| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0044/Э |
| Дугаар | 301/ШЦТ/30 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 301/ШЦТ/30
2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э,
Хохирогч Б.Д,
Шүүгдэгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
А аймгийн П газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.А-д холбогдох эрүүгийн 24........... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ......., ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дугаар баг, ..... тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овгийн Б.А /РД:......../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 20.. оны 09 дүгээр сарын ....-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .... дугаар баг .... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч Б.Д таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Б.А-н баруун гуя хэсгийн дотор талд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч Б.Д “миний шарх эдгэрсэн, бид хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй...” гэсэн,
Шүүгдэгч Б.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Э сумын Н хорооллын ... тоотод байх манай гэрт миний эгч, хүргэн ах 2 ирээд байж байгаад манай нөхөрт 1 шил архи авч өгсөн. Тэгээд тэрийгээ уугаад байж байхаар нь “одоо унтаж амаръя” гэсэн чинь манай нөхөр надад уурлаад хутга гаргаж ирээд миний баруун хөлийн гуяны дотор тал руу нэг удаа хатгасан. Тэгээд миний баруун талын гуя хэсэгт хүчтэй өвдсөн. Цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Тэгээд сэргээд харахад би эмнэлэгт ирсэн. Миний баруун гуяны дотор талд хутгаар хатгуулсан хэсэгт ил харагдах хэсэгтэй 2 оёдол тавиулсан. Тэгээд би эмнэлэгт 9 хоног эмчлүүлж байгаад гэртээ гарсан. Тэгэхэд манай нөхөр А “намайг уучлаарай, би архи ууж согтсондоо ийм үйлдэл гаргасан байна” гэж хэлсэн. Миний нөхөр А өмнө ийм үйлдэл гаргаж байгаагүй. 6 жилийн өмнө 2 нүд нь сохорсон. Тэрнээс хойш уурлаж бухимдах нь ихэдсэн. Хүний асаргаанд орсон болохоор уурлаж бухимдах нь ихэссэн. Миний баруун гуя эдгэсэн. Ямар нэгэн өвдөх зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
- Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Цэнхэр сумын хөдөө гэрээсээ эхнэр Ц хамт хувийн ажлаар Архангай аймгийн төвд орж ирээд баз М-ийгаагийн гэрт хоноод өчигдөр буюу 24-ний өдөр гадуур ажлаа амжуулж байгаад баз А гэрт эхнэрийн хамт орой ирсэн. А архи уучихсан сууж байсан. Эхнэр нь А төрсөн охины хамт хоол хийгээд сууж байсан. Бид нар хууч хөөрч байхад А манай эхнэрийг “нэг шил архи аваад өгчих” гээд байсан. Тэгээд орой 20 цаг болж байхад А эхнэр, манай эхнэр 2 хамт дэлгүүр рүү яваад нэг шил 0.5 литрийн хараа нэртэй архи авч ирээд түүнийг манай эхнэр, А бид 3 хувааж уусан. ...тухайн архийг ууж байхад ...Д “чи дандаа ...архи нэхэж байх юм гээд хэрүүл хийгээд байсан. ...тэгэхээр нь би зурагтаар дуу явж байсан болохоор хэрүүлийг нь зогсоох санаатай “алив бүжиглэ” гээд босоод бүжиглэсэн. А-н эхнэр босоод бүжиглэсэн. Тэгсэн чинь А эхнэртээ хандаж “чи бүжиглэж чадахгүй байж” гээд уурласан. Удаагүй дуу дуусаад суусан. Тэгтэл А эхнэр рүүгээ ухас хийх шиг болсон. Тэгтэл Д “хүүе ээ Г ахаа” гээд намайг дуудаад орилохоор нь харсан чинь Д, А урд хэсэгт зогсож байсан ба баруун гуянаас нь цус гарч байсан. А гартаа эвхэгддэг хутга барьчихсан “ална” гээд орилоод байсан. ...эхнэр, бид 2 хамжиж байгаад газар дарж байгаад эхнэр хутгыг гараас нь салгаж авсан. Тэгээд манай эхнэр, А дүүгийн эхнэр 2 А газар шалан дээр дарж байх хооронд би дээлийнхээ бүсээр Д хөлийн цус гарч байгаа хэсгийг ороож боосон. Тэр хооронд А гайгүй тайвширсан. А-н бэр Т эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байх. Удаагүй эмнэлэг ирээд Д аваад явсан. Эхнэр бид 2 хамт явсан Т, А 2 үлдсэн.
Би хараагүй том өрөөний Г хэлбэртэй буйдангийн дээд талд зурагт руу хараад сууж байсан. ... яг ард байсан эргээд харах хооронд хойш хана налаад цусаа гоожуулаад зогсож байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна 20 гаруй жил болж байгаа. Энэ хоёр 4 хүүхдийн хамт амьдардаг. А-ийн 2 нүд хараагүй. А их согтоогүй гайгүй байх шиг байсан би бол эрүүл ирээд хоол унд идчихээд тухайн архинаас 2 рүнк л уусан. Манай эхнэр ч адилхан. Д, Т 2 огт уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хотонт сумаас хувийн ажлаар ирсэн. ...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдийнхээ хувцсыг бэлтгээд өдөр А ахын гэрт ирсэн чинь ганцаараа 0.33 хэмжээтэй, хараа архи уугаад сууж байсан. Тэгээд орой 18 цагийн үед эхнэр нь болох Д ажлаа тараад ирсэн. Араас нь удаагүй Ц, нөхөртэйгөө ирсэн. Д эгч бид 2 хоол хийж өгсөн. Тэгсэн чинь А ах Ц “архи аваад өг” гээд байсан. Тэгсэн чинь “чи архи ууж яадаг юм” гээд хацар хэсэг рүү нь 2 удаа алгадсан. А ах уурлаад байсан. Д, Ц 2 дэлгүүр явж архи авч ирсэн. Түүнийг А, Ц, Г 3 уусан. Тэр үед Ц эгч А ахад хандаж “одоо гамнаж уу болохгүй маргааш уу” гэж хэлсэн чинь А ах “Чи муу ганц шил юм авч өгчхөөд их юм санаа юу та нар манайхаар хэзээ ирдэг болчихсон юм” гээд хэрүүл хийгээд маргалдсан. Д эгч чи согтуудаа хүнээс архи нэхэж авхууллаа гээд уурласан чинь Гг ах зурагтаар дуу сонсож байгаад А ахыг аргадах гэж бүжиглэсэн. Тэгээд А ах Д нар хоорондоо “чи бүжиглэж чадахгүй байж эвсэлгүй” гэх зэргээр хэрэлдээд А эхнэрээ “гичий, янхан, ал минь” гээд хараагаад байсан. Тэгснээ эхнэр рүүгээ мөлхөж байгаад л ухасхийсэн. Тэгсэн чинь Д хойш ухраад хана налаад орилоод “хутга орчих шиг боллоо” гэж хэлэх шиг болтол баруун гуянаас нь цус гарсан. Өөрөө хөлөө бариад байсан. Тэгсэн чинь А хутгаа бариад хоёр тийш саваад “ална шүү” гээд дайраад байсан. Г ах босож ирээд эхнэртэйгээ газар дарж байгаад эхнэр нь гараас хутгыг нь авсан. Би бас А ахын дээр нь дарсан. Тэр хооронд Гг ах босож ирээд дээлийнхээ бүсээр Д эгчийн хөлийг нь боож өгсөн. Тэгэхэд бас хэсэг хугацаа орсон тэр хооронд А тайвшраад газар шалан дээр суусан. Би утсаараа дуудлага өгсөн. Удаагүй эмнэлэг ирээд Д эгчийг аваад явсан. Г, Ц хоёр дагаад явсан. Би А-тэй үлдсэн. Удаагүй цагдаа нар ирсэн. Хоол унд идэхдээ гаргаж ирдэг өөрт нь байдаг хутга байсан. Халааснаасаа гаргаж ирсэн байх. Хүрэн бор иштэй эвхдэг хутга байсан. Сүүлд Ц эгч хутгыг нь булааж аваад гал тогооны ширээ дээр тавьсан. Хутга цус болсон байсан. Би сүүлд харсан. Д эгч бид 2 уугаагүй. Гг, Ц, А нар уусан. А ах согтуу байсан. Хүн болгонтой л хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 24-25 дугаар тал/
- Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр бид 2 бол бараг уугаагүй. 1-2 уусан. Тэгээд би А-ийг согтоод байхаар нь “архиа боль маргааш ууж болно” гэж хэлсэн чинь “муу авгай ганц юм авч өгснөө юу гэж бодоод байгаа юм” гээд хэрүүл хийсэн. Тэр үед Д “чи согтуу байж хүн гэрт ирэхээр архи нэхэж уулаа” гээд уурласан чинь А эхнэртээ хандаж “чи муу янхан, ал, пизда гээд хараагаад байсан. Нөхөр зурагтаар дуу сонсож байгаад А-ийг аргадах гээд босож бүжиглэсэн. Тэгсэн чинь А, Д хоёр бүжиглэж чадахгүй эвсэлгүй гээд дахиад хэрүүл хийгээд байсан. Тэгээд буйдан дээрээ Гг суусан чинь А эхнэр рүүгээ ухасхийсэн. Баруун гуя хэсгээс базаад авах шиг болсон. Тэгсэн чинь л цус годогдоод эхэлсэн Д орилоод хана налаад хөлөө бариад зогссон. Нөхөр бид хоёр А-ийг газар шалан дээр дарсан. Хутгаа бариад эхнэр рүүгээ “ална” гээд хутгатай гараараа хоёр тийш саваад байсан. Би хутгыг нь булааж аваад гал тогооны өрөөнд оруулсан. Нөхөр дээлийнхээ бүсээр хөлийг нь ороож боосон. Мөн Т бид хоёр А-ийг дарж тайвшруулаад Т түргэн дуудаад, цагдаад дуудлага өгсөн юм. Ийш тийш явж хутга авсан зүйл байхгүй, өөрт нь байсан хутга байх. Согтоод байсан үг хэлэхээр л хэрүүл өдөөд байсан. Нөхөр бид хоёр бол 1-2 хундага уусан. Д, Т хоёр уугаагүй. Хөдөө байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Хараагүй болохоор их уур уцаартай л байдаг юм шиг байна билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Б.А биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн /хх-ийн 44-45 дугаар тал/,
Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ 0,33 литрийн хараа нэртэй архи уусан орой манай баз болох Г-ийн эхнэрийн хамт орж ирсэн. Тэгсэн Г чи базад нэг юм авч өг гээд Г-ийн эхнэр болон манай эхнэр хоёр дэлгүүр яваад 0,5 литрийн хараа нэртэй архи авч ирсэн. Тэгээд би болон Ц.Г нартай хувааж уугаад сууж байхад Ц миний толгой руу цохиод чи манай дүүг архи ууж зовоолоо гээд байсан. Тэгэхээр нь би чи яагаад нүд амгүй хүнийг дээрэлхээд байгаа юм бэ гэсэн чинь Гг чи миний эхнэрийг юу гээд байгаа юм гээд би Г-тай барьцалдаад авсан. Тэгсэн миний дээр Гг дараад мордсон байсан. Тэгсэн миний гарт хутга таарсан тэгээд уг хутгийг аваад айлгах санаатай гараа савсан чинь хутганы үзүүрт манай эхнэр таараад хатгасан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/,
- Хэргийн газарт үзсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр тал/
- Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт “1. Б.Аийн цусанд 1,3 проммили спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн /хх-ийн 72-73 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 5 дугаар баг ...... тоотод байх өөрийн гэртээ иргэн Б.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А үйлдсэн болох нь
хохирогч Б.А “2024 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Наранбулаг хорооллын 4-15 тоотод байх манай гэрт миний эгч, хүргэн ах 2 ирээд байж байгаад манай нөхөрт 1 шил архи авч өгсөн. Тэгээд тэрийгээ уугаад байж байхаар нь “одоо унтаж амаръя” гэсэн чинь манай нөхөр надад уурлаад хутга гаргаж ирээд миний баруун хөлийн гуяны дотор тал руу нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Г-гийн “... Тэгтэл А эхнэр рүүгээ ухас хийх шиг болсон. Тэгтэл Д “хүүе ээ Ганаа ахаа” гээд намайг дуудаад орилохоор нь харсан чинь Д, А-ийн урд хэсэгт зогсож байсан ба баруун гуянаас нь цус гарч байсан. А гартаа эвхэгддэг хутга барьчихсан “ална” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Т-ын “...Тэгснээ эхнэр рүүгээ мөлхөж байгаад л ухасхийсэн. Тэгсэн чинь Д хойш ухраад хана налаад орилоод “хутга орчих шиг боллоо” гэж хэлэх шиг болтол баруун гуянаас нь цус гарсан. Өөрөө хөлөө бариад байсан. Тэгсэн чинь А хутгаа бариад хоёр тийш саваад “ална шүү” гээд дайраад байсан....” гэх мэдүүлэг,
гэрч Д.Ц-ийн “...Тэгээд буйдан дээрээ Г суусан чинь А эхнэр рүүгээ ухасхийсэн. Баруун гуя хэсгээс базаад авах шиг болсон. Тэгсэн чинь л цус годогдоод эхэлсэн Д орилоод хана налаад хөлөө бариад зогссон. Нөхөр бид хоёр А-ийг газар шалан дээр дарсан. Хутгаа бариад эхнэр рүүгээ “ална” гээд хутгатай гараараа хоёр тийш саваад байсан. Би хутгыг нь булааж аваад гал тогооны өрөөнд оруулсан....” гэх мэдүүлэг,
яллагдагч Б.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 439 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хохирогч Б.А эрүүл мэндэд учирсан баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.А-ийн хохирогчийн гуя руу хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Б.А нь хохирогч Б.А биед халдсанаар түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.А, хохирогч Б.Д нар нэг гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч мөн болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгч Б.А хохирогч Б.А биед хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзэх хууль зүйн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг хохирлыг учруулсан байна гэж прокурорын дүгнэснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон, шүүгдэгч Б.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгч Б.А-ээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан, мөн түүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Б.Д нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 59,304 /тавин есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийн үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 59,304 /тавин есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Ундармаагаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Хохирогч Б.Д “тусгайлан хэлэх саналгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал “1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэсэн,
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний группт, асаргаанд байдаг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.А-эд 1 сарын хугацаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ээс 59,304 /тавин есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР