| | 2018 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2018/02110 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Р ХХК нэхэмжлэлтэй, Хариуцагч: Э ХХК холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 23,625,000 төгрөгийг буцаан гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь “Э” ХХК-тай 2015 оны 11 сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч болох “Э” ХХК нь манай компанийн захиалгаар баригдаж байгаа, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Рома хотхон”-ы цахилгаан халаалтын систем угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтанд оруулж, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Цахилгаан халаалтын систем угсрах угсралтын ажлын нийт төлбөр 22,500,000 төгрөг байхаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үндсэн төлбөрийн 70% болох 15 750 000 төгрөгний урьдчилгаа төлбөрийг 2015.11.25-ны өдөр төлсөн. Дээр дурдсанчлан манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг удаа дараа өгсөн ч мөн л ажлаа хийгээгүй. Иймд гэрээний 9.1.5-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд нөгөө тал нь гэрээг хугацаанаас нь өмнө болох бөгөөд ...” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 сарын 25-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч болох манай компанийн зүгээс цуцалж ийнхүү цуцалснаа 2018 оны 01 сарын 22-ны өдөр “Э” ХХК-д мэдэгдсэн. Иймд хариуцагч болох “Э” ХХК-иас 2015 оны 11 сарын 25-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 15,750,000 төгрөг, гэрээний 8.1.1-т ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутамд захиалагч төлнө” гэж заасны дагуу алданги 7,875,000 төгрөг, нийт 23,625,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Э ХХК-ийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Тус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 15.750.000 төгрөг дээр алдангид 7.875.000 төгрөг нийт 23.625.000 төгрөг манай байгууллагаар төлүүлэхээр шаарджээ. Манай Э ХХК нь тус байгууллагатай 2015 оны 11 сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тус байгууллагын захиалгаар баригдаж байгаа Хан- Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Рома хотхоны цахилгаан халаалтын систем угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш манайх тус байгууллагын ажлыг хийж гүйцэтгэхээр цахилгаан халаалтаа бэлдчихээд, суурилуулах гэтэл танай байгууллага “манайх төвийн халаалтаар шийдчихсэн, гэрээгээ буцаая” гэж хэлсэн. Танай байгууллага нь манайд албан ёсоор гэрээ цуцлах тухай мэдэгдээгүй атлаа өөрсдийн давхар өөр байгууллагатай гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлснийхээ дараа бидэнд мэдэгдсэн. Дээрх нөхцөлүүд нь дан манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлах нөхцөл биш юм. Тиймээс бид дараах байдлаар танай байгууллагатай эвлэрэх санал тавьж байна. Бид гэрээний үүргээ илтэд биелүүлээгүй зайлсхийсэн буруутай асуудал байхгүй, танай байгууллагын сонголтоор өөр байгууллагаар ажлаа хийлгэсэн нь манай байгууллагын буруутайгаас үүргийн гүйцэтгэл хангагдаагүй асуудал байхгүй гэж үзэж байгаа тул алдангид тооцсон 7.875.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Гэрээний урьдчилгаанд төлсөн 15.750.000 төгрөг манай байгууллага хүлээж авсан нь үнэн. Бид үүнд маргахгүй, харин бидний төлбөр төлөх боломж бололцоо муу байгаа тул бид танай байгууллагад 15.750.000 төгрөгийн хөлсөнд дүйцэхүйц халаалт болон сантехник угсралтын ажил хийж гүйцэтгэж өгөх хүсэлттэй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Р ХХК, хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 23,625,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 15,750,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, алданги 7,875,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Зохигч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх байгуулж, тус гэрээгээр хариуцагч цахилгаан халаалтын систем угсрах угсралтын ажлыг 22,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлсийг төлөхөөр тохиролцжээ. Гэрээ байгуулсан өдөр хариуцагч Э ХХК-ийн захирал *******ын ХААН банк ХХК дахь ... тоот дансанд нэхэмжлэгч 15,750,000 төлсөн ба энэ талаар зохигч маргаагүй байна. Талуудын хороонд гэрээ байгуулагдсан боловч гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ..... тоот албан мэдэгдлээр гэрээг цуцалсан, хариуцагч уг мэдэгдлийг цахим хаягаар хүлээн авсан талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгээ байгуулагдсан боловч гэрээг хэрэгжээгүй байна. Нэхэмжлэгч гэрээ цуцалсны үр дагаварт гэрээний дагуу шилжүүлсэн 15,750,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар үндэслэлтэй, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээний 8.1.1-д “гүйцэтэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол ... 0,1 хувийн алданги төлнө” гэсэн заалтыг үндэслэн хариуцагчаас 15,750,000 төгрөгийн тавин хувиар тооцон 7,875,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй буюу зохигчийн хооронд байгуулсан гэрээ хэрэгжээгүй, гэрээний үүргийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг гэрээ цуцалсны үр дагавартай холбоотой харилцаанд хэрэглэхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна. Хариуцагч шүүх хуралдаанд “бид гэрээ байгуулснаас хойш ажлыг хийж гүйцэтгэхээр цахилгаан халаалтаа бэлдчихээд, суурилуулах гэтэл нэхэмжлэгч “манайх төвийн халаалтаар шийдчихсэн, гэрээгээ буцаая” гэсэн, гэрээ цуцлах талаар албан ёсоор мэдэгдээгүй, дээрх нөхцөл нь гэрээ цуцлах нөхцөл биш юм” гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй. Иймд хариуцагч Э ХХК-иас 15,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 15,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,875,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э ХХК-иас 236,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй. 4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ |