Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2022/0057

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.А,

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөл нарын хоорондын  төрийн албаны  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1.Нэхэмжлэгч Х.А нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг  хүчингүй болгох”-оор  маргаж байна.

           2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол бүхий эрх зүйн актаар баталгаажигдаагүй, хууль зүйн үндэслэлгүй  болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  29 дүгээр тогтоолоор Х.А төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудсыг  хүчингүйд тооцсон байна.

           3.Нэхэмжлэгчээс уг 29 дүгээр тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын эхээр мэдээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/852  дугаар албан бичгээр “гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“4.1.Монгол улсын иргэн Х.А би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн юм. Х.А би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй 6 дахь жилдээ  ажиллаж байна. Х.А би хамгийн сүүлд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.А түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/67 дугаар тушаалаар тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

4.2.Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаартай тогтоолоор уг албан тушаалд томилсон ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад үүрэг болгосон. Ингээд би  Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 228 дугаар тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны эцсээр нэхэмжлэл гаргасан. Одоо уг захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

4.3. Нэхэмжлэгч Х.А миний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд  ирүүлсэн тайлбарт “...түүнчлэн Х.А 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш гэж дүгнэсэн тул Х.А төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн хуудсыг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй” гэжээ.

4.4.Ингэхээр Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоол хууль ёсны эсэхийг тогтоолгох шаардлага гарч байна.Уг тогтоолыг би 2022 оны сүүлчээр Х.А нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  хянан шалгагдаж буй үед мэдсэн болно. Урьд аймгийн салбар зөвлөлөөс надад албан ёсоор гардуулаагүй буюу танилцуулаагүй байсан. Уг тогтоол өнөөдөр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.Хэрвээ уг тогтоол нь цаашид хүчинтэй  хэвээр байвал  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байгаа нэхэмжлэл маань хэрэгсэхгүй болох магадлалтай боллоо.Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгуулах тухай” 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие 2018 оны 12 дугаар сард төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн. Улмаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас томилно гэж заасны  дагуу  Өлгий сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Тухайн албан тушаалд намайг М.С оронд түр томилоогүй, бүр орон тоонд томилсон. Бүр томилсон гэж байгаа учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 тоот тушаалаар манай бүтэц,орон тоо 46 болоод, Өлгий сум хариуцсан мэргэжилтний 1 орон тоо нэмэгдсэн бөгөөд тэр орон тоонд намайг томилсон. Тухайн орон тоонд нэр дэвшүүлж өгнө үү гэж салбар зөвлөлд албан тоот явуулсан байсан.

Би 2018 оны 12 дугаар сард төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн. Тус мэргэшлийн шалгалт нь одоогийн тусгай шалгалт гэсэн үг. Тухайн  үед би  Булган сумын нийгмийн даатгалын улсын байцаагчийн орон тоонд шалгалт өгсөн. Одоогийн  Өлгий сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Булган сумын нийгмийн даатгалын улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь яг адилхан. Тус хоёр албан тушаал нь  нэг салбарын,нэг яамны хоёр агентлагийн 2 мэргэжилтэн байгаа. Иймд миний бие мэргэшлийн шалгалт өгсөн байхад дахиад тусгай шалгалт  авна  гэж байгаа нь  буруу гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд бүрэн ханган шийдвэрлэх боломжтой байна. Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн тангаргийн хуудсыг хүчингүй болгосноор эрх ашиг нь зөрчигдөх Х.А мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, тайлбар аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явагдаагүй нь тогтоогдож байна.

Уг тогтоолд аймгийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5/22 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Гэтэл уг прокурорын тогтоолд тангаргийн хуудсыг хүчингүй болгох, эсхүл хуурамч болохыг тогтоосон ямар нэгэн зүйл байхгүй.Тогтоол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Тиймд тангаргийн хуудсыг хүчингүй болгосон тогтоолд прокурорын тогтоолыг үндэслэсэн нь өөрөө үндэслэлгүй байна.

Тус тангаргийн хуудсыг нэхэмжлэгч хүчээр аваагүй, Салбар зөвлөлөөс өөрсдөө тамга, тэмдгээ дараад,  хууль, дүрмийн дагуу өгсөн. Үүнийг өгөхөд нэхэмжлэгч мэргэшлийн шалгалтаа өгч, цалингийн шатлалын ТЗ-5-аар цалинжиж явж байсан. Гэтэл тухайн тангаргийн хуудсыг прокурорын байгууллагын шийдвэрийг үндэслээд хүчингүй болгож байгаа нь өөрөө эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч Х.А нь 2019 оноос өмнө хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны шалгалт өгсөн. Өнөөдрийн байдлаар төрийн захиргааны албанд 5 жил 1 сарын хугацаанд ажиллаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа хүн. Иймд  нэхэмжлэгчийн тусгай шалгалт өгөх, эсхүл мэргэшлийн шалгалт нь тусгай шалгалтад тооцогдох зэрэг асуудлууд нь өнөөдрийн маргаанд хамааралгүй бөгөөд прокурорын тогтоолыг үндэслээд тангаргийн хуудсыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийг төлөөлж дарга Б.Мухамед хариу тайлбартаа:

“5.1.Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангарах өргөх ёслолын журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оны 7 дугаар сард болон 11 дүгээр сард нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангарах өргүүлэх ёслол зохион байгуулсан байна.

5.2. 2019 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлсэн төрийн албан хаагчдын нэрсийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн  04 дүгээр тогтоол, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд нэмэлт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн хувьд 2018 онд Булган сумын нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан тушаалд мэргэшлийн шалгалт өгөөд  нөөцөд бүртгэгдсэн. Өнөөдрийн маргаж буй гол зүйл гэвэл тангаргийн хуудас байна. Үүнтэй холбоотой хууль, хяналтын байгууллага шалгаж, холбогдох шийдвэр гаргаж байсан. Энэ тухай баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс тайлбар өгөхөд тухайн тангараг өргөх үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн 1999 оны 109 дүгээр зарлигийн дагуу зохион байгуулсан. Тангараг өргөх ажиллагаанд оролцогсдын нэрсийг салбар зөвлөлийн тогтоолын хавсралтаар мөн баталгаажуулдаг. Гэтэл үүн дээр нэхэмжлэгч Х.А нэр ороогүй бөгөөд тангаргийн хуудсыг дараа нь нөхөж олгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Ингээд тангараг өргөх үйл ажиллагаанд оролцоогүй, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын хавсралтад нэр ороогүй гэдэг Х.А холбогдуулан гаргасан иргэний гомдлын дагуу хууль, хяналтын байгууллага мөн Төрийн албаны зөвлөл шалгаснаар 2020 онд тухайн тангаргийн хуудсыг хүчингүй болгох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс гаргасан. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгч Х.А  “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг  хүчингүй болгох”  шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  29 дүгээр тогтоолоор салбар зөвлөлийн тогтоол бүхий эрх зүйн актаар баталгаажигдаагүй, хууль зүйн үндэслэлгүй  болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр  сарын 28-ны өдрөөр огноолсон, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.А “Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-ийн хуудсыг хүчингүйд  тооцсон байна.

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сард төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн. Улмаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас томилно гэж заасны  дагуу  Өлгий сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 2019 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 тоот тушаалаар  бүтэц,орон тоо 46 болоод, Өлгий сум хариуцсан мэргэжилтний 1 орон тоо нэмэгдсэн бөгөөд энэ албан тушаалд бүр томилсон, М.С оронд түр хугацаагаар томилоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. 2018 оны 12 дугаар сард өгсөн төрийн албаны мэргэшлийн шалгалт нь одоогийн тусгай шалгалт гэсэн үг, иймээс  би тусгай шалгалт өгөх шаардлагагүй гэж үзсэн.Төрийн  албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учраас  тангаргийн хуудсыг хүчингүй болгосон  салбар зөвлөлийн тогтоол эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна”  гэж маргасан.

4. Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  А/13 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийт 45, үүнээс хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  сумын мэргэжилтний 19 орон тоотой байхаар  бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, үүний дотор Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний  6 орон тоотой байхаар эрх бүхий этгээдээс тогтоосон,  2019 оны байдлаар уг 6 орон тоонд  хуульд заасан журмын дагуу М.С, Ш.Л, М.Е, Ш.Е, Н.М, Д.А нар  томилогдон ажиллаж байсан нь  тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар албан бичиг, Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/898 дугаар албан бичиг, түүний хавсралт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /Хавтаст хэргийн 121-124 дэх тал/ болон хуулийн хүчин  төгөлдөр    шүүхийн шийдвэр болох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2020/0042 дугаартай шийдвэрээр /Хавтаст хэргийн 131-189 дэх тал/ тус тус тогтоогдсон болно. 

Мөн Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  даргын 2020 оны 03  дугаар  сарын 03-ны өдрийн  А/40 дүгээр  тушаалаар  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог  шинэчлэн батлахдаа нийт 45 орон тоо, үүнээс хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  сумын мэргэжилтний 19 орон тоотой  байхаар хэвээр баталсан,  одоогийн байдлаар тус газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тоонд дээр дурдсан М.С нарын 6 хүн ажиллаж байгаа болох нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 118-120,190-196 дах тал/ тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  А/13 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  нийт орон тоо 46, үүнээс хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  сумын мэргэжилтний  орон тоо 20  гэж баталснаар  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний 1  орон тоо нэмэгдсэн” гэх тайлбар нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

5. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний орон тоонд Х.А томилсон байгаа боловч уг орон тоо нь дээр дурдсан Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний  6 орон тооны нэг болох  М.С орон тоо   болох нь тогтоогдсон.

Тодруулбал  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Д нь 1 жилийн  чөлөө авснаар уг орон тоонд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтнээр ажиллаж байсан М.С сэлгэн ажиллуулах үндэслэлээр   томилж,  М.С орон тоонд Х.А түр томилон ажиллуулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 58, 128, 129, 131-165, 229-230, 235-236, 238 дах тал/ нотлогдсон болно.

6. Дээрх  нөхцөл байдлуудаас үзэхэд 2019 онд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтний  6 орон тоо   байсан,  уг 6 орон тоонд М.С нарын 6 хүн одоог хүртэл ажиллаж байгаа, нэхэмжлэгч Х.А  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалд “түр” гэсэн үг байхгүй хэдий ч тухайн орон тоо нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан сул орон тоо биш бөгөөд М.С орон тоонд түр  томилон ажиллуулсан  нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаас гадна  энэхүү үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

7. Түүнчлэн  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно...”, 33 дугаар зүйлийн  33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: 33.2.1.ерөнхий шалгалт;33.2.2.тусгай шалгалт”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж тус тус зохицуулсан.

 Дээрх зохицуулалтуудаас үзэхэд  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлснээр төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тооны хувьд   эхлээд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас тусгай шалгалт авах  журмаар, энэ аргаар нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалт авах журмаар, улмаар  тухайн шалгалтын дүнг  үндэслэн нэр дэвшүүлэх   үйл ажиллагаа явагдсанаар сул орон тоог нөхөхөөр  тус тус  хуульчилжээ.

8. Нэхэмжлэгч Х.А хувьд “2018 оны 12 дугаар сард  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Улмаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын харьяа Асрамжийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас томилно гэж заасны  дагуу мэргэжилтний албан тушаалд бүр томилогдсон. 2018 оны 12 дугаар сард өгсөн төрийн албаны мэргэшлийн шалгалт нь одоогийн тусгай шалгалт гэсэн үг, иймээс  би тусгай шалгалт өгөх шаардлагагүй гэж үзсэн” гэсэн тайлбар гаргасан.

Гэтэл  дээр дурдсанчлан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг сул орон тоонд  биш Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.С орон тоонд түр  томилсон байгаа.

Мөн хэрвээ Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарсан тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нийтэд зарлах, улмаар хуульд заасан  дарааллаар  тусгай шалгалт  авах, шалгалтын дүнг үндэслэн нэр дэвшүүлэх журмаар нөхөхөөр хуульчилсан тул тухайн үед төрийн үйлчилгээний албан тушаал болох Асрамжийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Х.А хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсан хэдий ч шууд томилогдох үндэслэл байхгүй, иймээс  түүний  энэ талаарх тайлбар нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

9. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг  дахь салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нутгийн захиргааны байгууллагын  төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдын нэрсийг хавсралтаар  гаргасан байх ба  уг нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Х.А нэр байхгүй.

Мөн нэхэмжлэгч Х.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх  ажиллагаанд оролцоогүй бөгөөд тухайн ажиллагаа зохион байгуулагдсаны дараа салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас дээр дурдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар  тухайн албан тушаалд бүр томилогдсон  гэж тайлбарлан 2019 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр гэсэн огноотой, “Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-ийн хуудсыг салбар зөвлөлийн тэмдэг даруулан   авсан болох нь тус тус   хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 19-21,23-24,125 ,231-234 дэх тал/ тогтоогдож байна.

10. Дээрх  нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий  сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд  хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш тул  Төрийн албаны тухай хуулийн  36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх хууль зүйн үндэслэлгүй, мөн  хууль, журмын дагуу тангараг өргөж, тангаргийн хуудас аваагүй нь тогтоогдсон тул   Х.А 2019 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр гэсэн огноотой, “Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-ийн хуудсыг хүчингүй болгосон  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоол нь  Төрийн албаны тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2,27.1.3,27.2, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1,33.2, 33.3, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтуудтай нийцсэн байх тул уг шийдвэрийг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн  нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш тул   тухайн тангаргийн хуудсыг хүчингүй болгосон  маргаан бүхий тогтоолын улмаас Өлгий  сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд түр томилогдон ажиллаж байсан  Х.А  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2,27.1.3,27.2, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2,33.3, 36 дугаар зүйлийн 36.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 29 дүгээр тогтоолыг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ