Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00283

 

 

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХКхолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,902,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагч: Т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 5,902,945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Х ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр нийт 290 ширхэг бараа материал түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй болно.

 

Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага бол түрээсийн төлбөрт 3,208,630 төгрөг, алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг, мөн хариуцагчаас хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 50*120 хэв 6 ширхэг, 2м цагаан турбо 1 ширхэг, 6 м цагаан турбо 9 ширхэг, 60*120 хэв 4 ширхэг нийт 20 ширхэг бараа дутаасан. Хариуцагч талаас алга болгосон учраас актлуулъя гэж хэлсэн учраас манайх актлаад нийт төлбөр дээрээ оруулсан. Дутсан бараа материалын төлбөр болох 788,400 төгрөг, мөн 21 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан тул 366,000 төгрөг болж байна. Бараа материал хүлээлгэн өгөхдөө түрээсийн гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу гэмтлээ тооцсон. 21 ширхэг бараа материал гэмтэл учруулаад 336,000 төгрөг буюу гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь 3,208,630 төгрөг, алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг болж байгаа.

 

Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох түрээсэнд авсан 4160 ширхэг бараа материалыг хариуцагч талаас худалдаж авах хүсэлтээ гаргаад зөвшөөрөөд худалдан авалтын төлбөр буюу 1,090,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээд түрээсийн төлбөр урьдчилж төлж явах ёстой байсан учраас бид Т ХХК-ийн төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт суутгасан. Нийт түрээсийн төлбөр нь 7,147,230 төгрөг гарсан. Хариуцагч худалдан авалтын бараа материалыг хүлээн аваагүй гэж маргаж байна. Гэрээ байгуулсан этгээдийн гарын үсэгтэй зарлагын баримт дээр хүлээж авч байгаа баримт нь байна. Борлуулалтаар материал хүлээн авчихаад огт аваагүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Т ХХК-иас 5,902,945 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай байгууллага нь 2019 онд Х ХХК-тай гэрээ байгуулж барилгын туслах материал түрээсэлж аваад, авсан материалаа буцааж өгсөн. Бараа материалыг 2 сар илүү хэрэглэсэн учраас түүний төлбөрт 1,800,000 төгрөгийг төлсөн. Анх 688,000 төгрөгийн материал худалдаж авсан, акт дээр тодорхой байгаа. Түүнээс 1,090,000 төгрөгийн бараа бол аваагүй. Анх түрээслэх үедээ л 788,000 төгрөгийн бараа материалыг аваад 780,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8000 төгрөгийг төлөөгүй. Манайх актаар бараа хүлээж авсан, тухайн үедээ 1,483,000 төгрөг, 780,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийг төлсөн. Хугацаа хэтэрсний 1,800,000 төгрөгийн төлбөрийг төлөөд асуудал дууссан. Гэмтлийн төлбөрийг бол хүлээн зөвшөөрч байна.

Тухайн үед хүлээлгэж өгөхөд асуудал болсон бол нэхэмжлэгч компани акт үйлдээд гарын үсэг зуруулаад авдаг. Тиймээс манайх төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас гэмтлийн төлбөр 336,000 төгрөг, дутуу төлсөн 8000 төгрөг, нийт 344,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 109,397.12 төгрөг төлсөн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/53 дугаартай С.Э-д олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №19-262 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Х ХХК-ийн бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, Т ХХК-ийн хүлээн авсан бараа материалын акт, 2019 оны 5 дугаар сарын 17, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрүүдийн зарлагын падаан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орлогын падаан зэрэг баримтуудыг гаргасан.

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/276 дугаартай Н.Б-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргасан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлээс 2,420,230 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,482,715 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

 

Хариуцагч Т ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ-гээр 290 ширхэг барилгын туслах материал түрээслүүлэхээр өгсөн тул түрээсийн төлбөрт 3,208,630 төгрөг, алданги 1,604,315 төгрөг, нийт 4,812,945 төгрөг, 4160 ширхэг барааны үнэ болох 1,090,000 төгрөг, нийт 5,902,945 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 5,063,000 төгрөг төлсөн. Одоо гэмтлийн төлбөр 336,000, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн баримтаар хүлээж авсан 788,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 8000 төгрөг, нийт 344,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулжээ. /хх8-13/

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу Х ХХК нь Т ХХК-д:

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6 нэр төрлийн 240 ширхэг, 981,000 төгрөгийн барилгын туслах материалыг 20 хоногийн хугацаанд түрээслүүлэхээр, 4 нэр төрлийн 1980 ширхэг, 502,000 төгрөгийн барилгын туслах материалыг борлуулахаар,

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 50 ширхэг 60*120-н хэвийг 16 хоногийн хугацаанд түрээслүүлэхээр, 4 нэр төрлийн 2180 ширхэг 588,000 төгрөгийн барилгын материалыг борлуулахаар өгсөн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх14/

Хариуцагч Т ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барьцаа 1,000,000 төгрөг, барилгын туслах материалын үнэ 1,483,000 төгрөг, нийт 2,483,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 780,000 төгрөг, мөн 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх14/

5. Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу 11 нэр төрлийн барилгын туслах материал түрээсэлсэн, 8 нэр төрлийн 4160 ширхэг барилгын туслах материалыг худалдан авсан, хариуцагч дээрх гэрээний төлбөрт 5,063,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Харин гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл үүссэн эсэх, алданги төлөх үндэслэлтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл байна.

 

6. Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, Барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Х ХХК нь түрээслэгч Т ХХК-д барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.1. Нэхэмжлэгч Х ХХК нь нийт 8 нэр төрлийн 4160 ширхэг барилгын туслах материал борлуулсны төлбөрт 1,090,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Х ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100 ширхэг богино дэгээ, 80 ширхэг урт дэгээ, 800 ширхэг 50 тай, 1000 ширхэг пинг хариуцагч Т ХХК-д хүлээлгэн өгсөн, Т ХХК нь мөн өдөр 502,000 төгрөгийг төлсөн, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1000 ширхэг 50 тай, 1000 ширхэг пин, 100 ширхэг богино дэгээ, 80 ширхэг урт дэгээ хүлээлгэн өгсөн, хариуцагч мөн өдөр 588,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х ХХК-ийн 4160 ширхэг барилгын туслах материал борлуулсны төлбөрт 1,090,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-иас 3,208,630 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ акталсан барааны төлбөр 788,400 төгрөг, гэмтлийн төлбөр 336,000 гэж тодорхойлсон бөгөөд үлдэх 2,084,230 төгрөгийг түрээсийн төлбөрт шаардаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.2.1. Нэхэмжлэгч Х ХХК нь 21 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан төлбөрт 336,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Зохигчид гэрээний 7.4-т Түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд дахин засварлахад зориулж, тухайн эд зүйлийн Хавсралт-1-д заасан үнийн дүнгийн 50 хувиар бодож төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтанд оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэмтлийн төлбөр 336,000 төгрөгийг хариуцагч Т ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

6.2.2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-иас акталсан барааны төлбөр 788,400 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Зохигчдын хооронд байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 1.5-д Тухайн барилгын туслах материалыг түрээслэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна,

7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцагч бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахиж ашиглагдахааргүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож, 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтанд оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө,

8.4-т Талуудаас тухайн гэрээг хийхээр эрх олгогдож, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь түрээсийн бараа, материалыг хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар холбогдох тооцоо, бичиг баримт, актыг үйлдэх, түүнчлэн гэрээний хугацаа дуусч бараа, материалыг хүлээлцэхэд мөн адил акт, холбогдох бичиг баримтыг үйлдэж, түрээсийн гэрээнд хавсаргаж, гарын үсэг зурж баталгаажуулна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 20 ширхэг бараа материал дутаасан гэх үндэслэлээр 788,400 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэрээнд заасны дагуу дээрх 20 ширхэг барааг акталсан талаар баримт үйлдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6.2.3. Хариуцагч Т ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түрээслүүлэхээр өгсөн 11 нэр төрлийн барилгын туслах материалын төлбөрт 7,147,230 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Уг 7,147,230 төгрөгөөс хариуцагч Т ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 1,981,000 /2,483,000-502,000/ төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 192,000 /780,000-588,000/ төгрөг, зохигчдын хүлээн зөвшөөрсөн 1,800,000 төгрөгийг хасч тооцоход 3,174,230 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөрт 2,084,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, хариуцагч Т ХХК нь ...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө бараа материалыг хүлээлгэж өгсөн, тооцоо дууссан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2,420,230 /2,084,230+336,000/ төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.

 

6.3. Нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2-т заасныг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3,208,630 төгрөгийн 50 хувиар тооцож 1,604,315 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №19-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

 

Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 1,800,000 төгрөгийг хэзээ төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн түрээсийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардсан 3,208,630 төгрөгт гэмтлийн болон актын төлбөр багтсан, уг төлбөрөөс алданги тооцох эсэхийг гэрээгээр тохиролцоогүй байх тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр Т ХХК-иас 2,420,230 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,482,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,397.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 53,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 2,420,230 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,482,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,397.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 53,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ