| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/02804/И |
| Дугаар | 181/ШШ2018/02654 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2018/02654
| 2018 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2018/02654 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Ш.Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б
14 830 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ш, хариуцагч Ж.Б, гэрч Б.Э, Д.Э, Ц.Б нар, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие иргэн Ж.Бын удаа дараагийн гуйлтынх нь дагуу Хараат бус цахилгаан үүсгүүр хийхэд нь зориулан байгууллагад хувь оруулаад байсан өөрийн 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй холбогдох гэрээ хэлцлийг хийж хэдэн удаа сунгасан. Бямбабат 10 сая төгрөгийг Төв шуудангийн урд байрлах Ардчилсан намын байранд ирж өөрөө авсан бөгөөд Цахилгаан үүсгүүр хийж чадна гэж баталгаа бичиж өгсөн нь худал байсан.
Миний бие аргаа барахдаа зээлж авсан мөнгөө төлж чадахгүй байсан Ж.Бтай 2015 оны 03 дугаар сарын 2-ны өдөр 5 дахь гэрээнд гарын үсэг зурж 8х6 харьцаатай модон торх 2 ширхэгийг 2017 оны 6 дугаар сард багтаан өгөх, түүнчлэн энэ тухайгаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст баталгаа гаргаж 14 830 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгахаар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл Ж.Б нь удаа дараа амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүргэж, намайг хохироосон. Надаас Ж.Б нь мөнгө зээлж авсан болохоос биш түүний тайлбарлаад байгаа Г гэдэг хүнд би мөнгөө зээлдүүлээгүй, өгөөгүй учир надаас авсан мөнгөө Ж.Б хариуцан төлөх үүргийг хуулийн дагуу миний өмнө хүлээх учиртай. Би Г гэдэг хүнд мөнгөө өгөөгүй учир бямбабатын тайлбарлаад байгаа Г гэх хүнээс би мөнгө шаардах эрхгүй юм.
Иймд хариуцагч Ж.Баас зээлдүүлсэн 10 430 000 төгрөгийг, түүний хүү, алдангид тохиролцож нотариатаар баталгаажуулсан 4 400 000 төгрөг буюу нийт 14 830 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 100 төгрөгийн хамт, нийт 15 062 200 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оны 05 сарын 28-ны өдөр Дарханы Норовын зуучилснаар танк хэмээх М.Гийн хамт Ш.Штэй анх танилцан ийм нэгэн шинэ бүтээл хийх бодолтой байгаагаа хэлж ойлгуулсан. Г тэр үед цахилгаан үүсгүүр хийнэ гэж хэлсэн. Ш маш таатайгаар хүлээж авсан боловч хэдэн төгрөг шаардлагатай байгааг асуухад Г 5 000 000 төгрөг гэж хэлсэн. Уг нь миний хийсэн туршилт цахилгаан үүсгүүр байсан. Г тэгээд хэлчихээр нь гараад түүнтэй зөвлөхөд миний тахир голын системээр хийх үүсгүүр маш найдвартай гэж хэлсэн болохоор нь тэгвэл чи цахилгаан үүсгүүрээ хий, би цахилгаан машин хийе гэж тохиролцсон. Тэр үед Гийг хэн болохыг сайн мэдэхгүй байсан. Би өөрөө уран бүтээлч хүн болоод ч тэр үү, гэнэн цайлган болохоор хүнтэй зөв зүйтэй харьцахыг хичээдэг. Ингээд бид хоёр 2013 оны 05 сарын 29-ний өдөр дахин Ш ахтай уулзаж ярилцаад, маргааш нь буюу 5 сарын 30-нд мөнгөө авахаар тохиролцсон, 30-ны өглөө би танк Гтэй уулзахад би одоохондоо очих боломжгүй байна, чи очоод авчих гэснээр би ганцаараа очсон. Ш ахын ажлын өрөөнд очоод 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж аван гар бичмэлээр гэрээ хийсэн. Тэгээд танк Гтэй уулзахад унаа бэлдчихсэн хүлээж байсан. Тэгээд мөнгийг чи барь, цуг яваад материалуудаа авъя гэснээр бид хоёр 100 айл, Нарантуулын урд талын дэлгүүрүүдээр явж генератор, инвертор, латор зэргийг аваад Да хүрээ гарч ширигтэй булнууд, зөөлөн холбоос, реминэн дамжуулгын дамарнууд ремин зэргийг цуглуулахад хоёр өдөр зарцуулсан. Энэ хоёр өдөр би маш их зүйлийг бодож ойлгосон. Өөрийн хийх бүтээл, ажилтай атлаа өөрийн хийсэн туршилт дээр биш өөр хүний бүтээл дээр ажиллана гэхээр надад таалагдаагүй учир би тэднийг орхиод Ш ахаас дахин 5 000 000 төгрөг аваад цахилгаан машинаа хийх ажилдаа орсон. Цоо шинэ юм хийж байсан учир солих, холих зүйл маш их гарч байсан болохоор 5 000 000 төгрөг хаанаа ч хүрэхгүй байсан ч бид Зурагтын шинэ эцэст түрээсийн зочид буудал ажиллуулж байсан болохоор их хэрэг болсон. Надаас бас 5 000 000 шахам төгрөгийн зардал гарсан, шинэ бүтээлээ хийж байхад Ш ах өдөр бүр ирж шалгаж байсан. Намайг маш их шахсан, би ч өөрөө сайн зүтгэсний хүчинд цахилгаан машинаа 14 хоногт хийж чадсан. Үзэсгэлэнд оролцож, би цахилгаан машинаа унаад очиход Ш ах ирж хараад миний хажууд сууж тэр талбайг тойрсон. Тэгэхдээ хөөх энэ чинь дуугардаггүй юм уу бас утаа гардаггүй юм байна гэж хэлж байсан. Миний бүтээл нь дээд хурд 60 км/цаг нэг цэнэглэлтээр тухайн үеийн ханшаар хоногтоо 1200 төгрөгийн цахилгаанаар цэнэглээд 150 км замыг туулах чадвартай, цэвэр эко бүтээгдэхүүн байсан. ...Ш ах намайг байнга дуудаж уулздаг байсан. Нэг өглөө намайг дуудахаар нь очиход Ш ах нилээд согтсон байсан Гийг дуудаж уулзаад хэл үгээр баахан доромжлоод надаар нэг шил архи авахуулаад тэр 2 хувааж уусан. Гийг баахан загнасан учир тэр тэсэж сууж чадалгүй архинаас нь 3 хундага татаад л гараад явчихсан. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр би үлдсэн. Харин би тэр дүйвээн дундуур танк Гээр өөрийнхээ авсан мөнгийг би хариуцана гэж надаар бичүүлээд өөрөө гарын үсэг зурсан нь одоо надад байгаа. Ш ах уг нь юм ойлгодог хүн чанар сайтай боловч харилцааны онц доголдолтой хүн юм шиг санагддаг. Уг нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан гадуур дотуур их явсан боловсрол мэдлэг сайтай сайн хүнтэй танилцлаа гэж бодож баярлаж байсан. Гэтэл Ш ах намайг Гийг олж ир гэж шавдуулсан боловч би түүнийг хайгаад олоогүй. Гэтэл Ш ах намайг чи надад эрчим хүчний цахилгаан үүсгүүр хийж өг гэдэг тулгалт хийж эхэлсэн. Г үүсгүүр хийгээд би цахилгаан машин хийхээр тохиролцсон би машинаа хийчихсэн гэж тайлбарлахад ердөө ойлгохгүй, олгохыг ч хүсээгүй. Ш ах харьцахад их хэцүү шууд загнана, доромжлоно олон хүний дунд сайн муу янз бүрээр хэлнэ. Би ч өөрөө мөнгө авсан болохоороо нэг их олон юм ярихыг хүсдэггүй байсан. Нийгэм, эдийн засгийн байдал ийм хямралтай байгаа өнөө үед ард түмний амьдралд ачаалал болохооргүй хямд төсөр зүйл хийж нийлүүлэх нь чухал санагдаж байсан. Ш ах бид хоёр хамтарч үйл ажиллагаа явуулахаар тохирч, хөрөнгө оруулж байсан болох нь бид хоёрын хийсэн зээлийн гэрээнд бичсэн зүйлээр тодорхой байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар уг зээлийн гэрээг хүчингүй гэж үзэж байна.
Иймээс би өөрийн авч хэрэглэсэн 5 000 000 төгрөг, мөн нэмж 430 000 төгрөгийг би авсан эдгээр авсан мөнгийг хүү, алдангийн хамтаар төлөхийг зөвшөөрч байна. Харин Ш ахаас авч Гт өгсөн 5 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт би төлөх үндэсгүй гэв.
Шүүх, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч Ж.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 830 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Ж.Б нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр, 3-н сарын хугацаатай, мөн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр, 3-н сарын хугацаатайгаар, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 430 000 төгрөгийг авснаас хойш 7 хоногийн дотор өсгөгчийг бэлэн болгох үүрэг хүлээсэн ба хугацаандаа бэлэн болгоогүй нөхцөлд 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам нэмж төлөхөөр нэхэмжлэгч Ш.Шгээс тус тус зээлж авсан байх бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний дотор зээлийн 3 гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт төлөхөөр харилцан тохирч 2018 оны 8 сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг сунгасан ба уг хугацаандаа төлөөгүйгээс дахин 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн 05 дугаартай гэрээ байгуулж, үндсэн зээл 10 430 000 төгрөгийг, хүү болох 4 400 000 төгрөгийн хамт нийт 14 830 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 5-11 дүгээр талд/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан хуулиар заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд байгуулах боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Хариуцагч тайлбартаа зээлийн гэрээний зарим үүрэг болох 5 000 000 төгрөг буюу түүний хүү, алдангийг н.Г хариуцах ёстой гэж маргаж байгаа боловч хариуцагч Ж.Б нь 2013.V.31-ний өдөр 01 дугаарын Зээлийн гэрээг Ш.Штэй байгуулан гарын үсэг зурж, 5 000 000 төгрөгийг сар тутам 2%-ийн хүүтэйгээр, 3-н сарын хугацаатайгаар хүлээн авсан болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ш.Шгээс 2013.V.31-ний өдөр 01 дугаарын Зээлийн гэрээг гараар бичиж байгуулан, 5 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь өөрийнх нь ....Ш ахын ажлын өрөөнд очоод 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж аван гар бичмэлээр гэрээ хийсэн. Тэгээд танк Гтэй уулзахад унаа бэлдчихсэн хүлээж байсан. Мөнгийг чи барь, цуг яваад материалуудаа авъя гэснээр бид хоёр 100 айл, Нарантуулын урд талын дэлгүүрүүдээр явж генератор, инвертор, латор зэргийг аваад Да хүрээ гарч ширигтэй булнууд, зөөлөн холбоос, реминэн дамжуулгын дамарнууд ремин зэргийг цуглуулахад хоёр өдөр зарцуулсан. Энэ хоёр өдөр би маш их зүйлийг бодож ойлгосон... гэсэн тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ш.Шгээс авч н.Гт өгсөн гэх 5 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт түүнээс шаардан нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ №01, №02, №03, №4, №05 гэсэн баримтуудаар хариуцагч Ж.Б нь 2013.V.31-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2013.VI.07-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2013 оны 11-р сарын 15-ны өдөр нэмж 430 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ш.Шгээс хүлээн авч, баримтанд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Баас зээлийн үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Быг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан ба уг гомдлыг нь хянаад эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2066 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор яллагдагч Ж.Бад холбогдох эрүүгийн 2013625021711 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 205 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 14-15 дугаар талд/
Хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтаар талууд зээлийн үүрэгт нийт 14 830 000 төгрөг төлөхөөр тохирч, үүнийгээ 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн 05 дугаартай гэрээг байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн ба, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү, алдангид тооцсон 4 400 000 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй тул эдгээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан нийт 14 830 000 төгрөгийг хариуцагч Ж.Баас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Шд олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн, хариуцагч нь зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбарласан тул үндсэн зээл 10 4300 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү, алдагид 4 400 000 төгрөг нийт 14 830 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Баас үндсэн зээл 10 430 000 төгрөг, хүү, алдангид 4 400 000 төгрөг, нийт 14 830 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 100 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжийн 232 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Шд олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ