Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П*******, тэдний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нарт холбогдох эрүүгийн 2415000000259 дугаартай, 304/2025/0018/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

-Монгол Улсын иргэн, Б******* овогт Д******* Х*******, ******* аймгийн ******* суманд 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Хужир булан “Дэнжийн Сайр” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

-Монгол Улсын иргэн, О овогт Д П*******, ******* аймгийн ******* суманд 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын 3 дугаар багийн “Тариат” гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

-Монгол Улсын иргэн, Б овогт Б Ч*******, ******* аймгийн ******* суманд 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг “Ажраг” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

-Монгол Улсын иргэн, Б овогт Д Г*******, ******* аймгийн ******* суманд 1971 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг “Урт сайр” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Х******* нь Д.П*******тэй бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /Хуш/-/Pinus sibirica Du Tour/-“хуш модны самар” 560 кг 07 граммыг түүж, бэлтгэн байгаль экологид 55,390,923 төгрөгийн шууд хохирол учруулсан, дээрх самрыг Д.П*******, Д.Г*******, Б.Ч******* нарын хамтаар 2024 оны 10 дугаар сарын 10- ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар баг Эгийн гол перваз гэх газар луу тээвэрлэсэн ,

Яллагдагч Д.П******* нь Д.Х*******тай бүлэглэж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /Хуш/- /Pinus sibirica Du Tour /-“хуш модны самар” 560 кг 07 граммыг түүж, бэлтгэн байгаль экологид 55,390,923 төгрөгийн шууд хохирол учруулсан, дээрх самрыг Д.Г*******, Б.Ч******* нарын хамтаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар баг Эгийн гол перваз гэх газар луу тээвэрлэсэн,

Яллагдагч Б.Ч******* нь Д.Г*******той бүлэглэж, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /Хуш/-/Pinus sibirica Du Tour /- “хуш модны самар” 38 кг 05 граммыг түүж бэлтгэн байгаль экологид 3,763,145 төгрөгийн хохирол учруулсан, дээрх хуш модны самрыг Д.Г*******, Д.П******* нарын хамтаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар баг Эгийн гол перваз гэх газар луу тээвэрлэсэн,

Яллагдагч Д.Г******* нь Б.Ч*******тэй бүлэглэж, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /Хуш/-/ Pinus sibirica Du Tour /- “хуш модны самар” 38 кг 95 граммыг түүж бэлтгэн байгаль экологид 3,852,155 төгрөгийн шууд хохирол учруулсан, дээрх хуш модны самрыг яллагдагч Б.Ч*******, Д.П******* нарын хамтаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар баг Эгийн гол перваз гэх газар луу тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор ургамлын жагсаалтад орсон 560 килограмм 07 грамм хуш модны самрын үр түүж бэлтгэн байгаль экологид 55,390,923 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Ч*******, Д.Г******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар баг Хантай нуруу “Рашаант уул” гэх тусгай хамгаалалттай газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор ургамлын жагсаалтад орсон 77 килограмм хуш модны самрын үр түүж бэлтгэн байгаль экологид 7,615,300 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн дээрх зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 637 килограмм 07 грамм самрыг Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай “портер” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

          -Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 03-05, 06-09 дэх тал/,

          -Хуш модны 16 шуудайтай  самарт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 12-17 дахь тал/,

          -Хуш модны 637 кг 07 грамм самрыг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

          -Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

          -Эд хөрөнгө буюу “16 ширхэг шуудайтай, 637 кг 07 грамм самар”-ыг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 24, 25-26,27 дахь тал/,

          - Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-29,30 дахь тал/,

          -Эд хөрөнгө буюу “ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл”-ийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 31, 32-33,34 дэх тал/,

          -Иргэний нэхэмжлэгч Б.О: “...Манай Зэд Хантай Нурууны захиргааны Хутаг-Өндөр сумын Хантай 2-р багийн Уургын чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагч Г нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надад мэдэгдэхдээ миний хариуцаж байсан Хантай нурууны Хайлантай гэх газар руу иргэд самар түүгээд Эгийн голын перваз гараад Хантай 2-р багийн төв рүү явж байх үед илрүүлж Хутаг-Өндөр сумын экологийн байцаагчид самар болон хүмүүсийг нь шилжүүлэн өгч байна гэж хэлсэн.

          Экологид учирсан хохирлыг тухайн самрын бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 5 дахин нэмэгдүүлж тооцохоор Байгаль хамгаалах тухай хуульд тусгасан байдаг юм аа. 2024 онд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалд манай хариуцсан газар нутагт хуш модны самрын зөвшөөрөл олгогдоогүй учраас дээрх иргэд нь огт зөвшөөрөл аваагүй болно. Би буруутай этгээдүүдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

          -Гэрч Б.Б: “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны орой Орон нутгийн сонгуулийн үеийн хамгаалалтад Хантай 2-р багийн байгаль хамгаалагч Б хамт Хантай багийн төв дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн Зэд Хантай Бүтээлийн нурууны байгаль хамгаалагч Г нь Б ах бид хоёр луу утсаар Хантай нуруунд самарт явсан хүмүүс бууж ирж байна одоо первазаар гарч ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 Эгийн гол дээр очиход первазаар голоо гараад Хантай багийн төв рүү явж байхдаа элсэнд машинаа суулгасан байсан улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг шалгахад зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хуш модны самар бэлтгэн, тээвэрлэн явж байсныг илрүүлэн ажилласан. Тухайн үед намайг шалгахад портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 хүн явж байсан. Тэгээд би уг хүмүүсийн нэрийг тэмдэглэж авахад Д.Х*******, Д.П*******, Д.Г*******, Б.Ч******* гэж өөрсдийгөө хэлж бүртгүүлсэн. Бид нар тухайн үед Хантай багийн төв дээр очоод машины тэвшинд байсан самрыг шалгаж үзэхэд 16 ширхэг шуудайтай цайруулсан хуш модны самар байсан. Бид нарыг харахад 16 ширхэг 40-50 килограммын шуудайтай самар байсан. Тухайн үед бид нар жин, килограммыг нь бол үзээгүй. Ойролцоогоор 700 орчим килограмм самар байсан. Би тоо ёсоор нь Хутаг-Өндөр сумын экологийн байцаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

          -Гэрч Б.Б: “...Тэгээд бид 3 тэр хүмүүс шалгахад улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хуш модны самар бэлтгэн, тээвэрлэн явж байсныг илрүүлэн ажилласан. Тухайн үед намайг шалгахад портер машинтай 4 хүн явж байсан. Тэгээд цагдаагийн дэслэгч Б.Б тэр хүмүүсийн нэрийг бичиж аваад мэдээнд өгөөд байсан. Бид нар тухайн үед Хантай багийн төв дээр очоод машины тэвшинд байсан самрыг шалгаж үзэхэд 16 ширхэг шуудайтай цайруулсан хуш модны самар байсан. Бид нарыг харахад 16 ширхэг 40-50 килограммын шуудайтай самар байсан. Тухайн үед бид нар жин, килограммыг нь бол үзээгүй. Тоо ёсоор нь Хутаг-өндөр сумын экологийн байцаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

          -Гэрч Л.Ггийн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны үдээс хойш самарт явсан хүмүүс айлын гадаа машинаа тавьсан байж байгаад уул руу машинаа аваад явах гэж байна гэж нутгийн иргэн хэлсэн.Тэгэхээр нь би Хантай багийн байгаль хамгаалагч Бт хэлээд цагдаагийн дэслэгч Б.Б бид 3, 21 цагийн үед Эгийн гол дээр очиход первазаар голоо гараад Хантай багийн төв рүү явж байхдаа элсэнд машинаа суулгасан байсан.Тэгээд бид 3 тэр хүмүүсийг шалгахад улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хуш модны самар бэлтгэн, тээвэрлэн явж байсныг илрүүлэн ажилласан. Бид нар тухайн үед Хантай багийн төв дээр очоод машины тэвш дээр байсан самрыг шалгаж үзэхэд 16 ширхэг шуудайтай цайруулсан хуш модны самар байсан. Бид нарыг харахад 16 ширхэг 40-50 килограммын шуудайтай самар байсан. Тухайн үед бид нар жин, килограммыг нь бол үзээгүй. Тоо ёсоор нь Хутаг-өндөр сумын экологийн байцаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

          -Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч Г.А 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  3235 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84-89 дэх тал/,

          -Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч С.Дийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  3236 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100-106 дахь тал/,

          -Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч Г.А 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  3237 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-123 дахь тал/,

          -“Ашид билгүүн ХХК”-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ОРА:1001921 дугаартай “ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,500,000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

          -Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З “Г.Ариунтуяа экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд 38.95 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 3,852,155 төгрөг болох нь тогтоогдсон байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 19,260,775 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал/,

          -Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З “С.Д экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд 38.05 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 3,763,145 төгрөг болох нь тогтоогдож байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 18,815,725 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал/,

          -Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З “Г.Ариунтуяа экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд 560.07 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 55,390,923 төгрөг болох нь тогтоогдож байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 276,954,615 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх баримт  /1 дүгээр хавтаст хэргийн 148 дэх тал/,

          -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х*******: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

          -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч*******: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

          -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П*******: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

          -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г*******: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нар нь өөрсдийн сонгон авсан өмгөөлөгч Р.Цэрэнхандын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ч*******, Д.Г*******, П*******, Д.Х******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.

Хэдийгээр шинжээч нар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тооцсон боловч тухайн самрыг ховор ургамал гэдэгт хэн аль нь огт маргадаггүй. Хохирол хор уршгийг тогтоохын тулд салбар хуулиуд болох Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг судлах шаардлагатай байна. Ойн тухай хуультай уялдуулаад үзэхээр хор уршиг нөхөн төлбөрийн хэмжээг шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Машины хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авахад татгалзах зүйл алга байна. Хохирлын хэмжээний хувьд улсын яллагчийн дурдаж хэлснээр 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож өгнө үү. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзээд хохирлыг багасгаж болно гэх заалт байдаг юм...” гэв.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.

Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох бөгөөд орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нар нь худалдан борлуулах зорилгоор хуш модны самрын үрийг түүж, тээвэрлэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд тус хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/723 дугаартай тушаалын хавсралтаар Булган аймгийн нутаг дэвсгэрт хамаарах ойгоос хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон байна /1 дүгээр хавтаст хэргийн 39-42 дахь тал/.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн ховор ургамлын жагсаалтад орсон “хуш модны самар” ургамлын үрийг ашиг олох зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Сибирь хушны самар нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2. ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хамруулан ойлгохоор заасан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн  3.1.12 дахь заалтад  “ойн дагалт баялаг” гэж “ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тодорхойлсны дагуу самар нь “ойн дагалт баялагт” хамаарахаар байна.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3235 дугаартай дүгнэлтээр Д.Х*******, Д.П******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 55,390,923 төгрөгийн шууд хохирол,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3236 дугаартай дүгнэлтээр Б.Ч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3,763,145 төгрөгийн шууд хохирол,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3237 дугаартай дүгнэлтээр Д.Г*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3,852,155 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж мөн хэсгийн 42.1.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж тус тус заажээ.

Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож, түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн  4 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож гаргуулах буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нар нь бүлэглэн ойгоос зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн 560,07 самрыг хамтарч бэлтгэсэн тул байгаль экологид учруулсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Б.Ч*******, Д.Г******* нар бүлэглэн ойгоос зохих зөвшөөрөлгүй самар бэлтгэсэн хэдий ч Б.Ч******* нь өөрийн түүж бэлтгэсэн 38,05 кг самрын, Д.Г******* нь өөрийн түүж бэлтгэсэн 38,95 кг самрын  байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно”, 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэн гэм хорын хэмжээг багасгах талаар зохицуулсан.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох  баримтаар шүүгдэгч нарын ойн санд учруулсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нар нь санаатай гэмт хэргийн улмаас гэм хор учруулсан болох нь тогтоогдсон учир гэм хорын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэмт үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг үндэслэн ойн санд учруулсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нараас ойн санд учруулсан хохирол болох 166,172,769 төгрөгийг хувь тэнцүүлэн, Б.Ч*******ээс ойн санд учруулсан хохирол болох 11,289,435 төгрөгийг, Д.Г*******оос ойн санд учруулсан хохирол болох 11,556,465 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэснийг танилцуулахад шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлэн, 30 минутын хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нар нь тус бүр 1 /нэг/ сая төгрөгийг, шүүгдэгч Б.Ч*******, Д.Г******* нар нь тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн байх тул төлбөл зохих хохироос хасаж тооцлоо.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Ч*******, Д.Г******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх саналтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нарын хэрэг үйлдэж олсон 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 637 килограмм 07 грамм жинтэй хуш модны самрын үр болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласанД.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгох саналтай байна ...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нар нь урьд ямар нэгэн зөрчил, эрүүгийн хэрэг үйлдэж байгаагүй. Амьдралдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, сая шүүх хуралдаанаас завсарлага аваад шүүгдэгч тус бүр чадах хэмжээгээрээ хохирол төллөө. Тодруулж хэлбэл Х******* П******* нар нь тус бүр 1 сая төгрөгийг, Ч*******, Г******* нар нь тус бүр 500,000 төгрөгийг тус тус Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нар нь бүгдээрээ мал малладаг, малчин хүмүүс тул зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх үнэхээр боломжгүй юм. Мал малладаг хүмүүс малынхаа ая зүйг харж нүүдэллэн амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд гаргаж байна. Дараагийн ялын саналын хувьд торгох ялыг оногдуулж болно гэж харж байна. Хэрвээ шүүгдэгч нар торгох ялыг төлөхгүй бол шоронд орно л гэсэн үг юм. Тэгэхээр энэ хүмүүс шоронд орохгүйн тулд торгох ялыг төлөхөөс өөр замгүй болно Мөн хохирол төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлов. Тухайлбал:

рүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас хэргийн 11 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/, ******* аймгийн ******* сумын багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Х*******ын,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас хэргийн 20 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/, аймгийн сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.П*******гийн,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас хэргийн 30 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/, ******* аймгийн ******* сумын багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ч*******ийн,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтас хэргийн 40 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/, ******* аймгийн ******* сумын багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Г*******ын хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай саналын талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж мөн зүйлийн 1.2 дахь “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хорих ял оногдуулахгүй тэнсэж болох нөхцөлийг тус тус тодорхойлжээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг. 

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэх эсэх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. 

Хавтаст хэрэгт цуглуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь ойн санд учруулсан хохирол болох Д.Х*******, Д.П******* нар нь 164,172,769 төгрөгийг, Б.Ч******* нь 10,789,435 төгрөгийг, Д.Г******* нь 11,056,465 төгрөгийг ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй, тэдний “хохирол төлнө” гэсэн мэдүүлэг нь бодитой, хэрэгжих эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэн “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь үл хөдлөх хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, Д.Х*******, Д.П******* нарын ихэнх мал нь  2023 онд хорогдож, цөөн тооны малтай үлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нар нь  ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, тодорхой тогтсон орлогогүй байх тул мөнгөн төлбөр оногдуулах буюу  торгох ял оногдуулах боломжгүй, мөн тэдний хувийн болон гэр бүлийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах буюу хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нарт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Ч*******, Д.Г******* нарт 1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь  гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, сгийн чадавх  болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 637 килограмм 07 грамм хуш модны самрын үр болон тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг /эзэмшигч  Б.М бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн “...тээврийн хэрэгсэл нь Д.Х*******ын өмч мөн болно...” гэх тодорхойлолт 2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/ улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г*******, Д.П******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Д******* Х*******, О овогт Д П*******, Б овогт Б Ч*******, Б овогт Д Г******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нарт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Ч*******, Д.Г******* нарт 1 /нэг/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Х*******, Б.Ч*******, Д.Г******* нарыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.П*******г аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Х*******, Д.П******* нараас 164,172,769 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Ч*******ээс 10,789,435 төгрөгийг, шүүгдэгч Д.Г*******оос 11,056,465 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нарын хэрэг үйлдэж олсон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 637 килограмм 07 грамм жинтэй хуш модны самрын үр болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 637 килограмм 07 грамм жинтэй хуш модны самрын үрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугааргүй тогтоол, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Х*******ын эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугааргүй тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х*******, Д.П*******, Б.Ч*******, Д.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ