| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/00539/И |
| Дугаар | 181/ШШ2020/00829 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2020/00829
| 2020 оны 04сары 01өдөр | 181/ШШ2020/00829 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ц /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.С ХХК /РД:,
Хариуцагч: Ц:Б /РД:АЙ80060410/ нарт холбогдох,
2,920,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагч А.С ХХК-ийн төлөөлөгч Ө.Ашхүү, иргэдийн төлөөлөгч Г.Оюунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.С ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нэхэмжлэгч Ч.Цгийн бие махбодид гэмтэл учруулсан талаарх гомдлыг Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Г.Ганбагана хянаад 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1842 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 1842 дугаар прокурорын тогтоолын 3 дахь заалтаар ...өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай... хэмээн заасан тул учирсан хохирлоо арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Ц нь өндөр настай хүн бөгөөд, дээрх гэмтлээс болж хэрэг болсон гэх 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн гэмтлийн улмаас эрүүл мэндийн байдал тааруу, байнгын зовуурь шаналгаатай, эмчилгээ хийлгэж байгаа ба өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд 2,920,755 төгрөг гаргаад байна. Өөрөөр хэлбэл хариуцагч орчин тойрондоо аюултай амьтныг хамгаалалтгүй орхисны улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд, эд хөрөнгөнд хохирол учраад байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,920,755 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч А.С ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Цгийн А.С ХХК-аас өөрт учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 101.3-т Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй, 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэсэн. А.С ХХК нь үйл ажиллагаандаа аливаа амьтан ашиглах тухай тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй, өмчлөл, эзэмшилд нь аливаа амьтан бүртгэгдээгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл явдал болох үед А.С ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ганхүү нь болсон үйл явдлын талаар цагдаад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Уг нохой нь манай компанийн хамгаалалтын нохой байгаа юм.... гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү нохойг Н.Ганхүү авчирч, ажилтан Д.Равжирт аюулгүй байдлыг нь хангаж ажилла гэсэн тушаал амаар өгсөн байна. Иймд компанийн биш хувь хүний үйл ажиллагаанаас үүссэн дээрх хохирлыг холбогдох этгээдүүдээс нь нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.
Хариуцагч Ц:Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.Цгийн А.С ХХК-аас өөрт учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 101.3-т Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй, 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэсэн. А.С ХХК нь үйл ажиллагаандаа аливаа амьтан ашиглах тухай тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй, өмчлөл, эзэмшилд нь аливаа амьтан бүртгэгдээгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл явдал болох үед А.С ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ганхүү нь болсон үйл явдлын талаар цагдаад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Уг нохой нь манай компанийн хамгаалалтын нохой байгаа юм.... гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү нохойг Н.Ганхүү авчирч, ажилтан Д.Равжирт аюулгүй байдлыг нь хангаж ажилла гэсэн тушаал амаар өгсөн байна. Иймд компанийн биш хувь хүний үйл ажиллагаанаас үүссэн дээрх хохирлыг холбогдох этгээдүүдээс нь нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч А.С ХХК, Ц:Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,920,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч Ц:Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч А.С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Цгийн хариуцагч А.С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зусланд нэхэмжлэгч Ч.Ц нь А.С ХХК-ийн харуул хамгаалалтад ашиглаж байсан нохойд уруулж гэмтэл авсан гэх үйл баримтад хариуцагч А.С ХХК нь маргахгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Ц нь нохойд уруулж гэмтсэний улмаас эмчилгээний зардалд нийт 2,920,755 төгрөгийг зарцуулсан гэх бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-7-13 тал/-ын дүн нь нийт 2,945,748 төгрөг болж байна.
Хариуцагч А.С ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ч.Ц нь А.С ХХК-ийн харуул хамгаалалтад ашиглаж байсан нохойд уруулж гэмтэл авсан гэх үйл баримтад маргахгүй гэх боловч компанийн зүгээс харуул хамгаалалтын ажилтнуудад тухайн нохойг өдрийн цагаар торонд байлгаж, шөнийн цагаар гүйлгээ уяанд байлгах, аюулгүй байдлыг хангах заавар зөвлөгөөг өгсөн байсан тул Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь заалтад Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заасны дагуу А.С ХХК нь гэм хорыг хариуцахгүй, нэхэмжлэгч Ч.Цд гэм хорын хохирол учирсан нь А.С ХХК-ийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй, гэм хорын хохирлыг харуул хамгаалалтын ажилтнууд хариуцах ёстой гэж маргаж байна.
Хариуцагч компанийн захирал нь харуул хамгаалалтын ажилтнууддаа нохойг өдрийн цагаар торонд байлгаж, шөнийн цагаар гүйлгээ уяанд байлгах, аюулгүй байдлыг хангах заавар зөвлөгөөг өгсөн гэх тайлбар нь нэхэмжлэгч Ч.Цд учирсан гэм хорын хохирлыг нь хариуцагч А.С ХХК хариуцахгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны онцлог нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байдагт орших бөгөөд компанийн захирал нь хэн нэгэн ажилтандаа тодорхой үйл ажиллагааны талаар заавар, зөвлөгөө өгсөн нь тухайн заавар зөвлөгөөг өгснөөс хойших үйл ажиллагааны үр дагаврыг компани хариуцахгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дахь заалтад Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан, нэхэмжлэгч Ц.Цэрмаагийн эрүүл мэндэд хохирол учруулсан амьтны эзэмшигч нь А.С ХХК мөн бөгөөд мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь заалтад заасны дагуу А.С ХХК нь нэхэмжлэгч Ч.Цгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцахгүй байх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч А.С ХХК-аас гэм хорын хохиролд 2,920,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Ц нь эмчилгээнд нийт 2,945,748 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 2,920,755 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас 2,920,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч А.С ХХК-аас 2,920,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Ц:Бт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 01 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С ХХК-аас 61,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР