| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.Ундармаа,
Шүүгдэгч Ч.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Н –д холбогдох эрүүгийн 2.............. тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 19... оны . дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Архангай аймгийн .............. .........ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А....... аймгийн Э............ сумын 5 ...............г, ....................г хорооллын .............. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б. овогт Ч.Н /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө А........ аймгийн Э......... сумын 5 дугаар баг ................хорооллын ..............тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.Э архи ууж ирлээ оройтож ирлээ гэх ялимгүй зүйлээр шалтаглан, улмаар түүний толгойн тус газарт цохиж зодон хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ж.Ундармаа: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч Ч.Н “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар би буруугаа хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйсан, гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Ц.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэг газар ажилладаг найз Мөнхцэцэгтэй ажлаа тараад хамт Тамир хороололд байдаг гэр лүү нь явсан. Бид хоёр гэрт нь орохоосоо өмнө Тамир хороололд байх хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво худалдаж аван гэрт нь ороод 2-аа хувааж уугаад хоол хийж идсэн. Ууж байх үед манай нөхөр залгаад байхаар нь би явах гэтэл Мөнхцэцэг “манайд хоноод яв би танай нөхөртэй яриад үзье” гээд утсаар ярихад манай нөхөр Н “наанаа хоно гэж байна” гээд бид хоёр үргэлжлүүлэн пиво уусан. Ууж байх үедээ би нэлээн согтоод “гэртээ хүүхэд дээрээ очиж хононо” гээд зөрүүдлээд Мөнхцэцэгээр такси дуудуулан гэртээ харьсан. Гэрийн гадаа очтол хашааны хаалга түгжээтэй байхаар нь би нэлээн нүдэж байгаад хашаа руу чулуу шидсэн. Тэгтэл манай нөхөр гарч ирээд “яагаад чулуу шидээд байгаа” юм гэхээр нь би “чи хаалга онгойлгооч” гэж хэлэхэд хаалга онгойлгоод миний нүд рүү нэг гараараа цохиод авсан. “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамайг би гэртээ оруулахгүй” гээд цаашаа яваад өгсөн. Тэгээд бид хоёр гэрийн үүдэнд очиход гэрийн хаяанд түшүүлэн тавьсан байсан хүрзийг аваад модон иштэй хэсгээр нь миний толгой болон духны хэсэг рүү дахиад цохиод авсан. Миний духнаас цус гараад байсан. Тухайн үед манай нөхрийн эгч гэрээсээ гарч ирээд “наадахаа цагдаад өг” гээд намайг түлхээд байсан. Тэгэхээр нь эгч рүү нь дайрсан юм. “Дүү чинь намайг зодоод байхад ирээд болиулаач” гэж хэлэхэд эгч нь цагдаа дуудаад намайг агсам тавиад байна гээд явуулсан.
...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Одоо бид 2 хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 87- 88 дугаар хуудас/,
- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би 18 цагийн үед ажил дээрээ байж байхад Энхтуяа над руу “би хотоос ирсэн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд жаахан уусан байна” гээд халамцуу утсаар ярьсан. Тэгэхээр нь би “тэгвэл манайд хүрээд ирээ 2-аа манайд жаахан сууя” гэхэд 20 цагийн үед 2.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво аваад ороод ирсэн. Би хоол цай хийгээд нөгөө пивоо 2-аа хувааж уусан. Ууж байх хугацаанд Э-ийн гар утас руу нөхөр нь залгахад Э “найзындаа байна жаахан пиво уусан эндээ хоночих уу” гэхээр нь би нөхөртэй нь утсыг нь аваад ярьсан. Тэгээд хонохоор болоод байж байснаа гэнэтхэн л “найз нь гэртээ хүүхэд дээрээ очиж хоноё такси дуудаад өг” гээд би такси дуудаж өгсний дараа манай гадаа такси ирж Энхтуяа суугаад явсан. ...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу фейсбүүкээр зураг явуулсан. Юу болсон талаар асуухад “манай нөхөр танайхаас гараад шөнө гэртээ ирэх үед намайг зодчихлоо. Тэгээд би эмнэлэгт тариа хийлгэж байна толгой өвдөөд байгаа” гэж хэлсэн. Үүний дараа би болсон асуудлын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
- Яллагдагч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/
- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Батцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын. 25-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэд “1.Ц.Э-ийн биед хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...’ 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулаг хорооллын 10-33 тоотод иргэн Ц.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ч.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Э зодож хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гэрийн гадаа очтол хашааны хаалга түгжээтэй байхаар нь би нэлээн нүдэж байгаад хашаа руу чулуу шидсэн. Тэгтэл манай нөхөр гарч ирээд “яагаад чулуу шидээд байгаа” юм гэхээр нь би “чи хаалга онгойлгооч” гэж хэлэхэд хаалга онгойлгоод миний нүд рүү нэг гараараа цохиод авсан. “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамайг би гэртээ оруулахгүй” гээд цаашаа яваад өгсөн. Тэгээд бид хоёр гэрийн үүдэнд очиход гэрийн хаяанд түшүүлэн тавьсан байсан хүрзийг аваад модон' иштэй хэсгээр нь миний толгой болон духны хэсэг рүү дахиад цохиод авсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу фейсбүүкээр зураг явуулсан. Юу болсон талаар асуухад “манай нөхөр танайхаас гараад шөнө гэртээ ирэх үед намайг зодчихлоо. Тэгээд би эмнэлэгт тариа хийлгэж байна толгой өвдөөд байгаа” гэж хэлсэн. Үүний дараа би болсон асуудлын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг,
өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.Н-н мэдүүлэг,
хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 10 дугаар сарын. 25-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заасан.
Ч.Н нь үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн харилцаатай хүн болох Ц.Э гараараа болон хүрз мэт зүйлийн модон ишээр цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ч.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Н-н үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хүндлэлгүй, түрэмгий догшин ширүүн зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч Ч.Н-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Ч.Н нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 130,082 /нэг зуун гучин мянга наян хоёр/ төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Ч.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 130,082 /нэг зуун гучин мянга наян хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Ундармаагаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ч.Н-г 700 нэгжээр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 метр урттай бор өнгийн модон иштэй “ишний өргөн 10 см, урд ажлын хэсэг нь 29 см урттай, 23 см өргөнтэй” хүрз 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ч.Н-д шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Н-гээс 130,082 /нэг зуун гучин мянга наян хоёр/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай бор өнгийн модон иштэй ишний өргөн 10 см, урд ажлын хэсэг нь 29 см урттай, 23 см өргөнтэй хүрз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР