Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2018/0257/И |
Дугаар | 392 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 392
Б.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03779 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Б-д холбогдох
Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагч Д.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Г- миний бие мөнгөний хэрэгцээ гарсан тул иргэн Д.С-тэй тохиролцож, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцыг иргэн Д.Б-аас зээл авахад ашигласан. Д.Б- бэлэн мөнгө байхгүй тул “...2 автомашин өгье, чи цааш нь мөнгө болгоод ав” гэж хэлсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлцэл хийж 49-98 УБД улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, 65-25 УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг тус тус авч, оронд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцыг хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж Д.Б-д шилжүүлсэн. Гэтэл Д.Б- нь одоог хүртэл 49-98 УБД улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, 65-25 УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг надад өгөлгүйгээр дээрх хувийн сууцыг өөрийн өмчлөлд авсан. Надад Д.Б-аас зээл авах хүсэл зориг байсан болохоос биш дээрх орон сууцыг худалдах зорилго байгаагүй. Тухайн үед ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөг, ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 70 000 000 төгрөгөөр, нийт 105 000 000 төгрөгөөр тооцохоор тохирч байсан. Гэтэл ланд 200 маркийн автомашиныг огт аваагүй, тус тээврийн хэрэгсэл “М И С” ББСБ-ын нэр дээр байсан. Уг ланд 200 маркийн автомашиныг 70 000 000 төгрөгөөр тохирч банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлийн гэрээ, барьцааны гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан боловч 22 500 000 төгрөгийг Б.Г-ын данс руу шилжүүлж, уг мөнгөнөөс буцаагаад 17 000 000 төгрөгийг нь Х.Г- гэх хүн авсан. Х.Г- нь Д.Б-ы дагуулж ирсэн хүн болно. Үндсэндээ 70 000 000 төгрөгөөр тохирсон боловч 5 500 000 төгрөгийг нь л авсан. Ланд 100 маркийн автомашины төлбөр 35 000 000 төгрөг, ланд 200 маркийн автомашины төлбөр 5 500 000 төгрөг, нийт 42 500 000 төгрөгийн зээлийн төлбөртэй. Уг төлбөрийг буцааж өгнө гэхээр хүү, алданги нэхэмжилдэг бөгөөд сүүлдээ 200 000 000 төгрөг болгож нэхээд, сууцыг шилжүүлж өгдөггүй. Нэхэмжлэгч Д.Б-тай мөнгө зээлэхээр л холбогдсон, 247 м.кв талбай бүхий орон сууц нь 105 000 000 төгрөг буюу 1 м.кв-ыг нь 500 000 төгрөг хүрэхгүй үнээр худалдана гэж байхгүй. Тус сууц нь барьцаа хөрөнгө байсан бөгөөд худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээг халхавчлах зорилготой, дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд хувийн сууц худалдах, худалдан авах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Г- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот дутуу баригдсан хувийн сууцаа 105 000 000 төгрөгөөр үнэлж, надад байсан 4998 УБД улсын дугаартай ланд круйзер 200 загварын автомашин, 65-25 УНС улсын дугаартай ланд круйзер 105 загварын автомашинуудыг мөн 105 000 000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувийн сууцаа худалдсан. Дээрх 2 автомашиныг түүнд хүлээлгэж өгсөн бөгөөд өөрөө цааш захиран зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. Би хүү, алданги зэрэг төлбөр шаардаж байгаагүй. Тухайн хаус гэх хувийн сууц нь 4 өрөө байр бөгөөд дулааны шугам сүлжээ нь шийдэгдээгүй, ашиглалтад ороогүй байр юм. Уг хувийн сууцыг би худалдаж авсан, Б.Г- нь өөрөө надад худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус баримтлан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:
... Шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Учир нь Б.Г-ын барьж буй барилгад мөнгөний хэрэгцээ гарсан тул 100 000 000 төгрөг зээлэх хүн хайсан, улмаар Д.Б- заавал үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж, уг үл хөдлөх эд хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өг гэх шаардлага тавьсан. Д.С-ийн хувийн сууцыг итгэмжлэлийн дагуу авч Д.Б-д барьцаалан зээл авахаар болж дээрх шаардлагын дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Яг мөнгө өгөх болоход Д.Б- “...бэлэн мөнгө алга, 2 автомашиныг 100 000 000 төгрөгт ав, авто ломбардад тавиад мөнгө болгочихгүй юу” гэснийг Б.Г- зөвшөөрсөн. Нотариатын газар очиход Д.Б- 2 автомашиныг нийтэд нь 100 000 000 төгрөг бус 105 000 000 төгрөгт тооцож өгнө гэж тулгасан. Худалдах, худалдан авах гэрээнд хувийн сууцын үнийг 100 000 000 төгрөгөөр тооцож бичээд, үүний дараа хийсэн хэлцэлд 105 000 000 төгрөгөөр тооцож бичсэн байдгийг шүүх анхаарч үзнэ үү. Гэрээнд мөнгийг бэлнээр өгсөн гэж бичсэн боловч бэлэн мөнгө огт аваагүй. Д.Б-, Б.Г- хоёр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэд хоорондын хэлцэл хийж, үг хэлцэлд “...105 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тохирсон байдаг. Энэ нь хувийн сууцыг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгон худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг нотолж байна. Анхнаасаа хувийн сууц худалдсан бол худалдах, худалдан авах гэрээнээс гадна Д.Б-, Б.Г- нарын хооронд иргэд хоорондын хэлцэл байгуулагдахгүй байх байсан. Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иргэн Б.Г-т хувийн сууцыг худалдах санаа зорилго огт байгаагүй, 247 м.кв хаусыг 1 м.кв-ыг нь 425 000 төгрөгөөр тооцож худалдах боломжгүй. Б.Г-аас зээлсэн 105 000 000 төгрөгөө өгөхөөр очиход хүү тооцож 150 000 000 төгрөг өг, сүүлдээ 200 000 000 төгрөг өг гэж дарамт үзүүлж, өгөхгүй бол хувийн сууцыг чинь шилжүүлж өгөхгүй гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, дүгнэлтийн хэсгийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч Б.Г- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би Д.С-тэй тохиролцсоны дагуу түүний өмчлөгчийн хувийн орон сууцыг барьцаалж, хариуцагч Д.Б-аас зээл авах болсон. Харин Д.Б- мөнгө байхгүй гээд 2 автомашин өгье цааш нь мөнгө болгоод ав гэсэн юм. Би орон сууцыг зарах зорилго байхгүй гэж тайлбарлажээ.
Хэргийн 7 дугаар талд Д.С-с Б.Г-т олгосон итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцыг худалдах, банк бус санхүүгийн байгууллагад, иргэнд зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ барьцаалбар худалдах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, авсан зээлийг захиран зарцуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах, барьцааны гэрээг бүртгүүлэх хүлээн авах үйлдэл хийх эрхийг итгэмжлэн олгож, итгэмжлэлийн хугацаа нь 7 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон байна.
Дээрх бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г- нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, уг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх аман хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй этгээд биш байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд уг хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байдаг.
Гэтэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргасан Б.Г- нь өмчлөгч Д.С-ийн 7 хоногийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн үндсэнд уг хэлцлийг хийсэн, түүнийг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаж үр дагаврыг арилгуулах, замаар өөрийн нэр дээр өмчлөх эрх олж авах эрхтэй этгээд биш байна.
Иймд анхан шатны шүүх Б.Г-ын хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ шүүхийн шийдвэр нь бусад гуравдагч этгээд буюу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдүүд тухайлбал, талуудын маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгч байсан Д.С- гэх хүн өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж маргах эсэхэд шууд хамааралгүй болно.
Харин хэрэгт Б.Г-, Д.Б- нар хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж Д.Б- нь Б.Г-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхон, Дүнжингарав гудамж, 00/0 дугаар байрны 2 тоот хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 105 000 000 төгрөгөөр худалдан авах, Д.Б- Ланд 200 автомашиныг 70 000 000 төгрөгөөр, Ланд круйзер 105 автомашиныг 35 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн өгөх, Б.Г- хоёр автомашины үнэ болох 105 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох тухай гэрээ байгуулагдсан нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хх5/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан шаардлага нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууц өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО