Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, шүүгч Д.А, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Э                      

Улсын яллагч Б.Д

Иргэдийн төлөөлөгч Б.Б

Хохирогч Т.П

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч С.Ш

Шүүгдэгч Д.Д , Б.Ш , С.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-ын Д , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт С-ийн М , И овогт Б-ийн Ш  нарт холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. сарын ..-ны өдөр Д  аймгийн С суманд төрсөн, .... настай, э.эгтэй, ........ боловсролтой, .......... мэргэжилтэй,   ам бүл ..... хамт, Д  аймгийн С  сумын ... баг, ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А  овогт Д-ын Д /РД: ........../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... сарын ....-ны өдөр С  аймгийн Б суманд төрсөн, .... настай, ....... боловсролтой, ..... мэргэжилтэй,   ам бүл ..., ........ хамт, Д аймгийн С сумын ......, ......... тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, А  овогт С-ийн М /РД: ............./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... сарын ........-ны өдөр Д аймгийн С  суманд төрсөн, ... настай, э..эгтэй, .......... боловсролтой, ............. мэргэжилтэй,   ам бүл  .., ........ хамт Д аймгийн С  сумын  ....... баг, ....... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б-ийн Ш /РД: ........../

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Д.Д  нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр И ХХК-ийн менежер байна гэж танилцуулан хүнсэнд хэрэглэх үхрийн мах худалдан авъя, зээлээр нэхэмжлэх бичээд өгчих 2-оос 3 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн худалдагч Т.П-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж байна гэж хуурамч баримт бичиг ашиглан 15,180,000 төгрөгийн үнэ бүхий 1,168 килограмм үхрийн махыг шилжүүлэн авч залилсан,

2. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Э-д Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт байрлах Офицерын байрны 202 тоот найзынхаа байрыг түрээслүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт дээл худалдан борлуулахаар захиалга авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б-ийг төөрөгдөлд оруулж нийт 2,090,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр П.Б-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 06 дугаар баг, Шинэ зууны гудамж 130а тоотод байрлах хүнсний дэлгүүрийн бохирын шугамыг сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,630,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

5. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх үедээ хохирогч Г.М-ыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан Г.М-ын өмчлөлийн Сони Ай 7 загварын зөөврийн компьютерыг ажлын тайлангаа бичээд өгье гэж худал хэлж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар бусдад зарж борлуулан 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2024 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд том машины дугуй зарна гэж 1,570,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл засварлуулсан төлбөрийг том машины дугуй худалдаж авах мөнгөнөөс хасаж тооцуулна гэж 450,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлээч гэж 200,000 төгрөг нийт 2,220,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар А.А-г төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

7. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байх үедээ цахим орчинд О.Э-ын хэрэглэдэг М.К  гэх фейсбүүк хаягтай харилцан ломбардад тавьсан утасны хүүг чинь төлж өгнө гэж түүнийг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

8. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б  ХХК-ийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 204,000 төгрөгийн үнийн дүн бүхий барааны төлбөрийг шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 204,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

9. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны 104 тоотод байрлах Ч.Э-ийн эзэмшлийн гар утасны худалдааны газраас Ай фоне 13 про загварын гар утсыг худалдан авах гэж байгаа дүр эсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,950,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч баримт бичиг харуулж тухайн гар утсыг шилжүүлэн авсан,

10. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарнаас авсан 120,000 төгрөгийн эд зүйлийнхээ төлбөрийг данс руу чинь шилжүүлсэн гэж зөөгч Э.А-ыг хуурч залилан залилах гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

11. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн худалдагч Т.П-тай худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол бичгээр "Б" гэсэн бичиглэлтэй хуурамч тэмдгийг ашигласан,

12. 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах минерал баарны гадна талд хохирогч Д.О-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

13. 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Г-ийн нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж Тэргэл гэх хүнээр дамжуулан авч залилсан,

14. 2024 оны 02 дугаар сарын орчимд Г.Ш-ийн нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж хэлж залилсан,

15. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл зочид буудалд өрөө захиалан, өөрийгөө Доктор авто сүлжээний менежер гэж тус буудлын захирал Ч.Т-ыг хуурч, компаниас тооцоог хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг шилжүүлэн авч залилсан,

2. Шүүгдэгч С.М, Б.Ш нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал баарны гадна талд хохирогч Д.О-тай ул ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн ................... дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хохирлыг нь төлж барагдуулсан. /1-р хх-ийн 30/

- Би Б.Б гэх зүс таних эгчид дээл худалдана гэж хэлээд 700,000 төгрөгийг бэлнээр уулзаж авч, 1,400,000 төгрөгийг хүний дансаар л шилжүүлэн авч залилсан нь миний буруутай үйлдэл тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Б.Б-ийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би хувиараа машин засварч, гагнуур хийдэг болохоор тодорхой яг хугацаа зааж хэлж чадахгүй байна ямар байсан хохиролгүй болгоно. /1-р хх-ийн 76/

-Би фейсбүүк чатаар харилцаа үүсгэсэн М гэх охиноос нөүтбүүкийг нь хэрэглэх гэж аваад А гэх хүнтэй гар утсаар сольчихсон. Тэгээд тухайн гар утсыг нь би Т гэх хүнд 300,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгийг хувьдаа ашигласан нь миний буруутай үйлдэл тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би М-рын нөүтбүүкийг нь хүлээлгэн өгсөн. А-ын гар утсыг бас хүлээлгэн өгсөн. Одоо Т гэх хүний 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Дээр нь бас М гэх хүний ажиллуулдаг баарнаас юм авч зээлсэн 245,000 төгрөгийг төлж барагдуулна. /1-р хх-ийн 127/

-Би Э-ын гар утас IPhone-13 pro маркийн гар утсыг танил М-тай IPhone-12 min утсаар тулсан чинь Э  надаас 2024 оны 05 сарын 08-ны өдөр нэхэхээр нь Намын хороонд гар утас зардаг лангуунаас IPhone-13 pro маркийн гар утсыг авахдаа эмэгтэй худалдагчид нь 1,950,000 төгрөг шилжүүлсэн гэж интернэт банкны хуурамч гүйлгээ харуулан гар утсыг авч, тухайн авсан гар утсаа М-ад өгөн, Э-ын гар утсыг авч Э-т өгсөн. Би эгч Д-аас 250,000 төгрөг аваад М-аас авсан IPhone-12 min маркийн гар утсаа өгсөн. Би гар утасны дэлгүүрт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа гэжээ. /2-р хх 19/

-Би танил Б эгчээс хоёр хувааж нийт 2,630,000 төгрөгийг авч, бохирын хоолойг нь янзалж өгнө гэж 2024 оны 02 сард тохиролцож ярилцсан юм. Даан ч 2 сард газар хөлдүү байна, дулаан орохоор янзлаад өгье, унгалдай газар ухаж дийлэхгүй юм байна гэсэн чинь Б  эгч одоо янзлахгүй бол бохир хөлдөөд байна гэж байсан. Би уул нь Б  эгчийн дэлгүүрийн дээрээс унаж байгаа бохирын хоолой дотор талаас гадагш гаргахад нь бэлэн болгосон байсан юм. Өвөл байсан болохоор янзалж чадаагүй. Би өөрөө дулааны инженер мэргэжилтэй, бохирын хоолойг бол янзалж чадна, өмнө нь бохирын хоолойг зөндөө янзалж байсан. Би төлж барагдуулаагүй байгаа. Би покер тоглож Батсүрэн эгчээс авсан мөнгөө алдсан гэжээ. /2-р хх-ийн 49/

-2024 оны 01 сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /2-хх-ийн 108/ 

-2024 оны 06 сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 сарын 01-ний өдөр Хүчит шонхор худалдааны төвийн махны лангуун дээр П  эгчтэй танилцаж үхрийн 1,168 кг үхрийн махыг зээлээр авч, махны 15,148,000 төгрөгийг дараа долоо хоногийн 1 дэх өдөр өгөхөөр тохирч авсан. Авсан үхрийн махаа Амгалан худалдааны төвд очиж хүнд өгөх гэсэн чинь Э  гэх хүн маань надтай холбоо барихгүй байсан учир наймаагаа хийж чадаагүй. Би тэгээд үхрийн махаа жижиг цайны газруудад хямд зарсан. Мах зарсан мөнгөөрөө дахин мал худалдан авч БНХАУ руу гаргахаар болж Э-т Говьсүмбэр аймагт авчирч өгсөн. Одоо надтай Эрдэнэбилэг холбоогүй байгаа, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Би үхрийн махаа зараад 13,000,000 төгрөгөөр худалдсан. П  гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ гэх зүйл гэж надаар гарын үсэг зуруулсан, нотариатаар батлуулаагүй гэжээ. /3-р хх-ийн 33/   

-2024 оны 10 сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 4 сарын сүүлээр танил дүү Т-тэй фейсбүүк мессенжер чатаар нөүтбүүк байвал өгчих гэхэд Т  надад Г-тэй холбогдоод нөүтбүүк авчих гэхээр нь Улаанбаатар хотын Арслантай гүүрэн дээр Г-тэй уулзаж нөүтбүүк /M1 chip Macbook/ маркийнх байсан, Г надад нөүтбүүкээ өгөхдөө ахаа энэ минийх шүү гэж хэлээд өгсөн. Бид хоёр өөр онц юм яриагүй. Би Г-ээс авсан нөүтбүүкээ Улаанбаатар хотын Сансарын ломбардад 1,300,000 төгрөгөөр ломбардсан. Би 7 хоногийн хугацаатай ломбардсаныхаа дараа 30 хоног болоод очих үед нөүтбүүкийг зарсан гэж байсан. Г-тэй ярилцаад анх нөүтбүүк авсан 3,000,000 төгрөгийг нь хувааж өгөхөөр тохирсон боловч мөнгө өгч чадаагүй гэжээ. /3-р хх-ийн 199-200/     

-2024 оны 11 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би танил М-д өртэй байж байгаад танил Ш-ээс нөүтбүүкийг нь хэрэглээд өгнө гээд түр авсан юм. Ш-ээс авсан зөөврийн компьютерыг эдийн засгийн мөрдөгч А-аар дамжуулан Ш-т өгсөн гэжээ. /4-р хх-ийн 89-91/  

-2024 оны 11 сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э  найзынхаа гэрт хоноод, байрлах газаргүй болоод 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд танил дүү Г-тэй хамт Хөвсгөл зочид буудалд орсон. Би буудалд орохдоо гарахдаа тооцоогоо хийе гэж тухайн буудлын 2 давхарт байх люкс өрөөнд байрласан. Тухайн өдөр Г надтай хамт байж байгаад шөнө 02 цагийн орчимд явсан. Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай найз Б ирж буудалд надтай хамт хоносон. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нарт баригдаад гарсан. Би Хөвсгөл зочид буудалд байхдаа ундаа, ус, хоол, пиво, архи, мини бааранд байсан чипс зэргийг авсан. Гэхдээ хэр их хэмжээний хэдэн төрлийн зүйл авсан гэдгээ сайн санахгүй байна. Би ойролцоогоор 800,000 гаран төгрөгийн төлбөр гарсан байх гэж бодож байна. Би баригдаад шууд явсан болохоор тооцоогоо хараагүй. Би ресторанд нь байсан махлаг бор эгчтэй уулзаад 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 14 хүний хүлээн авалтын захиалга өгсөн. Манай найз Э , Э гэх 2 найз маань найзуудаа аваад над дээр ирнэ гэж байгаад хойшлуулаад 27-ны өдөр очъё гэхээр нь би өгсөн захиалгаа хойшлуулж 27-ны өдөр болгосон. Буудал болон ресторанд өгсөн бүх захиалгын тооцоог би хийх ёстой байсан. Би өөрийгөө Доктор авто сүлжээ засварын газрын менежер гэж хэлж захиалга өгөөгүй. Би 1 өрөө захиалсан. Өөр өрөө захиалаагүй. Би ресторан болон буудлын тооцоог хийгээгүй. Учир нь би мөнгөгүй байсан. Мөн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа нарт баригдаад тооцоо хийх боломж гараагүй гэжээ. /4-р хх-ийн 108/

Шүүгдэгч Д.Д  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Хийсэн үйлдэлдээ маргахгүй. О-ын биед би хүрээгүй. Зодооныг салгаж байсан.  Бумцэнд Их Говь ХХК-ийн тамга хуурамч гэдгийг би мэдээгүй, мөн би хийгээгүй. Э  манай ахынх гэж хэлээд надад өгсөн. Тэгээд би гэрээн дээр дарсан. Бусад залилангийн хэргүүдээ хүлээж байна. Бүрдэнэ булаг дэлгүүрийн 204,000 төгрөг төлсөн, Ш-ийн нөүтбүүкийг нь буцааж өгсөн, үнэлүүлэхэд гаргасан 50,000 төгрөгийг төлнө, А-ын Виктория баарны 120,000 төгрөгийг төлсөн, Э  эгчид 360,000 төгрөгийг төлсөн, А-ийн хохирлын 3 машиныг нь янзалж өгч хохирлыг нь барагдуулсан. Бусад хохирогч нарын хохирлыг ажил хийж байгаад төлж барагдуулна  гэв.

Шүүгдэгч С.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуурай дүү М-ийн гэрт нь 19 цаг 00 минутын орчимд ганцаараа очихдоо 0,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво 6-г аваад очсон. Тэгээд М-тэй уугаад сууж байхад М-ийн найзууд ирэхээр нь пивоо дуусгачхаад 23 цаг 00 минутын орчимд гэрээс нь гараад Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал нэртэй баар руу ганцаараа орсон. Бааранд ороод Сэнгүр нэртэй 1 лаазтай пиво уугаад сууж байтал хэдэн таньдаг найзууд орж ирэхээр нь тэр хэдтэй ширээн дээр нь суугаад уусан. Нэлээд ууж сууж байгаад баарны 00 руу орохдоо нэг танихгүй залуутай мөрлөлцөхөөр нь би яасан хөгшөөн гэсэн чинь нөгөө залуу чинь хөгшөөн ч гэх шиг бацаан чинь гэхээр нь урдаас нь харсан чинь манай хуучин эхнэртэй уулздаг байсан залуу байхаар нь чи манай эхнэртэй уулзаж байсан залуу мөн биз дээ гэсэн чинь би биш донгио бацаан минь, юу яриад байгаа юм гээд баруун гараа зангидаж байгаад миний баруун нүдний хэсэгт 1 удаа цохихоор нь би баруун гараа зангидаж байгаад зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд бид 2 заамдалцаж байгаад 1, 2 удаа цохилцож байхад хамгаалагч нь бололтой нэг ах ирээд намайг татаад баарнаас гаргасан. Тэгээд баарны гадаа таньдаг дүү явж байгаад намайг таксинд суулгасан. Тэгээд би гэртээ хариад амарсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээд согтсон байсан. Болсон зүйлийн талаар бүгдийг нь санах хэмжээнд байсан. Би О гэх залууг урд өмнө таньдаггүй. Хувийн хонзон байхгүй, харин бааран дотор 00 орох гэж байгаад муудсан. Б , Ж  2-г танина, бусдыг нь танихгүй хүмүүс байсан. Би О  гэх залуутай баарны 00-д ганцаараа муудалцсан. Би баруун гараа зангидаж байгаад 2 удаа нүүрэнд нь цохисон гэжээ. /2-р хх-ийн 65/

Шүүгдэгч С.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч О-ыг гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр найзтайгаа гэртээ хэдэн лааз пиво уугаад ганцаараа баар орсон. Орж очиход Б , Ж  хоёртой таараад хамт сууж байгаад нойл ороод гарах гэж байгаад О-тай мөрлөлцөөд, араас О  дуудахаар нь яасан хөгшөөн гэсэн чинь чи мангар бацаан гэхээр нь бид хоёр барилцаж аваад харилцан 1, 1 удаа цохилцсон. Тэгээд хүмүүс салгаад намайг гадаа авч гараад О-ыг тэнд нь үлдээсэн. Намайг гадаа зогсож байхад О  араас гарч ирээд орилоод бид хоёр барилцаж авах гэж байтал Д  намайг салгаад хөдөлгөхгүй барьж байсан. Тэгээд хүмүүс О-ыг баар руу оруулаад би өөрөө гэр рүү явсан гэв.     

 Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /2-р хх-ийн 89/

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр 10 жилийнхээ найзуудтай уулзаад баар орж уусан. Баарны гадаа гараад байж байхад М гарч ирээд хамт тамхи татаж байтал нэг залуу гарч ирээд хашхираад орилоод хүмүүс рүү дайраад байхаар нь дундуур нь ороод салгасан. Тэгээд зогсож байхад намайг араас цохихоор нь би зөрүүлээд хүзүү шанаа руу нь цохисон, тэрнээс өөрөөр цохиогүй гэв.

Хохирогч Н.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дэнжийн дэлгүүр буюу Бүрдэнэ Булаг ХХК-ийн захирал ажилтай. Манай дэлгүүрт 05 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд худалдагч Б-г байх үед үл таних залуу орж ирээд пиво, гахайн мах гэх мэт 204,000 төгрөгийн хүнсний зүйл аваад төлбөр төлсөн гэх гүйлгээ харуулсан ба орлого орсон мессеж ирээгүй байна гэхэд орноо орно Худалдаа Хөгжлийн банкнаас хийсэн гэж хэлхээр нь манай худалдагч утасны дугаарыг нь авахад ........ гэсэн дугаарыг өгчхөөд гараад явсан байсан. Өгсөн дугаар луу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Дэлгүүрийнхээ камерыг шүүж үзэхэд маркийг нь мэдэхгүй хар өнгийн жижиг машинд суугаад явсан. Тухайн өдрөө 18 цаг 28 минутад миний ...... дугаарын утас руу ....... дугаарын утаснаас дэнжийн дэлгүүр мөн үү гэж мессеж бичихээр нь ярьсан чинь би танайхаас юм аваад гүйлгээ хийсэн чинь миний дансанд буцаад ороод ирсэн байна та дансаа явуулаарай гэхээр нь дансаа явуулчхаад хүлээж байгаад мөнгө орж ирэхгүй байхаар нь асуухад замд яваад сүлжээ муу байна, гайгүй сүлжээ ороод шилжүүлье гэхээр нь итгээд хүлээсэн боловч мөнгө орж ирэхгүй байхаар нь 05-р сарын 05-ны өдөр дахин холбоо барихад жолоо барьж байна очоод карт уншуулъя, айлаас юм авчаад очно гэх мэтчилэн худлаа ярьж шалтаг тоочоод байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тэр хүнийг огт танихгүй. Манай ажилчин З энийг ....... гэдэг байхаа гэж надад хэлсэн. ...цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа өгөх ёстой мөнгөө шилжүүлсэн. Манай Бүрдэн булаг ХХК-нд одоо учирсан хохирол байхгүй, гомдол санал байхгүй гэжээ.  /1-р хх-ийн 5, 10/

Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би М захын гадна 2 давхарт монгол дээл зардаг ба 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д  гэх 20 гаран насны өндөр шар залуу та дээл авах уу манай хадам ээж Үлэмж салон гэх газар ажилладаг эхнэр маань шилбэ товч хаддаг гэж надад Үлэмж салоны фейсбүүк хаягт байх дээлний зургийг үзүүлсэн. Эрэгтэй дээл 200,000 төгрөг, эмэгтэй дээл 170,000 төгрөгийн үнэтэй гэхээр нь би 4 дээл 700,000 төгрөгөөр авахаар болж 13 цаг 15 минутад өөрийн ............... дугаарын данснаас Үлэмж худалдааны төвийн доор байх Хаан банкны АТМ-аас 700,000 төгрөг авчих гэж өөрийн банкны картаа *******д өгч явуулан авхуулсан. Д миний картыг оруулж ирж өгөн 700,000 төгрөг авч явсан. Дараа нь би дээл сонирхож байсан учраас Д.Д  гэх хаягтай чатаар холбогдож байгаад 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин дээл авахаар 21 цаг 46 минутад 540,000 төгрөг. Дахин эмэгтэй дээл авахаар 170,000 төгрөг .............. дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дахин дээл авахаар холбогдоход надад ..........дугаарын дансыг өгч “сэлбэг гэсэн гүйлгээний утгатай шилжүүлээрэй гэсэн" учраас  2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 22 минутад 200,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 22-ны өдөр 15 цаг 46 минутад 480,000 төгрөгийг 5379210240 дугаарын данс руу 95173030 гэж өөрийн утасны дугаарыг бичин шилжүүлсэн. Нийт 2,090,000 төгрөг шилжүүлсэн. Бараагаа авах гээд ............ дугаар луу залгахад бараа хотоос гарсан маргааш өглөө тосож аваад тань дээр очно гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр замын машинд тавьсан гэж хэлсэн. Тухайн үедээ 25-нд яасан бэ гээд асуухад манай эхнэр унаанд тавиагүй юм байна өнөөдөр вагоны тээшинд тавьсан гэж хэлсэн. Би хүүтэйгээ хамт яван вагон тосож тээш авах гэхэд тийм тээш байхгүй гэсэн. Д-тай ярин асуухад 26-ны өдөр ирэх юм байна гэж надад худлаа яриад байсан. 26-ны өдөр бараагаа авах талаар ярихад эгчээ би найзаараа зээл авхуулаад таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад таны данс руу 2,100,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн боловч миний дансанд мөнгө орж ирээгүй байхаар нь асуухад банк хоорондын гүйлгээ учраас удаж байгаа байх гэхээр нь мөнгө орж ирэхийг хүлээгээд байсан боловч огт мөнгө орж ирээгүй. Би олон удаа мөнгө шилжүүлж байхад надад дээл авчирч өгөхгүй, миний мөнгийг ч буцааж өгөхгүй байгаа учраас намайг залилсан гэж бодон цагдаагийн байгууллагад хандаж байна. 2024 оны 01 сарын 14-ний өдөр Д-аас 2 эрэгтэй дээл нийт 500,000 төгрөгийг бэлэн өгч худалдан авч байсан. Тухайн үед би ажилтай байсан учраас Д-д банкны виза картыг өгч явуулж АТМ-аас авхуулж байсан. Би өөрийн дансны хуулгаа харахад 2024 оны 01 сарын 14-ний өдөр 12 цаг 29 минутад миний данснаас 500,000 төгрөгийн зарлага гарсан хуулга байсан. Өөр ойролцоох хугацаанд 500,000 төгрөгийн зарлага гарсан гүйлгээ байгаагүй. 14-ний өдөр Д-аас худалдан авсан нэг дээл нь хар өнгийн нөгөө нь улаан хүрэн өнгийн 2 дээл авсан. Жижиг улаан хүрэн дээлийг өөрийнхөө аавын дээл гэж хэлсэн. Тухайн улаан хүрэн өнгийн дээл нь огт шив шинэ биш ч гэсэн цэвэрхэн шинэвтэр дээл байсан гэжээ. /1-р хх-ийн 39, 41/

Хохирогч Г.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сард өөрийн найз М-ийн гэрт байж байхдаа Д гэгчтэй танилцаж байсан юм. Тэгээд тэрнээс хойш хааяа нэг Д-тай чатаар харилцаж байтал 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр над руу “Нөүтбүүкээ хэрэглүүлээч, ажлынхаа тайланг биччихээд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орой өгье" гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн. Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “яасан бэ, нөүтбүүкээ авъя” гэж чат бичсэн чинь “21 цагаас ажлаасаа бууна” гэж хэлэхээр нь өөрийнхөө амьдарч байгаа хаягийг зааж өгтөл “ёстой мэдэхгүй газар байна маргааш 10 цагт сургууль дээр чинь хүргэж өгье” гэж хэлээд бас л алга болсон. Тэрнээс хойш би өдөр бүр чат бичиж байсан боловч элдэв шалтаг тоочоод өгөхгүй байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д-ын фейсбүүк хаяг руу өөрийн G M  гэсэн хаягаасаа залгатал авахгүй байсан бөгөөд удалгүй Б.С гэсэн фейсбүүк хаягаас “Д-ын эгч нь байна нөүтбүүкийг чинь өгөх гэсэн юм, ирээд авах уу? аваачиж өгөх үү" гэж бичихээр нь би тэр хаяг руу нь “авч явсан юм чинь авчраад өгчихгүй юу” гэж хэлсэн чинь “ажлын дундуур гарч чадахгүй байна, 16 цагт аваачиж өгвөл яаж байна” гэхээр нь “за тэгээ эгч” гэж хэлээд өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн боловч холбогдоогүй, тэгэхээр нь би Д-ын утас руу залгатал "би хөдөөнөөс Сайншанд руу явж байна, чиний нөүтбүүкийг манай эгч өгөөгүй юм уу, өгөөрэй гэж хэлээд үлдээсэн шүү дээ, миний сүлжээ унаад байна" гэж хэлээд эргэж холбогдоогүй. Тэрнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д-тай ахиж холбогдоход Улаан-Уул өнгөрөөд явж байна, өөрөө Сайншандад очоод аваачиж өгье гэж хэлэхээр нь би хаана байгааг нь хэлчих, өөрөө очоод авчихъя гэж хэлсэн чинь эгчтэй холбоо барьж чадахгүй байна, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Өнөөдөр л хүлээчих би өөрөө аваачиж өгье гэж хэлээд 22 цаг болж байхад ахиад залгасан чинь яг одоо шанд руу орж байна, нөүтбүүкийг чинь аваад шууд яваад очъё гэж хэлээд авчирч өгөөгүй алга болчихсон. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг 10 минутад Д  руу залгахад "одоо сэрж байна, удахгүй аваачаад өгье" гэж хэлээд тэрнээс хойш холбогдохгүй байж байгаад өчигдөр өглөө 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөөний 10 цаг 28 минутад "найз уучлаарай, манай эгч нөүтбүүкийг чинь хулгайд алдчихсан байна, сая гэрт нь ороод уулзлаа, найз нь мөнгийг нь өгчихье тэгэх үү гэж бичихээр нь би Д  руу залгаж "чи одоо юу яриад байгаа юм бэ? маргааш 16 цаг гэхэд авчирч өгөхгүй бол би чамайг цагдаад өглөө" гэж хэлсэн чинь ойлголоо аваачиж өгнөө гэж хэлчхээд өнөөдөр өдөр 13 цаг 33 минутад би мөнгийг нь төлчихье, авсан хүнийг нь хайгаад олохгүй юм байна, камерт эгчийн машинаас цагаан өнгийн куртиктэй хүн авсан байна, гар утас цүнхийг нь бас аваад явсан байна гэх мэтээр намайг удаа дараа залилаад байгаа учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би 2018 онд хүнээс 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хуучны зузаан нөүтбүүк, VAIO гэсэн бичиглэлтэй. Би өөрийн нөүтбүүкээ буцааж авмаар байна, нөүтбүүк дотор хэрэгтэй файлууд их байгаа гэжээ. /1-р хх-ийн 83-84/

Иргэний нэхэмжлэгч О.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Д гэгчийг танихгүй. Энэ хүнтэй би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь зар мэдээлэл гэсэн фейсбүүк группт хүний компьютер зарна гэсэн зарын доод талд нь би өөрийнхөө 2023 оны 12 сард лизингээр 770,492 төгрөгөөр худалдаж авсан Samsung Galaxy A-14 маркийн гар утсаар тулах уу гэж бичсэн чинь над руу Д.Д гэсэн хаягаас чат бичиж холбогдсон. Тэгээд хоорондоо чатаар холбогдож байгаад хуучин нөүтбүүкийг нь Samsung Galaxy А-14 маркийн гар утсаар солихоор тохиролцсон. Тэгээд Сайншандын 3-н Хөвсгөлийн гадна солилцсон бөгөөд намайг тэр нөүтбүүкийг авахад цэнэглэгчийг нь хажуудаа, их бие нь наалтаасаа салсан байсан. Өөрийнхөө нөүтбүүкээ зарж байна гэж хэлж байсан. Намайг тэр нөүтбүүкийг авахад вирустсэн байхаар нь форматлуулчихсан. Форматлуулахаасаа өмнө дотор нь хэрэгтэй файл байгаа эсэхийг асуухад хэрэгтэй зүйл огт байхгүй гэх хэлж байсан. Нөүтбүүк манай гэрт байгаа. Би тэр нөүтбүүкийг сайн дураараа гаргаж өгнө, харин 770,492 төгрөгөөр худалдаж авсан Samsung Galaxy A-14 маркийн гар утсаа буцаагаад авна, эсвэл өөрийн гар утасны мөнгөө авна. Миний гар утсанд сэв зураас, гэмтэл огт байхгүй, шинээрээ байсан. Огт тэрийг нь шалгаагүй, форматлуулчихсан. Би хохирогч Г.М-ын нөүтбүүкийг буцааж өгсөн, бас өөрийн Samsung Galaxy A-14 маркийн гар утсаа буцааж авсан учраас санал гомдол байхгүй гэжээ. /1-р хх-ийн 87/

Иргэний нэхэмжлэгч Б.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Д  гэгчийг танихгүй. Энэ хүн нь миний хувиараа Монгол ардын намын байрны 103 тоотод гар утасны худалдаа эрхэлдэг лангуунд 2024 оны 03 дугаар 04-ний өдөр ирээд ажиллагаа хэвийн, Samsung Galaxy A-14 маркийн гар утсыг 300,000 төгрөгөөр худалдах санал тавихад нь би элдэв янзын хулгай болон залилангийн асуудал байхгүй биз дээ гэж асуухад тийм зүйл огт байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр гар утсыг нь 300,000 төгрөгөөр худалдан авч өөрийн Хаан банкны ................... тоот данснаасаа шилжүүлсэн. Би барагтай бол хүний гар дээрээс гар утас худалдаж аваад байдаггүй юм. Тухайн өдөр зараад өрөндөө өгнө гэсэн утгатай юм яриад байхаар нь худалдаад авчихсан юм. Энэ залуугаас бол өмнө гар утас болон нөүтбүүк худалдаж авч байгаагүй. Би нээж шалгаж үзэхэд тэр гар утсанд файл байгаагүй. Би тэр залуугаас тухайн гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан болохоор 300,000 төгрөгөө буцааж өөрийн ..............тоот данс руугаа шилжүүлж авах хүсэлтэй байна. Өөр надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид хүний гар дээрээс гар утас болон нөүтбүүк худалдаж авахгүй байхдаа анхаарч байх болно гэжээ. /1-р хх-ийн 91/

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2024 оны 01 дүгээр сард байр түрээсэлж амьдрах гэж байхад манай нөхрийн хамаатан болох Д гэх залуу би найзынхаа байрыг түрээслүүлээд өгье гэсэн. Тухайн үед би эмнэлэгт хэвтсэн, нөхөр хөдөө ажилтай байсан болохоор Д-ыг нөхрийн төрсөн дүү болох Д-ийг явуулж байр үзүүлтэл офицерт байрлалтай 202 тоотын байрыг үзүүлсэн. Д  над руу байнга залгаад та орох юм уу орох бол 2 сарын түрээсийг нь хийчих таныг орохоос өмнө цонх хаалганы түгжээг солих гээд байна гэхээр нь өөрөө эмнэлэгт байсан учраас том охин Н-ыг миний данснаас мобайлдаад 360,000 төгрөгийг шилжүүлчих гээд шилжүүлсэн. Эмнэлгээс гараад Д руу залгасан чинь утсаа огт авахаа болихоор нь манай дүүд үзүүлсэн байранд нь очиж үзэхэд ******* болон Д-ын найзтай ямар ч холбоогүй Төрөө гэх залуугийн эзэмшлийн байр байсан. Д  гэх залуу манай дүү болон надад хүний түрээслүүлнэ гэсэн байранд очиж үзүүлж намайг залилсан байсан. Би нийт 360,000 төгрөгөөр хохирсон гэжээ.  /1-р хх-ийн 147/

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орчимд Д  гэх залуу өөр нэг залуугийн хамт манай грашд ирж приус-20 маркийн машин янзлуулна гэж ирээд та том тэрэгний дугуй авах уу хямд, урд үнээр нь авах уу гээд надад зураг үзүүлэхээр нь урд үнэ нь 500,000 төгрөг гэдэг гэсэн чинь хамаагүй 500,000 төгрөгөөр ч хамаагүй та ав гэхээр нь авахаар болж тохирсон. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай грашд урд нь хамт ирж байсан найзынхаа машиныг янзлуулна гэж үлдээгээд ах та надад 1,000,000 төгрөг очих дараа нь дугуйнаасаа хасуулчих, би Улаанбаатар хот руу явах гээд гэхээр нь би 5029419047 дугаарын Б эзэмшигчтэй данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 03 дугар сарын 21-ний өдөр Д найз нь гэх залуутай грашд ирэхэд нь би янзлуулна гэсэн машиныг нь янзлуулсан байхад найз нь гэх залуу машинаа аваад явсан. Тухайн үед Д үлдээд ах би офицерын тэндээс дугуй аваад ирье гэж худлаа ярьж, дахиж 550,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж Төрийн банкны ................ дугаарын данс руу 570,000 төгрөг шилжүүлж аваад дугуй өгөөгүй шалтаг тоочоод байсан. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ахаа би дугуй авч ирэх худлаа боллоо би танд гагнуур хийж өгөөд өрөө дарчихъя гэхээр нь өөр дээрээ ажиллуулж байсан. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг өгөөч ах дүүгийнх нь амьдрал хэцүү байна гэхээр нь А  гэх эзэмшигчтэй Хаан банкны .......... дугаарын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн. Д  сүүлийн 3, 4 хоног ажилдаа ирээгүй утсаа авахгүй алга болцон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Д-ын янзлуулна гэж авч ирсэн приус-20 маркийн машиныг 450,000 төгрөгт янзалж өгсөн. Би Д-аас нийт 2,200,000 төгрөг авах ёстой. Миний Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт ажиллуулдаг "Сайханы Хүү ХХК" авто засварт 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Д нь би гагнуур хийдэг, ахтайгаа нийлж том машин явуулдаг, танд том машины дугуй заръя гэж ярихаар нь гагнуур хийдэг бол манайд гагнуурчин хэрэгтэй байгаа ажиллах уу гэхэд Д  ажиллая гэсэн. Д-ыг ажиллуулахаар болохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, манай авто засварт Д  нь 5-6 хоног алдаг оног ажилласан. Надаас Д нь нийт 2.200.000 төгрөгийг зээл авчхаад өгөөгүй байгаа, харин би Д-ыг хэд хоног ажилласныг бодоод 500.000 төгрөгийг нь хасна гээд Д-ын эгчид нь хэлсэн. Д нь эгчдээ надад өргүй гэж хэлсэн байсан. Тэгэхээс Д нь надтай цуг автомашины засварын мөнгө гээд 300.000 төгрөгийг нь авсан байсан. Д нь манай авто засварт ажиллаж байх хугацаандаа бол нэг ч машины засварыг гүйцэт янзалж өгч байгаагүй. Би Д-ыг өдрийн 100.000 төгрөг, машины засвар ор ирэх юм бол чи засварын ажлын хөлсний 80%-г нь давхар ав, тэгээд өрөө дархыг бод гэж хэлэн амаар тохирч байсан боловч ******* нь авто машины засварчны ажлыг тогтвортой хийгээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдан оролцохгүй гэжээ. /1-р хх-ийн 182-183/

Хохирогч О.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд өөрийн эзэмшлийн IPhone-13 promax маркийн гар утсыг Батилла гэх ломбардны газарт 1,400,000 төгрөгийн барьцаанд тавиад 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр танил Д-тай холбогдож, "Миний ломбарданд барьцаанд тавьсан утасны хугацаа дуусах гээд байна, чи найздаа хугацааг нь сунгаад өгөөч ээ гэж ярьсан чинь Д тэгье гэсэн юм. Ломбардны үндсэн үнэ болон хүүтэйгээ нийлээд 1,530,000 төгрөг болсон байсан ба би эхлээд 130,000 төгрөг өгөөд хугацааг нь сунгуулъя гэтэл 530,000 төгрөгөө өгчих, тэгээд чи надаас 1 сая төгрөг зээлж аваад дараад өөрийнхөө мөнгийг бүтэхээр надад буцаагаад өгчихөө гэсэн. Ингээд бид 2 тохиролцоод, би Хөх хотод амьдардаг хүнээр бэлэн юанийг Монгол руу хөрвүүлж шилжүүлсэн юм. Ингээд Д  надад нөгөө мөнгийг маань ч буцааж өгөөгүй, миний гар утсыг ч ломбарднаас авч өгөөгүй юм. Би 2017 оны хавар Д-тай ерөнхий боловсролын сургууль төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгч байхдаа танилцаж байсан юм. Тэрнээс хойш байнга уулзахгүй ч хааяа утсаар холбогддог, Сайншандад байхдаа хааяа уулздаг найз нөхдийн холбоотой байсан. Би Д-тай ................. дугаарын утас болон "Д.Д " гэсэн фейсбүүк хаягаар холбогдож байсан, сүүлийн үед утсаа авахгүй байгаа. Би Бүгд найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод байхдаа 530,000 төгрөгийг Д-ийн ........... дугаарын данс руу "Н-с" гэсэн утгатайгаар шилжүүлсэн, энэ Н  гэдэг хүн нь одоо Хөх хотод амьдардаг хүн байгаа юм. Би энэ хүнд бэлэн юань өгч энэ хүний дансаар шилжүүлсэн юм. Би өөрт учирсан хохирол болон тухайн хугацаанд ломбарданд бодогдсон хүүг барагдуулчихвал надад өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 210/

Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 02 цаг 10 минутын орчимд үл таних залуу баарнаас гарахдаа пиво, хагалсан хундаганы мөнгө гэх зэргийн 120,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн гэж хэлэн гарсан. Гүйлгээгээ шалгатал мөнгө орж ирээгүй байхаар нь араас нь гарсан чинь байхгүй байсан. Таньдаг хүмүүсээсээ тухайн залууг асуухад Д  гэдэг залуу гэж хэлсэн. Би 05 сарын 10-ны өдөр тухайн залуугийн ........ дугаарын утсыг танилаасаа аваад залгаж холбогдтол уг нь данснаас мөнгө гарсандаа би чам руу дансныхаа хуулгыг явуулчихъя гэсэн. Ах нь тэмцээнтэй байна удахгүй харуулъя, зургийг нь явуулъя гэж шалтаг тоочиж байгаад дансны дугаараа явуулчих гэсэн. Үүнээс хойш холбогдож мөнгөө авъя гэхээр удахгүй мөнгөтэй болно өнөөдөр хийнэ дансаа явуулчих гээд байдаг. Би өөрийн цалингаасаа тухайн хүний хийх тооцоог суутгуулж байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ. /1-р хх-ийн 233/

Хохирогч Ч.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байх, Намын хорооны 104 тоотод байх гар утас худалдааны төвдөө 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдагч Халиунаагийн хамт гар утаснуудаа тулгаж үзэхэд, "Iphone-13 pro" загварын гар утас 1 ширхэг дутсан. Х  бүртгэлээ харахад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "Iphone-13 pro" загварын гар утсыг 1,950,000 төгрөгөөр худалдсан боловч, мөнгө нь данс руу ороогүй байсан. Лангууны хяналтын камерыг шүүж үзэн, худалдагч Х  надад хэлэхдээ гар утас авсан залуу нь гүйлгээ амжилттай шилжлээ гэсэн худлаа гүйлгээний зураг харуулж залилсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай дэлгүүрийн худалдагч Х-д гүйлгээ амжилттай орсон гүйлгээ нь харагддаггүй юм. Гар утас авсан залуу нь 1,950,000 төгрөгийг шилжүүлээгүй байж, "Iphone-13 рго" загварын гар утсыг авч явсан байна. Манай дэлгүүрт учирсан хохирлыг буруутай хүнээр төлүүлмээр байна. Өмнө нь ийм залилангийн үйлдэл манай дэлгүүрт тохиолдож байгаагүй гэжээ. /2-р хх-ийн 11/

Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай дэлгүүрт худалдагч хийдэг байсан Д-ийн дүү Д  2024 оны 02 сарын 15-нд манай дэлгүүрт Чандмань-Илч ХХК-ийн хувцастай орж ирэхээр нь манай бохир даваад байгаа яаж янзалдаг юм бол гэж асуухад би янзлаад өгье, амархан ажлын хөлс 500,000 төгрөг болно гэж ярьсан. Д  тухайн өдөр манай дэлгүүрээс 252,000 төгрөгийн бараа авч, 150,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн Улаанбаатар хотоос ажлын материал захиж авч ирнэ гэж намайг мөнгө шилжүүлээрэй гэсэн. Би 2024 оны 02 сарын 16-ны өдөр Хаан банкны М  эзэмшигчтэй........... дугаарын данс руу 780,000 төгрөг, Хаан банкны Т  эзэмшигчтэй ............ дугаарын данс руу 2024 оны 02 сарын 18-ны өдөр 1,148,000 төгрөг, 2024 оны 02 сарын 19-ний өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш утас руу нь залгахаар утсаа авдаггүй, эсхүл одоо мөнгө авах гэж байна, одоо очлоо гэж дандаа худлаа яриад засвар хийж, миний мөнгийг өгөөгүй. Надаас мөнгө шилжүүлүүлж авсан данс эзэмшигчдийг Улаанбаатар хотод материал зардаг хүмүүс гэж хэлсэн. Намайг хохироогоод миний хохирлыг барагдуулахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ. /2-р хх-ийн 26/

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад Дорноговь аймагт ажиллаж амьдрахаар 2023 оны 10 сарын 04-ний өдөр ирсэн. Ирсэн цагаасаа хойш Сайншанд сумын 3 дугаар багт байрлах Дорнын туяа нэртэй үсчний газар ажиллаж байна. Би 2023 оны 12 сарын 27-ны өдөр манай ажлын шинэ жил болсон байсан бөгөөд ажил дээрээ шинэ жилээ тэмдэглэж байгаад 00 цагийн үед манай найз М  ирээд манай ажлын Т  бид 2-г дагуулаад Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал нэртэй баар руу орсон. Бааранд ороод гурав гурван шилтэй Сэнгүр нэртэй пиво ууж байгаад 02 цагийн үед гэр гэртээ харих гээд баарнаас гарч байхад баарны 00-н өрөөнөөс нэг жижиг залуу гарч ирээд намайг хөөе чи нааш ир дээ гээд дуудахаар нь би эргээд харсан. Намайг дуудсан уу гэсэн чинь тэр залуу тийн чамайг дуудсан гэж хэлэхээр нь за яасан гээд очсон чинь нөгөө залуу чинь чи намайг мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг чи чинь нөгөө барбар /үсчин/ биз дээ гэхээр нь тийн гэсэн чинь нөгөө залуу чи М гэдэг охиныг таних уу гэхээр би танина гэж хэлсэн. Нөгөө залуу чинь над руу би тэгвэл тэрний чинь хүүхдийнх нь аав нь байна гэхээр нь өөдөөс нь би С-тай уулзахаа болиод удаж байна гэж хэлээд явах гээд иргэж хараад баарнаас гарах гэж байсан чинь нөгөө жижигхэн залуу чинь миний араас татаад заамдаад авахаар нь би буцаагаад заамдалцаад зогсож байсан чинь миний ардаас нэг залуу гарч ирээд хөлөөрөө хавирч унагасан. Намайг ардаас нэг залуу хавирч унагах үед 00-с нэг залуу бас гарч ирээд тэр 3 намайг нийлж байгаад зодсон. Ямар ч байсан би газарт унаад 2 гараараа толгойгоо хамгаалаад хэвтсэн, манай найз байсан. Тэгсэн чинь дээрээс 3 залуу цохиод байх шиг М  ирээд салгаад болиулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би дунд зэргийн согтолттой байсан, тухайн үед болсон зүйлийг санах хэмжээнд байсан. Намайг зодсон 3 залууг би танихгүй. Урд нь харж байгаагүй. Би одоо харвал хамгийн эхлээд 00-с гарч ирсэн жижигхэн биетэй надтай маргалдсан залууг хараад танина, нөгөө 2-г нь хараад танихгүй. Намайг баарнаас гарах гэж байхад жижигхэн биетэй залуу ирээд эхнэртэй нь уулзсан гээд өдөж маргалдаад намайг 2 залуутай нийлж байгаад зодсон. Намайг зодуулж байхад М  баарны тооцоо хийж байгаад ирээд салгасан, Т  тэр үед байхгүй яваад өгсөн байсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийнхээ мөнгийг нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 58/

-2024 оны 01 сарын 16-ны өдөр Д.О хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 12 сарын 29-ний мэдүүлэг дээрээ 3 хүнд дотор жижиг биетэй хар өнгийн малгайтай залуутай баарны 00 дотор юм ярьж зодуулсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Харин дараа нь сайн бодоод үзтэл бааранд байхдаа маргалдаад муудсан. Тухайн үед бааранд тэр залууг Х гэж дуудаж байсан /М  / найзууд нь тэгж дууддаг юм байна лээ. Тэгээд тэр М намайг баруун гараа зангидаж байгаад нэг удаа миний зүүн шанаа хэсэгт цохихоор нь би зөрүүлээд баруун гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд бид 2 нэг нэгийгээ цохилцож байхад баарны 00-с 2, 3 залуу гарч ирээд бид 2-г салгасан. Тэгсэн чинь нөгөө М  гэдэг залуу чинь баарнаас гараад явсан. Баарны 00 дотор М  намайг цохисон, өөр хүнтэй муудаагүй. Би баарнаас гараад ирэх үед баарны 00-д зодолдож байсан М  над руу дахиад дайрсан. Тэгсэн чинь хажуугаас бас нэг жижиг биетэй залуу орж ирээд намайг хэд хэд удаа газар унагаж байгаад цохисон. Тэгсэн чинь тэнд байсан өндөр биетэй залуу манай найз М  нар салгасан. Дараа нь би нөгөө өндөр биетэй залуутай юм ярьж байгаад над руу томроод байхаар нь би өөдөөс нь юм хэлсэн чинь намайг хавирч унагаагаад надтай зууралдсан. Тэгээд миний нүүр рүү 1 удаа өшиглөж, 1 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн чинь манай найз Мөнхбаясгалан ирээд нөгөө залууг болиулсан. Тэгээд М  бид 2 гэр рүүгээ яваад өгсөн. Баарны 00 дотор М намайг 2, 3 удаа миний нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон, баарны гадна талд М  2 удаа гараа зангидаж байгаад цохисон чинь хажуу талаас нь намхан хар шилтэй залуу 3, 4 удаа гараа зангидаж байгаад толгой нүүр хэсэг рүү цохисон. Дараа нь өндөр том биетэй залуу нь намайг хөлөөрөө хавирч унагаж байгаад миний нүүр рүү нэг удаа өшиглөж, аль гараараа гэдгийг нь сайн санахгүй байна нэг удаа миний нүүр рүү цохисон. Би гомдолтой байна, миний хамар мурийсан хагалгаанд орохоор болсон тул хагалгааны зардлаа гаргуулж авмаар байна. Мөн би шинэ жилийн үеэр эд ажилтай байдаг тэр үеэрээ ажлаа хийж чадаагүй ажилгүй байсан үеийн мөнгө болох 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойшоо өнөөдрийг хүртэл ажилгүй байсан. Өдөрт дунджаар 150,000 төгрөгийн орлоготой байдаг нийлүүлээд үзэхээр 19 өдрийн мөнгөн дүн 2,850,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 60/

Хохирогч Т.П  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д  гэх залуу өөрийгөө Их Говь ХХК-ны кемп менежер гэж танилцуулаад хүнсэнд хэрэглэх үхрийн мах хэрэгтэй байна гээд надтай наймаа хийхээр тохиролцож 1 тонн 168 кг үхрийн махыг авсан юм. Тухайн үед Д  гэх залуу нь өөрөө гэрээний загвар гэх зүйл гаргаж ирээд гарын үсэг зуруулаад тамга тэмдэг бүхий зүйл дарж өгсөн. Тэгээд нийтдээ 15,148,000 төгрөгийн үнэ бүхий махыг надаас 2 хувааж төлнө гэж хэлээд 2 нэхэмжлэх бичүүлж аваад 3 хоногийн дотор төлж барагдуулна гэж надад хэлсэн. Тэгээд хэлсэн цаг хугацаандаа өгөхгүй удаад байхаар нь би Д-ын ......., .... гэх хоёр дугаарын утас руу залгахад авахгүй, аваад ярьсан ч худлаа яриад цаг аргацаагаад байхаар нь би 1900-1950 тусгай дугаарын утас руу залгаад Их Говь ХХК-ийн утасны дугаарыг олж аваад хариуцсан ажилтантай нь ярьсан чинь манайд Д  гэх кемп хариуцсан ажилтан байхгүй, манайх байгууллагын тамга тэмдгийг кемп менежерт дамжуулж ашиглуулдаг асуудал бол байхгүй, манай байгууллагын нэрийг бариад нэг хүн ийм асуудал гаргаад байгаа юм шиг байна, одоогоос 2-3 хоногийн өмнө бас нэг хүн ингэж ярьж байсан гэж надад хэлсэн учраас би цагдаагийн байгууллагад тухайн асуудлыг шалгуулахаар бичгээр гомдол гаргах болсон юм. Д нь манайх Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 700 ажилтантай уурхай байгаа юм ажилтан алба хаагч нарынхаа хүнсэнд ашиглах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Би тухайн Д гэх хүнийг бол танихгүй, тухайн өдөр л анх танилцаад наймаа хийсэн. Урд өмнө нь бол би тухайн хүнтэй наймаа хийж байгаагүй. .......... гэсэн улсын дугаартай цагаан өнгийн портер ачааны машинд ачиж явсан юм. Би гомдолтой байна, тухайн залуугаас би учирсан хохирлоо нэхэмжилж байна. Хуульд заасан арга хэмжээ тооцож өгнө үү гэжээ. /2-р хх-ийн 224-225/

Хохирогч Т.П  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би жил гарангийн өмнө өгсөн. Манай ажлын цаг дуусчихлаа маргааш гэрээгээ аваад ирье гэсэн. Тамгаа болохоор мартсан байна, одоо би найзыгаа аваад ир гээд хэлье гэж хэлээд тэр өдрөө ирээгүй, маргааш нь ирж тамга дарсан. Надад болохоор Бумцэнд гэдэг хүн байгаа юм гээд байсан. Тэгээд махаа авч яваад 4, 5 хоногоос мөнгөө хийлээ, одоо яг банк дээр оочирлож байна гэж худлаа яриад байсан юм. Би бүр банк дээр явж очоод байхгүй тийм хүн орж ирээгүй гэхээр нь намайг хулхидаж байгаа юм байна гээд цагдаад очоод бүх бичлэгтэйгээ өгсөн. Надад камерт бичигдсэн бичлэг байгаа. Уг нь жаахан хүүхэд байсан. Арай ч ингэхгүй байх гэж бодсон. Нэг хүн ч гэсэн ажил хийгээд явж байгаа юм байна гээд өгсөн. Тэрүүгээр хүмүүс тоохгүй байхад нь манайх 2000 ажилтантай хоолгүй болчхоод байна гэхээр нь миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж бодоод махаа өгсөн. Зах дээр хэн ч тоохгүй бүлтгэнээд явж байхад нь би өөрийнхөө хүүхэд шиг бодоод өөрийнх нь гаргаж өгсөн гэрээн дээр гарын үсэг зурсан. Арай л муухай байсан. Би одоо хохирлоо төлүүлмээр байна гэжээ.

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 23-ны өдөр манай дунд сургуулийн найз Т найздаа нөүтбүүкээ түр хэрэглүүлээч маргааш буцаагаад өгье гэхээр нь би сайн таньдаг найз, адилхан оюутан юм чинь түр хэрэглүүлээд авъя гэж бодсон. Тэгээд Т манай ах танайд ойрхон явж байна чи өгөөд явуулчих гэхээр нь ах нь гэх Д-д 2023 оны 04 сарын 23-ны оройн 21 цагийн орчимд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Санхүү эдийн засгийн их сургуулийн хаалганы гадна өгч явуулсан. Нөүтбүүк өгч явуулснаас хойш Тэргэл 3 хоног надтай холбоо бариагүй байж байгаад холбоо барихаар нь чи яагаад нөүтбүүк өгөхгүй байна гэж асуухад би найзынхаа машинд үлдээчихсэн байсан чинь найз Дархан луу ажил руугаа аваад явчихжээ гэхээр нь худлаа яриад байна гэхэд Д-тай видео колл хийж байгаа бичлэг надад үзүүлсэн. Д  тэр үед Дарханд харагдсан болохоор нь үнэн ярьж байгаа юм байна гэж бодсон. Дараа нь надад Т  үнэнээ хэлье Д  ах түр найзаасаа нөүтбүүкийг нь аваад өгөөч гэхээр нь би аваад өгсөн чинь Д ах ломбарданд тавьчихсан байна гэж хэлсэн. Дараа нь би Д-тай ярьсан чинь надад би нөтбүүкийг чинь төлнө гэж хэлээд төлөхгүй байгаад байхаар нь Д-ын ээжтэй утсаар ярьсны дараа 2023 оны 06 эсвэл 07 дугаар сарын орчимд миний дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Удаагүй байж байгаад чи над руу наад мөнгөө буцаагаад шилжүүлчих би хохирлыг чинь бүтэн барагдуулах боломжтой боллоо эгчийн зээлийн эрх хүрэх юм байна 4,000,000 төгрөг өгье гэхээр нь 900,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн чинь намайг блок хийсэн. Үүнээс хойш хохирлоо барагдуулж чадаагүй байна. Би 2022 оны 07 сард нөүтбүүкээ онлайнаар захиалж авч байсан. Саарал өнгийн 2020 оны М1 chip Macbook 13.3 загварын нөүтбүүк байсан. 1,200 доллар буюу 4,126,000 төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. /3-р хх-ийн 170-171/

Хохирогч Г.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 02 дугаар сарын дундуур Д  гэх танил залуу нөүтбүүкээ хэрэглүүлээч би ажлын тайлан хийчхээд маргааш буцаагаад өгье гэхээр нь гэрээс ирээд авчих гэж хэлээд өгсөн. Д-ын Д.Д гэх фейсбүүктэй найз бөгөөд тухайн фейсбүүк хаягаар нөүтбүүкээ авъя аваад ир гэхээр нь заа аваачиж өгье гэж хэлээд удалгүй завгүй болчихлоо гэж шалтаглаад авч ирж өгдөггүй. Би нөүтбүүкээ 2020 онд 1,000,000 төгрөгөөр нэкст электроникоос худалдан авч байсан. Би Д-д усан цэнхэр өнгөтэй, ардаа батарейгүй /загвар, үзүүлэлтийг нь санахгүй байна/, цэнэглэгч, маузтай, хөр өнгийн цүнхтэй нөүтбүүк өгч явуулсан. Би Д гэх залуутай 2024 оны 01 сард танилцсан. Мэндийн зөрүүтэй танилууд. Д  Чандмань-Илч ХХК-д ажилд ороод удаж байгаа, өөрийгөө инженер ажилтай гэж хэлсэн. Холбоо барих болгонд ажилтай завгүй байна гэдэг. Өөрөөр Д-ыг сайн мэдэхгүй байна гэжээ. /4-р хх-ийн 66/

Хохирогч Ч.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Д  гэх хүн лүүкс өрөө буюу манай хамгийн үнэтэй 821 тоот өрөөнд буусан. Мөн шөнө хүн ирж бууна гэж надад хэлээд 823 тоот өрөөг авсан. Надад хэлэхдээ тооцоогоо компаниар нэг мөсөн хийнэ гэж хэлж байсан. Бас надад өөрийгөө Доктор авто сүлжээний менежер нь байгаа юм. Манай бүх авто засварын салбаруудын захирал, механикууд ирнэ нийт 30 хүний хүлээн авалт хийх боломжтой юу гэж надаас асуугаад дараагаар нь бид нар энд хүлээн авалт хийчхээд БНХАУ-руу аяллаар явж байгаа гэж надад хэлсэн. Тэр Д гэх хүн буудалд 2 хоноод 823 тоот өрөөг мөн эзэнгүй 2 хонуулаад манай 30 хүн танай буудалд буухаар боллоо та бүх өрөөгөө суллаад бэлэн болгоод хоол хүнсээ бэлдээрэй гэж надаар баахан хүнсний материал авхуулаад мөн буудалд хүн хүлээн авалгүй бүх өрөөг сул байлгаж бай гэж захиалга өгөөд маш их ажил удсан. Төд удалгүй манай буудлаас над руу манай ажилтан залгаад нөгөө захиалга өгөөд байсан хүмүүсийг цагдаагаас бариад явчихлаа гэж надад хэлэхээр нь би Замын-Үүд сумын Доктор авто сүлжээний салбар луу залгаж танайх хүлээн авалтаа яах бэ гэж асуухад манайх ямар нэгэн хүлээн авалт зохион байгуулахгүй тийм зүйл огт байхгүй гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллагад өргөдөл бичин хандсан. Манай буудалд 2 хоносон Д-ын хэрэглэсэн эд зүйл, хоногийн мөнгө нийлээд нийт 1,304,000 төгрөг болсон гэжээ. /4-р хх-ийн 99-100/

Гэрч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би танина, манай охин Г.Н-тай 1999 онд гэрлээд одоо тэр хоёр 1 хүүхэдтэй. Би одоогоор Д-тай ямар ч харилцаа холбоогүй байгаа, манай охин салах өргөдлөө өгчихсөн байгаа. Би Үлэмж салон гэсэн нэртэй фэйсбүүк пэйж 2021 онд үүсгэн байгуулж нээгээд тэрнээс хойш одоог хүртэл би ашиглаж байгаа, надаас өөр хүн ашигладаггүй. Би пэйж хаягаараа дамжуулан оёсон дээлүүдийн зургийг байршуулан зарж борлуулдаг. Д надаас хэзээ ч дээл худалдан борлуулахаар авч байгаагүй. Надаар болон манай охиноор дамжуулан дээл захиулж авч байгаагүй. Д  одоо Сайншанд суманд амьдарч байгаа. Холбоо бариагүй. 2024 оны 02 сард би Д-тай миний Үлэмж салоны нэрийг барьж мөнгө залилсан гэх асуудлаар холбогдсон. Д  миний мэдэхээр ямар нэгэн бараа материал худалдан борлуулдаг ажил хийдэггүй, Үлэмж салоноо би Д-д огт ашиглуулж байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 49-50/

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би  Д  гэх хүнтэй өмнө гэрлээд одоо 1 хүүхэдтэй. Д намайг хуурсан ба миний таньдаг хүмүүсээс худал хэлж мөнгө зээлсэн болохоор нь би салах өргөдлөө өгчихсөн байгаа. Үлэмж салон гэх нэртэй пэйжийг би анх 2021 онд ээж Г-т нээж өгөөд одоо ээж маань ашигладаг. Тус пэйжийг ашиглан дээлийн захиалга авдаг. Д  надаас хэзээ ч дээл худалдан борлуулахаар авч байгаагүй. Би Сайншанд сум руу нь хэзээ ч дээл өгч явуулаагүй. Д одоо Сайншанд суманд амьдарч байгаа. Д  миний хамаатан садангаас худал ярьж мөнгө зээлж аваад одоог болтол буцааж өгөөгүй байгаа. Одоогоор бид хоёр тусдаа амьдарч байгаа, хүүхэд аавтайгаа цуг байдаг. Д-тай одоогоор холбогдох гар утасгүй байгаа гэж надад хэлсэн. Д  олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод байдаг юм шиг байсан гэжээ.  /1-р хх-ийн 53-54/

Гэрч Ю.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Намын хороонд 104 тоот гар утас худалдааны лангуунд худалдагч хийдэг. 2024 оны 05 сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд үл таних 2 залуу манай лангуунд орж ирэн гар утас сонирхож байсан ба Iphone 13 pro загварын гар утас үзэж байгаад гар утас авах уу авахгүй юу гэх мэтээр ярьж байгаад ногоон өнгийн IPhone 13 pro загварын гар утас авсан ба 1,950,000 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж өндөр биетэй залуу гүйлгээ амжилттай гэсэн гүйлгээ харуулж гарч яваад эргэж орж ирээд утасныхаа кейсийг солиод чихэвч үзэж байгаад ориг чихэвч ирвэл хэлээрэй гэж надад 88781620 дугаарын утсыг тэмдэглүүлээд гарсан. Манай эгч Э-ийн данс байсан учраас тухайн үед би орлого орсон үгүйг мэдээгүй. Манай эгч Э  20-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ба бид 2 гар утаснуудаа тулгахад Ногоон өнгийн Iphone 13 pro загварын гар утас дутаж байсан. Арай намхан залууг Э  гэж дуудаад байсан. Өндөр биерхүү залууг танилаасаа асуусан чинь Д  гэдэг гэж хэлсэн. IPhone13 рго загварын гар утасны үнэ болох 1,950,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /2-р хх-ийн 07/

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 02 сарын 16-ны өдөр ажил тарах үеэр ажил дээр байх үед Д  намайг картаа түр хэрэглүүлээч мөнгө хийгээд бэлнээр авчаад картыг чинь өгье гэхээр нь картаа өгөөд явуулсан. Миний дансанд 780,000 төгрөг хийгээд 530,000 төгрөгийг нь бэлнээр авсан байсан. Өмнө нь надаас зээлж байсан 50,000 төгрөгөө үлдээгээд үлдсэн 200,000 төгрөгийг нь өөр хүний данс руу интернэт банкаар шилжүүлүүлсэн. Өөр зарцуулалтынх нь талаар сайн мэдэхгүй байна гэжээ. /2-р хх-ийн 32-33/

Гэрч Т.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 12 сарын 27-ны үед 20 цагт найз О-ын хамт тоглоомын газарт байж байхад ажлын газрын хүмүүс нь шинэ жил тэмдэглээд сууж байна хүрээд ирээч гэж О руу залгасан. Тэгээд О  намайг хамт явъя гэж хэлээд бид 2 Дорнын туяа салон дээр очсон. Тэгээд Дорнын салон дээр О-ын ажлын хүмүүсийн хамт шинэ жил тэмдэглэж байгаад 00 цагийн үед баар орохоор болоод О , Т  бид 3 Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал бааранд очсон. Минерал бааранд бид 3 касс нэртэй 6 лааз пиво ууж байгаад 02 цагийн орчимд Т , О бид 3 бааран дотор байхдаа Т-ийн гэрт нь очиж суухаар болоод баарнаас Т , О  2 түрүүлээд гарсан, би тэр хооронд баарны тооцоогоо хийгээд 3 лаазтай пиво аваад гарах үед Т баарны үүдэнд ганцаараа зогсож байхад нь нэг танихгүй залуу Т-г хоргоогоод /өдөөд/ зогсож байсан. Тэгэхээр би Т-аас О  яасан бэ гэж асуусан чинь дотор үлдээгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд би баарны гадаа зогсож байсан чинь удалгүй О  00-д хүмүүст зодуулчихлаа гээд орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь би О-ыг яасан бэ юу болов гэж хэлээд баарнаас урагш алхтал О бид 2-н араас 2-3 залуу дагаад ирсэн. Тэгсэн чинь тэр залуусын 1 залуу нь намайг М  ах байна шүү дээ гээд намайг таньж байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ энэ чинь ахынх нь найз шүү дээ гэсэн чинь ахаа тантай бол юм ярихгүй наад залууг чинь бол мэдэхгүй юм байна гэж хэлээд баруун гараа зангидаж байгаад О-ын нүүрэн тус газар 1 удаа цохисон чинь О та нар муусайн яах гээд байгаа юм гээд нөгөө залуутай зууралцаад газарт унасан чинь нөгөө залуу нь босоод ирсэн. Харин О  газарт өвдөглөөд суусан байталтай М наадуул чинь яах гээд давраад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу ахаа та нартай бол юм ярихгүй энийг бол мэдэхгүй юм байна гэж хэлээд дахиад баруун гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохиод 1 удаа баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь О газарт дээшээ хараад унаад өгсөн. Тэгэхээр би за ахын дүү нар одоо арай давраад байгаа юм биш үү маргааш уулзацгаая гэж хэлээд нөгөө залууг тэврээд цааш нь түлхээд явуулсан чинь нөгөө залуу чинь маргааш ах нараараа алуулахдаа бэлэн байж байя гэж хэлээд 1 найзтайгаа яваад өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн болсон зүйлийн талаар санах хэмжээний согтолттой байсан. Манай найз О-ыг баарнаас гарах гэж байхад 00-с нэг залуу гарч ирээд өдөөд муудсан гэж надад хэлж байсан. Тэр муудсан залууг нь Х гэж дууддаг гэсэн. Тэгээд 00-д муудаад байж байхад нь Х-ийн найзууд нь гарч ирээд 00-д зодсон байсан.  Би Х гэх залууг зүс бол мэднэ. Жижиг биетэй хаана гэдгийг нь мэдэхгүй байна шивээстэй, эрүүн дээрээ сахалтай бор залуу байдаг. Х гэх залуу нь О бид 2-г баарны гадаа явах гээд байж байхад гарч ирээгүй, харин Х-ийн найзууд бололтой 2 залуу ирээд О-ыг цохиж зодсон. О-ын нүүр рүү цохиж өшиглөсөн залуу нь өндөр биетэй дунд зэргийн мах мяраатай бор царай зүстэй залуу байсан. Нөгөө хамт ирсэн залуу нь жижиг биетэй туранхай залуу байсан. Тэр залуу О-ыг цохих гээд хэл амаар доромжлоод байх үед нь нөгөө өндөр залуу нь цохисон. Би баарны гадаа О-ыг цохисон залууг яг сайн харвал танина, харин хамт явж байсан жижиг биетэй залууг бол зүс мэднэ гэжээ. /2-р хх-ийн 62-63/

Гэрч Ч.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 сарын 01-ний өдөр гэртээ байж байтал фэйсбүүк ачаа тээврийн группт Дэнжийн-1000-с Амгалан хүртэл үхрийн мах ачих портер ачааны машин байна уу? гэсэн зарын дагуу .......... гэсэн дугаарын утсаар холбогдоод ачаа ачихаар болсон юм. Тэгээд Дэнжийн 1000, Хүчит шонхор худалдааны төвийн гадна талд тухайн хүнтэй уулзахаар тохиролцоод гадна талын скалад зоориноос үхрийн мах ачаад Амгалан орно гээд явсан. Тэгээд Амгалан орохоо болиод Налайх дүүргийн махны зах дээр очоод хүмүүстэй уулзаад байсан. Тэгээд үнэ хөлсөө тохирохгүй буцаад Улаанбаатар хотод ороод иртэл орой болсон байсан учраас халдвартын ойролцоо нэг газар махаа буулгана гэж байгаад болиод тухайн залуу ахаа та энэ махыг ачаад гэртээ очиж болох уу маргааш өглөө зарж борлуулъя гэхээр нь би тухайн махыг нь ачаад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчимд мах ачуулсан залуутай 805 буюу Сансар дээр уулзсан. Тэгээд Эмээлт зах руу явахаар болоод Эмээлт зах дээр очоод тухайн залуу махаа зарж борлуулах талаар хэд хэдэн хүнтэй уулзтал тухайн хүмүүс нь махыг нь хямдхан авна гэж байсан учраас өгөхөөргүй болоод буцаад Улаанбаатар хот руу явсан. Тэгтэл гар утсаар ярьж байгаад хиамны цехэд тухайн ачуулсан махаа нийлүүлэхээр болсон. Тэгээд 100 айлын Сансар тал руугаа явдаг хиамны цехийн гадна талд очиж зогсоод ачиж явсан махыг бүгдийг нь буулгаад би тооцоогоо аваад явсан юм. Би тухайн залууг бол танихгүй зарын дагуу халтуурын ажилд явсан юм. Дэнжийн 1000-аас Амгалан хүртэл ачаа тээвэрлэхэд 120,000 болдог юм. Тэгээд Амгалан ороод цаашаа Налайх дүүрэг орчхоод буцаад ирсэн учраас тухайн өдрийн хөлс нь 350,000 төгрөг болсон. Маргааш өглөө нь Эмээлт зах ороод буцаад ирсэн хөлс нь 400,000 төгрөг нийтдээ 2 өдөр бүтэн явсан учраас 750,000 төгрөгийн тооцоо гарсан. Тухайн залуу төлбөр тооцоог манай эхнэрийн данс руу шилжүүлсэн юм. Надад үзүүлсэн мэдээлэл дээр байгаа Д.Д  гэх залуу тухайн өдөр надтай хамт явсан залуу мөн байна. 20-25 орчим насны залуу байсан гэжээ. /2-р хх-ийн 227/

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 2023 оны 12 сарын 02-ны өдөр манай хамтарч ачаа ачдаг залуу дундын фейсбүүк чатад хямдхан үхрийн мах авах хүн байна уу, ачаа ачсан хүн хямдхан мах зарна гэж байна яг одоо хиамны үйлдвэрт өгөх гэж байна гээд чат бичсэн байхаар нь би очиж харсан чинь боломжийн дажгүй сайхан мах байсан учраас би 1,087,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн цул мах авсан юм. Би тухайн үхрийн цул махыг 1 кг нь 9,000 төгрөгөөр нийтдээ 100 гаран кг үхрийн мах худалдаж авсан юм. 100 айлын автобусны буудлын урд талд байрлах хиамны үйлдвэрийн хашаанд буулгаж байхад нь би очиж авсан юм. Би тухайн махыг худалдаж аваад өөрийн хэрэглээнд хүнсэндээ ашигласан. Өндөр цайвар царайтай 25-30 орчим насны залуу байсан, надад нэр усаа бол хэлээгүй дансны дугаар өгөөд би тооцоог нь хийхэд ******* гэх хүний данс руу би мөнгө шилжүүлсэн гэжээ. /2-р хх-ийн 229/

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 сарын 02-ны өдөр би гадуур ажилтай явж байтал миний ................. дугаарын утас руу танихгүй дугаар залгаад хиамны цехийн утас мөн үү гэхээр нь би мөн байна гэтэл танайх үхрийн мах хэрэглэдэг үү хэрэглэдэг бол мах авах уу гэхээр нь би ямар мах байгаа юм бэ? гэсэн чинь тухайн залуу хөдөө уурхайд бэлдсэн зүүн аймгийн мах байна уурхай авахгүй болсон учраас зарж байгаа юм гэхээр нь би өөрийн хиамны үйлдвэрийн хаягийг зааж өгөөд манай үйлдвэр дээр очоод махаа үзүүлчих гэсэн. Тэгээд нэг цаг гарангийн дараа үйлдвэрт ажилладаг ажилтан над руу залгаад боломжийн тарган, шаардлага хангахуйц үйлдвэрт хэрэглэж болох мах байна гэсэн. Тэгээд би тухайн махыг худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн үед мах хөлдүү байсан учраас төлбөрийг бүрэн хийгээгүй, мах бүрэн гэссэний дараа үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд 3 хоногийн дараа махны үлдэгдэл болох мөнгийг 2-3 удаа шилжүүлж нийтдээ 905 кг махны мөнгө болох 1 кг-г нь 8,500 төгрөгөөр бодож 7,692,500 төгрөгийг шилжүүлсэн юм. Хөдөө уурхайд бэлдсэн мах уурхайд бэлдээд илүү гарсан учраас зарж байгаа юм гэж надад хэлсэн. Тухайн үед 1 кг үхрийн мах 9,500 төгрөгийн ханштай байсан тухайн залуу зах зээлийн ханшнаас 1000 төгрөгөөр хямд зарж борлуулж байсан юм. Нийтдээ 1 тонн мах байгаа гэж хэлснээс 95 кг мах нь цусарч улайсан байсан учраас манай үйлдвэр аваагүй буцаасан юм. Мах нийлүүлж зарж борлуулсан асуудал бол байхгүй мах авах уу гэж санал тавьж фейсбүүк чатаар махны зураг бол явуулсан асуудал байгаа гэжээ. /2-р хх-ийн 231/

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 03 сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Дорноговь аймгийн төвд 91223121 дугаарын утсаар Д гэх хүнтэй холбогдож ногоон тэжээл авахаар тохирон 2-лаа уулзан Дорноговь аймгийн алтан жолооны хойд талд өвс зардаг газар том машин дээр ачсан өвсийг надад үзүүлээд миний зарж байгаа өвс юм аа гэж хэлсэн. Би өвсөө үзээд гайгүй өвс байхаар нь худалдаж авахаар тохирон 350 боодол өвс 1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар болоод 2024 оны 03 сарын 03-ны өглөө Дорноговь аймаг ороод Д-тай холбогдон нөгөө өвс авах газраа очсон. Тэгээд өөрийн авах ёстой 350 боодол өвсөө аваад өөр машинд ачих гэсэн боловч ачиж явах машин бүтэхгүй болчихлоо гэж Д надад хэлсэн. Тэгээд Д надад хэлээд өвс ачсан байсан том машинаас 350 боодол өвс машин дээрээ үлдээгээд үлдэгдэл өвсөө тэр хашаанд буулгасан. Өвс ачсан байсан машинаар надад Эрдэнэ суманд хүргэж өгөхөөр тохирон за болсон та 2 түрүүлээд явж байгаарай гээд жолооч нь хэлсэн. Д бид 2 миний машинтай аймгаас түрүүлээд хөдөлсөн. Өргөн сум руу салдаг уулзвар дээр ирээд өвс ачсан том машинаа цаг гаран хүлээгээд ирдэггүй. Тэгээд яасан юм бол гээд Д-аас асуусан чинь машины юм нь болохоо болчихлоо гэж хэлсэн. Би Д-ын хамт буцаад Дорноговь аймаг яваад нөгөө том машины жолоочтой уулзаад юу болсон талаар асуусан чинь энэ өвс миний өвс байгаа юм мөнгө төгрөг чинь орж ирээгүй байна гэсэн. Тэгсэн Д за би уулзаадахъя гээд жолоочтой уулзаад бас нэг жолоочийн эгч гэх хүн тэд нартай Д  уулзаж байсан. Тэр үед би Д-ын Төрийн банкны данс руу мөнгө 1,300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би за одоо тэгүүл больё оо өвсөө авахаа болилоо мөнгө төгрөгөө авъя гэсэн чинь Д одоо надад мөнгө байхгүй гээд надад хэлсэн. Тэгсэн би Д-д уурлаад чамайг одоо цагдаад өгнө гэсэн чинь миний хөөрөг, нөүтбүүк хоёр байна чи барьцаанд аваад үлдчих гээд надаас гуйгаад би тэгээд энэ хүнд одоо мөнгө төгрөг олдохгүй юм байна гэж бодоод тэгээд шөнийн 01 цагийн орчим байсан болохоор за за гэж бодоод хөөрөг, нөүтбүүк 2-ийн аваад аймгаас 02 цагийн орчимд гэр лүүгээ Эрдэнэ сум явсан. Өргөн сумын төмөр замд замчин хийдэг байсан. Сайн бол танихгүй. Би нөүтбүүк худалдан авч байгаагүй. Д надад мөнгөний барьцаанд түр авчих гээд надаас гуйгаад маргааш гэхэд мөнгө олж өгөөд юм аа авна гэж хэлээд надаас салаад явсан. Би энэ нөүтбүүкийг Д-аас авснаас хойш нэг ч удаа асааж үзээгүй, надад өгсөн нөүтбүүк нь цэнхэр өнгийн Dell маркийн бас цагаан өнгийн хөөрөг өгсөн. Намайг хотод байх үед надад 400,000 төгрөг шилжүүлээд тэрнээс хойш таг болсон гэжээ. /4-р хх-ийн 71-72/

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д  дээр улсын яллагчийн саналтай нэг байна. Шүүгдэгч Б.Ш , С.М  нарыг гэм буруугүй гэж үзэж байна гэв.

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 18-21/

Хохирогч Н.О, Б.Б, Г.М, Э.А, Ю.Х, П.Б, Ч.Т нарын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 02, 36, 79, 228, 245, 2-р хх-ийн 23, 4-р хх-ийн 98/

Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9378, 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 924/10317, 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 1001847 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-104, 2-р хх-ийн 01-03, 3-р хх-ийн 54-55/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-хх-ийн 133, 175/

Д.А, А.Э, У.Б, З.Б, О.Т, Д.О нарын Хаан банкны хуулга /1-р хх-ийн 56-58, 134-144, 155-159, 176-179, 190-193, 2-р хх-ийн 36-38, 55/

Д.Д-ын Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны хуулга /1-р хх-ийн 188-189, 215, 2-р хх-ийн 234-236, 213-215, 219-220, 234/ 

Б ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 207/

Шинжээчийн 2024 оны 01 сарын 04-ны өдрийн 02/026 дүгнэлт: 1.Д.О-ын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2-р хх-ийн 72-73/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 118-120/

И ХХК-ийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 42/24 дугаартай албан тоот, орлогын баримт /2-р хх-ийн 239-244/

Шүүгдэгч Д.Д-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 58-57/

Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /4-р хх-ийн 121-127/  зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-ын 2023 оны 12 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн худалдагч Т.П-тай худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол бичгээр "Б " гэсэн бичиглэлтэй хуурамч тэмдгийг ашигласан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тамга, тэмдэг, ... хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...бол” гэж хуульчилсан. Хуурамчаар үйлдсэн гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдгийг дуурайлган хийх, жинхэнд нь өөрчлөлт хийснийг ойлгоно. Шүүгдэгч Д.Д-ын хувьд Т.П-тай мах худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа монгол бичгээр "Б" гэсэн бичиглэлтэй тэмдгийг өөрөө хуурамчаар үйлдсэн, түүнчлэн уг тэмдэгтийг хуурамч болохыг мэдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “хуурамч тэмдэг ашигласан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.     

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхийг хүссэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.  

Шүүгдэгч Д.Д нь 1. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр И  ХХК-ийн менежер байна гэж танилцуулан хүнсэнд хэрэглэх үхрийн мах худалдан авъя, зээлээр нэхэмжлэх бичээд өгчих 2-оос 3 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн худалдагч Т.П-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж байна гэж баримт бичиг ашиглан 15,180,000 төгрөгийн үнэ бүхий 1,168 килограмм үхрийн махыг шилжүүлэн авч залилсан,

2. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Э-д Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт байрлах Офицерын байрны 202 тоот найзынхаа байрыг түрээслүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт дээл худалдан борлуулахаар захиалга авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б-ийг төөрөгдөлд оруулж нийт 2,090,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр П.Б-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 06 дугаар баг, Шинэ зууны гудамж 130а тоотод байрлах хүнсний дэлгүүрийн бохирын шугамыг сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,630,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

5. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх үедээ хохирогч Г.М-ыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан Г.М-ын өмчлөлийн Сони Ай 7 загварын зөөврийн компьютерыг ажлын тайлангаа бичээд өгье гэж худал хэлж өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар бусдад зарж борлуулан 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2024 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд том машины дугуй зарна гэж 1,570,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл засварлуулсан төлбөрийг том машины дугуй худалдаж авах мөнгөнөөс хасаж тооцуулна гэж 450,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлээч гэж 200,000 төгрөг нийт 2,220,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар А.А-г төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

7. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байх үедээ цахим орчинд О.Э-ын хэрэглэдэг М.К  гэх фейсбүүк хаягтай харилцан ломбардад тавьсан утасны хүүг чинь төлж өгнө гэж түүнийг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

8. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-ийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 204,000 төгрөгийн үнийн дүн бүхий барааны төлбөрийг шилжүүлсэн гэж гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 204,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

9. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны 104 тоотод байрлах Ч.Э-ийн эзэмшлийн гар утасны худалдааны газраас Ай фоне 13 про загварын гар утсыг худалдан авах гэж байгаа дүр эсгэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,950,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч баримт бичиг харуулж тухайн гар утсыг шилжүүлэн авсан,

10. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарнаас авсан 120,000 төгрөгийн эд зүйлийнхээ төлбөрийг данс руу чинь шилжүүлсэн гэж зөөгч Э.А-ыг хуурч залилан залилах гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

11. 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Г-ийн 4,126,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж Тэргэл гэх хүнээр дамжуулан авч залилсан,

12. 2024 оны 02 дугаар сарын орчим Г.Ш-ийн нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж хэлж залилсан

13. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл зочид буудалд өрөө захиалан, өөрийгөө Доктор авто сүлжээний менежер гэж тус буудлын захирал Ч.Т-ыг хуурч, компаниас тооцоог хийнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 810,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг шилжүүлэн авч нийт 13 удаагийн үйлдлээр 13 хохирогчийн 30,810,000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хохирогч Т.П, А.Э, Б.Б, Г.М, А.А, О.Э, Б ХХК-ны төлөөлөгч Н.О,  Ч.Э, Э.А, Г.Г, Г.Ш нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/, гэрч Г.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/, гэрч Ю.Х-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 07/, гэрч О.М-ын мэдүүлэг /2-р хх-ийн 32-33/, гэрч Ч.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 227/, гэрч Н.Н-ын мэдүүлэг /2-р хх-ийн 229/, гэрч Г.Ц-ын мэдүүлэг /2-р хх-ийн 231/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 71-72/, хохирогч Н.О, Б.Б, Г.М, Э.А, Ю.Х, П.Б, Ч.Т нарын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 02, 36, 79, 228, 245, 2-р хх-ийн 23, 4-р хх-ийн 98/, Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9378, 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 924/10317 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-104, 2-р хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-хх-ийн 133, 175/, Д.А, А.Э, У.Б, З.Б, О.Т, Д.О нарын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 56-58, 134-144, 155-159, 176-179, 190-193, 2-р хх-ийн 36-38, 55/, Д.Д-ын Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны хуулга /1-р хх-ийн 188-189, 215, 2-р хх-ийн 234-236, 213-215, 219-220, 234/, Б  ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 207/, шүүгдэгч Д.Д-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 58-57/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.Д-ыг 13 хохирогчид 13 удаагийн үйлдлээр нийт 30,810,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх хохирогч нарыг залилж, хуурч, баримт, бичиг ашиглаж авсан мөнгөөр амьдарч амьдралын эх үүсвэрээ болгож байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нь 2023 оны 07 сараас хойш ажил эрхлээгүй болох нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2-р хх-ийн 114-ын ар тал/-оор батлагдаж байна.  Дээрх 5 сарын хугацаанд ажил төрөл эрхлээгүй, орлогогүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хууль бус орлогоороо өөрийгөө тэжээн тэтгэж,  цахим тоглоом тоглож, бусадтай наргиж цэнгэж байсан гэж дүгнэлээ. 

Улсын яллагчийн зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг дутуу тооцож хохирогч Г.Г-ийн 4,126,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийн хохирлыг хохиролд тооцоогүй  тооцооллын алдаа гаргасныг шүүх зөвтгөн шийдсэн болно. 

Хохирогч Д.О-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал баарны гадна талд 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө шүүгдэгч С.М, Б.Ш нараас салгасны дараа шүүгдэгч Д.Д нь нь хохирогчтой юм ярьж байгаад үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хавирч унагаан нүүр рүү нь өшиглөж, баруун гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Т.М-гийн “...Минерал бааранд бид гурав касс нэртэй 6 лааз пиво ууж байгаад 02 цагийн орчимд Т , О  бид 3 бааран дотор байхдаа Т-ийн гэрт нь очиж суухаар болоод баарнаас Т , О 2 түрүүлээд гарсан, би тэр хооронд баарны тооцоогоо хийгээд 3 лаазтай пиво аваад гарах үед Т  баарны үүдэнд ганцаараа зогсож байхад нь нэг танихгүй залуу Т-г хоргоогоод /өдөөд/ зогсож байсан. Тэгэхээр би Т-аас “О яасан бэ” гэж асуусан чинь “дотор үлдээгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд би баарны гадаа зогсож байсан чинь удалгүй О  “00-д хүмүүст зодуулчихлаа” гээд орилоод гараад ирсэн, тэгэхээр нь би О-ыг “яасан бэ юу болов” гэж хэлээд баарнаас урагш алхтал О  бид 2-н араас 2-3 залуу дагаад ирсэн. Тэгсэн чинь тэр залуусын 1 залуу нь намайг “М  ах байна шүү дээ” гээд намайг таньж байсан тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ энэ чинь ахынх нь найз шүү дээ” гэсэн чинь “ахаа тантай бол юм ярихгүй наад залууг чинь бол мэдэхгүй юм байна” гэж хэлээд баруун гараа зангидаж байгаад О-ын нүүрэн тус газар 1 удаа цохисон чинь О  “та нар муусайн яах гээд байгаа юм” гээд нөгөө залуутай зууралцаад газарт унасан чинь нөгөө залуу нь босоод ирсэн. Харин О  газарт өвдөглөөд суусан байдалтай “М  наадуул чинь яах гээд давраад байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө залуу “ахаа та нартай бол юм ярихгүй энийг бол мэдэхгүй юм байна” гэж хэлээд дахиад баруун гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохиод 1 удаа баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь удаа өшиглөсөн чинь О  газарт дээшээ хараад унаад өгсөн тэгэхээр би “за ахын дүү нар одоо арай давраад байгаа юм биш үү маргааш уулзацгаая” гэж хэлээд нөгөө залууг тэврээд цааш нь түлхээд явуулсан чинь нөгөө залуу чинь “маргааш ах нараараа алуулахдаа бэлэн байж байя” гэж хэлээд 1 найзтайгаа яваад өгсөн.”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-63/, шүүгдэгч Д.Д-ын шүүх хуралдаан дээр өгсөн “гэрч Т.М-г танин М  гэж дууддаг” гэх мэдүүлэг, хохирогч Д.О-ын “...би С-тай уулзахаа болиод удаж байна гэж хэлээд явах гээд иргэж хараад баарнаас гарах гэж байсан чинь нөгөө жижигхэн залуу чинь миний араас татаад заамдаад авахаар нь би буцаагаад заамдалцаад зогсож байсан чинь миний ардаас нэг залуу гарч ирээд хөлөөрөө хавирч унагасан, намайг ардаас нэг залуу хавирч унагах үед 00-с нэг залуу бас гарч ирээд тэр 3 намайг нийлж байгаад зодсон. Ямар ч байсан би газарт унаад 2 гараараа толгойгоо хамгаалаад хэвтсэн, манай найз байсан. Тэгсэн чинь дээрээс 3 залуу цохиод байх шиг, М  ирээд салгаад болиулсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би дунд зэргийн согтолттой байсан, тухайн үед болсон зүйлийг санах хэмжээнд байсан. Намайг зодсон 3 залууг би танихгүй. Урд нь харж байгаагүй. Би одоо харвал хамгийн эхлээд 00-с гарч ирсэн жижигхэн биетэй надтай маргалдсан залууг хараад танина нөгөө 2-г нь хараад танихгүй. Намайг баарнаас гарах гэж байхад жижигхэн биетэй залуу ирээд эхнэртэй нь уулзсан гээд өдөж маргалдаад намайг 2 залуутай нийлж байгаад зодсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58/ зэргээр шүүгдэгч Д.Д-ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзсэн.

Шүүгдэгч С.М , Б.Ш  нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Минерал баарны гадна талд хохирогч Д.О-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.О-ын “...тухайн үед бааранд тэр залууг Х  гэж дуудаж байсан /М / найзууд нь тэгж дууддаг юм байна лээ. Тэгээд тэр М  намайг баруун гараа зангидаж байгаад нэг удаа миний зүүн шанаа хэсэгт цохихоор нь би зөрүүлээд баруун гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд бид 2 нэг нэгийгээ цохилцож байхад баарны 00-с 2, 3 залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь нөгөө М гэдэг залуу чинь баарнаас гараад явсан. Баарны 00 дотор М намайг цохисон, өөр хүнтэй муудаагүй. Би баарнаас гараад ирэх үед баарны 00-д зодолдож байсан. М над руу дахиад дайрсан. Тэгсэн чинь хажуугаас бас нэг жижиг биетэй залуу орж ирээд намайг хэд хэдэн удаа газар унагаж байгаад цохисон. Тэгсэн чинь тэнчээ байсан өндөр биетэй залуу манай найз М нар салгасан. Дараа нь би нөгөө өндөр биетэй залуутай юм ярьж байгаад над руу томроод байхаар нь би өөдөөс нь юм хэлсэн чинь намайг хавирч унагаагаад надтай зууралдсан. Тэгээд миний нүүр рүү 1 удаа өшиглөж 1 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн чинь манай найз М ирээд нөгөө залууг болиулсан. Тэгээд М бид 2 гэр рүүгээ яваад өгсөн. Баарны 00 дотор М  намайг 2, 3 удаа миний нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон, баарны гадна талд М  2 удаа гараа зангидаж байгаад цохисон чинь хажуу талаас нь намхан хар шилтэй залуу 3, 4 удаа гараа зангидаж байгаад толгой нүүр хэсэг рүү цохисон. Дараа нь өндөр том биетэй залуу нь намайг хөлөөрөө хавирч унагаж байгаад миний нүүр рүү нэг удаа өшиглөж, аль гараараа гэдгийг нь сайн санахгүй байна нэг удаа миний нүүр рүү цохисон.” гэх мэдүүлэг, С.М-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “Би О  гэх залуутай баарны 00-д ганцаараа муудалцсан. Би баруун гараа зангидаж байгаад 2 удаа нүүрэнд нь цохисон” /2-р хх-ийн 65/, шинжээчийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 02/026 дугаартай дүгнэлтээр Д.О-ын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, зүүн мөр, баруун шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдсон, гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2-р хх-ийн 73 дугаар тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.М , Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Б нь шүүгдэгч Б.Ш , С.М нарыг гэм буруугүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэж, шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн.                                                  

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Б ХХК-нд 204,000 төгрөгийг, хохирогч Г.М-ын 590,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг буцааж өгсөн, хохирогч А.Э-д 360,000 төгрөгийг, хохирогч Э.А-ын Викториа бааранд 120,000 төгрөгийг тус тус төлж, хохирогч А.А 2,220,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, хохирогч Г.Ш-т нөүтбүүк буцаан өгсөн болох нь хохирогч нарын тайлбар, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 182-183, 3-р хх-ийн 65, 67, 4-р хх-ийн 78/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-аас 27,366,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 2,090,000 төгрөгийг, хохирогч  Г.М-д шинжээчийн үнэлгээнд төлсөн буюу гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг болох 50,000 төгрөгийг, хохирогч О.Э-т 530,000 төгрөгийг, хохирогч Ч.Э-д 1,950,000 төгрөгийг, хохирогч П.Б-д 2,630,000 төгрөгийг, хохирогч Т.П-д 15,180,000 төгрөгийг, хохирогч Б.Т-д 810,000 төгрөгийг, хохирогч Г.Г-д 4,126,000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

            Хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролд хагалгааны зардал болон 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойших хугацааны нийт 19 өдрийн орлого 2,850,000 төгрөгийг нэхэмжилнэ /2-р хх-ийн 60/ гэх боловч хэрэгт эмчилгээний болон ажил эрхлэлтийн талаарх баримт шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлого, сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал, шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж ялыг оногдуулсан болно. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Д-ын хохирогч Т.П-аас авсан махыг авч явахдаа ашигласан ...... УАО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.А-ын тээврийн хэрэгсэл болох нь гэрч Ч.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 227/-ээр тогтоогдсон тул Ашид Билгүүн ХХК-ийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 1001847 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 54-55/-ээр үнэлэгдсэн  тээврийн хэрэгслийн үнэ болох 12,000,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-аас гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Д-ын өмчлөлийн Iphone-8 маркийн 1 ширхэг гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч А овогт Д-ын Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдыг хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А овогт С-ийн М , И овогт Б-ийн Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.  

3. Шүүгдэгч Д-ын Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч С-ийн М , Б-ийн Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг нийт 6 жил 30 хоногийн хорих ялаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын цагдан хоригдсон нийт 263 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М , Б.Ш  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-аас 27,366,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д 2,090,000 төгрөг, Г.М-д шинжээчийн үнэлгээнд төлсөн 50,000 төгрөг, О.Э-т 530,000 төгрөг, Ч.Э-д 1,950,000 төгрөг, П.Б-д 2,630,000 төгрөг, Т.П-д 15,180,000 төгрөг, Б.Т-д 810,000 төгрөг, Г.Г-д 4,126,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлого, сэтгэцэд учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Д-ын өмчлөлийн Iphone-8 маркийн 1 ширхэг гар утсыг улсын орлого болгосугай.  

11. Шүүгдэгч С.М , Б.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.М , Б.Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц

                                                                  ШҮҮГЧИД                                  Д.А

                                                                                                                     Э.Б