| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч, хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д-д холбогдох 2338003690565 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, А овогт Э-н Д , 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн хүнд механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …… дугаар баг …………….. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 1 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдснээр/:
Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Арбулаг сумын …… дугаар багийн нутаг “..................... ” гэх газарт иргэн Г.Б-ын эзэмшлийн 1 тооны үхрийг завшиж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Би мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Б-оос өрөө авах гэж 3 жил хүлээж, бодож явсан учраас өрөндөө түүний үхрийг авъя гэж бодсон. Түргэн зан гаргасандаа харамсаж байна...гэв.
Эрүүгийн 23380036900565 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Б-ын мэдүүлэг, (хх-ийн 18-23 дугаар хуудас),
Гэрч Р.Д-н мэдүүлэг, (хх-ийн 24-27 дугаар хуудас),
Гэрч Б.О-ы мэдүүлэг, (хх-ийн 28-31 дүгээр хуудас),
Гэрч Н.Ц-ын мэдүүлэг, (хх-ийн 32-35 дугаар хуудас),
Гэрч Г.А-ийн мэдүүлэг, (хх-ийн 36-39 дүгээр хуудас),
Э.Д ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-57 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
Үүрэн холбооны ................. дугаар эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, ярианы дэлгэрэнгүй лавлагаа ( хх-ийн 67-71-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 8098 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 40-42-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-86-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72-р хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 73-р хуудас),
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 74-р хуудас),
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 75-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 76-79-р хуудас),
Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 80-82-р хуудас),
ЦЕГ-ын хайлтын системийн асап сангийн лавлагаа (хх-ийн 58-62-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ………. багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/128 дугаартай тодорхойлолт (хх-ийн 84-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Арбулаг сумын …………… дугаар багийн нутаг “..................... ” гэх газарт иргэн Г.Б-ын 1 тооны үхэр буюу алдуул мал завшиж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Г.Б-ын : “...Би 2023 оны 10 сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг 3 дугаар багт байх өөрийн эзэмшлийн үхэрнүүдээ бэлчээр дээр байгаа эсэхийг шалгаж очтол манай хар зүсмийн нэг монгол үхэр алдагдсан байсныг олж мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би үхрээ бэлчээр дээр байхгүй мэдээд шууд Цагаан-Уул сум руу явсан. Тэнд очоод тэр хавийн хүмүүсээс асууж үзтэл нэг айлын хашаанд алсан байна гэж сонсоод яваад очтол нэг үл таних хүнээс энэ үхрийг хаанаас авч ирснийг мэдэх үү гэж асуутал Арбулаг сумаас Д гэх хүнээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-23 дугаар хуудас),
Гэрч Р.Д-ийн : “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай хүргэн О , охин Ц 2 хүнээс өрөндөө 2 үхэр авсан гээд хашаандаа тууж оруулж ирээд сарлагийн халтар зүсмийн бухыг нядалж би Ц-ын хамт гэдсийг арилгаж байсан. Хар монголын үнээ нь хашаанаас гараад зугтаасан араас нь манай хүргэн, охин хоёр хөөцөлдөж явсан. Х гэдэг айлын хашаанд оруулчихлаа гээд Х-ийн хашаанд нядалсан. Би очиж гэдсийг нь арилгасан тэр үед А гэдэг хүн ирж өвчилцөж махыг нь авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-27 дугаар хуудас),
Гэрч Б.О ы: “...Би 2023 оны 05 дугаар сарын үед Д гэдэг хүнд ................. улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл 13 сая төгрөгөөр бодож зарсан ба хар тарлан монголын үнээ, хүрэн монголын үнээ тус бүр 1 сая төгрөгөөр авч, бэлэн 2,000,000 төгрөг, 300,000 тус тус манай эхнэрийн 5907082988 тоот дансанд хийж өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөг авах байсан ба 2023 оны 10 дугаар сард Д-той ................. дугаарын утсаар холбогдож мөнгөө нэхсэн 2023 оны 10 дугаар сарын 11 -ний өдөр шарга багийн аманд ирж үхрээ ав гэхээр нь очиж авсан ба Д морьтой Мөрөнгийн голоор Арбулаг талаас хар монголын үнээ /эрүүн дотроо цагаантай , өвчүү дороо цагаантай/, халтар сарлагийн бух тууж гаргаж ирсэн гэж байсан. Би тухайн хоёр үхрийг Цагаан-Уул сумын төв оруулж нядлаад А гэдэг хүнд нийлүүлээд 2,200,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-31 дугаар хуудас),
Гэрч Н.Ц-ын: “...2023 оны 10 сарын 11-ний өдөр шарга багийн аманд ирж үхрээ ав гэхээр нь очиж авсан ба Д морьтой Мөрөнгийн голоор Арбулаг талаас хар зүсмийн монголын үнээ /эрүүн доороо цагаантай, өвчүү доороо цагаантай/, халтар сарлагийн бух тууж гаргаж ирсэн гэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр үхрийг Цагаан-Уул сумын төв оруулж нядлаад А гэдэг хүнд махыг нийлүүлээд 2,200,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-35 дугаар хуудас),
Гэрч Г.А-ийн: “...Би Цагаан-Уул суманд мал мах бэлтгэж байсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О гэдэг хүн над руу залгаад 2 үхэр өгий гээд би очиж үзээд авахаар болсон. Халтар сарлагийн бух, хар монголын үнээ байсан.
Хашаанд нь халтар бухыг нядалж, хар монголын үнээ хашаанаас гараад зугатаасан, араас нь О эхнэрийн хамт хөөгөөд явсан. Х гэдэг айлын хашаанд оруулчихлаа тэнд нь нядлаад махын өгий гэхээр нь би Х-ийн хашаанд очиж махыг авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-39 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
Үүрэн холбооны ................. дугаар эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, ярианы дэлгэрэнгүй лавлагаа ( хх-ийн 67-71-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 8098 дугаартай “...үнэлэгдэж буй монголын нас гүйцсэн үнээний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов....” үнэлгээний тайлан (хх-ийн 40-42-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-86-р хуудас),
Э.Д ийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”…гэх мэдүүлэг (хх-ийн 54-57-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь иргэн Г.Б-ын 1 тооны үхрийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Түүнчлэн алдуул малыг олсон этгээд тухайн орон нутгийн цагдаа болон засаг захиргаанд заавал тэмдэглүүлж, эзнийг нь олдтол тодорхой хүний хариуцлагад хадгалуулах, зар түгээх, зан заншил болон эрх зүйн хатуу дэг журамтай.
Энэхүү журам нь малаа алдсан хүний өмчлөх эрхийг хамгаалсан бөгөөд малаа алдсан хүн цаг алдалгүй, ямар нэг эрсдэл буй болгохгүйгээр малаа олж авах эцсийн зорилготой. Энэ утгаараа уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал нь алдуул малыг олсон этгээд тухайн орон нутгийн цагдаа болон засаг захиргаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ тухайн малыг өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор бүрдэл төгсдөг онцлогтой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.
Алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
“Бага хэмжээнээс дээш хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгч Э.Д нь хохирогч Г.Б-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Д-ийг алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 8098 дугаартай үнэлгээний тайлангаар уг гэмт хэргийн улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол төлбөргүй болсон талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Д-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 торгох ялаар шийтгэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.Д ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнийг бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Э.Д нь мал маллан эхнэрийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овогт Э-ийн Д-ийг алдуул мал завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5.Торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ