| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч П.Ш*******,
шүүгдэгч Ц.С******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С*******д холбогдох эрүүгийн 2415000000182 дугаартай, 304/2025/0024/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Цо*******ийн С*******, А******* аймгийн Ө******* суманд 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, А******* аймгийн ******* сумын Бургалтай баг, Мэргэн гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрэгтэй, 31 настай,
Урьд А******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД:*******.
Хэргийн товч утга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.С******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Х******* сумын Хүрэмт 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Ш*******ын өмчлөлийн хүрэн халзан зүсмийн 6 настай морь, хд зүсмийн хязаалан насны азарган үрээ, хд зүсмийн шүдлэн байдас зэрэг 3 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч П.Ш*******од нийт 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2415000000182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.С******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Х******* сумын Хүрэмт 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Ш*******ын өмчлөлийн хүрэн халзан зүсмийн 6 настай морь, хд зүсмийн хязаалан насны азарган үрээ, хд зүсмийн шүдлэн байдас зэрэг 3 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч П.Ш*******од 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ш*******ын өгсөн: 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр адуугаа цуглуулаад голоос гаргахад манай адуу бүрэн байсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Х******* сумын сургуулийн 100 жилийн ойн наадам болсон. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр адуугаа цуглуулсан миний 3 адуу оогүй. 25-ны орой над руу нэг хүн утасдаад танай адуу чинь бундан тамгатай билүү гэж асуугаад намайг дуудсан. Би явж очоод харсан чинь надад энэ залуутай авхуулсан миний 3 адууны зургийг харуулсан. Миний 3 адуу зартай хурдан адууны төл. Хээр үрээгээ зүүн аймгаас 7 сая төгрөгөөр авсан цустай 25-тай гүү байгаа. Тэрний азарга бор азарга байгаа Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос нэг ахаасаа 10 сая төгрөгөөр авсан. Одоо 27,28 айраг түрүүтэй Булган аймагт 2 удаа 6,7 гоор орсон. Урдаа бол байнга давхихад тэрний үр төл нь бүгд сайхан давхидаг. Халзан үрээгээ зүүн аймгаас авсан цустай үрээ сайхан морь байсан. Би хээр үрээгээ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас авсан А******* аймгийн Ө******* сумын нэг залууд 5 сая төгрөгөөр зарна гээд ярчихсан байсан. 2024 оны 08 дугаар сарын 03-нд Дашинчилэн сумын 100 жил болж байсан. Тэнд уях гээд сойж байсан. Унах хүүхэдгүй болчихоод ганц хоёр хоног тарьчихсан байсан. Манайхаас алга болсон хүрэн халзан морь, хээр үрээ, зээрд байдас нар гурвуулаа нийлж явдаг адуунууд байсан. Тэр 3 адууг маань энэ хүн аваад явчихсан байсан. Би гомдолтой байна. Үнэлгээгээр тогтоогдсон 10,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 2415000000182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
1.Хохирогч П.Ш*******ын өгсөн: “...Манайх адуугаа 2024 оны 07 дугаар сарын 23-ны өглөө бөөгнүүлээд гэрийнхээ зүүн хойшоо Урт гуя гэх газар луу гаргаж орхиход манай адуу бүрэн байсан. Тэгээд Булган аймгийн Х******* сумын сургуулийн 100 жилд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яваад маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өглөө адуугаа бөөгнүүлж харахад манай адуунаас хүрэн халзан морь, хязаалан насны засаатай хээр үрээ, шүдлэн насны хд байдас нар дутсан байсан. Манайхаас алга болсон хүрэн халзан морь, хээр үрээ, зээрд байдас нар 3-уулаа нийлж явдаг адуунууд байсан юм. Миний алдсан 3 тооны адуу гурвуулаа зөв талын буюу зүүн гуян дээрээ бундан тамгатай. Хүрэн халзан морь бол энэ жил 6 настай хавчиг морь, хээр хязаалан үрээ засаатайгаа яваа азарга тавих санаатай байсан, хд байдас нь болохоор шүдлэн насны байдас байгаа. Би алдагдсан халзан морио 3 сая төгрөгөөр үнэлнэ, хд шүдлэн байдасаа 3 саяд үнэлмээр байна, миний шүдлэн байдсын эцэг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 2019 онд 10 сая төгрөгөөр худалдан авч байсан хязаалан насандаа Булган аймгийн Г суманд түрүүлж байсан, соёолон үрээ айргийн 3-т орсон мөн хавчиг азарга суманд аман хүзүүдсэн, 7 настай азарrа айргийн 3-т хурдалсан, 8 настай азарга мөн аман хүзүүдсэн гээд гаргасан амжилт ихтэй. Одоо 26 орчим медальтай ийм сайн бор азарганы минь төл, хязаалан насны засаатай хээр үрээгээ 5 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь би тухайн азарган үрээг А******* аймгийн Ө******* сумын нэг залууд 5 сая төгрөгөөр зарах гэж байсан, энэ хээр үрээний минь эцэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 10 сая төгрөгөөр 2014 онд авч байсан, гаргасан амжилт нь гэвэл Булган аймгийн Г сумын наадамдаа 2-3 удаа айрагдсан өөр жижиг наадмуудад 2-3 удаа айрагдсан хээр азарга байдаг юм. Би алдагдсан 3 тооны адуугаа нийт 11 сая төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд гомдолтой байна. 3 тооны цаашид уяж уралдуулах гээд хадгалж байсан адууг маань сорчлоод авсан байсан. Уг хэргээс хойш одоог болтол ямар нэгэн хохирол төлөх арга хэмжээ аваагүй байгаа. Нэхэмжлэлийн хувьд гэвэл 3 адууны зах зээлийн үнэлгээг нэхэмжилнэ түүнээс нааш цааш явсан бусад зардлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал/,
2. Гэрч М.Бийн өгсөн: “.... Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байх гэж санаж байна манай сумын иргэн Б ах миний гар утас руу залгаад 3 тооны адуу зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн адууг нь авахаар хашаанд нь очиж харахад 3 тооны сул адуу байсан тэгэхээр нь би хэн зарж байгаа юм гэсэн чинь урд өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би тухайн адуу зарж байсан залууг адуугаа бариад зогоож бай гэж хэлээд зургийг нь дарж аваад адууг нь худалдаж авсан. Би соёолон насны хээр үрээ авсан тухайн хээр үрээ бол их цэвэрхэн сайхан үрээ байсан. Би дотроо ийм сайхан үрээг зарчхаж байгаа юм байхдаа гэж бодож байсан, мөн уналгын болов уу гэмээр хүрэн халзан бүдүүн морь байсан, мөн туранхайвтар хүрэн шүдлэн байдасууд худалдан авсан. Эдгээр 3 тооны адуу гурвуулаа ижил тамгатай буюу бундан тамгатай байсан. Хүрэн байдасыг 300.000 төгрөгөөр, Хээр үрээг 700.000 төгрөгөөр, хүрэн халзан морийг 900.000 төгрөгөөр тус тус бодож 5276127562 дугаарын данс руу хийж өгсөн... махлаад жижиглэнгээр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал/,
3. Гэрч З.Бын өгсөн: “... Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай том охинтой сууж байгаа гэх С******* гэдэг залуу А******* аймгаас гэрээсээ 3 тооны адууг зарж мөнгө болгохоор авч ирлээ гэчихсэн улаан өнгийн Даюун загварын мотоциклоор тууж ирсэн тэгээд зарах хүн олж өгөөч гэсэн тэгэхээр нь би Дашинчилэн сумын мал мах худалдаж авдаг ченж М.Бийн гар утасны дугаарыг нь өгсөн тэгээд Бөд зарсан байна лээ. Тэгээд тэр явдлаас хойш хэд хоногийн дараа би С******* гэх залуугийн ар гэртэй нь холбогдоод 3 тооны адуу авч ирсэн та нар өгч явуулсан юм уу гэж асуусан чинь тийм юм байхгүй ээ адуу мал өгч явуулаагүй гэж хэлсэн тэгэхээр нь би хулгайн адуу байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Тухайн 3 тооны адуу гурвуулаа бундан тамгатай байсан. Хүрэн халзан зүсмийн нас бие гүйцсэн морь байсан, хязаалан насны төмсөгтэй хээр үрээ, зээрд зүсмийн шүдлэн байдас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
4. Гэрч Б.Нийн өгсөн: “... Би хөдөө нөхрийн хамтаар мал маллан амьдарч байсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Ш******* адуугаа бөөгнүүлж тоолоход бүгд бүрэн байсан. Харин манай нөхөр Ш******* 07 сарын 24-ний өдрийг өнжөөд 25-ны өдөр адуугаа цуглуулж бүртгэхэд хээр зүсмийн хязаалан үрээ, хүрэн халзан зүсмийн адуу, хүрэн зүсмийн байдас нар дутсан байсан талаар манай нөхөр надад хэлж байсан. Түүнээс хойш адуугаа хайж үзсэн боловч оогүй тул улмаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Тэгээд Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгч Тэрбишдагва гэх залуу нь би нэг 3 адууны сураг гаргачихлаа ирж зургийг нь хараадах гээд Дашинчилэн сумын төв дээр очиж уулзахад Тэрбишдагва нь нөхөр бид хоёрт манай 3 тооны адууг хөтөлчихсөн нэг эрэгтэй хүний зургийг харуулсан тухайн зураг дээрх 3 тооны адуу нь яалтчгүй манай алдсан 3 тооны адуу мөн байсан. Тухайн адуунуудыг уяж уралдуулсан зүйл байхгүй нас ахиулж байгаад уях санаатай бага насанд нь амрааж байсан юм. Хээр үрээ нь Дорнод аймгийн Хүлэнбуйр сумаас 10 сая төгрөгөөр авчирч байсан азарганы төл байгаа юм. Харин хүрэн зүсмийн байдас нь болохоор миний Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас авчирсан 10 гаран сая төгрөгөөр авсан Бор азарганы төл байгаа юм. Харин хүрэн халзан зүсмийн адуу нь болохоор том биетэй гадаад улсын адуутай хольцтой адуу байгаа юм. Унаж хэрэглэхэд их гоё гангараанд унахаар морь байгаа юм, бор азарганы төл байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/10571 дугаартай шинжээчийн “... хулгайлагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэлгээг нийт 10,500,000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,
6. “Аривижих-эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн №24/Ш/04 дугаартай шинжээчийн: “… Супер Даюун загварын мотоциклын зах зээлийн үнэ 1,224,533 төгрөг ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-70 дахь тал/,
8. М.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
10. Яллагдагч Ц.С*******ын өгсөн: “... Би Дашинчилэн сумын төвд байх Б гэх айлд хүргэн орж байгаа юм. Тэгээд 2024 оны 07 сарын 20-д гаргаад санагдаж байна. Дашинчилэн сумын төвөөс А******* аймгийн Хотонт суманд байх гэр лүүгээ өөрийнхөө мотоциклоо унаад гарсан. Улмаар 15 цагийн орчимд Номын булаг гэх газар өнгөрөөд явж байх үед 3 тооны адуу салангад явж байхаар нь тухайн 3 тооны адууг мотоциклоор тууж Дашинчилэн сумын төвд хадам аав Бын хашаанд оруулж хашсан. Улмаар маргааш өглөө нь би хадам аав Бод өөрийнхөөсөө 3 тооны адуу авчирлаа зармаар байна гэж хэлэхэд манай хадам аав махны ченж гэх хүнтэй намайг уулзуулсан. Тухайн хүнд 3 тооны адууг 1,900,000 орчим төгрөгөөр зарсан. Улмаар би мөнгөө тухайн ченжээс эхнэрийн хаан банкны данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Х******* сумын Хүрэмт 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Ш*******ын өмчлөлийн хүрэн халзан зүсмийн 6 настай морь, хд зүсмийн хязаалан насны азарган үрээ, хд зүсмийн шүдлэн байдас зэрэг 3 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч П.Ш*******од 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан үй баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч П.Ш*******ын өгсөн мэдүүлэг, гэрч М.Б, З.Б, Б.Н, Б.Амарсайхан нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/10571 дугаартай шинжээчийн “... хулгайлагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэлгээг нийт 10,500,000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлтээр хохиролын хир хэмжээг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.С*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Ш*******од хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
“Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.С******* нь бусдын 3 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ц.С******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж дур мэдэн хулгайлсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.С******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул түүний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.
Шүүгдэгч Ц.С*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ш******* нь 10.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс 10.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Г сум 1 дүгээр багт оршин суух, То овогт Пийн Ш******* /РД:/-д олгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ц.С******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.С******* нь хавтаст хэргийн 94-100, 102-108 дахь талд авагдсан А******* аймгийн Хотонт сумын Бургалдай багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсэний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвө******* аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.С******* нь А******* аймгийн ******* сумын Бургалтай баг, Мэргэн гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт,
Улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтанд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдэлүүлэх саналыг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 07 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.224.533 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй улаан өнгийн Даюун загварын мотоцикль буюу тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалах болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Цо*******ийн С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.С*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч Ц.С*******аас 10.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Г сум 1 дүгээр багт оршин суух, То овогт Пийн Ш******* /РД:/-д олгож, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдан ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.224.533 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй улаан өнгийн Даюун загварын мотоцикль буюу тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохи тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ