Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

      

 

       2024       12         23                                   2025/ШЦТ/07

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

            улсын яллагч Н.Дамбадаржаа,

            шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Д овогт Б.Ц-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240901521**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Б.Ц- нь 2024 оны 05 дугаар сарын 08-аас 2024 оны 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө С дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ж.А-рүү чулуу шидэж биед нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Ц-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Ц- нь 2024 оны 05 дугаар сарын 08-аас 2024 оны 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө С дүүргийн ** дугаар  хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ж.А-рүү чулуу шидэж биед нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

            шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 05 сарын 08-ны шөнийн 00 цаг 30 минутын үед найз Д-ий хамт түүний приус 20 маркийн машинтай Ө- гэдэг танил дүүгээ 17-ын автобусны буудал руу хүргэж өгөх гээд явж байх үед найз А-фейсбүүк чатаар над руу залгаад автобусны буудал дээр явж байна уулзахаар болоод Ө-, Д- бид гурав 00 цаг нэлээн өнгөрч байх үед С дүүргийн ** дүгээр хорооны хангай хотхонд очиж А-тэй уулзахад А-тэй хамт дүү нар нь гэх П-, Х-, Ө-, нар нь машинд сууж байсан. Тэгээд Х-, А-хоёр манай машинд орж ирээд суухад Х- Д-ий машиныг нэгжээд "мөнгө байна уу, 10, 20 мянган төгрөг өгчих" гэж Д-өөс асуухад Д-: "байхгүй" гэхэд Х- өмднийхөө тэлээнээс жижиг хутга гаргаж ирээд "чамд яагаад мөнгө байдаггүй юм" гэж хэлээд хутгаа үзүүлээд байхаар нь би Х-д хандаад: "чи юун хутга гаргаж ирээд байгаа юм далд хийгээч, найзтай зүгээр харьцаач" гэхэд Х- "ахаа зүгээр тоглож байна шүү дээ" гэж хэлээд хутгаа далд хийсэн. Тэгээд манай машинд П-, Ө-, А-, Х- нар чихэж суугаад бид долоо С дүүргийн ***-н хойшоо *** руу явдаг талын автобусны буудлын түцнээс тамхи авахаар хөдөлсөн. Замд Х-, Ө- хоёр зүгээр явахгүй найз Д-ийг өдөөд байн байн хутгаа гаргаж ирээд "чи яадаг болсон юм" гээд байсан. Тэгээд бид 01 цаг өнгөрч байх үед **-н тойргийн С сүлжээ дэлгүүрийн урд ирээд машинаасаа буусан. Тэгээд Д- түцнээс тамхи аваад гарч ирэх үед Х- Д-д хандаад "чи мөнгөгүй гээд байсан яасан бэ, чамайг алчихъя" гэж хэлээд хутгаа гаргаж ирээд "хоёулаа гудам руу явъя" гэхэд Д- "хөөе чи хутгатай байна шүү дээ" гэж хэлэхэд би очоод Х-гээс Хутгыг нь аваад болиулах гэтэл Х-: "чамайг ч бас алчихъя" гэхэд би хойшоо ухраад "чи намайг яасан гэж ингээд байгаа юм" гэхэд Х-: "ах гээд хүндлээд байхад давраад байгаарай" гээд хутгаа бариад над руу гүйж ирээд над руу хутга далайх үед би өөдөөс нь хутгыг нь булааж авах гээд очих үед А-урдуур орж ирээд намайг зуураад "юу хийгээд байгаа юм бэ андаа болиоч ээ" гээд тавихгүй байсан. Тэгээд би А-ээс салаад урагшаа буюу Номин худалдааны төв тал руу гүйхэд миний араас А-, Х-, Ө- гурав гүйгээд байхаар нь би сандраад газраас том тоосго шиг чулуу аваад шидэхэд А-ийн нүүрийг оночихсон. Тэгээд би зугтсаар байгаад Д-ий машинд суугаад шууд гэр лүүгээ хүрүүлсэн. Би архи уусан байсан гэхдээ болсон зүйлсийг санаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна миний буруу" гэх мэдүүлэг /2хх-ийн 8-11/,

 

хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 01 цаг 30 минутын үед хуурай дүү нар болох Х-, М-, К- /яг нэрийг нь мэдэхгүй/, У- нарын хамт с дүүргийн **  дүгээр хороо Х-д У-гийн автомашинд "сэнгүр" нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууж байх үед М- дүү маань миний найз болох Ц-тай утсаар видео калл хийж яриад уулзахаар тохирсон. Х- дүү маань тэр үед Ө- гэдэг найзтайгаа яриад дуудсан, Ө- удалгүй 5 минутын дараа ирсэн. Түүнээс хойш 15 минутын дараа Ц- өөрийн хуурай дүү нар болох Дөх, бас нэг дүү сайн танихгүй, нэрийг нь мэдэхгүй/ нарынхаа хамт "Эдэн" нэртэй 0.75 граммын нэг шил архитай бидэн дээр ирсэн. Тэгээд бид нар Хангай хотхоноосоо 2 автомашинтайгаа ** тал руу холдож хөдлөөд "зөгийн үүр" барилгын материалын дэлгүүрийн харалдаа очиж автомашинтайгаа зогсоод Ц-ын тэр нэрийг нь сайн мэдэхгүй дүүгээс бусад нь авсан архиа хувааж уусан. Тэгээд 15 орчим минутын дараа Ц-ын тэр нэрийг нь сайн мэдэхгүй дүүгийнх нь машинд бид есүүлээ чихэж суугаад С дүүргийн ** -ийн *** буудал -н тойргийн долоон буудал руу явдаг талын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд “сансар худалдааны төв”-ийн урд талд очиж зогсоод бид буугаад түцнээс тамхи аваад байж байх үед Х- Д- хоёр хоорондоо маргалдаад байсан тэгээд Ц- Д-ийг өмөөрөөд Х-тэй хэрэлдсэн. Тэгээд Х-г У-, Ө- хоёр өмөөрөөд Ц- Д- хоёртой барилцаж салаад маргалдаад байсан. Тэгээд би дундуур нь ороод болиулах гэж оролдоод болиулж чадаагүй, удалгүй Ц- Д- хоёр ** зүг рүү зугтаасан тэгээд би араас нь Ц-тай уулзах гээд гүйгээд очих үед Ц- газраас нэг чулуу шиг юм аваад миний нүүр лүү хүчтэй шидээд миний нүүрний баруун нүд хацар, хамар хэсэгт оносон, тэгээд би ухаан алдаад унасан. Тэгээд би 30 орчим секундийн дараа сэрээд босоход миний нүүр, ам битүү хавдаад цус гарсан хөндүүртэй байсан. Удалгүй алаг машинтай цагдаа ирээд Ц- Д- хоёрын гүйсэн зүг рүү явсан. Удалгүй дахин нэг цагдаагийн алаг машин ирээд, араас нь түргэн тусламж ирээд би түргэний машинтай Ө- дүүгийнхээ хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод би баруун хөмсөгний доор болон баруун хацарт нийт 7 оёдол тавиулж, тархины зураг авхуулж, шархаа боолгосон" гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17/

 

гэрч У.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- бид хоёр урагшаа буюу Номин худалдааны төв тал руу зугтаахад бидний араас А-, Х-, Ө-, У нар гүйгээд байхаар нь Ц- газраас том чулуу аваад шидэхэд А-ийн нүүрийг оночихсон. Тэгээд бид хоёр цаашаа зугтаагаад машинд суугаад Ц-ыг гэр лүү нь хүргэж өгөөд, замаараа Ө-ыг 17 дээр буулгаад өөрөө гэртээ харьсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 24-27/

 

гэрч 3.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- ах газраас гарын атганы хэмжээтэй чулуу аваад хойшоо шидэхэд А-ахын нүүрийг оночихсон. Тэгээд бид Д-, Ц- ах бид гурав цаашаа зугтаагаад Д-ий машинд суугаад Ц- ахыг гэр лүү нь хүргэж өгөөд, замаараа би 32-ын цаана буугаад үлдсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 29-32/

 

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Д-гийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 6253 дугаартай 1.Ж.А-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан эсэх лавлагаа /хх-ийн 56-58/,

яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх-ийн 49-55, 59-250, 2 хх-ийн 01/,

хохирогч Ж.А-ийн “Б.Ц-аас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /2хх-ийн 02/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Тэмүүлэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Ц-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ц-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-т 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Тэмүүлэн нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ж.А-нь энэ гэмт хэргийн улмаас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс 46.440 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 49.920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.Ц-аас 96.360 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч    Д овогт Б-Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Болдын Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 96.360 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР