Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Г.Р, Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ийн Р, Г-ийн  Д  нарт холбогдох эрүүгийн 243800***** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын .............. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г  ургийн овогт Г-ийн  Д , РД: (................. ).

2/ Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ........... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г  ургийн овогт Г-ийн Р, РД: (................. ).

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1.Шүүгдэгч Г.Д  нь 2024 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Р-той маргалдаж, улмаар түүний хөл рүү нь өшиглөж, цээжин тус газарт нь цохиж, нүүрэн тус газарт нь  мөргөж, цохиж, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд сорви, зүүн дээд, баруун дотор зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

2.Шүүгдэгч Г.Р нь 2024 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ............. дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Д тэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт нь цохиж, нүүр, толгой руу нь өшиглөж, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Г.Рийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс ийм зүйл болсон…” гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч Г.Р-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон хэрэг явдлын үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж, зодолдохгүй...” гэх мэдүүлэг,

3.Хохирогч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Г.Ртой  сайн дураар эвлэрсэн…” гэх мэдүүлэг,

4.Хохирогч Г.Р-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…Миний бие, эрүүл мэндийн байдал зүгээр байгаа. Г.Д-тэй сайн дураар эвлэрсэн…” гэх мэдүүлэг,

5.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 243800***** дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Д-ийн хохирогчоор өгсөн:

“…Би 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Р болон найз нарын хамт архи уусан. Тэгээд Р бид 2 хоорондоо ажил төрлийн ярианаас болж хэрэлдэж маргасан. Хэрүүл маргаан маань зодоон болсон.

Р эхэлж намайг элэгдэж авсан. Би намайг элэгдэж авсан Р-той барьцалдаж аваад түүний нүүр рүү толгойгоороо мөргөсөн.

Намайг газарт Р унагаад миний толгой руу 2, 3 удаа өшиглөсөн.

Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Рийн хохирогчоор өгсөн:

“...Би 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Д  болон найз нарын хамт архи уусан. Тэгээд Д  бид 2 хоорондоо ажил төрлийн ярианаас болж хэрэлдэж маргасан. Хэрүүл маргаан маань зодоон болсон.

Д  надаас хэрүүл өдөж хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг барьж аваад элэгдчихсэн. Тэгсэн Д  миний нүүр рүү мөргөчихсөн.

Хамраас цус гоожоод унахаар нь би өөрийгөө хамгаалж Д-г татаж унагаад түүнийг газарт хэвтэж байхад нь 2,3 удаа толгойн тус газарт нь өшиглөчихсөн. Энэ үед бидэнтэй хамт байсан Ц, Мандах, Д нар салгасан....Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар  хуудас/,

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Д ын гэрчээр өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед байх намайг гэртээ байхад Р хөдөөнөөс ирж, маргааш хөрзөнгөө ховхлох гээд ганцаараа болчихлоо гээд ярьсан. Тэгээд бид хоёр ойрд уулзаагүй болохоор 1 том пиво уугаад хашаан дотор байдаг миний эвдэрхий хар машин дотор сууж байсан. Би Ц-той хамт амьдардаг юм. Ц ажлаа тараад ирсэн. Р ууж сууж байхдаа Мандахыг хүрээд ир гээд түүнтэй хамт Д  ирсэн. Ууж суугаад, яриа хөөрөө дэлгээд байж байтал ажил төрөл ярилцаж байснаа Р, Д  2 хоорондоо маргалдаад Д гийн уур нь хүрээд хэрэлдээд эхэлсэн. Тоглоом нь шоглоом болох шинжтэй болохоор нь бид тарцгаах болоод уурхайн кемп рүү ордог хаалган дээр ирцгээгээд зогсож байтал Д-ийн эгч нь гэж хүн хүрч ирээд  “та нар миний дүүг зодлоо” гэсэн байдлаар хэрүүл хийгээд унахаар нь та яах гээд байгаа юм гэсэн чинь “Ха********ын гөлчгий юу хийж яваа юм” гээд “эцгээр минь доромжилохоор нь юу солиороод хүн доромжилж хуцаад байгаа юм” гэсэн тэр М  эгч /Д / цохиж аваад зууралдаад унахаар нь би зугтаагаад явсан. Тэр хойгуур Р, Д  хоёр хоорондоо зодолдож байсан. Намайг очихын өмнө Мандах, Ц хоёр тэднийг салгаж чадахгүй байсан. Би очиж Рийг араас нь тэвэрч авч салгаад аваад явсан. Намайг нэг харахад Д  Рийг тонгойгоод зогсож байхад нь мөргөж харагдсан.

Д , Р нар л хоорондоо зодолдсон. Мандах, Ц бид гурав салгах гэж зууралдсан болохоос зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цын гэрчээр өгсөн: ”...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байх. Би хөдөөнөөс орж ирээд Д ын ахын хоол идэхээр очсон. Тэгсэн Д , Р хоёр пиво уугаад сууж байсан. ...Р утсаар М ахыг дуудтал Д  хамт ирсэн.

 

Ууж байх үед Р хэсэг унтаад уусан согтуу нь гайгүй болоод босож ирсэн. Д  бол нэлээн согтсон байсан. М ах бид хоёр Д г хүргэж өгөхөөр болж зогсож байтал Р, Д хоёр араас ирсэн.

Тэгээд Р, Д , Д  нар хоорондоо тоглож ноцолдоод байж байтал М  /Д / гэх эгч гарч ирээд “энд та нарын архидан согтуурдаг газар биш” гэсэн чинь Д , Д  эгчийн урдаас хэрэлдээд энэ үед нь “боль андаа” гээд М бид хоёр Д-ыг  чирээд холдсон. Тэгээд буцаад ирсэн юу л болсон юм. Р, Д  хоёр хоорондоо зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М-ын гэрчээр өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний орой би 18 цагийн үед ажил тараад 19 цагаас хоолондоо орсон. Энэ үед надтай Д  хамт явсан. Энэ үеэр Р намайг хаана байна гэж утсаар асууж байсан. Зааланд хүмүүс байхгүй тоглож чадаагүй тул заалнаас гарч Д  бид хоёр Д ынд очсон.

Д ын хашаанд Ц, Р, Д нар байсан. Архи уусан бололтой гурвуулаа халамцуу байсан. ...Би Д гийн хамт спорт заал руу пиво ууж дуусаад очиход хаалттай байсан. Заалны гадаа зогсож байтал Д , Р, Ц гурав мотоцикльтой Д жолоодсоор бид хоёр дээр ирсэн...Тэгээд байж байтал Р, Д  хоёр хоорондоо тоглоом шоглоом хийж маазарч байтал Д  уурлаад яваад өгсөн.

Р, Д  хоёр хоорондоо маргаж, тэврэлдэж байх хооронд Д  гэж эгч гарч ирээд Д г зодлоо гээд биднийг загнаад эхэлсэн.

Би хашааны булан руу Д-ыг  Д  эгчтэй хэрэлдээд байхаар нь болиулаад авч явтал Р, Д  хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Энэ үед нь Ц бид хоёр Р, Д  хоёрыг салгасан. ...Р би Д тэй эвлэрээд оръё гээд Д  дээр очсон. Тэр хоёр ярилцаад зогсож байснаа нэг харсан Д  газар уначихсан байсан. Би гүйж очих үед Р Д г нэг өшиглөсөн. Тэгээд боль яаж байгаа юм гээд салгах хооронд Р нь Д гийн нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Р, Д  хоёр л хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас /,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Д гийн гэрчээр өгсөн:“...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн бараг 00 цаг өнгөрч байсан байх. Гадаа гудамжинд хүмүүс дуугараад байсан байх... тухайн газар яваад очиход Д гийн дуу сонсогдож байсан. Тэгэхээр нь би тухайн газарт яваад очтол хашааны буланд Д  дүүг маань 2 өндөр залуу хашааны буланд шахсан зогсож байсан. Би тэр 2 залууг Р, Д нар байхыг таньсан. Мөн тэдэнтэй хамт Ц байсан... Энэ үед Д  та нар надтай найз байж эгчийг минь хэл амаар доромжлоод гэж тэд нарт хандаж хэлэхэд үгийг тоохгүй Р, Д нар Д г цохиж зодоод эхэлсэн. Би тэднийг боль гэж хориглож Р, Д нарыг болиулах гэж араас нь зууралдаад хүчрэхгүй байсан. Д нь миний толгой руу 1 удаа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалж Д-ыг  барьж авах гэтэл надаас зугтаагаад байсан... Р нь Д г цохиж унагаагаад толгой тус газарт нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас /,

7.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Д гийн шүднүүдийг бээлий өмсөж байгаад амны хөндий рүү нь гараа оруулж шүднүүдийг нь нэг бүрчлэн хөдөлгөж, тэмтэрч үзсэн. Энэ үед баруун дээд хоёр үүдэн шүд ганхаж хөдөлсөн, эмзэглэлтэй байсан. Үүдэн шүднүүд гадны ямар нэгэн механик хүчин зүйлийн улмаас сулардаг ба сулраагүй үедээ хөдөлгөөнгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай:

1.Г.Д гийн биед баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдэнд сулрал бүхий тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Г.Д гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

9.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 275 дугаартай:

1.Г.Рийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд сорви, зүүн дээд, баруун дотор зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3.Г.Рийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

10.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт /хх-60-61х/,

11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Д гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/,

12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Рийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

13.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,

14.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 13/,

15.Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

A.Шүүгдэгч Г.Д гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, Г.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, Г.Д гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/ болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дүгээр хуудас/,

Б.Шүүгдэгч Г.Рийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, Г.Рийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/, Г.Рийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Р, Г.Д  нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Хоёр. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлтийн талаар.

Шүүгдэгч Г.Д  нь 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Р-той маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, цээж болон нүүрэн тус газарт нь цохиж, мөргөж, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд сорви, зүүн дээд, баруун дотор зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Рийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Г.Р нь 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Д тэй маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь цохиж, нүүр, толгой руу нь өшиглөж, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Рийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, тус тус нотлогдон тогтоогдлоо.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Г.Д гийн  биед учирсан “баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдэнд сулрал бүхий ” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Р түүний толгойн тус газарт нь өшиглөх, цохих үйлдэлтэй,  хохирогч Г.Рийн  биед учирсан “хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд сорви, зүүн дээд, баруун дотор зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Д  түүний нүүрэн тус газарт мөргөх, цохих үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь  нотлогдлоо.

Шүүгдэгч Г.Д гийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг,  

Шүүгдэгч Г.Рийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, тус тус бүрэн хангажээ.   

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

Гурав. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Д  нь 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Р-той маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, цээжин тус газарт нь цохиж, нүүрэн тус газарт нь мөргөж, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд сорви, зүүн дээд, баруун дотор зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Р нь 2024 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Д-тэй маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь цохиж, нүүр, толгой руу нь өшиглөж, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан  мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй…гэх дүгнэлтийг гаргасан.

Хэргийн шүүгдэгч Г.Д  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ, шүүгдэгч Г.Р нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч Г.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Г.Р-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Г.Д , Г.Р нар нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”  хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Д , Г.Р нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д , Г.Р нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 89,90 дүгээр талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 Шүүгдэгч Г.Д , шүүгдэгч Г.Р нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх   хэсэгт   заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

Шүүгдэгч Г.Д  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, шүүгдэгч Г.Р нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай, болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавь/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.

5.Бусад асуудлын талаар:

 Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Д , Г.Р  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.  

Хэргийн хохирогч, шүүгдэгч Г.Д  нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч болох Б.Амаржаргалаас татгалзаж, шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д , шүүгдэгч Г.Р нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг тус шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч Г.Д , Г.Р нарын ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г  ургийн овогт Г-ийн  Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г  ургийн овогт Г-ийн Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-ийг 650 /зургаан зуун  тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4.Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д , шүүгдэгч Г.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ