| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Алтай,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хгийн Еад холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Хгийн Е, 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б аймгийн Н суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл Б аймгийн Н сумын 07 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Е нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөрт шилж шөнө Б аймгийн Н сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, хохирогч Х.Мын зуны амбаарын хажууд байсан “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Х.Маас 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дахь тал/, хохирогч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 16 дахь тал/, гэрч Ү.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, шинжээч “А” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000000000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/, яллагдагч Х.Еын хувийн байдлын талаарх баримт бичгүүд /хавтаст хэргийн 44-68 дахь тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/419 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 110 дахь тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай “Сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай” захирамж /хавтаст хэргийн 120-123 дахь тал/, шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 624 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 128-132 дахь тал/, шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 620 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 182-185 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Еын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
4. Хэргийн үйл баримт
Шүүгдэгч Х.Е нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөрт шилж шөнө Б аймгийн Н сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, хохирогч Х.Мын зуны амбаарын хажууд байсан “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Х.Маас 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
4.3. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-07 дахь тал/,
4.4. Хохирогч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2013 онд Н сумын “Нур” хүнсний дэлгүүрээс 1,300,000 төгрөгөөр улбар шар өнгийн “Даюун” загварын мотоцикл худалдаж авсан юм. Түүнээс хойш тухайн мотоциклийг 9 дэх жилдээ эзэмшиж хэрэглэж байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед мотоциклээр сумын төв орж, буцаад оройн 21 цагийн үед ирээд мотоциклоо зуны амбаарын хажууд тавьсан юм. Маргааш өглөө нь 07 цагийн үед босож гадаа гарахад зуны амбаарын хажууд байсан “Даюун” загварын мотоцикл байхгүй байсан. Тухайн өдөр шуургатай байсан ба би мотоциклийг ойр орчмоос хайгаад олоогүй.
...содон шинж тэмдэг гэвэл урд хойд хамгаалалтыг бүтэн гагнасан байсан.
...хулгайд алдагдсан “Даюун” загварын мотоциклыг бүрэн бүтэн олж авсан. Миний мотоциклийг хулгайлсан тус сумын иргэн Х.Е надаас уучлалт гуйсан.
...надад энэ хэргээс болж ямар нэгэн хохирол учраагүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний мотоциклийн ямар нэгэн эд анги эвдрээгүй, бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 16 дахь тал/,
4.5. Гэрч Ү.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би сумын төвд явж байхад манай сумын иргэн Х.Мтай уулзсан юм. Тухайн үед Х.М нь “гэрийн гадна байсан “Даюун” загварын мотоциклийг хулгайд алдсан, тухайн мотоцикль улбар шар өнгөтэй, улсын дугааргүй, хуучин мотоцикль” гэж надад захисан.
Дараа нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 07 дугаар багийн нутагт байрлах “Арал” гэх газарт явж байхад манай сумын иргэн Х.Е нь улсын дугааргүй улбар шар өнгийн “Даюун” загварын мотоцикл жолоодож Увс аймгийн Бөхмөрөн сум руу явж байсан. Тухайн үед би Х.Еыг зогсоож уулзаж “энэ хэний мотоцикль юм бэ, та хаанаас авсан юм бэ” гэж асуухад “энэ манай хамаатан ах Х.Мын мотоцикль, би энэ мотоциклийг Х.Маас асууж авсан” гэж хэлсэн. Тэр үед би Х.М руу залгаж Х.Мыг дуудсан. Дараа нь Х.М ирж уг улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг аваад явчихсан. Тухайн үед Х.Е ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
4.6. Гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 1 цагийн үед усны эрэгт Х.Е улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож ганцаараа явж байсан. Дараа уг голын эрэгт мотоциклийг чирээд явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
4.7. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000000000 дугаартай “2022 оны 04 дүгээр сарын байдлаар 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, хуучин, Даюун загварын мотоцикль нь 550,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Еаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
7. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.
8. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Е нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ноос 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөрт шилж шөнө Б аймгийн Н сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр, хохирогч Х.Мын зуны амбаарын хажууд байсан “Даюун” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон, шүүгдэгч Х.Е нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Еын амар хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
14. Шүүгдэгч Х.Еын гэм буруутай үйлдлийн улмаас Х.Мд 550,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.М нь шүүгдэгч Х.Еаас “Даюун” загварын мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Еыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
15. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Еад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах үзэх үзүүлэлтүүд байгаа. Дээрх үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, тэр тусмаа түүний хувьд өмнө нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож улмаар прокурорын хяналтын шатнаас хэрэгсэхгүй болгож байсан ийм нөхцөл байдлууд байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээс гадна Сэтгэц, эрүүл мэндийн үндэсний төвд нийт 743 хоног эмчилгээ хийлгэсэн байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жил, 13 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эмчлэгдсэн хоногийг хоригдсон хоногт нь оруулан тооцож түүнийг энэ тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулаад, түүнийгээ эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтүүдээ холбогдуулж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болно.” дүгнэлтийг,
16. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирлыг бүрэн арилгасан буюу өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хэрэг шалгагдах явцад өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр албадан эмчилгээнд явуулсан. Тэнд 743 хоног эмчлүүлж гарч ирсэн. Дараа нь шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж тогтоосон байгаа. Улсын яллагчаас шүүгдэгчийг 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, 743 хоногийг ял эдэлсэн тооцох дүгнэлт гаргаж байна. Уг дүгнэлтийг дэмжиж байгаа болно. Өөрөөр хэлбэл 743 хоног тэрээр эрхээ хасуулж, албадан эмчилгээнд байсан. Тиймээс уг хугацааг ял эдэлсэн гэж тооцох үндэслэлтэй байна.” дүгнэлтийг тус тус гаргасан байна.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
18. Шүүгдэгч Х.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
19. Шүүгдэгч Х.Еын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1997 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй байна.
20. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
21. Шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 2 жил 12 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Х.Еын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Х.Еад оногдуулсан 2 жил 12 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
23. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/216 дугаартай захирамжаар яллагдагч Х.Еыг прокурорын саналыг үндэслэн хэрэг хариуцах чадваргүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх, сэтгэцийн эмгэг судлалын тасагт 3 жилийн хугацаагаар эмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 620 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Е нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоож, мөн төвийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2-2/518 дугаартай албан бичгээр шүүгдэгч Х.Е нь 743 хоног хэвтэн эмчлүүлсэн байна.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5. “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлнэ.” гэж заасан тул шүүгдэгч Х.Еын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 743 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
25. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Хгийн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 2 жил 12 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еад оногдуулсан 2 жил 12 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 743 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
5. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Еад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ