| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 2412002530299 |
| Дугаар | 301/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 301/ШЦТ/36
2025 02 04 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч П.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн П.Ө холбогдох эрүүгийн 2..........тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 000 оны ... сарын ...-нд ..... төрсөн, ... настай, ....., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ..... хот ...... дүүргийн 20 дугаар хороо, ХГД-47-660 тоотод оршин суух хаягтай, урьд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус ялыг эдлэхээс зайлсхийсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/42 дугаартай захирамжаар, эдлээгүй үлдсэн 444 цагийн ялыг 55 хоногийн хорих ялаар сольж, хорих ялыг биечлэн эдэлж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан, М овгийн П.Ө, /РД:......./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Ө нь 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт, тус аймгийн Цагдаагийн газрын шинэ барилга дээр хамт ажиллахаар ирсэн Ц.А Самсунг А52 маркийн 315.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Хуавей /Huawei/ 20 маркийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утас, мөн бэлэн 270.000 төгрөгийг нь унтсан байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сэм авч хулгайлан 705.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Тулга: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч П.Ө “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар би буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Ц.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
“...Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 5 хүний бүрэлдэхүүнтэй заслын баг болж Архангай аймгийн Цагдаагийн газар шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллахаар ирсэн юм. Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө үүрээр унтаж амарч байх хооронд өөрийн эзэмшлийн Самсунг А52, Хуавей 20 загварын гар утаснууд, өмдний халаасанд байсан 270.000 төгрөгийг алдсан. ...Бид нартай Улаанбаатар хотоос Ө гэх нэртэй нэг залуу ажиллахаар ирсэн юм. Тэр залуу тухайн өдөр үүрээр гараад явчихсан байсан. Тэр хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 7-8 хуудас/,
*Хохирогч Ц.А-ийн дахин өгсөн “...Надад гэмт хэрэг үйлдсэн хүний ээж нь гэх хүн манай нөхөр болох Т овогтой Ш эзэмшлийн Хаан банкны 5920025401 дугаарын дансанд миний хохирол болох нийт 705.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг учир Архангай аймагт одоо огт очиж чадахгүй гэдгээ илэрхийлмээр байна. Би одоо хохиролгүй болсон учир ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 49-50 хуудас/,
- Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар Улаанбаатар хотоос 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт ирсэн. Тэгээд Архангай аймгийн Цагдаагийн газрын барилга дээр ажиллахаар тухайн барилга дээрээ хонож амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө үүрээр хамт ажиллахаар ирсэн Ө гэх залуу буцаад яваад өгсөн байсан. Тэгсэн А-ийн утас, мөнгө алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуудас/,
- Яллагдагч П.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-н 71-72 хуудас/
- Иргэн Ц.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/
- 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ий 2024 оны 08 сарын 08-ны өдрийн АЦ-24-144 дугаартай “Самсунг А52 маркийн 2022 онд худалдан авсан гар утас нэг ширхэг нь 315.000 төгрөг, Хуавей 20 маркийн 2021 онд худалдан авсан гар утас нэг ширхэг нь 120.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-н 25-27 хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт, тус аймгийн Цагдаагийн газрын шинэ барилга дээр хохирогч Ц.А-ийн Самсунг А52 маркийн, Хуавей 20 маркийн 2 ширхэг гар утас, мөн бэлэн 270.000 төгрөг зэрэг хулгайд алдагдаж, хохирогч Ц.А-т 705,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Ө үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.А-ийн “...Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө үүрээр унтаж амар байх хооронд өөрийн эзэмшлийн Самсунг А52, Хуавей 20 загварын гар утаснууд, өмдний халаасанд байсан 270.000 төгрөгийг алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Уянгын “...Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 23- ны өдөр өглөө үүрээр хамт ажиллахаар ирсэн Өсөхбаяр гэх залуу буцаад яваад өгсөн байсан. Тэгсэн А-ийн утас, мөнгө алга болсон байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч П.Ө-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч П.Ө нь хохирогч Ц.А-ийг унтаж байх үед нь түүний гар утас болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авч явсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч П.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч П.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А-т 705,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч П.Ө уг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч П.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Тулга “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна, иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
шүүгдэгч П.Ө “хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч П.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Өт 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан П.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгчийн урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдоно гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн зарчмыг тус тус зөрчсөн, шүүгдэгч урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэж үзэхгүй тул уг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт П-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар У хот, С дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан П.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч П.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР