Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

                 

 

                                   

 

      

 

 

 

 

   2025          02         14                                         2025/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч Б.Тогтох,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Год холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410014710062 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаа 0-000 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт Б.Г /РД:ҮҮ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Г нь 2024 оны 04 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 хороо, Буянт-Ухаа 0 гудамж 000 тоотод эхнэр С.Ц-тай урьдын таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар түлхэж унагааснаас С.Ц-ын биед учирсан зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний дотор буланд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл эрүүл мэндэд хөнгөн хохирол, зүүн 2, 3-р хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эхнэртэйгээ муудалцаж, түүнийгээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Ямар ч нөхцөлд эхнэрээ зодох, гар хүрэх ёсгүй байсан. 40-өөд жил ханилж амьдарчихаад насны эцэст ийм болгож байгаадаа үнэхээр гэмшиж байна. Миний гэмшлийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон ялыг баталгаажуулж өгнө үү. Би дахин эхнэртээ гар хүрч зодох, тэр битгий хэл амаар доромжилж гомдоохгүй...” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би жижиг өрөөндөө ороод нүүрээ будаж байхад манай нөхөр Г өрөөнд орж ирээд надруу дайраад байсан. Тэгэхээр нь би явъя эсвэл чи энэ өрөөнөөс гар гэж хэлээд, намайг гарах гэж байхад манай нөхөр миний араас түлхэх шиг болсон. Тэгээд би өрөөний шат шиг догол хэсэгт тээглээд унахдаа нүүрээ шаланд цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгэхэд манай нөхөр гараад явсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),

3. Гэрч Г.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээж бид 2 аавын гэрт ирээд би хүнсний дэлгүүрээ нээхээр дэлгүүр рүү шууд ороод, ээж гэр рүүгээ орсон. Тэгээд би 15-20 минутын дараа аавын гэр рүү ороход ээж уйлчихсан, аав гэpээ цэвэрлэчихсэн сууж байсан. Тэгээд аав юу ч хэлэхгүй гараад явчихсан чинь ээж чи яасан уддаг юм, хурдан орж ирэхэд яадаг юм гэж надад хэлсэн. Тэр өдөр хөхөрч хавдсан зүйл анзаарагдаагүй, маргааш өдөр нь ээжтэй уулзсан чинь ээжийн нүүрний хэсгийн нэг тал нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээж цагдаагийн газар руу явсныхаа дараа гэмтлийн эмнэлэг явсан байсан. Тэгээд ээж нүдээ үзүүлээд эмнэлэгээр яваад байсан. Тэгээд хавирга нэг л болохгүй байна, хавиргаа үзүүлнэ, зургаа авхуулна" гэж надад хэлж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18-р хуудас),

4. Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрхэс 113 чиглэлд авто эргүүлийн үүргийг цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Т-ийн хамт гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 09 цаг 31 минутад Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Буянт-Ухаа 0-р гудамж 000 тоотод “нөхөр зодоод байна гээд настай эмэгтэй уйлаад байв” гэсэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн ангилалтай дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу 09 цаг 47 минутад очсон бөгөөд очиход холбогдогч этгээд гэх нөхөр Б.Г нь байхгүй байсан ба дуудлага өгсөн иргэн С.Ц гэртээ байсан. Тэгээд дуудлага өгсөн эмэгтэйг хэлтэс рүү авчирч, тухайн үед жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.М-д хүлээлгэн өгсөн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 101-103-р хуудас),

5. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5082 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23-р хуудас),

6. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 519 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-40-р хуудас),

7. Шинжээч эмч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...цээжний зүүн талын 2-3 хавирга эгэмний дунд шугамаар хугаралттай байгаа нь цээжний зүүн урд дээд хэсэгт хүч үйлчилснээс уг гэмтэл учрах ба дээрх асуултанд дурдагдсан урагшаа чиглэлд хавтгай бус гадаргуу дээр унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

8. Ахлах шинжээч эмч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр эсвэл нэг удаагийн унах үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99-100-р хуудас),

9. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 90-93-р хуудас),

10. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-50-р хуудас),

11. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 110-111-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруу тогтоогдов.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, яллагдагч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас прокурорын чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийвдэрлэв.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Г /РД:ҮҮ00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.МӨНХБАЯР