Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0375/З |
Дугаар | 128/ШШ2022/0777 |
Огноо | 2022-10-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2022/0777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А********,
Хариуцагч: Монгол Улсын Их Сургуулийн захирал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар “Б.А******** Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас хассан” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
Нэхэмжлэгч Б.А******** Монгол Улсын Их Сургуулийн захиралд холбогдуулан “Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаартай “Б.А******** Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас хассан” тушаалыг хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.А******** нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн бакалаврын түвшний оюутнаар элсэж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захиралтай “Монгол Улсын Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулан эрх зүйн 4 дүгээр түвшинд суралцаж байжээ.
2.2. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11/29 тоот албан бичгээр “захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр оюутан Б.А******** сургуулиас хасах” саналыг хүргүүлсэн,
2.3. Улмаар Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалаар Хууль зүйн сургуулийн суралцагч Б.А******** МУИС-ийн нэр хүндийг ямагт хүндэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ илтэд ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнд хүрэхгүй нь илт үндэслэлээр түүнтэй байгуулсан МУИС-д суралцах гэрээг цуцалж, сургуулиас хасахаар шийдвэрлэжээ.
Гурав. Маргаж буй үндэслэлийн талаар.
3.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан “...Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 тоот тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Их Сургуулийн захиралд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 тоот тушаалыг хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
3.2. Нэхэмжлэгч Б.А******** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас хасах тухай шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр би анх олж мэдсэн. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт орших Шангрила төвийн кофе шопд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үл таних хүүхдүүдэд дээрэлхүүлэн маргалдсан үйл явдлыг олон нийтийн сүлжээнд тухайн иргэд өөрсдөдөө ашигтай байдал үүсгэх зорилгоор санаатайгаар тараасан үйлдлээр шалтаглан сургуулиас хасах шийдвэрийг МУИС-ийн захиргаа гаргасан байна.
Сургуулиас хасах шийдвэрийг МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас Төлөөлөн Удирдах зөвлөлд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн байсан. Энэ талаар асууж, тодруулна хэмээн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн сургалтын албанаас дуудаж уулзсан. Энэхүү уулзалтыг "сонсох ажиллагаа" гэж нэрлэсэн ч энэ нь сонсох ажиллагаа байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааны шаардлагыг хангаагүй, нэгэнт гаргасан шийдвэрийнхээ алдаа, үр дагаврыг арилгах зорилгоор субъектийн зүгээс гаргаж байгаа хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд сургуулиас хасах шийдвэр гаргахаас өмнө энэхүү сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй байсан юм. МУИС-ийн захирал Б.О********* 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/98 тоот тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4, 14.5 дах хэсэгт заасныг баримтлан шүүхэд хандсан.
Уг захиргааны акт нь Б.А******** Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7 "сурч боловсрох эрхтэй” гэсэн туйлын эрхийг зөрчсөн гэж үзнэ. Дээд боловсролын тухай хуулийн 3.1. "Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, coën төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.", Боловсролын тухай хуулийн 4.1 "Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино." гэснээр МУИС нь суралцагчийг бие хүн болж төлөвшихөд анхаарч, сурч боловсрох эрхээр хангах боломжийг бий болгож өгөх үндсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна.
Боловсролын тухай хуулийн 5.1.4. “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хуйс хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, ... сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана" гэснээр суралцагч ямар төрлийн хүн байхаас үл хамааран мөн хуулийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар суралцах эрхтэй төдийгүй боловсрол заавал эзэмших үүрэгтэй байна.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тайлбартаа: “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олон нийтийн сүлжээгээр Шангрила төвийн кофешопд нэхэмжлэгчийн эмэгтэй хүн дээр кофе асгаж буй бичлэг цацагдаж эхэлсэн бөгөөд бидний зүгээс уг асуудлыг нягталж шалгахад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр түвшний суралцагч Б.А******** байсан. Бидний зүгээс энэ асуудлаар сонсох ажиллагаа явуулж нэхэмжлэгчээс асууж тодруулахад "Одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж дуустал сурах боломжоор хангаж өгнө үү” гэсэн, өөрөөр хэлбэл өөрөө дээр дурдсан асуудлыг үүсгэснээ хүлээн зөвшөөрсөн болно.
Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5-д "Суралцагч сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих үүрэгтэй”, Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ”, Монгол Улсын Их сургуулийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “Суралцагч холбогдох хууль тогтоомжид заасан үүрэг хүлээхээс гадна МУИС-ын хүрээнд ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан, мөн МУИС-д суралцах гэрээний 3.4-т "Оюутан МУИС-ын нэр хүндийг ямагт хүндэтгэх, багш, ажилтан, бусад суралцагчдад хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандаж харилцана" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үүргээ умартаж, сургуулийн нэр хүндийг унаган, бусдад хүндэтгэлгүй, ёс зүйгүй хандсан, уг үйлдэл нь олон нийтийн сүлжээгээр тархсан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь уг ёс зүйгүй байдлаа хүлээн зөвшөөрсөн юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль өөрийн эрхэм зорилгод нийцүүлэн сургалт, эрдэм шинжилгээ, нийгэмд үйлчлэх чиг үүргээ хариуцлагатай, хэлбэрэлтгүй биелүүлэхийн тулд нийтлэг үнэт зүйлс, ёс суртахууны зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллахыг багш, ажилтан, суралцагч нартаа тайлбарлан таниулдаг бөгөөд дээрх байдлаар тус сургуулийн ёс суртахууны зарчим, хэм хэмжээг зөрчсөн суралцагчид зохих хариуцлагыг хүлээлгэж сургуулиас хасаж шийдвэрлэсэн юм.
Иймээс Монгол Улсын Их сургуулийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7-д "МУИС-ийн дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон суралцагчийг сургуулиас хасах арга хэмжээг бүрэлдэхүүн сургуулийн захирлын саналыг үндэслэн МУИС-ын захирал шийдвэрлэнэ” гэж заасан. МУИС-ын бүрэлдэхүүн сургууль болох Хууль зүйн сургуулийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11/29 тоот албан бичгээр тус сургуулийн оюутан Б.А МУИС-иас хасах саналтай байх тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг ирүүлсэн тул уг саналыг үндэслэн МУИС-ийн захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалыг гаргасан болно.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: "...2022 оны 03 дугаар сарын 05-ны сургуулийн сургалтын албанаас дуудаж уулзсан. Энэхүү уулзалт сонсох ажиллагаа биш, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагааны шаардлагыг хангаагүй, нэгэнт гаргасан шийдвэрийнхээ алдаа, үр дагаврыг арилгах зорилгоор субъектийн зүгээс гаргаж байгаа хууль зөрчсөн үйлдэл, эрх бүхий этгээд сургуулиас хасах шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй байсан” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу сургуулийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж, түүний тайлбарыг сонсож, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд түүнээс хойш 15 хоногийн дараа маргаан бүхий акт болох Монгол Улсын Их Сургуулийн захирлын А/98 дугаар тушаал нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гарсан болно.
Түүнчлэн Б.А******** нь сонсох ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр сургуулиасаа гарах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг мөн гаргасан болох нь сонсох ажиллагааны мэдэгдэлд тэмдэглэгдсэн. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7 дахь хэсэгт “иргэн бүр сурч боловсрох эрхтэй" гэж заасан байдаг ч сурч боловсрох эрхийг олгож буй байгууллагын дүрэм, журам, цаашлаад энэ талаар зохицуулсан хууль тогтоомжоор заасан үүргийг биелүүлэх ёстой байтал уг үүргээ зөрчсөн байдлаасаа урьтаж өөрийн Үндсэн хуульд заагдсан эрхийг зөрчсөн гэж дээрх байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч талуудаас шүүхэд ирүүлж хэрэгт хавсаргасан видео бичлэгээр хэлбэржсэн нотлох баримтыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалаар Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Монгол Улсын Их Сургуулийн дүрмийн 4.3.1, 6.6, 6.6.4, 6.6.5, 6.7, Хууль зүйн сургуулийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11/29 тоот албан бичиг, МУИС-д суралцах гэрээний 2.4, 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн сургуулийн суралцагч Б.А******** “МУИС-ийн нэр хүндийг ямагт хүндэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ илтэд ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнд хүрэхгүй нь илт” гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан МУИС-д суралцах гэрээг цуцалж, сургуулиас хасаж шийдвэрлэсэн.
2. Б.А******** нь олон нийтийн газарт бусдын толгой дээр аягатай кофе асгаж буй видео бичлэг цахим сүлжээгээр олон нийтэд цацагдсан үйл баримтын хувьд болон энэ үйлдэл нь сургуулиас хасах шийдвэрийн үндэслэл болсон эсэхтэй талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь “тухайн үйлдэлд гэм буруутай эсэхийг, гэмт хэрэг, зөрчил эсэхийг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй байхад гэм бурууг урьдчилан тогтоож шийдвэрлэсэн, сургуулиас хасах шийдвэрийн талаар сонсох ажиллагаа хийгээгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох үндсэн эрхэд халдсан, нэг үйлдэлд шийтгэлийг давхардуулан ногдуулсан” хэмээн маргажээ.
3. Актад баримталсан хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл,
Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5-д “суралцагч сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих үүрэгтэй”, Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ”, Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаартай тогтоолоор баталсан тус сургуулийн дүрмийн 4.3.1-д “захирал нь МУИС-ийг төлөөлж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.6-д “Суралцагч холбогдох хууль тогтоомжид заасан үүрэг хүлээхээс гадна 6.6.4-т “МУИС-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмыг баримтлах”, 6.6.5-д “МУИС-ийн хүрээнд ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх” үүрэгтэй”, 6.7-д “МУИС-ийн дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон суралцагчийг сануулах, сургуулиас хасахаар сануулах, сургуулиас хасах арга хэмжээг бүрэлдэхүүн сургуулийн захирлын саналыг үндэслэн МУИС-ийн захирал шийдвэрлэнэ”, МУИС-д суралцах гэрээний 2.4-т “Монгол Улсын хууль тогтоомж болон МУИС-ийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн оюутныг сургуулиас хасна.”, 3.4-т “Оюутан МУИС-ын нэр хүндийг ямагт хүндэтгэх, багш, ажилтан, бусад суралцагчдад хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандаж харилцах үүрэгтэй.” гэж заажээ.
Түүнээс гадна Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар Дээд боловсролын сургалтын байгууллага нь “суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх” эрх үүргийг хэрэгжүүлэхээр байна.
4. Б.А******** нь олон нийтийн газарт бусдын толгой дээр аягатай кофе асгаж буй видео бичлэг цахим сүлжээгээр олон нийтэд цацагдсаны дараа түүний суралцдаг салбар сургууль болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргааны зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг болон өөрийнх нь цахим сүлжээнд энэ асуудлаар хийсэн бичлэгийн талаар хэлэлцэж, “үйл баримт нь илт байна, уг үйлдлээрээ нийгмийг бухимдуулж, бусдад гэм хор учруулсан үйлдлээрээ МУИС-ийн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэр хүндэд ноцтой халдсан, МУИС-д суралцах гэрээний үүргээ болон МУИС-ийн дүрмийн 6.6.5-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр “тухайн суралцагчийг сургуулиас хасах саналыг МУИС-ийн захиралд хүргүүлэхээр шийдвэрлэж, улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал мөн өдрийн 11/29 тоот албан бичгээр энэ саналыг МУИС-ийн захиралд хүргүүлжээ.
Энэ шийдвэрийн үндэслэлд тайлбар авахаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр түүнд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, мэдэгдэлд заасан хугацаанд буюу 3 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 202 тоотод Б.А********байлцуулан салбар сургуулиас ирүүлсэн саналыг сонсгож, энэ талаар тайлбар авсан, энэ ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцсэн, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.3, 27.4.3, 27.5-д заасан “захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, түүнд сонсох ажиллагаа хийж, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоно, тайлбар гаргах боломжит хугацаагаар сонсох ажиллагаа явуулах хугацаа, байрлал, дараалал, гаргах шийдвэрт хамаарах хууль, тогтоомжийн зохицуулалт, шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, шийдвэрийн үндэслэлийн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, сонсох ажиллагааг биечлэн явуулах” журмаар явагджээ. Тодруулбал хариуцагч МУИС-ийн захирал шийдвэр гаргахдаа бүрэлдэхүүн сургуулийн захирлын “сургуулиас хасах” санал, түүний үндэслэлийн талаар сонсох ажиллагааг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу хийсэн байна.
5. Ийнхүү хариуцагч МУИС-ийн захирал нь салбар сургуулийн захирлын саналыг үндэслэн тухайн суралцагчийг “МУИС-ийн нэр хүндийг ямагт хүндэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ илтэд ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр тус сургуульд суралцах гэрээг цуцалж, сургуулиас хасаж шийдвэрлэсэн нь тушаалд баримталсан Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, Монгол Улсын Их Сургуулийн дүрмийн 4.3.1, 6.7, МУИС-д суралцах гэрээний 2.4-т заасан эрх хэмжээний хүрээнд гарсан байна.
6. Түүнчлэн Хууль зүйн сургуулийн суралцагч Б.А******** нь олон нийтийн газарт бусдын толгой дээр аягатай кофе асгасан үйлдэл нь, энэ талаараа олон нийтийн сүлжээнд хийсэн тайлбар нь сургуулийн дүрмийн 6.6.5-д заасан болон суралцах гэрээний 3.4-т заасан үүргээ зөрчсөн “ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахиагүй, Монгол Улсын Их Сургуулийн болон эрдмийн нэр хүндийг хүндэтгээгүй” зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Их сургуулийн суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5, Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар тухайн сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн сахих үүрэгтэй, сургуулийн дүрмийг болон суралцах гэрээг зөрчсөн нь тухайн суралцагчийг сургуулиас хасах, суралцах гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд энэ талаар шийдвэр гаргахад салбар сургуулийн саналыг харгалзахаар байх тул суралцагч Б.А******** гаргасан “ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахиагүй, Монгол Улсын Их Сургуулийн болон эрдмийн нэр хүндийг хүндэтгээгүй” зөрчилд салбар сургуулийн захирлын саналаар суралцах гэрээг цуцалж, сургуулиас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь хууль зүйн сургуулийн суралцагч нь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох, хууль тогтоомжийг сахиулах эрх зүйч, хуульч болохоор бэлтгэгдэж байгаагийн хувьд харилцаа хандлага, ёс зүй, хүний эрхийн мэдрэмжийн хувьд өндөр төлөвшилтэй байхыг шаардах нь зүйн хэрэг бөгөөд түүний гаргасан зөрчил нь ёс зүйн наад захын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээр байна.
7. Цахим сүлжээнд олон нийтэд цацагдсан бичлэгээр нийтэд илэрхий болсон тухайн суралцагчийн энэ үйлдэлд хариуцагч сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийж, хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэл болгон хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох үндсэн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэхгүй.
8. Мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаал нь захиргааны зөрчил гаргасан, эсхүл эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг агуулгыг үндэслэл болгоогүй, нөгөөтэйгүүр тухайн суралцагчийн энэ үйлдлийн бичлэг цахим сүлжээнд олон нийтэд цацагдсанаар энэ зөрчил нийтэд илэрхий болсон тул бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
9. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн өмчийн их сургуулийн нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэр буюу Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан харилцаанд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны акттай холбогдох энэ маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. 10. Хариуцагчаас олгосон итгэмжлэл төлөөлүүлэх хуулиар тогтоосон шаардлага хангасан, эрх лдаанд гаргаж өгсөн “оюутнуудын гомдол” гэх бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь энэ баримт нотлох баримтад тавигдах “хуульд залгамжлагч тогтоох шаардлага үүсээгүйг дурьдах нь зүйтэй.
10. Хариуцагчаас олгосон итгэмжлэл төлөөлүүлэх хуулиар тогтоосон шаардлага хангасан, эрх залгамжлагч тогтоох шаардлага үүсээгүйг дурьдах нь зүйтэй.
11. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “оюутнуудын гомдол” гэх бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь энэ баримт нотлох баримтад тавигдах “хуульд заасан журмаар цуглуулсан, бэхжүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 16 дугаар зүйлийн 16.2, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5 дахь заалтыг баримтлан “Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалыг хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Б.А******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА