Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0689

 

 

 

 

 

 

 

 

       2022          09           20                                    128/ШШ2022/0689                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц****** ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгч Ц******  ХХК-иас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Ц****** ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын нутагт Урт нэртэй газар 1553,45 гектар талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2015 оноос хайгуул хийж байгаа билээ. COVID 19 цар тахлын үед манай тусгай зөвшөөрлийг сунгалт хийлгүй цуцалсан нь манай компанид их хэмжээний хохирол учруулж байна. Манай компани нь хүсэлт болон сунгалтын төлбөрийг хугацаандаа шилжүүлсэн болно” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 4 дүгээр сарын 11-нд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж сэргээж өгөхийг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаар 2022 оны 1 дүгээр сарын 26-нд мэдэгдсэн. Уг мэдэгдэлдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах боломжгүй гэсэн. Ц****** ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг холбогдох дансанд бүрэн төлж баталгаажуулсан. 2021 оны хайгуулын ажлын тайлан, 2022 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар явуулах гэхээр нэвтрэх нэр, нууц үгээ мартсан байсан тул 2021 оны 12 дугаар сарын 02-нд нэвтрэх нэр, нууц үгээ сэргээлгэх хүсэлт өгсөн. Энэ хүсэлт өгөхдөө тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэдгийг мэдсэн. 2022 оны 1 дүгээр сарын 12-нд тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулж чадаагүй, сэргээж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны албан бичгийн хувьд миний бие өвчтэй байсан болохоор мэдэхгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Баянхонгор аймаг руу явуулж байсан, сумын Засаг дарга нь батлахгүй байгаа.” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа, өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаж байсан. Мөн Коронавирус цар тахлын үетэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газар нь анх гаргасан буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн албан бичигтээ хуульд заасан 30 хоногийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргаагүй хуульд заасан хугацаанаас хоцорсон гэж үзэж Ц****** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон. Энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна.  2021 оны 11 дүгээр сард тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, төлбөр төлсөн баримтаа хүргүүлсэн. Мөн Ц****** ХХК-ийн гүйцэтгэх захирал О.М********** нь коронавирусын халдвар авч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага болон тодруулсан шаардлагуудад ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц****** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан талаар хариу мэдэгдсэн нь хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумдын нутагт байрлах 1553,45 гектар талбай бүхий Урт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-****** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр Ц****** ХХК-д олгосон байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4 "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ц****** ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын XV-0**** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Тодруулбал, ашигт малтмалын хайгуулын ХВ-017826 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч Ц****** ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй тул тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ц****** ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-*****6 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө гаргаагүй байна. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ-**** дугаартай тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас сарын өмнө гаргаж байхаар, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль тогтоомж, бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгож гарын үсэг зурдаг.

Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээ биелүүлж чадаагүй бол хүчин төгөлдөр хугацааг хойшлуулах тухай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно.

Нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрийн захиргааны байгууллагад хүсэлт ирүүлээгүй бөгөөд бичиг хэргийн системд бүртгэлгүй байна. Тус компаниас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай" 01 дугаартай албан бичгийг "...цаг үеийн нөхцөл байдал болон мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн тусгай зөвшөөрөл 3 жилд нэг удаа сарын өмнө сунгуулах хугацааг хоцроосон нь бидний алдаа боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тул тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү..." ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн байна.

Иймд "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц****** ХХК ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан талаар хариу мэдэгдсэн нь хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах" шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумдын нутагт байрлах 1553,45 гектар талбай бүхий Урт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0**** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ц****** ХХК-д анх олгосон байна. Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр ХВ-*** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Ц****** ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-**** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4 "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байвал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт "...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах..." гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар сунгасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "... Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2. 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ... гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт болон кадастрын системд бүртгэл хөтөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэж нийтэд мэдээлдэг.

Нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрийн захиргааны байгууллагад хүсэлт ирүүлээгүй бөгөөд бичиг хэргийн системд бүртгэлгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын харуул хамгаалалтыг хариуцсан тусгай байгууллага байдаг. Үүдний хамгаалагч бол өргөдөл гомдлыг хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Гэрч хэнд хүсэлтээ өгсөн талаар тайлбарлаж чадахгүй байна.Ц****** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-нд өгсөн гэх албан бичиг нь төлөөлөх эрхгүй этгээд тус компанийн захирал гээд гарын үсэг зурсан байгаа нь хууль бус, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр албан бичиг биш. Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн бүх бичиг бичиг хэргийн системд бүртгэгддэг. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн гэх албан бичиг бичиг хэргийн системээс шүүж үзэхэд бүртгэлгүй, тэгэхээр ийм бичиг өгөөгүй.

Тухайн жилийн хайгуулын ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөө ирүүлээгүй, зардлын доод хэмжээг батлуулаагүй. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ батлуулаагүй нь үүргээ биелүүлээгүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах шаардлагыг хуульчилсан байгаа. Энэ хуульд заасан баримт бичгийг бүрдүүлээгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ батлуулаагүй нь өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон болохоос цуцлаагүй юм.    

Тус компаниас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай" 01 дугаартай албан бичгийг "...цаг үеийн нөхцөл байдал болон мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн тусгай зөвшөөрөл 3 жилд нэг удаа сарын өмнө сунгуулах хугацааг хоцроосон нь бидний алдаа боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тул тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү..." ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Ц****** ХХК гаргасан “ашигт малтмалын хайгуулын ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумдын нутагт байрлах 1553,45 гектар талбай бүхий Урт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-**** дугаартай тусгай зөвшөөрлийг Ц ХХК-д олгож, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 752 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байдаг.

Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй бөгөөд ийнхүү хугацаа сунгуулахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 22.1.1-д заасан  "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2-т заасан "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-т заасан "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т заасан "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт"-ыг тус тус хавсарган гаргана”. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхээ эдлэхдээ хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл шаардлагыг хангасан байхын зэрэгцээ анх тусгай зөвшөөрлийг хүсэлтээ гаргаж авдагийн адилаар хүсэлтээ гаргаж байж хугацаа сунгуулна, хүсэлт гаргах хугацааг, хүсэлтэд хавсаргах тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байлгах нөхцөл шаардлагыг хуульд нарийвчлан заасан байх тул ийнхүү хүсэлтээ хуулиар тогтоосон хугацаанд нь, хуулиар тогтоосон баримтуудыг хавсарган гаргаагүй нөхцөлд хугацаа дууссан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болж кадастрын системд бүртгэгдэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тодорхой зохицуулжээ.

Төрийн захиргааны байгууллага Ц****** ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-**** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ноос сарын өмнө ирүүлээгүй гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг 2021 оны 12 дугаар сарын 23-нд кадастрын системд бүртгэжээ[1].

Нэхэмжлэгч Ц****** ХХК нь ийнхүү тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь кадастрын системд бүртгэгдсэнээс ч хойш 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр болон хугацаа сунгуулах үйлчилгээний төлбөр төлсөн, цаг үеийн нөхцөл байдал болон мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн тусгай зөвшөөрөл 3 жилд нэг удаа сарын өмнө сунгуулах хугацааг хоцроосон нь бидний алдаа боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тул тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү..." гэсэн хүсэлт гаргасан нь 6 хуудсаар /хүсэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр болон сунгуулах үйлчилгээний хураамж төлсөн баримтууд/ ирсэн бичгийн бүртгэлд 1 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдсэн, үүнд нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаартай албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар 22.1-д заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүйгээс мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр  тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгчээ.

Түүнчлэн тус компани 2022 оны 2 дугаар сарын 14-нд 22/02 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “геологийн тайлангийн нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тул шинээр олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан нь мөн өдөр ирсэн бичгийн бүртгэлд 2 хуудсаар /хүсэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/ бүртгэгдсэн, бүртгэлийн шийдвэрлэсэн нь хэсэгт 2 дугаар сарын 15-нд “тус компанийн бүртгэлтэй утсаар холбогдож ХВ-017826 тоот тусгай зөвшөөрөл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр бус болсон, хайгуулын ажлын тайлан илгээх боломжгүй тухай мэдэгдсэн” талаар тусгажээ.

Тус компани тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоос сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүйн дээр ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2020 онд хийсэн хайгуулын ажлын тайлан, түүн дотор хайгуулын ажлын зардлын доод хэмжээг болон 2021 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг тус тус 2021 оны 8 дугаар сард хянуулж хүлээлгэж өгсөн байх ба 2021 оны хайгуулын ажлын тайлан, зардлын доод хэмжээг, 2022 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулаагүй, баталгаажуулж өгөөгүй, түүнчлэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад тавигдах шаардлагыг хангаагүй байжээ.

Нэхэмжлэгч Ц****** ХХК нь тус компанийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга бүхий 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон, дугааргүй, захирал Ю.Б******* гэж гарын үсгийн тайлал болон гарын үсэг зурагдсан “ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтийг Кадастрын хэлтэст хаяглан гаргасан хэмээн шүүхэд ирүүлсэн ч уг албан бичиг Ашигт малтмал, газрын тосны газарт, тус газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст бичиг хэргийн системд бүртгэгдээгүй байна. Гэрчээр дээрх хүсэлтэд гарын үсэг зурсан гэх Ю.Б*** шүүхэд “хугацаа сунгуулах албан тоот өгсөн. Албан тоотод зурсан гарын үсэг минийх мөн. 2021 оны 5 сард компанийн тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн. Манай дүү О.М********** ковидын халдвар авч  тусгаарлалтад байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт би хүсэлтийг аваачиж өгсөн. Дотогшоо оруулаагүй тул үүдэнд нь жижүүрт  өгсөн. Баримт бичиг хүлээлгэж өгсөн гэж гарын үсэг зуруулаагүй. Албан бичигтээ өөр баримт хавсаргаагүй, зөвхөн албан бичиг л өгсөн. Албан бичгийг Ц****** ХХК-ийн бичиг хэргийн ажилтан гаргаж өгсөн.” гэж мэдүүлдэг.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзвэл ийнхүү хүсэлт гаргасан гэх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар буюу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал О.М************* байх тул, мөн тухайн хүсэлт нь Ашигт малтмал, газрын тосны газарт ч, тус газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст ч бүртгэгдээгүй байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан гэх энэ үйл баримт тогтоогдохгүй байна.   

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ц****** ХХК-ийн гүйцэтгэх захирал О.М************ нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэл хугацаанд ковид-19 халдварын улмаас тусгаарлалтад байсан гэх ч энэ нь хуулийн этгээдийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах боломжгүйд хүргэх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Ийнхүү Ц****** ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд, хавсаргах баримтуудыг хавсаргаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, үүнд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул хугацаа хоцроож гаргасан гэх хүсэлтэд хариу өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 тоот албан бичиг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацаагаар сунгана” гэж заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд гаргасан хүсэлтээр, хавсаргасан баримтуудыг хянаж хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан эсэхээс хамаарч  зөрчилгүй бол хугацаа сунгах эсэхийг  шийдвэрлэх нь хуулиар төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг шүүх төрийн захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэслэл ч, эрх хэмжээ ч байхгүй болно.

Ц****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т******** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудыг нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал гэх утгаар ирүүлсэн ч маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг баримтлан Ц****** ХХК ийн гаргасан “ашигт малтмалын хайгуулын ХВ-**** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8/525 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 34 дүгээр хуудас