Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2019/0672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.П

 

Хариуцагч: С.Б

 

Зээлийн төлбөрт 3.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““, хариуцагч С.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.”““ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн охин “““той 2017 оны 02 сард хадаг тавьж гэр бүл болсон. Төв аймгийн Заамар суманд ажил хийсэн. Ажил хийсэн цагаас хойш цалин буухаар ямар нэгэн асуудал гарлаа гээд дараа нь буцааж өгнө гэсэн нөхцөлөөр мөнгө авдаг байсан. Авсан мөнгийг нийлүүлээд үзвэл 5.000.000 гаран төгрөг болсон. Боломж бололцоог нь хараад мөнгөтэй болохоороо өгөх байлгүй гээд хүлээгээд байсан. Энэ хүн саяхан Заамар суманд үл хөдлөх хөрөнгө маш үнэтэй авсан байна лээ. Буцааж төлнө гэж авсан учраас төлөх чадвартай гэж үзээд шүүхэд хандаж байна. Нийт 5.200.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өгсөн. 300.000 төгрөгөөр 3 удаа, 800.000 төгрөг нэг удаа, аавын бие муудаад 2017 оны 6 дугаар сарын 25-нд 700.000 төгрөг, 2016 оны өвөл ээж харвалт өгөөд идэшнийхээ мөнгөөр та эм тариагаа ав гээд хэрэглэ гээд үхэр адуу өгсөн. Тэгэхэд энэ хүн үхэр адуундаа 1.000.000 төгрөг бодож өгнө гэсэн. Өвчтэй байгаад ажил хийж чадаагүй гээд хүүхдүүдийн хичээл сургуулийн юм бэлдэнэ гээд 2017 оны 09 сард 500.000 төгрөг авсан. 2017 оны 12 сард хугацаатай хадгаламжаас 600.000 төгрөгийг хүнд мөнгө өгөх ёстой гээд авсан. Цагаан сарын юм бэлдэнэ гээд хугацаатай хадгаламжаас 1.500.000 төгрөг, дараа нь хүү нь хэрэгт холбогдоод байна торгуулийн мөнгө хэрэгтэй байна гээд 500.000 төгрөг, 2017 оны өвөл 400.000 төгрөг дугуй засуулна гээд авсан. Дээрх мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг авсан одоо үлдэгдэл 3.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгдийг нь авсан үнэн. Өгсөн авсан дээр маргахгүй. Би 300.000 төгрөгөөр 3 удаа өгөөд, саяхан 800.000 төгрөг шилжүүлсэн. Ээж, аав хоёроор заалгахгүй амьдарна гээд охин сууна гээд ханилсан. Үхэр адууны 1.000.000 төгрөгийг өгөхгүй. Би нинжа хийгээд үйлээ үзээд явж байхдаа энэ хүнийг тэжээсэн. Манайд байхдаа шороо идэж байгаагүй. Аймаар аймаар юм нэхэмжилж байна. Энэ манайд ирэхдээ бакалтай ирж байхад нь би 100.000 гаруй төгрөгөөр хөл нь дулаан яваг гээд цагаан ултай гутал хүртэл авч өгч байсан. Би байшин авах нь авсан. Хашаагаа зараад, 2 гэрээ зараад мөнгийг нь өгч, үлдэгдэл мөнгийг нь гэрээ хийгээд хувь лизингээр авсан. Би “““ид 2.200.000 төгрөгийг сард 50.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Түүнээс илүүгээр би чадахгүй гэжээ.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.”““ нь хариуцагч С.”““д холбогдуулан зээлийн төлбөрт нийт 3.200.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.”““ нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, 2.200.000 төгрөгийг сарын 50.000 юм уу эсвэл 100.000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Д.”““ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор өөрийн Төрийн банкны 120600047679 дугаар дансны хуулгуудыг /4-16/ хавсаргаж өгсөн бөгөөд тухайн баримтуудаар хариуцагч С.”““д мөнгө өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч С.”““ нь нэхэмжлэгч Д.”““оос 5.200.000 төгрөг авсан, 2.000.000 төгрөгийг төлсөн. “““ идэшний үхэр адуу хоёр өгсөн, өөрөө түүнээсээ идсэн тийм учраас 1.000.000 төгрөгийг төлөхгүй. Харин үлдэх 2.200.000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн тайлбар нэхэмжлэгч идэшний үхэр, адуу өгсөн гэх үйл баримт нь давхар тогтоогдож байна.

Зохигчдын хэн аль нь мөнгө авсан, өгсөн талаар маргахгүй байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч идэшний үхэр, адуу буюу 1.000.000 төгрөгийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар ...зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нотлох баримтад үнэлэгдэх нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.”““ээс 2.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.”““ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Б-ээс 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.”““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.”““ээс 50150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.”““-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.АЛТАНТУУЛ