Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

                 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Э.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ны Д холбогдох эрүүгийн ...........................  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                     

Монгол улсын иргэн, Ө  овгийн Э-ны Д , 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Мөрөн сумын ........... дугаар багийн ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ...................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Шүүгдэгч Э.Д  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .............. дугаар баг ...................... хашааны үүднээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б-ийн эзэмшлийн Хонда сивик загварын ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: ”…автомашинаа хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438000000476  дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-ийн хохирогчоор өгсөн: ”...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургуулийн хүүхдээ хүргэж өгөөд гадуур явж хүнс худалдан аваад 12 цагийн үед гэртээ ирээд өдрийн ундаа уухаар гэрийнхээ гадаа ................ улсын дугаартай машинаа түлхүүртэй нь хамт унтрааж орхиж ороод 30 минут болоод 12 цаг 30 минут гэхэд гэрээсээ гараад ирсэн чинь миний машин байхгүй болсон байсан. Хонда сивик маркийн ................ гэсэн улсын дугаартай, саарал өнгийн автомашин байсан. 2023 оны 01 дүгээр сарын дундуур манай хүүхэд 4,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 17-18, 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Б.Н-ын гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байсан чинь манай аав гадуур явж байгаад хоолоо идэх гээд 12 цагийн үед гэртээ машинтайгаа ирээд хашааны гадаа машинаа тавиад гэртээ орж ирсэн. Тэгээд хоолоо идээд үлдсэн. Аавыг орж ирснээс хойш 20 минутын дараа би аавын машиныг ажил руугаа унаж явах гээд гэрээс гараад ирсэн чинь хашааны гадаа тавьсан аавын ................. улсын дугаартай Хонда сивик маркийн авто машин байхгүй байсан. Би эргэж ороод аавд хэлээд, цагдаад дуудлага мэдээлэл өгч мэдэгдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-23 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХӨА:1001902 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Э.Д-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Д-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

2.Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Д  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............... баг ...................... хашааны үүднээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б-ийн эзэмшлийн Хонда сивик маркийн ................. улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дугаар тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХӨА:1001902 дугаартай: “...Б-ийн эзэмшлийн ................. улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж үнийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Э.Д  нь хохирогч Б-ийн өмч болох автотээврийн хэрэгслийг өөрт нь мэдэгдэлгүй жолоодон явсан санаатай үйлдэл, хохирогчийн өмчлөх, эзэмших эрх ашгийг хохироосон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Э.Д гийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.  

Иймээс шүүх дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Шүүгдэгч Э.Д  нь хохирогчид автомашиныг нь буцаан өгсөн, хохирогч Б нь хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй,  нөгөө талаар Э.Д  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 90 дүгээр талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэрэгт авагдсан.

Энэ нь нэр бүхий шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

Тодруулбал нэр бүхий шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт  заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

Иймд шүүх шүүгдэгч Э.Д-д ял оногдуулахад  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирол төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр  “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг тэмдэглэв.

4. Бусад асуудал:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ө  овгийн Э-ны Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ны Д-г 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Э.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.        

4.Шүүгдэгч Э.Д-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААХҮ