| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 1811013730536 |
| Дугаар | 2021/ДШМ/51 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/51
186/2020/0590/Э
2021 01 07 2021/ДШМ/51
Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Анармөнх,
хохирогч Б.Д-,
шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Н-, Б.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох эрүүгийн 1811013730536 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э-,
2. Э-н Ч-,
Ц.Э- нь ганцаараа:
1. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгаа” гэдгийг мэдсээр байж “өөрийн байр” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.О-гаас 50.000.000 төгрөгийг залилан авсан,
2. 2015 оны 1 дүгээр сард “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60.000.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцон” зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Д-аас урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
3. 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12.000.000 доллараар зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.О-аас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
4. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Б-аас 37.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
5. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хятад улс руу мах гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Х 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг гулууз хонины махыг залилан авсан,
6. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “ гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Н-гаас 15.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
7. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч, тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж авчирч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Г-оос 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
8. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “БНХАУ-аас ковш загварын тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Б-оос 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
9. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “БНХАУ-аас ачааны 20 ширхэг “Норд бенз” автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд БНХАУ-н худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж 3.800.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “БНХАУ-д очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2.000.000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Э-оос нийт 5.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
10. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн Т.Б эзэмшлийн 000000000000 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж А.Б-ын нэр дээр шилжүүлэн авч залилсан,
11. “Би Цэнгэл даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол улс дахь төлөөлөгч Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Г.Э-аас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар /нийт 2.900.000/ шилжүүлэн авч залилсан,
12. 2018 оны 8 дугаар сарын 9, 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн П.А-аас 11.630.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
13. Ц.Э-, Э.Ч- нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.О-аас 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
14. Э.Ч- нь ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “БНХАУ-ын CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Э 3.800.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, Ц.Э- нь үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 164.816.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Э.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э-н Ч-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Ц.Э-гийн цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 810.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 9.190.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-гаас 12.400.000 төгрөг хохирол гаргуулан хохирогч Баянгол дүүрэг 3 дугаар хороо, тоотод оршин суух Н- /РД: ТД79111813/-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүгдэгч Ц.Э- нь 54 хоног, Э.Ч- нь 57 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч М.Н- давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2 өдрийн дугаар 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолоор Ц.Э-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг 9.190.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн хувьд Ц.Э-н хийсэн үйлдэлд тохироогүй ял оногдуулж, ял завших боломжийг олгож байна. Хохирогч М.Н- надаас Ц.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 12 дугаар сарын 31 өдөр хүртэл бэлнээр болон дансаар нийт 15.400.000 төгрөгийг “уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч, худал хэлэн үнэмшүүлж авсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүй болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ц.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогч Н-тай холбогдож хохирол төлбөрийг барагдуулах гэсэн боловч хаягтаа байхгүй, олдохгүй байгаа тул түүнд хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Хохирол төлбөрийг төлөх бүрэн боломжтой байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ. 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие ажилтай байсан тул оролцож чадаагүй. Би хаягтаа байхгүй гэдэг нь худал бөгөөд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23-Б-29 тоот хаягт амьдардаг болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хаягаа өгсөн бөгөөд шүүхээс шийтгэх тогтоолын хувийг хохирогч Н- надад энэ хаягаар хүргүүлж, миний бие хүлээн авсан. Гэтэл намайг олдохгүй байгаа, хаягтаа байдаггүй гэж байгаа нь үндэслэлгүй, гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тэмдэглүүлсэн хаяг, утас одоог хүртэл хэвээр байгаа болно. Мөн шүүх хохирогч М.Н-гийн хохирлыг 12.400.000 төгрөгөөр тогтоох тухай улсын яллагч болон өмгөөлөгч нар тайлбар хийсэн тул шүүх хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Э-гаас 12.400.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д олгуулах нь зүйтэй байна гэж дүгнэжээ. Прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар тавиад хохирол төлбөрийг хасаж тооцож байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолд энэ талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт байхгүй байх бөгөөд 3.000.000 төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүй иргэн миний бие хохирч байна. Хэргийн материал болон гэрч Наранцэцэгийн мэдүүлгээр Ц.Э- нь гэрч Наранцэцэгээс авсан мөнгөө буцааж өгөхдөө намайг хуурч надаар Наранцэцэг гэж хүний дансанд мөнгө шилжүүлүүлсэн нь тодорхой байдаг. Гэтэл хохирол төлбөрөөс шүүх ямар үндэслэлээр 3.000.000 төгрөгийг хасаж байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие яагаад Ц.Э- гэгчийн өр төлбөрийг төлөх ёстой болж байгаа нь ойлгомжгүй байна. Наранцэцэг нь энэ мөнгийг хохирогч надад төлөх тухай огт мэдүүлээгүй бөгөөд надад өгөөгүй. Шүүх хурал болсноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Э- нь надтай огт холбогдоогүй бөгөөд миний хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, төлөх талаар санаачлага гаргаагүй. Мөн шүүх шүүгдэгч олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй байхад хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэдэг үндэслэлээр торгох ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч намайг хаягтаа байхгүй, олдохгүй байна гэж худал хэлсэн байхад үнэн зөвийг нь тогтоолгүй шүүгдэгчийн хэлсэн худал үгийг үндэслэл болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд үүнд гомдолтой байна. Мөн прокуророос тогтоосон хэргийн зүйлчлэл тохироогүй байхад шүүх анхаараагүй. Учир нь, Ц.Э- гэгч нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнөөс хойш залилан мэхлэх гэмт хэргийг олон удаа үйлдэж олсон орлогоо амь, амьдралдаа хэрэглэж дууссан гэж мэдүүлсэн байхад амьдралын эх үүсвэр эсэхийг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг шийдвэрлэж гэм буруутай этгээдийг ял завшуулж байгаад гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн зүйлчлэл тохироогүйн улмаас ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2015 оны 2 дугаар сард “хүнсний дэлгүүр зарна” гэсэн зарын дагуу Чингэлтэй дүүрэг 9 хороо Дэнжийн 30-ын 488 тоотод очоод дэлгүүр хаалттай байсан болохоор үзэж чадаагүй Өвөрхангайд очоод хоёр хонож байтал “дэлгүүрийг хүн авах гээд байна, урьдчилгаа явуул” гээд тухай үед мөнгөгүй байсан тул машинаа ломбарданд тавьж 1.500.000 төгрөг явуулсан. Энэ байдлаар мөнгө нэхсээр, мөнгө шилжүүлсээр 4 сард ирэхэд аль хэдийн зарчихсан дэлгүүрээ “надад зарна” гээд мөнгө авчихсан байсан. Энэ хугацаанд надад нэг ч төгрөг өгөөгүй. 2020 оны 2 дугаар сард эмнэлэгт байхад гэнэт залгаж “уулзая, мөнгө өгье” гэсэн. Эмнэлгээс гараад очиход 200.000 төгрөг өгөөд “шүүх хуралд оролцож чадахгүй гэсэн бичиг хийж өг” гэж шаардаж, “энэ шүүх хуралд оролцож чадахгүй” гэсэн бичиг хийлгэсэн. Дараа нь Ц.Э-н байцаагчийг олж уулзахад “прокурор Анармөнхтэй очиж уулз” гэсэн. Прокурор Анармөнхтэй очиж уулзахад “шүүх хурлын тов гараагүй, танд шүүх хурлын тов гарахаар зарлан дуудах явуулна” гэсэн ч надад нэг ч зарлан ирээгүй, шүүх хурал болох хугацааг мэдэгдээгүй. Энэ шүүх хурал 5 удаа болсон ч нэг ч мэдэгдэл ирээгүйгээр барахгүй Ц.Э- нь шүүх хуралд 11.450.000 төгрөг өгсөн мэтээр худал ярьж, худал бичиг баримт бүрдүүлэн өгсөн байна. Ц.Э-н хурал болох гэж байгаа гээд сонсоод очиход хурал нь болоод өнгөрсөн байлаа. Энэ хүнээс болж миний амьдралд маш их хохирол учирсан. Нөхөр бид хоёр салсан. Сэтгэл санааны байдлаас болж Д- миний бие хүндээр өвдөн яаралтай хагалгаанд орох болсон талаар Ц.Э-д хэлж “мөнгө хэрэгтэй” байгаагаа хэлэхэд “удахгүй өгнө, аравхан сая төгрөг юу байхав удахгүй өгнө, биеэ гамна” гээд байсанд нь итгээд байж байтал шүүх хуралд намайг оролцуулалгүй, мөн бэлнээр 200.000 төгрөг өгч сүрдүүлэн гарын үсэг аваад шүүх хуралд надад 11.450.000 төгрөг төлж барагдуулснаар хуурамч баримт бүрдүүлэн өгсөн байх юм. Намайг дуудаж хавтаст хэрэгтэй нэг ч удаа танилцуулаагүй, нэг ч шүүх хурлын зарлан ирээгүй би энэ хаяг дээрээ 5 жил амьдарч, утасны дугаараа 10 гаруй жил барьж байгаа. Шүүх хуралд оролцох миний эрхийг ноцтой зөрчиж, хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, авсан мөнгөө төлөөгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний хохирлыг барагдуулж, хэргийг дахин нягтлан шалгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э-, Э.Ч- нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...5 дугаар хавтас хэргийн 231 дэх талд байгаа 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Б.Д-ын “цагдаад өргөдөл гаргасан боловч манай нөхөр Доржпүрэв иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд өргөдөл гаргаж шүүхийн шийдвэрээр төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна. Одоо Ц.Э- нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан ба би Ц.Э-тай ямар нэгэн тооцоогүй, гомдол санал байхгүй тул цагдаад гаргасан өргөдлөө буцааж авах хүсэлтэй байна” гэсэн хүсэлт байгаа. Мөн миний бие 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6903 тоот шийдвэр гарч, иргэн Доржпүрэвт 11.450.000 төгрөгийг Ц.Э-гаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоо явагдаад дуусч байгаа. Тэгэхээр хохирол, төлбөрийн асуудлыг харж үзэх шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн хариуд “өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангасугай” гэсэн прокурорын тогтоол гарсан. Б.Д- нь иргэний шүүхийн шийдвэр гаргуулсан, Доржпүрэвтэй гэр бүлийн хүмүүс. Эдгээр хүмүүс гэр бүл цуцлуулсан эсэх, хэдэн төгрөг хэнээс авах ёстой, хэн нь хэндээ хэдэн төгрөг өгөх ёстой зэрэг дундын эд хөрөнгийн өмчлөхтэй холбоотой маргаантай асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Энэ асуудлыг Б.Д- ойлгоод 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хүсэлтдээ дурдсан байсан. Харин давж заалдах гомдолд дурдсан шиг зохиомол байдлыг бий болгож, төлөөгүй байгаа мөнгийг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Иргэний шүүхээр гаргуулахаар шийдсэн төлбөрийг нөхрөөсөө салсан гэдэг үндэслэлээр тус тусдаа гаргуулж авахаар нэхэмжилж ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Б.Д-ын гомдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал гэж үзэн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн хохирогч М.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг л удаа хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш удаа дараа мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирдэггүй.Давж заалдах гомдолдоо дурдсан 3.000.000 төгрөгийн талаар нотлох баримт гаргаж өгдөггүй. Д.Н-гаас гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд прокуророос 12.400.000 төгрөгийг хохиролд тооцож, үүнийг Ц.Э- төлөхөө илэрхийлсэн. 2020 оны 8 дугаар сард энэ хэрэгт шүүхэд шилжсэн. М.Н-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар өмгөөлөгч, прокурорын хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд удаа дараа хойшилж, М.Н-д мэдэгдэх хуудас байнга хүргүүлж байсан. Иймээс хохирогч М.Н-гийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин тодорхойгүй байгаа 3.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан тул ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. 3.000.000 төгрөгийн тухайд Шагдарсүрэн гэж хүний эхнэрийнх нь данс руу 5.000.000 төгрөг шилжүүл гээд буцаагаад 2.000.000 төгрөгийг өгсөн байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцож улсын яллагчийн дүгнэлт хэлэхдээ зөрүү 3.000.000 төгрөгийг хасаж тооцсон. Иймээс үүнийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан М.Н-д учирсан хохирлыг 15.400.000 төгрөгөөр тооцож өгнө үү. Мөн прокурорын зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд хохирогч Б.Д-, М.Н- нарыг оролцуулах хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл хохирогч нар нь бүртгэлтэй хаягтай байдаггүйн улмаас шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Мөн шүүгчийн туслахаас тухай бүрд нь эдгээр хүмүүс хаягтаа байдаггүй, утас нь холбогддоггүй гэдэг тайлбарыг хэлж байсан. Иймээс хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хаасан, боогдуулсан зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаад прокурор хангаж шийдвэрлэж байсан гэж байна. Гэтэл тухайн хүсэлт нь иргэний журмаар шийдвэрлэсэн шийдвэрийг хавтас хэрэгт хавсаргуулах тухай хүсэлт байсан. Энэ хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн болохоос иргэний журмаар шийдвэрлэгдсэн байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зүйл байхгүй. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гаргах ёстой байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Д-ын “гомдол, саналгүй, хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэсэн нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хохирогч Б.Д-д төлөх хохирол, төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолын хохирогч М.Н-гийн хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шалгавал зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал шаардлагатай.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхийн үйлдсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 305 дугаар яллах дүгнэлтээр Э.Ч-ийг ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “БНХАУ-ын “CCPIT China” байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж О.Эрдэнэзулаас 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Ц.Э-тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сард “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж С.О-аас 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Уг яллах дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Ч-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. / хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн/
Гэтэл Э.Ч- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан байхад /4хх-116/ түүнийг Ц.Э-тай бүлэглэн 2017 оны 6 дугаар сард С.О-аас 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж прокурорын яллах дүгнэлтийг хуулбарлан бичиж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, хэн үйлдсэн болохыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Э-г 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр ганцаараа болон Э.Ч-той бүлэглэн “амины орон сууц, дэлгүүр зарна”, “Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө”, “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө”, “Хятад улс руу мах гаргаж өгнө”, ““Тэмээн чулуу” гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө”, “БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч, тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж авчирч өгнө”, “БНХАУ-аас “Ковш” болон “Норд бенз” загварын тээврийн хэрэгсэл, цахилгаан шат, хөргөлтийн тоног төхөөрөмж хямдаар, зээлээр оруулж ирж өгнө”, “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 13 хохирогчид 164.816.800 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллахаар тусгахдаа тухайн тухайн зүйл, заалтын аль шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж байгаа нь тодорхойгүйн дээр гэмт хэргийн хохирол хэр хэмжээг зөрүүтэй тогтоосон байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлыг нягтлан шалгаж, ямар ч дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлтийг хуулбарлан бичсэнээс гадна шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хэргийн үйл баримт, үндэслэл, шаардлагад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Ц.Эрдэнэдайлайд тухайн зүйлд заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр, шүүгдэгч Э.Ч-т ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан шаардлага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Нөгөөтэйгүүр хохирогч Б.Д- нь “хохирол бодитоор төлөгдөөгүй” гэх давж заалдах гомдол гаргасан ба анхан шатны шүүх “мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Д-т 11.450.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан” гэж дүгнэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 6903 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох” захирамжаар Б.Д-т учирсан 11.450.000 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн /5хх 95/ байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч шүүгдэгч Э.Ч-ийг ял эдлэж байх хугацаанд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргээ уншиж судлаагүй, хэт хайнга, хариуцлагагүй, алдааг гаргасны дээр яллах дүгнэлтийг хуулж бичин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргээ бүрэн, дүүрэн биелүүлээгүй байгааг дурдаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-, Э.Ч- нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Ц.Э-, Э.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН