| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/00169/и |
| Дугаар | 101/ШШ2019/00730 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2019/00730
| 2019 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2019/00730 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А д С ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, өмгөөлөгч Э.Э, нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А д с ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Авто хүнд механизмын хэсэгт нарийн үнс зөөвөрлөх тусгай тоноглолтой хүнд даацын авто машины жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил, дутагдал огт гаргаж байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Н гэгчид зодуулж гар хугарч намайг эмнэлгийн чөлөөтэй байхад гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан явдалд гомдолтой байна. А.Быг ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Иймд дээрх тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч А д с ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, өмгөөлөгч Э.Э нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалт, А д с ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3, 4.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1, 5.1, 5.1.2, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн жолооч А.Бын гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийдвэр гаргасан. А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 00 минутад ээлжинд ажиллаж байх үедээ ажлын байранд Авто хүнд машин механизмын хэсгийн нарийн үнсний тусгай тоноглолтой хүнд даацын машины жолооч Ч.Нямдаваатай дизель түлш хулгайлсан асуудлаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, бие биенээ хэл амаар доромжилж, улмаар жолооч Ч.Нямдаваатай харилцан зодолдож толгой руу нь цохих, мөн сандал дээр сууж байхад нь зодох зэргээр бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсныг жолооч Г.Золбоо, Ш.Сандагсүрэн, Ц.Сэр-Од нар салгасан байна. Хэсэг хугацааны дараа Ч.Нямдаваа гаражаас ф-20 мм-ийн труба барьж гарч ирээд А.Бын гар, толгойн хэсэгт цохьсон, А.Б нь уурлан өөрийн эзэмшлийн УНП улсын дугаартай Volkswagen маркийн автомашины кабинаас хутга авч Ч.Нямдаваа руу дайрах гэж байсныг ажлын байранд хамт байсан жолооч Ш.Сандагсүрэн, Г.Золбоо нар болиулсан. Энэхүү танхайрсан үйлдлийг А.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах хууль зүйн үндэслэл болсон. А д с ХХК-ийн аж ахуйн албаны дарга Г.Амарбаясгалан, хуулийн мэргэжилтэн Г.Саруул нар болсон хэргийн талаар судалж, жолооч А.Б, Ч.Нямдаваа, мөн тухайн үед ажлын байранд хамт байж, зодооныг салгасан жолооч Г.Золбоо, Ш.Сандагсүрэн, Ц.Сэр-Од нартай нэг бүрчлэн уулзан тэдний тайлбарыг дүгнэж үзэхэд ажлын байранд харилцан зодоон болсон, хутга, труба барьж танхайрсан болох нь тогтоогдсон. А д с ХХК-ийн хүний нөөцийн менежер Т.Ичинхорлоо нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлын өрөөний дугаартай суурин утаснаас А.Бын дугаар бүхий гар утас руу залгаж, гаргасан хэрэг зөрчлийн талаар уулзах тухай хэлэхээр холбогдоход А.Б утсаа авсан боловч архи уусан, согтуу ярилцах чадваргүй байсан. Мөн хуулийн мэргэжилтэн Г.Саруул нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 99082753 дугаарын утаснаас дугаар бүхий гар утас руу залгасан боловч холбогдож чадаагүй тул А.Бын дугаартай гар утас руу залгаж холбогдон ирж уулз, таны гаргасан зөрчилд ажлаас халах шийдвэр гаргах болно гэж хэлсэн. Хариуд нь А.Б тэгж байгаад очиж уулзъя гэсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ирээгүй. Ийм учир хариуцсан авто хэсгийн инженер Д.Ширнэндорж А.Бод ажлаас халах мэдэгдэл өгөх гэж байна гэхэд А.Б уулзах шаардлагагүй, мэдэгдэх хуудсыг авахгүй, гарын үсэг зурахгүй, маргааш нөгөөдрөөс би ажил дээрээ очно гэж хариулсан. Жолооч А.Б ирж уулзаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийтгэлийг гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан. Энэ хоёр ахмад ажилтны хүйтэн зэвсэг барьсан, бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь нийт ажилтнуудын 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг манай компанийн хувьд залуу үедээ буруу үлгэр дуурайлал үзүүлсэн жигшүүрт хэрэг болсон. Иймд бидний зүгээс гаргасан захиргааны шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А д с ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А д с ХХК нь нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халсан нь хууль зүйн үндэстэй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч А д с ХХК-ийн Авто хүнд механизмын хэсгийн Нарийн үнс зөөвөрлөх тусгай тоноглолтой хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан болох нь гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-3-6, 8/.
А д с ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/181 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.3.5, хөдөлмөрийн гэрээний 3.1, 5.1, 5.1.2, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.5 дахь заалтыг тус тус үндэслэн жолооч А.Быг жолооч Ч.Н-тай ажлын байранд харилцан зодолдож, хутга барьж бусдын эрх чөлөө, бие мах бодид санаатайгаар гэмтэл учруулахаар дайрч танхайрсан, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахаар заасан байна /хх-24/.
Нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байранд жолооч Ч.Нямдаваатай дизель түлш хулгайлсан эсэх асуудлаар харилцан маргалдан зодолдож, улмаар Ч.Нямдаваа нь трубагаар А.Бын гарыг цохиж гэмтээсэн, А.Б нь өөрийн эзэмшлийн автомашинаас хутга авч гаргасныг дэргэд нь байсан ажилтнууд салгаж авсан үйл баримт гэрч Ш.Сандагсүрэн, Г.Золбоо нарын мэдүүлэг, нэхэмжлэгчээс байгууллагад бичгээр гаргасан тайлбар /хх-30/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д ажилтан дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан /ноцтой/ зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална, 5.1.2-т ... ажлын байр, үйлдвэрлэлийн байр, талбайд ... танхайрсан, албан үүргээ гүйцэтгэж байгаа ажилтанг болон бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон; хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн Нэг-д дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална, 5-д ... танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан гэж тус тус заажээ.
Ажлын байранд жолооч Ч.Нямдаваатай дизель түлш хулгайлсан эсэх асуудлаар харилцан маргалдан зодолдсон, улмаар өөрийн эзэмшлийн автомашинаас хутга авч гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний 5.1.2, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн Нэг-ийн 5-д заасантай харьцуулан үзвэл уг үйлдлийг танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан зөрчилд тооцох үндэстэй байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн гэж дүгнэх үндэстэй.
Гэвч хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дүгээр тушаал гаргах үед нэхэмжлэгч нь жолооч Ч.Нямдаваагийн үйлдлийн улмаас гар хугарч гэмтэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, эмнэлгийн чөлөөтэй байсан болох нь гэрч Ш.Сандагсүрэн, Г.Золбоо нарын мэдүүлэг, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас, хариуцагчаас нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 125.187 төгрөг олгосон баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-11, 47, 70-71/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заажээ.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх хэдий ч түүнийг эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх үед хариуцагч нь ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй буюу ажлаас халах боломжгүй байжээ.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэстэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасныг баримтлах ба нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд 3 сар ажлын 9 өдрийн цалинтай тэнцэх олговорт 3.498.135 төгрөгийг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн дор дурдсанаар тооцон гаргуулах үндэстэй байна. Үүнд:
/960.000+1.030.142,6+1.088.215,22/3 сар=1.026.119
1.026.119*3 сар=3.078.357
1.029.119/22 өдөр*9 өдөр=419.778
3.078.357+419.778=3.498.135.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Быг А д с ХХК-ийн Авто хүнд механизмын хэсгийн Нарийн үнс зөөвөрлөх тусгай тоноглолтой хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А д с ХХК-аас 3.498.135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бод олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хариуцагч А д с ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч А.Бын урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан олгож, хариуцагч А д с ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 211.320 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА