Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 

 

 

 

                               2025/ШЦТ/37

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Б.Т,   

Шүүгдэгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Б.Э холбогдох эрүүгийн ..... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 19... оны 0... сарын 0..-ны өдөр Архангай аймгийн .... суманд төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн ... сумын ......баг, .... гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.. овгийн Б.Э /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь ганцаараа, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А.. аймгийн Ж.... сумын А.... багийн “....” гэх газраас хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 3 ширхэг ургаа шинэс Төрлийн мод хөрөөдөж 9 ширхэгт хуваан бэлтгэсэн, мөн унанги шинэс төрлийн мод 41 ширхгийг бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн тус 50 ширхэг модоо өөрийн эзэмшлийн ........... улсын дугаартай “.....” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж “Хушт” гэх газраас 2 км орчим зайд тээвэрлэсэн, энэхүү гэмт үйлдэлдээ машин механизм ашиглан ойн санд 325.504 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Тулга яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Э Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Иргэний нэхэмжлэгч П.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байгал орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуудас/,

- Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Намайг ажил дээрээ байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай сумын иргэн надад “Э сумын иргэд манай сумаас ирж хууль бусаар мод бэлтгээд байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ мэдээллийн дагуу би Архангай аймгийн Ж сумын Асайт багийн багийн Хушт гэх газар явж очиход Б.Э гэх хүн хөх өнгийн улсын дугааргүй Пронтер машин дээр галын түлээний мод бэлтгэж ачаад явж байсан. Түүнийг шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад байгаагүй тул тээвэрлэж явсан модыг нь нутгийн Х.Н гэх айлын гадаа намаржаан дээр нь буулгаж хураасан. Модыг буулгах гэхэд Б.Э гэх хүн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Энэ хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй. Хушт гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 хуудас/,

 

Яллагдагч Б.Э яллагдагчаар өгсөн “...Уншиж бичиж чадна. Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний бэлтгэсэн мод 1.70 метрийн урттай 50 ширхэг мод байгаа. Би мод бэлтгэхдээ 3 босоо модноос 1.70 метрийн урттай 9 ширхэг мод гарган авсан бусад 1.70 метрийн урттай 41 ширхэг модыг унанги модноос тус тус гарган авч нийт 50 ширхэг мод бэлтгэсэн. Тухайн мод бэлтгэхэд ашигласан хөрөө миний өөрийн эзэмшлийн хуучин хөрөө байгаа юм. Би 2020 онд худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 67-68 хуудас/,  

-Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 96 дугаартай “... 1. ...Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор REED R6015 маркийн модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд 10.7% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл боллоо. 2. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэснийг  тогтоох боломжгүй. 3. Шинжлэгдэж буй модны 1, 2, 25, 26, 31,41, 42, 45, 46 гэж дугаарласан 9 ширхэг мод экологи-эдийн засгийн үнэлгээг 84.515 төгрөг, куб метр 0.77м3, 3-24, 27-30, 32-40, 43-44, 47-50 гэж дугаарласан 41 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 240.989 төгрөг, куб метр 2.1956м3 тус тус байна.” гэх дүгнэлт /хх-н 53-56 хуудас/,

- Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 71-74 хуудас/,

- Тээврийн хэрэгсэл болон зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх 50 ширхэг модыг битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-н 32-33 хуудас/

- Тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, модны зах зээлийн үнэлгээг тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн АЦ24-206 дугаартай дүгнэлт /хх-н 93-104 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Б.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Б.Э нь ганцаараа, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ж-т сумын А..... багийн “....” гэх газраас эрхийн бичиггүйгээр 3 ширхэг ургаа Шинэс мод мөн унанги Шинэс төрлийн мод 41 ширхгийг тус тус бэлтгэсэн, уг 50 ширхэг модоо өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж “Хушт” гэх газраас 2 км орчим зайд тээвэрлэн ойн санд 325.504 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн гэм буруутай болох нь

гэрч Б.Ц-ийн “...Энэ мэдээллийн дагуу би Архангай аймгийн Ж  сумын А.... багийн багийн ..... гэх газар явж очиход Б.Э гэх хүн хөх өнгийн улсын дугааргүй Пронтер машин дээр галын түлээний мод бэлтгэж ачаад явж байсан. Энэ хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 352,504 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон А.... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Бямбасүрэнгийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

 

Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос ургаа болон унанги мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал,  нь шууд нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Э нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Б.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 325,504 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /325,504*3=976,512 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 976,512 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч хохирол төлөөгүй байх тул түүнээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Тулга “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сар хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Шүүгдэгч Б.Э нь “торгож өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-гийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,302,000 /нэг сая гурван зуун хоёр мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... улсын дугаартай ......  маркийн тээврийн хэрэгсэл, 296,560 /хоёр зуун ерэн зургаан мянга таван зуун жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг, 0.77 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 41 ширхэг  2.1956 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 976,512 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 622,048 /зургаан зуун хорин хоёр мянга дөчин найман/ төгрөгийг, эд мөрийн баримтаар хураан авсан 112,000 /нэг зуун арван хоёр мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус  улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 976,512 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,302,000 /нэг сая гурван зуун хоёр мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий .... улсын дугаартай .....  маркийн тээврийн хэрэгсэл, 296,560 /хоёр зуун ерэн зургаан мянга таван зуун жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг, 0.77 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, 41 ширхэг  2.1956 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 976,512 /есөн зуун далан зургаан мянга таван зуун арван хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 622,048 /зургаан зуун хорин хоёр мянга дөчин найман/ төгрөгийг, эд мөрийн баримтаар хураан авсан 112,000 /нэг зуун арван хоёр мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулсугай

 

6. Шүүгдэгч Б.Э нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР