Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/04170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.А холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,146,204.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.А нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус банктай .... дугаарт зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байх тул зээлдэгч Я.Ааас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 282 хоног, үндсэн зээлийн төлбөрт 968,588.22 төгрөг, зээлийн хүү 151,383.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,232.03 төгрөг, нийт 1,146,204.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч Я.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,146,204.18 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр .... тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч 2,000,000 төгрөгийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн тус банкин дахь ... тоот дансанд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээл олгожээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл болон барьцааны гэрээний хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч үндсэн зээлд 1,031,411.78 төгрөг, хүүнд 93,035.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 756.01 төгрөг, нийт 1,125,203.75 төгрөгийг төлж 1,146,204.18 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтаар хариуцагч зээл авсан хугацаанаас хойш зээл, хүүг төлөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн тухай тайлбарласан бөгөөд зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийсэн гэж үзлээ. Мөн хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ.

Хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэгт 1,146,208.18 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэн ба хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг ирүүлээгүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Ааас 1,146,204.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,059 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Ааас 32,059 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ