| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0336/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/538 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан эрүүгийн 2506000000**** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай П-ын 0 давхарт үйл ажиллагаа явуулах рестораны тамхины өрөөнд Д.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн завж, доод уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр, уруул, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.Б, гэрч Э.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1218 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйл ажиллагаа явуулах рестораны тамхины өрөөнд Д.Б тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн завж, доод уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр, уруул, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь хохирогч Д.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12-р сарын 21-ний орой өөрийн ажлын газар болон И дэх салбарын хамт Б дүүргийн 0-р хорооны салбарт шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн бид нар согтууруулах ундаа хэрэглэж байгаад Б-тэй Бу муудалцсан ба Б над дээр ирээд Бу надад агсам тавиад байна гэхээр нь би учрыг нь асуух гээд очтол Бу над руу салаавч гаргаад байхаар нь би би чамтай юм ярилтгүйн байна чи ухаанаа алдталаа уучихсан байна гэж хэлтэл Б ирээд Бу-тай муудалцахаар нь би дундуур орж салгатал Бу намайг цохихоор нь би юм хэлээгүй ба хажуугаас Б орж ирээд над руу дайраад байхаар нь би Б-д хандаж чи зайл гэж хэлтэл миний дух хэсэг рүү 1 удаа цохихоор нь миний уур хүрээд Б-ий зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод, нүүр хэсэгт нь 1 удаа тохойдсон. Тэгээд тухайн газарт байсан ажилчид бид хоёрыг салгаад Б цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
хохирогч Д.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Б дүүргийн 0 дугаар хороо “П-ын 0 давхарт хоолны газарт байгууллагын шинэ жил тэмдэглэж байсан салбарын хоёр залуу болох Б, Ж нар мөн өөр салбарын үл таних залуу бид дөрөв тамхины өрөөнд ороод тамхилаад байж байтал гэнэт үл таних залуу /Б/ миний нүүрний зүүн талд 4-5 удаа цохисон. Одоо миний зүүн нүд юм харахгүй байна дээд уруул шанаа хэсэг шалбарч хавдсан, зүүн завж зуурсан цус гарч байна. Зүв зүгээр байж хүнд зодуулсандаа гомдолтой байна. Цагдаа дуудаад байж байтал уучлалт гуйх гээд ирэхээр нь нүд ийм аймар болчихлоо би одоо наад уучлалтаар чинь яах юм гээд хүлээж аваагүй цагдаа нар ирэхэд салбарынх эмэгтэйчүүд намайг түрүүлж цохисон гэж худлаа яриад байсан өрөөнд бид дөрвөөс өөр хүн байгаагүй, тамхины өрөөний гадна талд камер байгаа байх, тамхины өрөөнд камер байгаа үгүйг мэдэхгүй байна. Би тухайн Б гэх залууд гар хүрээгүй. Цохиулснаас хойш толгой өвдөөд эргээд байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 12-р сарын 21-22-ныг шилжих шөнө Б дүүргийн 0- р хороонд байрлах газар зөөгчийн ажлаа хийж байсан ба тухайн өдөр манай салбар дээр ИД болон Ш салбарынхан шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн өдрийн манай салбарт шинэ жил тэмдэглэж байсан 2 салбарын ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба би текны орчим явж байтал тайзны хажууд Бу болон Б нар нь хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд Б ах очоод салгах гэхэд Бу нь Б-ыг цохихоор нь би Б-ыг арагшаа татаад зодолдоод хэрэггүй гэж хэлээд салгасан чинь тэнд байсан хүмүүс тамхины өрөө рүү ороод Б Бу нар нь ярилцаад учраад олоод байж байтал Б Ба руу агсраад уурлаж байгаад Барсболдыг цохисон чинь Ба Б-ийн нүүр хэсэгт 1 удаа тохойлдоод, 1 удаа гараа атгаж байгаад цохихоор би тэр хоёрыг салгасан. Ба-ын хаана нь цохисон гэдгийг би хараагүй ямартай ч цохих шиг болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор цохисон байх гэж бодож байна. Б-ийг өөр хэн нэгэн цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12** дугаартай “...1.Д.Бий биед зүүн завж, доод уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр, уруул, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай рестораны тамхины өрөөнд Д.Б тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн завж, доод уруулын дотор салстад шарх, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр, уруул, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Б-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Б-д 1.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т ургийн овогт А.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар
А.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР