| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0267/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/431 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/431
2025 02 10 2025/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан эрүүгийн 2406060162*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Б.О-ын толгой, нүүр, гар хэсэгт цохисны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.О-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11030 дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Б.А-ийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч Б.Ань 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Б.О-ынтолгой, нүүр, гар хэсэгт цохисны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т.М-той 2019 оноос эхлэн хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа одоо 3 настай хүүтэй. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид Б дүүргийн 0 дугаар хороо **** тоотод Монгол гэрт амьдарч байгаа. Бид гэр бүлээрээ Н-д амьдарч байгаад 2024 оны 07 дугаар сард тус хаягт нүүж ирсэн. Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхнэртэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ яваад ээжийнхээ гэрт амьдарч байсан. Бид маргалдсан ч гэсэн байнга харилцаатай, намайг хаана байгааг мэдэж байсан. Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны орой 20:00 цагийн үед ажлаа тараад ээжийн гэрт ирсэн. Эхнэр над руу хаана байгаа талаар асуухаар нь ээжийн гэрт байгаа талаараа хэлсэн. Эхнэр жаахан ууртай байх шиг байсан бөгөөд намайг хүрээд ир, хамт караоке оръё гэхээр нь би очихгүй гээд байж байсан. Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд гэрийн хаалга дотор талаасаа цоожтой байсан бөгөөд тогшиход эхнэр "хэн бэ" гэхээр нь "би байна" гэхэд эхнэр гэрээсээ гарч ирсэн. Эхнэр гэрээсээ гараад нойл ороод эргэж гэртээ орох гэхэд оруулахгүй байсан. Намайг гэрт ороход гэрт миний орон дээр үл таних эрэгтэй хүн нүцгэн хэвтэж байсан. Дотуур өмднөөс өөр хувцасгүй байсан. Би гар утсаа гаргаж ирээд зураг дартал үл таних залуу орноосоо босож ирээд утас булаацалдаад надтай барьцалдаж эхэлсэн. Би тэр залууд хандаж "намайг ингэж доромжилж байгаа юм уу" гэхэд тэр залуу үг хэлэлгүй миний гар утсыг авах гээд дайраад эхэлсэн. Тэр залуу миний гар утсыг булааж авах гээд миний хувцсаар хоолой боогоод байсан бөгөөд газарт унаж тусаад босоод ирэхэд миний гар утасны дэлгэц хагарсан байсан. Би тэр залууд хандаж "гадаа гарья" гэхэд "чи маргааш харамсана аа" гээд тоохгүй зогсоод байсан. Би тэр залууг гал голомтоосоо гаргах гэхэд гарахгүй байхаар нь чирээд гаргах гэхэд гэрийн унинаас зуураад унь хугалсан. Тэр залуу хугархай униар миний зүүн хөлийн дотор хэсэг рүү хатгасан. Би тэр залууг гадагш чирч харилцан ноцолдож газарт унасан байж байгаад босож ирээд хугархай унь булаацалдсан. Би булаацалдаж байсан униа аваад тэр залуугийн толгой руу хоёр удаа цохисон. Би тэр залуугийн нүүрэн хэсэгт гараараа мөн нэг удаа цохисон. Тэр залуугийн нүүрнээс нь цус гараад байсан бөгөөд гадаа харанхуй байсан тул хаанаас нь гарсныг нь мэдэхгүй байна. Бид хоёрыг гадна зодолдож байхад эхнэр гэрээсээ болиоч гээд байсан. Би эхнэртээ уурлаад "арай ч дээ, намайг ингэж доромжиллоо" гэж хэлээд гомдоод уйлж байгаад уурандаа өөрийн машины цонхийг хага цохиод тэндээс явсан. Би өөрийн унаж ирсэн машиныхаа цонхыг хагалсан юм. Бид хоёр маргалдахаар би ээжийнхээ гэрт оччихдог юм. Бид хоёр салсан, тусдаа амьдарч байсан зүйл байхгүй. Бид хоёр маргалдаад би ээжийнхээ гэрт очоод 2 хонож байсан. Гэвч энэ хугацаанд байнгын холбоотой байсан. Би тэр хүнийг огт танихгүй, урд өмнө харж байгаагүй. Б.О миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон. Униар зүүн хөлийн дотор хэсэгт хатгасан. Мөн хоолой боосон. Миний зүүн хөлийн дотор хэсэгт цус хурсан, хоолой улайсан байсан. Манай эхнэр гэрээсээ хараад байж байсан. Гэрийн хаалга дэлгээтэй байсан. Миний гар утас Инфиникс 8 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар утас. Одоогийн 3 сарын өмнө хүнээс 420.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэг жижиг чиргүүл чирсэн цагаан өнгийн ачааны машин байсан. Би тэр үедээ хэнийх гэдгийг нь мэдээгүй. Дараа нь эхнэр Б.О-ын машин байсан гэж хэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдөр эхнэр бид хоёр гэртээ байж байхад эхнэр маань цагдаагийн байгууллагын ахлагчийн сургуульд орох сонирхолтой байгаа талаараа хэлж байсан. Мөн надад таньдаг хүн байгаа гэж хэлж байсан юм. Эхнэр надад хэлэхдээ Б.О-т хандаж цагдаагийн байгууллагад орох санаагаа хэлсэн бөгөөд Б.О нь тусална гэж хэлээд өөрийгөө тухайн өдөр хөдөөнөөс ирлээ түр амраад явна гэсэн гэж хэлсэн. Б.О нь манай эхнэрийг хүнтэй уулзуулж асуудлыг нь шийдэж өгнө гэж хэлсэн юм шиг байна лээ. Би Б.О гэх хүнд үнэхээр гомдолтой байна. Би энэ асуудлаас болж эхнэрээсээ салахдаа тулж байна. Мөн хүүхэд өнчирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай найз болон М-ийн гэрт буюу Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт очсон. М бид хоёр 2018 оноос эхэлж найзалж, нөхөрлөж байгаа бөгөөд би тэдний гэрт хоол хийлгэж идээд амрах гээд байж байтал шөнө 01 цагийн үед гаднаас согтуу танихгүй залуу орж ирээд чи миний эхнэртэй унтлаа, би чамайг ална гэж дайраад бид хоёр барилцах хооронд гэрийн унь унасан. Би тэр залууг чи согтуу байна гадна гарч ярилцъя гэхэд тэр залуу гэрээсээ унины хугархай барьж гарч ирээд миний толгой нүүр хэсэгт цохисон. Мөн миний эрүүний доод хэсэг язарсан би ухаан балартаад мөн хөл нүцгэн гарч ирсэн учраас зугтааж чадаагүй. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд толгой, чих, эрүүнд оёдол тавиулсан...Тухайн үед М бид хоёр урд нь 2017 онд хоорондоо харилцдаг байсан ба хэсэг хугацаанд харилцахгүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын сүүлээс эхэлж эргээд харилцаж эхэлсэн ба М надад хэлэхдээ нөхрөөсөө салсан тусдаа байгаа гэж ярьж байсан. 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М-ийн нөхөр А гэх хүнд зодуулсны улмаас миний биеийн эрүү, зүүн чих толгойн орой хэсэгт шалбарч язарсан шарх учирсан би нийт 34 оёдол тавиулсан. Надад учирсан гэмтлийг А намайг монгол гэрийн униар цохиж учруулсан...” мэдүүлэг /хх-ийн 9, 24-25/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110** дугаартай шинжээчийн “...Б.О-ын биед баруун зулай хуйх, эрүү, зүүн чихний дэлбэнд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн уланд шарх, зүүн доод буйланд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, дух, зүүн шанаа, баруун дал, баруун тохой, шуу, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, зүүн бугалга, хэвлий, баруун өвдөг шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын мөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Б.О-ын толгой, нүүр, гар хэсэгт цохисны улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.А-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.А-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.А нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 246.300 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.А-өөс 246.300 төгрөг гаргуул иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.А-гээс 246.300 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР