Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/00502

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/00502

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Үндэсний холбоо ТББ /РД: ......./-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  ХЭГ холбогдох

 

Хэрэглэгчдийн жилд зориулан гаргасан зардалд 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбоотойгоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хэмжээний ажлуудыг хийх шаардлага бий болсон. Засгийн Газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №233 тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо зохион байгуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Тус холбооноос Монгол улсын түүхэнд анх удаагаа Хэрэглэгчийн жил зарлан иргэдэд хэрэглэгчийн боловсрол олгох, мэдээлэл хүргэх, сүлжээг бий болгох, Хэрэглэгчийн эрх гэсэн тогтмол сонинг гаргаж, хэрэглэгчийн ТВ-тэй болж сургалт явуулж нийгмийг бухимдуулсан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилд олон нийтийг өргөнөөр татан оролцуулж бүх нийтийн ажил болгох, Хэрэглэгчийн хууль, Засгийн газрын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлуудыг зохион байгуулж, Монгол улсад хэрэглэгчийн байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ой, Олон улсын хэрэглэгчийн өдөр 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Хэрэглэгчийн жилийн ажлыг сурталчлан мэдээлэх 3 сая монголчууд-нэгэн дээвэр дор бүх нийтийн өдөрлөг зохион байгуулж олон мянган хэрэглэгчийн талархалыг хүлээсэн юм. Засгийн газрын 233 дугаар тогтоолын 3 дахь заалтанд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2-т тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 2016 онд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын байгууллага, гадаад, дотоодын зээл тусламж, холбогдох төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг тухай үед Монгол Улсын Шадар сайд Ц.О, Сангийн сайд Б.Б, Гадаад хэргийн сайд Л.П, Аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасан. Тухайн үед эдийн засгийн хүндрэлтэй байсан шалтгааны улмаас хэрэглэгчийн жилд хийх ажлуудыг бүхэлд нь улсын төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжгүй байсан учраас иргэд, аж ахуйн нэгжээс авч нийт 126,000,000 төгрөгийг зарцуулсан. Үндэсний Холбоо 2019 оны 07 дугаар сард Монгол Улсын шадар сайд Ө.Э-д хандаж хэрэглэгчийн жилийн зардал 126,000,000 төгрөгийг шийдвэрлэхийг хүссэн албан бичгийг хүргүүлэхэд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХЭГ-н дарга Л.О уг зардал 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй тул түүнийг нөхөн олгох боломж Засгийн газарт байхгүй гэсэн хариуг өгсөн юм.

Иймд Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3-дугаар тогтоолоор 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласны дагуу Үндэслэлийн Холбооноос хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулан хийсэн ажлын зардал болох 86,000,000 төгрөгийг ХЭГ-с гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Монгол Улсын Засгийн газрын газрын хийх ёстой ажлыг хийсэн гэж үзэж байгаа. Гэхдээ бид тухайн ажлыг хийхдээ дураараа хийгээгүй. 2016 оны 233 дугаар тогтоолын дагуу хийсэн. Энэ хүрээнд 2016 онд санхүүгийн байдал хүндрэлтэй гэх үндэслэлээр бид 2 газраас зээл аваад Монгол улсын 3 сая гаруй иргэдэд хэрэглэгчийн жилийг зарлаж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайн ажлуудыг хийж гүйцэтгэхэд зардал мөнгө зарцуулсан байдаг. Эдгээр асуудлууд нь нотлох баримтаар тогтоогддог. Нийт 126,000,000 төгрөгийн зардал гарсан. Яг хийж хэрэгжүүлсэн ажлынхаа хүрээнд бид нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 8.1.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолын дагуу үүргийг нь гүйцэтгэсэн гэж үзээд Иргэний хуулийн ерөнхий хуулийн 186 дугаар зүйлээр шаардаж байгаа. Нэгэнт зардал гаргаад Засгийн газрын хийх ажлыг гүйцэтгэн байх тул тухайн асуудлыг шийдвэрлэж өгөх нь зөв гэж үзэж байна. Оюун-Эрдэнэ сайдын хариу өгч байсан баримтуудаар хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхой харагддаг. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг иргэний хувьд хэлж ярьсанаас болж энэ асуудал гацсан гэж үзээд байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд Хэрэглэгчийн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.О-т даалгасугай гэж, Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.О-т үүрэг болгосугай гэж тус тус зааснаас үзвэл, ХЭГ-д даалгасан арга хэмжээ тусгагдаагүй, нэхэмжлэгч  үндэсний холбоо ТББ-ын өмнө үүрэг хүлээсэн заалт байхгүй болно. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмнө ХЭГ-с Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуудлаар амлалт өгөөгүй, батлан даалт гаргаагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх үүргийн харилцаа үүсээгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ямар үндэслэлээр ХЭГ-с үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаа нь тодорхойгүйн зэрэгцээ энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлахаар шийдвэрлэсэн. Мөн Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 233 дугаар тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг тогтоолын 2 дугаар зүйлээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг тухайн үед Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарт үүрэг болгосон. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолын дагуу Шадар сайдын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар тушаалаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-д Монгол Улсын Шадар сайд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг эрхлэхээр, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллахаар тогтоосны 1 дагуу авсан арга хэмжээ байна. Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16.1-д Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй, мөн зүйлийн 16.1.1-т хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхлэнэ гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд хамаарах учир Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын хуралдаанд бэлтгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална: 5/хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй гэж заасны дагуу Монгол Улсын Шадар сайдаас 2016 оныг хэрэглэгчийн жил болгон зарлах болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах асуудлыг тус тус санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байсан байна. Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 14.1.6-д заасны дагуу Шадар сайд туунд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн өрөнхийлөн захирагч байхаар, 14.1.7-д зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна. Хэрэглэгчийн жилийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудалд хамааралгүй бөгөөд хууль тогтоомжоор Монгол Улсын

Шадар сайд, түүний харьяа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт харьяалуулсан асуудал байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо ТББ нь хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул төлөх үндэсгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ...Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбоотойгоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хэмжээний ажлуудыг хийх шаардлага бий болсон. Засгийн Газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №233 тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо зохион байгуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Монгол улсад хэрэглэгчийн байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ой, Олон улсын хэрэглэгчийн өдөр 3 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Хэрэглэгчийн жилийн ажлыг сурталчлан мэдээлэх 3 сая монголчууд-нэгэн дээвэр дор бүх нийтийн өдөрлөг зохион байгуулж олон мянган хэрэглэгчийн талархалыг хүлээсэн. Тухайн үед эдийн засгийн хүндрэлтэй байсан шалтгааны улмаас хэрэглэгчийн жилд хийх ажлуудыг бүхэлд нь улсын төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжгүй байсан учраас иргэд, аж ахуйн нэгжээс авч нийт 126,000,000 төгрөгийг зарцуулсан. Уг зардлаас нотлох баримтын шаардлага хангах хэлбэрээр гаргасан 86,000,000 төгрөгийг шаардаж байгаа гэж, хариуцагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцагч биш гэж тус тус тайлбарласан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор 2016 оныг хэрэглэгчийн жил болгон зарласан, мөн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 233 дугаар тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр-ийг хавсралтаар баталжээ.

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүлийн үндэсний холбоо ТББ нь 2016 онд Хэрэглэгчийн жил-ийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж, түүний зардлыг бусдаас авсан зээлийн хүрээнд санхүүжүүлэн нийт 86,000,000 төгрөгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаа иргэний эрх зүйн харилцаа үүсэх хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл, Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдал тогтоогдохгүй, гэрээ байгуулаагүй, мөн хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байна.

 

Хариуцагчаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ХЭГ/2595 дугаартай албан бичигт ...нөхөн олгох боломж Засгийн газарт болохыг Танд уламжлая гэж дурдсан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцна гэж утга илэрхийлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн гэж заасан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хариуцах чиг үүрэггүй тул Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүлийн үндэсний холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо ТББ нь хариуцагчаа зөв сонгож, дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.2.3-д зааснаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР