Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/107

 

 

 

       2021           1           21                                             2021/ДШМ/107

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Бд холбогдох 1910015910766 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч.Б нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд Б.Чтэй маргалдаж толгой руу нь цохиж, санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 279 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдолдоо: “...Ч.Б нь доороо 3 дүүтэй, өөрөө 2 хүүтэй юм. Түүнд оногдуулсан ялыг хүндрүүлж эдлүүлэх бодолгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч ял хөнгөн ял оногдуулж өгөхийг илэрхийлсэн. Бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул түүнд оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэжээ,

Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр аавын ажлын хүмүүс болох 3 эрэгтэй, 1 эмэгтэй нар аавын хамт хашаанд орж ирээд угаалга хийх гэж байсан усаар тоглож байгаад ус авч өгчихөөд аавыг үлдээгээд явсан. Гэтэл тэр хүмүүс яг хажууд байсан юм шиг худал мэдүүлэг өгсөн байсан бөгөөд тухайн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Мөрдөгч Дд энэ талаар хэлэхэд “Тухайн хүмүүсийн мэдүүлэг ач холбогдолгүй” гэж хэлсэн ба түүнийг шалгуулах хүсэлтэй байна. Хүнд хийгээгүй хэрэг тулгаж, өгсөн мэдүүлгийг өөрчилж, гар утасны камертай авсан мэдүүлгийг хавтас хэрэгт хавсаргаагүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн.

Гэрч Э, Б, М нарыг мөрдөгч Д айлган сүрдүүлж мэдүүлэг авсан байдаг бөгөөд зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй өдийг хүртэл анх өгсөн мэдүүлгээ мэдүүлсээр байсан. Э, Б нар нь тухайн үйл явдал болсон үед байгаагүй гэж үзвэл, М нь тухайн үед хамт байсан цор ганц гэрч юм.

Шинжээч эмч Чын гаргасан дүгнэлт, Э эмчийн гаргасан дүгнэлттэй зөрүүтэй байна. Э эмчийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Гэрч Энь манай хашаанд орж ирээд манай гэр рүү аавтай хамт орж ирсэн гэдэг боловч Г нь хашаанд орж ирээд шууд аавын гэрт ороод аавтай хамт хоол халааж идсэн байдаг. Эдгээр хүмүүс зориуд худал мэдүүлэг өгсөн ба нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтэй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй байхад танилцсан болгож, мөн аавынхаа хацарнаас доош хажуу хэсэгт нэг удаа цохисон болгож мэдүүлэг гаргаж ирсэн.

2019 оны 9 дүгээр сарын дундуур яллагдагчаар байцаалт авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж мэдүүлэг авна гэсэн ба би хууль мэдэхгүй учир “энэ яаж байгаа юм бэ” гэж асуухад “мөрдөгч Д нь зүгээр зүйл, заалт, ингэж мэдүүлэг авахгүй бол болдоггүй юм” гэсэн. Д байцаагч надад “нэг таньдаг хүн байгаа, хууль сайн мэддэг” гэж хэлээд ээж бид хоёрт өмгөөлөгч Эийг санал болгосон. Э өмгөөлөгч “энэ зүйл ангиар шүүхээр ороод албадан ажил хийх ял авах байх” гэж хэлсэн. Миний өгсөн мэдүүлгийг надад уншуулалгүй шууд гарын үсэг зуруулсан.

Миний бие энэ хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Эцэг маань архи ууж ирчихээд надад нэг хоёр хатуу үг хэлдэг ч би зодоон хийтлээ хэрэлдэж, хараалын үг хэлж үзээгүй. Миний хувьд энэ хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Шүүгдэгч Ч.Б Б.Ч-гийнзүүн чамархайд цохиж амь насыг нь хохироосон гэм буруутай гэж шүүх дүгнэхдээ шинжээч эмч Т.Чын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний шинжээчийн 1402, 1055 дугаартай дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг боловч 1402 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан “артерийн судасны хана зузаарч” гэсэн болон шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтийн эд эсийн шинжилгээ зөрүүтэй гарсан нь эргэлзээтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Эын “ ...тархины суурь хэсгийн болон ховдлын цус харвалт нь даралт ихсэх өвчний улмаас тархины артерийн судасны хана зузаарах, хатуурах, хагарсны улмаас үүсдэг. ...Гэмтлийн улмаас үүсэх тохиолдол маш ховор байдаг. Эд эсийн шинжилгээгээр тархины судасны хатууралтай гарсан байна. ...” гэж гэрчээр мэдүүлсэн байхад, шинжээчийн 1055 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Т.Чын өгсөн мэдүүлэгт шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан уг мэдүүлгийг тус тус няцааж чадаагүй байдаг бөгөөд эдгээрийг нотлох баримтаар шүүх тооцохдоо гэрч Эын мэдүүлэгт дурьдагдсан гэмтлийн гаралтай бус цус харвалтын улмаас нас барсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг дүгнэлтэд заагаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал, Шинжээчийн 1402, 1055 дугаартай дүгнэлтүүд дэх эд эсийн шинжилгээ хоорондоо зөрүүтэй, хохирогч Б.Ч-гийнцусанд 2.6 промиль, ходоодны шингэнд 4.2 промиль, шээсэнд 2.9 промиль спиртийн агууламж илэрсэн. ...согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 76/, хохирогч Б.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний шөнө ээлжинд гарч, маргааш өглөө нь 09 цагт ажлаасаа буусан, нойргүй хоносон, архи хэрэглэсэн /гэрчүүдийн мэдүүлэг /хх49-55/, хохирогч Б.Ч нь бага ач хүүгээ тэвэрч байгаад нүүрээрээ харуулдаж унасан. ...амьсгалж чадахгүй ч байгаа юм шиг бөөлжсөө гаргаж чадахгүй ч байгаа юм шиг байсан /яллагдагч Ч.Бгийн мэдүүлэг /хх136/, гэх мэт нотлох баримтуудаар шинжээч эмч Г.Эын “...Даралт ихсэх өвчин архи согтууруулах ундааны хэт хэрэглэлт, биеийн хүчний ачаалал, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс үүснэ. ...” гэсэн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал буюу гэмтлийн бус цус харвалтын улмаас хохирогч амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал дээрх байдлуудаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй төдийгүй “Ч.Б бусдыг алсан гэм буруутай” гэж тооцсон шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

2. Хохирогч Б.Ч-гийнамь нас хохирсон шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох дараах ноцтой зөрүүтэй байна.

Тухайлбал, хохирогч Б.Ч, Ч.Б нарын хооронд болсон үйл явдлыг харсан, үзсэн гэрч байдаггүй бөгөөд Ч.Бгийн үйлдэл санаатай юу, болгоомжгүй юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүйгээр тогтоогоогүй, хууль зөрчиж авсан байж болзошгүй гэрчээр авсан түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотолгоо болгосон байна.

Нөгөө талаар хэрэгт авагдсан, прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Ч.Б аавыгаа санаатайгаар цохисон гэдгийг нотолж чадаагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн түүний мэдүүлэг өөрийг нь яллах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

2.1. Шүүгдэгч Ч.Б хэрэг учрал болохын өмнө аавтайгаа зүй бусаар харьцсан талаар гэрчүүд мэдүүлдэг боловч хохирогчийг санаатай цохисон уу, санамсаргүйгээр гар хүрсэн үү гэдгийг нотлоогүй байгаа нь тэр аавыгаа санаатай цохисон гэдгийг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрч У.Т, А.О, Б.Г нарын гэрчүүдийн мэдүүлэг нотолгоонд тодорхой байр суурь эзэлж байна. Гэхдээ эдгээр хүмүүс хохирогч Б.Ч, шүүгдэгч Ч.Б нарын хэрэлдэж, маргалдаж байсан нөхцөл байдлыг гэрчилж байгаа болохоос бус бусдыг санаатай алсан гэдгийг шууд нотолж чадаагүй болох нь гэрч У.Т /хх 56/ “...бид нарыг байсан болохоор арай ч цохиогүй...”, гэрч Б.Г /хх 51/ “...бид нарыг байхад зодоон маргаан болоогүй. ...”, гэрч Н.Баттөр /хх 49/ “...бид нарыг байхад зодоон маргаан болоогүй...” гэж тус тус мэдүүлэг өгснөөр нотлогдож байна. Энэ нь эдгээр гэрчүүд хохирогч Б.Ч-гийнамь нас хохирсон шалтгаан нөхцлийг нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт хийхэд хохирогч Б.Ч-гийнажлын газрын хүмүүсийг явсны дараа тэдний амьдран суудаг хашаанд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хамгийн сайн гэрчлэх хүмүүс нь талийгаач Б.Ч-гийнхууль ёсны эхнэр Б.Э, түүний төрсөн охин Ч.Б, бэр М нар байх үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүс төрөл төрөгсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээсээ татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт худлаа мэдүүлбэл хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлж гэрчийн мэдүүлгүүд өгсөн. Эдгээр хүмүүсийн мэдүүлгүүдээр тухайн өдөр Ч.Б, аав Б.Чгээ санаатайгаар цохиж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх эмнэлгийн шинжээч эмчээр олон жил ажиллаж байгаа, дадлага туршлагатай эмч Г.Э шүүх эмнэлгийн 1402 дугаартай дүгнэлттэй танилцсан тухайгаа, уг дүгнэлттэй санал нийлэхгүй байх үндэслэлээ маш тодорхой тайлбарласан нь хохирогчийн үхлийн шалтгааныг бодит байдлаар тогтоосон эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлзэхэд хүргэдэг юм. Харамсалтай нь гэрч Эыг шүүх хуралдаанд оруулахаас шүүх татгалзсанаараа оролцогч талын эрх тэгш мэтгэлцэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Жишээлбэл, артерийн судасны хананы зузаарал, тархины суурь хэсгийн болон ховдлын цус даралт ихсэх өвчний улмаас харвадаг, гэмтлийн бус харвалт гэж яриад байгаа асуудал дээр адил мэргэжлийн, нэг чиг үүрэг гүйцэтгэж байгаа Г.Э эмч, эдгээр залуу эмч нарын тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгээр харилцан сонсож, мэтгэлцүүлсэн бол бидний эргэлзээ тайлагдах ч байсныг үгүйсгэхгүй, гэтэл тийм боломж олгосонгүй.

Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмч Ч хохирогчийн үхлийн шалтгааны талаар хоёрдмол утгатай тайлбар өгсөн байхад шүүх хэт яллах талыг баримталж шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны гэм буруугүйд тооцох зарчимтай тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Г.Э эмчийн мэдүүлсэн зүйлийг Шүүх эмнэлгийн шинжилгээний 1402, 1055 дугаартай дүгнэлтүүдээр болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмч Ч мэдүүлгээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй няцааж чадаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдтэй нийцээгүй байдаг учраас эргэлзэх үндэслэл болдог юм.

Өмнөх 1402 дугаартай дүгнэлтийн С-1402 дугаартай эд эсийн шинжилгээгээр “аалзан бүрхүүлд тархмал цус харвасан, артерийн судасны хана зузаарч нэгэн төрлийн будагдсан” гэж маш тодорхой бичсэн байснаа 1055 дугаартай дүгнэлтэд “...эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй. ...” гэж ерөнхий байдлаар дүгнэж, уг дугнэлт гаргах бодит үндэслэл, арга зүйг огт дурдаагүй байдаг нь маш эргэлзээтэй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч мэдүүлэг өгөхдөө энэ эргэлзээг тайлаагүй төдийгүй, хоёрдмол утгатай тайлбар өгсөн. Өмнөх эд эсийн шинжилгээнээс яагаад зөрүүтэй гарах болов, ямар үндэслэлээр тогтоогдсонгүй гэж хэлээд байгаа болох гэх мэтээр үндэслэл бүхий хариу өгч чадаагүй нь энэ дүгнэлт бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд гэрч Эын мэдүүлэг, шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтийн эд эсийн шинжилгээ, тэдгээрийг үгүйсгэсэн үндэслэлийг 1055 дугаартай дүгнэлтэд бичээгүй нь хуульд нийцээгүй, хохирогч Б.Ч хоногоор нойргүй ажилласан, ажлаас буухдаа архи хэтрүүлэн хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байсан, хүүхэд тэврээд нүүрээрээ унасан, /юм мөргөсөн байж болзошгүй/ шүүхийн хэлэлцүүлэгт болон сэтгэцийн шинжилгээ өгөхдөө “аавыгаа санаатай цохиогүй” гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр түүнийг санаатай цохисон гэдгийг бусад байдлаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, цусны даралт ихэдсэнээс цус харвалт өгч нас барсан байж болох дээрх нөхцөл байдлууд илэрч байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, бусдыг санаатай алах зүйл хэсгээр ял оногдуулсан шүүхийн дүгнэлттэй ноцтой зөрүүтэй байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, цагаатгах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг хөнгөрүүлэхэд нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй дүгнэлт болжээ.

Дээрх байдлуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бусдыг санаатай алах хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмч Чын гаргасан дүгнэлтээр “их, бага тархи, аалзан бүрхүүлд тархмал цус харвасан, артерийн судасны хана зузаарсан” гэж дүгнэсэн. Гэтэл 1055 дугаартай гурван шинжээчийн дүгнэлтээр “цогцост хийсэн эд, эсийн шинжилгээнээс үзэхэд цусны даралт ихсэх өвчин тогтоогдоогүй, эд, эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдоогүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл 1402 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр “артерийн судасны хатууралтай” гэж дүгнэсэн атлаа хоёр дахь эд, эсийн шинжилгээгээр “тархины судасны хатуурал тогтоогдсонгүй” гэж зөрүүтэй байдлаар гаргасан. Уг зөрүүтэй байдлыг зайлшгүй арилгах шаардлагатай. Мөрдөгч шинжээчээс асуухдаа “талийгаачийн биед үүссэн гэмтлүүд хэзээ үүссэн бэ гэдгийг тогтоох” гэсэн байдаг. Шинжээчийн 2 дүгнэлтэд гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоогоогүй атлаа гадны нөлөөнөөс гэж дүгнэсэн нь шалтгаант холбоог үгүйсгэж байна. Иймд гэмтэл хэзээ үүссэн гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Шинжээч эмч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “цогцост үзлэг хийхэд нүүрэнд нь зулгаралт үүсээгүй байсан. Иймд талийгаач явганаас унахад уг гэмтэл үүсэхгүй” гэсэн. Гэтэл цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “нүүрэн хэсэгтээ хүрэн улаан тав бүхий зулгаралттай” гэж бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч эмчээс “та гэрчээр мэдүүлэг өгөхдөө “талийгаачийн нүүрэнд зулгаралт үүсээгүй” гэж хэлсэн байна. Гэтэл таны цогцост үзлэг хийсэн тэмдэглэл дээр “нүүрэнд хуучны сорви бүхий зулгаралттай” гэж дүгнэсэн байна” гэж асуухад Ч эмч “мэдэхгүй байна” гэх байдлаар хариулсан. Прокурорын яллах дүгнэлтэд “шинжээч эмч Т.Чыг гэж байгаад ... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гавал тархины гэмтэл нь явганаас унах үед үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлгийг ашигласан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дахь хуудсанд миний бие Т.Ч шинжээчээс “энэ гэмтэл нь явганаас үүсэх боломжтой юу” гэхэд шинжээч эмч Т.Чоос “боломжтой” гэж хариулсан. Энэ мэт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйлүүд бий. Иймд хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Бгийн мэдүүлгийг хамгийн гол нотлох баримтаа болгож авч үзсэн нь ажиглагдаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйн улмаас тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч түүний эрхийг хөндөх байдал гарахаар байгааг хууль тогтоогчоос анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, анхнаасаа уг хэрэгт сэжиглэж байсан Ч.Бгаас гэрчийн мэдүүлэг авч тэр мэдүүлгийг үндэслэж яллагдагчаар татсан нь шүүгдэгч Ч.Бгийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэдийгээр хэрэгт шинжээчээр оролцоогүй Эын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, Эын гэрчээр өгсөн мэдүүлэг маргаан үүсгэж байна гэх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Э мэдүүлэг өгөх субьект биш байна гэж үзсэн.  Мөн шүүгдэгч Ч.Бгаас “надаас анх яллагдагчаар мэдүүлэг авахдаа намайг дарамталсан. Үүнээс болж би “цохисон” гэж мэдүүлсэн” гэх боловч 2020 оны 1 дүгээр сард шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “би аавтайгаа маргалдаж байхдаа нүүрэн тус газарт нь нэг удаа шанаадсан. Аав надад цохиулсаны улмаас гэрийн довжоон дээр сууж байгаад биеийн эрүүл мэнд нь муудсан” гэж шүүгдэгч Ч.Б мэдүүлсэн байдаг. Хэрэг хэзээ болсон, гэмт хэрэг хэзээ үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж ярьж байгаа боловч талийгаач Чойжилсүрэнгийн хувьд тухайн өдөр ажилтай байсан, ажлынхаа хамт олонтойгоо гэртээ ирсэн. Хамт олонтойгоо гэртээ ирэхдээ зүгээр байсан талаар ажлынх нь хамт олон мэдүүлсэн байдаг. Мөн яллах дүгнэлтэд яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн зүйл байхгүй. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд хойд эцэг Б.Чтэй “Ажлаасаа согтуу ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогчийг зодож, толгой руу нь цохиж, санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “...Тухайн өдөр миний талийгаач хүү Б.Чг гэртээ очиход хашаанд хамт амьдардаг ууган хүү Ч.Б нь байсан ба аавыгаа загнаад та согтуу ирлээ, гэрийн дулаалга авах гэж байхад яагаад согтуу ирж байгаа юм гэж уурлаад салаавч гаргасан байсныг талийгаачийн хүүгийн минь хамт ажилладаг 2 залуу харсан байсан. ...Тухайн өдөр 13 цагийн үед хөгшин бид хоёрыг гэртээ байж байхад ач хүү Ч.Б, ач охин Б хоёр хамт орж ирээд аав нас барчихлаа, хоолойнд нь юм тээглээд бөөлжсөндөө хахаад нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Мөн Ч.Б хэлэхдээ аав манай хүүхдийг тэвэрч байгаад газар уначихлаа гэж хэлсэн. ...миний хүү Чойжилсүрэнгийн эхнэр Э бүх зүйлийг нь гартаа барьсан, 20 жил ажиллахдаа өөртөө тамхи ч авч татдаггүй ба эхнэртэйгээ байнга хэрүүл маргаантай байдаг. Ууган хүү Ч.Б нь бас хүүг маань зодож байсан. ...Надад ямар ч гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ач хүү Ч.Б өсвөр насны хүүхэд учир омголон зангаар ийм үйлдэл гаргасан байх. Иймд надад ямар ч гомдол, санал байхгүй. Бид нар ач хүүдээ ял шийтгэл өгүүлмээргүй байна. Энэ хүүхэд ял шийтгэл аваад явах юм бол их хэцүү байх болно. ...” /1хх 19-21, 141/,

Гэрч Б.Сийн “...13 цаг 05 минутын орчимд гаднаас дээгүүрээ нүцгэн, доогуураа шорттой 20 гаран насны залуу амьсгаадсан байдалтай “эмч байна уу, манай аав ухаан алдаад уначихлаа” гэж орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад ухаан алдаад уначихсан гэж хэлсэн. ...гарны захын судсыг тэмтрэхэд пульс орж ирэхгүй, ухаангүй байдалтай, ам нь хагас ангайж дээш харсан байсан. ...хүүхэн хараа өргөсөж, зүрхний цохилт орж ирэхгүй, хэлээ хазсан бололтой амнаас нь бага зэрэг цус шүүрж нас барсан байсан. ...талийгаачийн хүүгээс юу болсныг асуухад аав маань манай хүүхдийг тэвэрч байгаад хойшоо саваад унасан гэж хэлсэн. Би аавыг усны төмөр тэргэн дээр толгойгоороо уначихлаа гэж бодсон гэж ярьсан. ...” /1хх 22-23, 41-42/,

Гэрч Б.М “...талийгаач хүүхдийн тэргэн дээр байсан ач хүү Төгөлдөрийг авах гэж байгаад газар унаад өгсөн. Талийгаач манайд ирсэн хүмүүстэйгээ маргалдаж, муудалцсан зүйл огт байхгүй, хамт ирсэн хүмүүстэйгаа архи уугаагүй. ...хадам аав Чойжилсүрэн “чи хүнээс хар усаа харамлалаа, чамайг хэн тэжээж байгаа юм бэ” гэж уурласан. Гэтэл манай нөхөр аав руу салаавч гаргаад “би таниар тэжээлгээгүй, ээжээрээ тэжээлгэдэг шүү” гээд хэрүүл, маргаан гаргасан. Тэр үед ажлынх нь хүмүүс больцгоо гээд болиулсан. ...” /1хх 24-25, 43-44/,

Гэрч Б.Эийн “...нөхөр Чойжилсүрэн хүү Ч.Бгийн гэрийн хаалганы урд талд усны шалбааг дээр суусан байдалтай байж байхаар нь очоод миний хайраа босоочээ гэхэд амандаа сул юм хэлэх шиг болохоор нь би сонсож чадаагүй. ...Талийгаач Чойжилсүрэн архаг хууч өвчин гээд байх зүйлгүй, нойр булчирхай, ходоод зэрэг нь өвддөг байсан. Харин нас барахаасаа өмнө шүд нь өвдөөд үрэвссэн байсан. Манай хүү Ч.Б, Чойжилсүрэн нар хоёулаа огцом ууртай байдаг. Тэр хоёр хоорондоо харьцаа сайтай байдаг. Хааяа нэг хэрүүл, маргаан гаралгүй яахав. ...” /1ххх 47-48/,

Гэрч Н.Б-ийн“...архиа ууж дуусгаад Чойжилсүрэн ахыг гэрт нь хүргэж өгөхөөр болж архи уугаагүй Одбаяраар автомашинаа жолоодуулж явсан. ...талийгаач Чойжилсүрэн ахын хамт хашаанд явж ороход хоёр Монгол гэртэй, зүүн урд талын гэрт талийгаачийн өргөмөл хүү гэх 20 гаран насны эрэгтэй, эхнэр хүүхдийн хамт гэрийн хулдаасаа дэвсэх гээд тавилгаа зөөж байсан. Талийгаач Чойжилсүрэн ах хүүгийнхээ гэрт ороод, аав нь туслах уу гэхэд хүү гэх эрэгтэй нь хуц пизда минь, чиний тус надад хэрэггүй, чи хэзээ намайг гэдэг болсон юм, архиа шингээж сур, аятайхан байхгүй бол ална шүү гэж шууд уурласан. Бид нарыг байхад зодоон маргаан болоогүй. Талийгаач хүүтэйгээ ерөөсөө хэрэлдээгүй, чи арай ч дээ би яадагаа алдсан архичин байгаа биш, юундаа уурладаг юм бэ гэж хэлж байсан. Талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл, шарх, зулгаралт байгаагүй. Учир нь, бид нар хамт байсан ямар ч гэмтэл, шарх харагдаагүй. Хэрэв талийгаачийн зүүн хөмсөгт шарх зулгарал болон тохой нь шалбарч зулгарсан бол футболк өмссөн байхад мэдэгдэх байсан. Талийгаач хүүгийн гэрийн гадаа эд зүйлс эмх замбараагүй байгаагүй, зүгээр байсан. ...” /1хх 49-50/,

Гэрч Б.Г-ын“...Талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл, шарх, зулгаралт байгаагүй. Учир нь, бид нар хамт байхад ямар ч гэмтэл шарх харагдаагүй, зүгээр байсан. Хэрэв талийгаачийн зүүн хөмсөгт шарх зулгарал болон тохой нь шалбарч зулгарсан бол футболк өмссөн байхад мэдэгдэх байсан. ...хүү гэх залуу нь шууд пизда, лалар гэж хараагаад аманд нь салаавч хийгээд, цохих гээд дайраад байсан. Тухайн үед би гайхаад хүүхэд нь гэхэд арай их ууртай, авиртай, догшин залуу байсан. Мөн аавыгаа хэлэх, хэлэхгүй үгээр харааж байсан. Бид нарыг байж байхад зодоон маргаан болоогүй. Ер нь хүүгийнх нь харьцаа ааш нь их айхтар байсан. Талийгаач хүүтэйгээ ерөөсөө хэрэлдээгүй. Харин хүүгээ муу шээс чимээгүй байгаарай гэхэд хүү нь би чиний шээс биш гээд салаавч гаргаад байсан. Би чамайг өдий зэрэгтэй явуулж байгаа шүү гэхэд чи муу пизда ална шүү гээд л байсан. ...” /1хх 51-52/,

Гэрч У.Тгийн “...Чойжилсүрэн ах хүүхдийнхээ гэрт ороод тусалхуу гэхэд хүү гэх залуу шууд уурлаад пизда минь ална шүү, архи шингээгээрэй гээд байсан. Тухайн үед Чойжилсүрэн ах ерөөсөө уурлаж агсан, согтуу тавиагүй байхад хүү нь гэх залуу аймаар ууртай догшин харьцаатай залуу байсан. ...хүү гэх залуу нь шууд пизда минь гээд л дайраад цохих гээд байсан. Бид нарыг байсан болохоор арай ч цохиогүй, байхгүй байсан бол цохих байсан байх. ...талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл шарх, зулгаралт байгаагүй. Нүүр болон зүүн хөмсөг, тохой зэрэгт шарх зулгаралт үүсээгүй байсан. Бид нарыг явсны дараа л тийм зүйл болсон байх. ...” /1хх 55-56/,

Шинжээч эмч Т.Чын “...Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн гавал тархины гэмтэл нь явганаас унах үед үүсэх боломжгүй. Нүүрээр шороо болон бусад зохих газарт унасан гэж үзвэл хүч үйлчилсэн гэж болох зүүн хөмсөгний язарсан шарх орчимд, мөн нүүрний төвгөр хэсгүүдэд зулгаралт үүссэн байдаг. Тухайн тохиолдолд уг шарх болон нүүрний хэсгүүдэд зулгаралт үүсээгүй байсан. ...зүүн хөмсөг, шанаа хэсэгт үүссэн шарх, цус хуралтаас харахад уг тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох хүчний улмаас үүссэн байх боломжтой байна. ...” /1хх 142-143/,

Яллагдагч Ч.Бгийн “...аав унт л даа, лайтай юм бэ гэж хэлэхэд аав босоод ирсэн байсан ба намайг шууд толгойгоороо мөргөөд ороод ирэхээр нь хойшоо болоод баруун гараараа саваад цохиосон. Тэгсэн аав амьсгалж чадахгүй байгаа ч юм шиг эсхүл бөөлжсөө гаргах чадахгүй байгаа юм шиг болоод ухаан алдаад байхаар нь халбагаар амыг нь ангайлгах гэж оролдож байгаад үүдэн дээд нэг шүдийг нь унагасан. ...Би тухайн үед аав Б.Чг унтаачдээ гэхэд шууд намайг мөргөх үед нь би хойшоо болоод шууд баруун гараараа түүний толгой хэсэг рүү цохисон. ...Би аав Чойжилсүрэнгийн зүүн талын чамархай буюу хацарнаас дээш хажуу хэсэгт нэг удаа цохисон. ...Тухайн үед эцэг Б.Ч намайг мөргөхөөр нь уур хүрээд цохисон. ...” /1хх 135-137/ гэх мэдүүлгүүд болон

“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3,4-р ховдын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, баруун зүүн тохой, зүүн баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл бөгөөд дээрх тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 4.2 промилли, шээсэнд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. ...” гэх шинжээчийн 1402 тоот /1хх 59-63/,

“...Шинжээч эмч Т.Чын 1402 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3,4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, баруун зүүн тохой, зүүн баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тус бүх мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээнээс үзэхэд  цусны даралт ихсэх өвчин тогтоогдсонгүй. Эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй. ...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1055 тоот /1хх 70-77/ дүгнэлтүүд,

“...Ч.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. ...Ч.Б нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Ч.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. ...Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 1338 тоот дүгнэлт /1хх 88-90/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 7-8, 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-10, 12-14/,

цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл “...зүүн хөмсөгний гадна төгсгөлд 0.7х1 см өнгөц язарсан шархтай. Уг шархны дээд талд 0.6х0.3 см хүрэн улаан зулгаралттай. Баруун тохойн дээд талд 0.8х0.4 см, доод талд 1.3х0.3 см, зүүн тохойн гадна хэсэгт 1.2х0.2 см, зүүн өвдөгт 3.8х2.2 см, түүний доод талд 1х0.3 см, баруун өвдөгт 0.8х0.3см хүрэн улаан тав бүхий зулгаралтуудтай. 2 гарын шуу, 2 хөлийн шилбэ, тавхайд олон тооны 0.5х0.3 см хүртэлх хэмжээтэй бор өнгийн тав бүхий, зарим хэсэгт тав нь унаж цайвар сорви тогтсон хуучин маажуурын дараах зулгаралтуудтай. ...” /1хх 15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Б нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээний дотор их биш ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Хавтаст хэргийн материалыг судлахад хэргийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй эмч Г.Эаас гэрчээр мэдүүлэг авч, түүний шинжилгээ хийгээгүй асуудлын талаар, мөн таамаглалд үндэслэж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ, хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...”,

16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно. ...”,

27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ... эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ. ...”,

мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана. ...”,

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “...шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг. ...”,

7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргана. ...” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зүйл, заалтуудын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилж, шинжилгээ хийлгэн, түүнээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж тайлбар, мэдүүлэг авах хуулийн зохицуулалттай байхад шинжээчээр томилогдоогүй эмч Г.Эаас гэрчээр мэдүүлэг авсныг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.Бгийн гаргасан “...хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн...”, Ч.Бгийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан “...Г.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. ...хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын гаргасан “...ялыг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ