаар хороо “Э-ийн зүүн замд болсон байх ба осол гарсан зам нь асфальтан тэгш шулуун хуурай, зохицуулдаггүй үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ зам байв...” /1хх-ийн 21/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл дэх “...А.А драйгер багаж ашиглан шалгахад 1.04% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11-2а/357 дугаартай “ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт телекамерын бичлэг 1 сарын хугацаатай хадгалагддаг тул Б дүүргийн 0 дугаар хороо О-ийн тойргоос, М явах замд 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө Honda Insight маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч С.Б-г мөргөж амь насыг хохироосон гэх зам тээврийн ослын холбогдолтой дүрс бичлэг байхгүй болно...” гэх албан бичиг /2хх-ийн 41/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах, мөрдөгч, цагдаагийн ахмад Э.М 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэрэгт үйлдэгдсэн газарт биечлэн маршрутаар явж тэмдэглэл үйлдэн амь хохирогч анх байсан гэх цэгээс автомашинд чирэгдэж очсон гэх цэг хүртэл хувь хүн, албан байгууллагын хяналтын камерын тусгалтай байсан эсэхийг тогтоож, гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2хх-ийн 42-46/,
Хэрэг бүртгэлтийн 220300***дугаартай хэргээс “Прокурорын зөвшөөрөл”-өөр хуулбарлан авсан нотлох баримтууд, /1хх-ийн 48-75/
Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 113-117/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 471 дугаартай “ 2022.06.16-ны өдрийн 1502 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархайн хуйхны цус хуралт, өвчүү, зүүн талын олон хавирганы хугарал, хоёр уушги авчилт, няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, урагдал, зүүн бөөрний өөхөн эслэгт цус хуралт, баруун сүүжний дэлбээ, суудал ясны нийлмэл хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хөндлөн хугарал, баруун дээд зовхи, бугалга, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархай, дух, гуя, баруун хөмсөг, чихний ар, нуруу, баруун бугалга, тохой, өвдөг, шилбэнд зулгаралт, хоёр сарвуу, зүүн бугалга, нуруу, 2 өгзөг, ташаа, баруун шагайд хууларсан шарх гэмтэл учирчээ. 3. Зүүн талын олон хавирганы хугарал, хоёр уушги авчилт, няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, урагдал, баруун шаант, тахилзуур ясны ил хөндлөн хугарал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, өвчүү, баруун сүүжний дэлбээ, суудал ясны нийлмэл хугарал, бүсэлхий ууц, өгзөг ташааны хууларсан том шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ 5 . ГССҮТ эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №7215-д өвчтөн 2022.05.27-ны 05 цаг 40 минутад нас барсан гэсэн тэмдэглэлтэй байна. 6. Тогтоогдсон олон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах, чирэгдэхэд үүссэн байх боломжтой. 7. 2023.05.24-ны өдөр ирүүлсэн 2022.05.27-ны өдрийн баруун хөлийн шаант, тахилзуур ясны эгц байрлалын рентген зургаар баруун шаант ясны дээд 1/3 хэсэгт хөндлөн, зөрүүгүй, тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт ясны сул хэсэг бүхий хөндлөн, хоёрлосон, зөрүү багатай хугаралтай байгаагаас үзэхэд талийгаачид учирсан баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь автомашинд мөргөгдөх, дайрагдах аль алинд нь үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, /2хх-ийн 90-110/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Ц, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн дэд профессор, шинжээч И.Ба нарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 2964 дугаартай “ ...8. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд үндэслэн жолооч А.А нь гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. Осол хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч зурагт хэмжээс зөрүүтэй, явган зорчигчийн хөдөлгөөний чиглэл тэмдэглэгдээгүй зэрэгт үндэслэн явган зорчигч осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Зам, замын нөхцөл осолд нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл стандарт хангахгүй нь осолд нөлөөлж болох үндэслэлтэй ч, осол гарах шууд шалтгаан болохгүй” гэх дүгнэлт, /2хх-ийн 147-151/,
Хэрэг бүртгэлтийн 220300*** дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /2хх-ийн 190-195/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 45 минутын орчимд Б дүүргийн 0 дугаар хороо, “Э-ийн замд “Honda Insight” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 5.3 “...гэрэл бүдэг асдаг болсон”, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч С.Б-г дайрч, Б дүүргийн 0 дугаар хороо, Ж-ын баруун зам хүртэл 1,9 км зайд чирснээс амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна.
Иймд шүүгдэгч А.А-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.А-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүх шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч А.А-ын хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь 14.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 30.050.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 4.1-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 4.1-т зааснаар шүүгдэгч А.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.А-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР