Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01114

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01114

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ц,

Хариуцагч: Ш.Г холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, 155/2021/01047/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ч.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Гтай 2007 онд танилцан, дотно үерхэж гэр бүл болохоор ярилцаж байсан. Намайг жирэмсэн болсон байхад Ш.Г ирэхээ байж, утсаа ч авахгүй болсон. Гэтэл өөр хүнтэй гэр бүл болсон байсан. Би охин Ц.Н 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн, одоо 13 нас хүрэх гэж байна. Энэ хугацаанд охинтойгоо огт уулзаж байгаагүй. Би ажлаасаа гарсан, охин маань том болж хэрэглээ их болсон тул эцгээс нь тэтгэлэг гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Гтай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж, хүүхдийн тэтгэлэг төлөх талаар гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулахаар ярилцсан боловч тохиролцсон хугацаандаа ирээгүй.

Иймд охин Ц.Н төрсөн эцэг Ш.Г мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Гд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Ш.Гд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ч.Ц, Ш.Г нар 2007 онд танилцан, үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин Ц.Н төрж, эх Ч.Цээр овоглон бүртгүүлсэн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон Ц.Н, эмэгтэй, 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөхөд төрснийг Мөрөн ИБМ төрсний бүртгэлд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0267385-178 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтас хэргийн 2 дугаар хуудас)

хүүхэд эрүүл бойжиж буй тухай Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын Ц.Н 12 нас, эм, онош: sanus эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт (хавтас хэргийн 4 дүгээр хуудасзэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Ш.Гг охин Ц.Н төрсөн эцэг мөн, түүнд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Учир нь хариуцагч Ш.Гд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн, нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ. Хариуцагч Ш.Г хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ц.Н нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Ш.Ггаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Ц.Н тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Н төрсөн эцэг Ш.Г мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ц.Н тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Н 12 нас 09 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийг охин Ц.Нд сар бүр хариуцагч Ш.Г төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Нд сар бүр төлөх 213.800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, бүгд 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 126.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Хариуцагч Ш.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Ч.Ц түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Н төрсөн эцэг Ш.Г мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Н 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ш.Ггаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ггаас улсын тэмдэгтийн хураамж 126.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Цд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА