| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ...... дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Мын М (РД: ....), 1993 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, ах, дүү нарын хамт ... аймгийн .... сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, мөн тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, уг тэнссэн хугацаа дуусаагүй гэх.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч М.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 03 дугаар багийн нутаг “Хашаатын гэсэн” гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Ц.Ц-ын 8 тооны ямаа буюу олон тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогчид 685’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас), ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас), мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), хохирогч Ц.Ц-ын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21-22, 24 дүгээр хуудас), гэрч Э.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), гэрч Ц.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрч Д.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), гэрч Б.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), хөрөнгө үнэлгээний 257 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), шүүх сэтгэц эмгэг судлалын 32 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч Д.Агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас), гэрч Н.Р-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрч М.Батбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүгдэгчийн өвчний түүх болон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-82 дугаар хуудас), шүүгдэгч М.М-ын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар ( хавтаст хэргийн 120-124 дүгээр хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас);
- Ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас);
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Цын “...Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар “Хашаатын гэсэн” гэх газарт хүүхдийн хамт мал, маллаж амьдардаг. Манайх өөрийн гэсэн хонь, ямаа нийлсэн 700 гаруй малтай. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн малаа гэрээс 2 км зайтай газарт Бээргэ улаан гэх газрын орчим малаа бэлчээрт гаргачхаад уулын орой дээр малаа дурандаад сууж байхад 16 цагийн үед манай мал руу Мын М гэх залуу улаан дээлтэй мотоциклтой хүрч ирээд мотоциклоосоо буугаад манай малаас таслаад хойд зүг рүү туугаад явахаар нь би хүүтэйгээ утсаар яриад “хурдан хүрээд ир, манай малаас М.М таслаад хулгайлаад аваад явж байна” гэж хэлсэн. Манай хүүхэд хүрээд ирэхээр нь мотоциклтой араас нь дагаж уулын орой дээрээс дурандаж харахад М.М нь манай малаас тасалж авсан малыг өөрийн ямаатай малд нийлүүлж байгаад малын хашаа руугаа оруулж байсан. Би холоос уулын орой дээрээс дурандаа яах бол гэж ажиглаж байтал М.М нь гэрээсээ гараад урагшаа гүйж өөрийнхөө тасарсан малын араас явсан. Би уулнаас бууж М.Мын мал байх хашаа руу явж очоод харахад малын хашаа дотор манай 5-6 мал харагдсан. Би малаа таньчхаад буцаад уулынхаа орой дээр гарч хүүхэд рүүгээ залгаж “манай малыг М.М өөрийнхөө малын хашаанд шахчихсан байна, чи хүрээд ир” гээд хүүхдээ дуудаад хүүхэдтэйгээ М.Мын гэрийн ойролцоо уулын орой дээр хараад сууж байтал М.М нь малаа авч ирээд хашаандаа оруулчхаад дээс аваад гэрээсээ гарч малын хашаа руу гүйж ороод нэг цайвар зүсмийн мал барьж аваад мотоцикл дээрээ дүүрээд мотоциклынхоо гэрлийг асаалгүй урд зүг рүү явсан. Би хүүхэдтэйгээ цуг араас нь мотоциклтой дагаад явсан юм. Тэгсэн сумын төв рүү М.М нь манай ямааг аваад явж байхаар нь сумын төвийн ойролцоо ирээд эгчийн охин Э.Д-тэй утсаар холбогдоод “Хгийн дүү М.М нь манай малыг хулгайлаад сумын төв явчихлаа, бид 2 араас нь дагаж байна, чи тосож байгаад хаашаа эргэх нүү харж байгаараа” гэж хэлсэн. Сумын төв орж Э.Дтэй холбогдоход “нэг мотоцикл хөдөөнөөс орж ирээд Ггийн дэлгүүрийн гадаа ирээд зогсчихлоо. Мотоциклоосоо 1 буурал ямаа буулгаж байна, та 2 хүрээд ир” гэхээр нь яваад очиход М.М нь Ггийн хашааны гадна талд 1 саарал ямаа уячихсан өөрөө алга байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Удалгүй М.М нь надтай утсаар холбогдож “эгч та хаана байна, намайг цагдаа хайгаад байна, уулзмаар байна” гэхээр нь М.Мтай уулзахад “ихрийн арын хойд талаас 8 ямаа олж авлаа эгч” гэхээр нь би хэний ямаа вэ гэхэд М.М “Х ах тантай уулзаж учраа ол гэж хэллээ” гэсэн. Би “чи намайг харж байтал өдөр манай малаас тасалж туугаад өөрийн мал руугаа нийлүүлж байгаад саарал ямааг мотоцикл дээрээ ачаад сумын төв орсон биз дээ” гэхэд “эгч би тэгсэн цагдаад хэлж болохгүй. Би танд төлж өгнө таны ямааг алаагүй, Ггийн хашаа дотор байгаа” гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);
- Гэрч Э.Д-ийн “...Намайг гэрт байхад манай нагац эгч Ц.Ц орой над руу утсаар залгаж “Хгийн дүү М.М нь манай малаас ямаа хулгайлаад 1 ямааг нь аваад сумын төв орж байна. Бид хоёр араас нь дагаж байна, чи сумын төв орохоор нь хаашаа эргэх нүү харж байгаараа” гэхээр нь би автомашинтай гэрээс гарч зам дээр гараад зогсож байтал нэг гэрэлгүй мотоцикл хөдөөнөөс орж ирээд Д.Гын цайны газрын гадна зогсохоор нь би араас дагаж очиход М.М гэх залуу мотоциклтой саарал зүсмийн сэрх ямаа дүүрчихсэн буюу мотоциклынхоо ар талд ачсан байдалтай ирж зогсоод мотоциклоосоо бууж ямаагаа буулгачхаад тухайн айлын хашаа руу оруулсан юм. Тэгэхээр нь би эгч Ц.Ц-д энэ тухай хэлж удалгүй цагдаа болон манай эгч Ц.Ц нар ирсэн юм. Тэгтэл М.М нь зугтааж алга болоод хэсэг хайгаад олоогүй. Тэгсэн М.М нь манай эгч Ц.Ц руу утсаар ярьж уулзахаар болоод Д.Гын цайны газрын гадна, миний автомашин дотор уулзахад М.М нь “та цагдаад хэлж болохгүй, би танай 8 ямааг хулгайлсан, 1 сэрх ямааг нь сумын төв оруулж Д.Гад зарах гэж мотоциклтой авч орж ирсэн юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас);
- Гэрч Ц.Э-ийн “...Манайх Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар баг “Хашаатын гэсэн” гэх газарт ээжийн хамт мал маллаж амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө малаа бэлчээрт нь гаргаж гатлагын уснаас малаа усалж, бэлчээрт нь үлдээчхээд гэрт очиж мал гаргасан юм. Ээж Ц.Ц малынхаа араас яваад удалгүй 30 минутын дараа над руу утсаар холбогдож “ээж нь уулан дээрээс малаа дурандаад сууж байхад М.М нь манай малаас тасалж аваад явж байна, чи хүрээд ир” гэхээр нь би мотоциклтой яваад очиход манай мал 3 хэсэгт хуваагдчихсан байдалтай байсан. Тэгсэн ээж Ц.Ц нь “манай малыг 3 хэсэгт тарааж хаячаад талыг нь тасалж хөөгөөд гэрийнхээ зүг явчих шиг боллоо” гэхээр нь бид хоёр хамт араас нь дагаж ээжийг М.Мын гэрийн ойролцоо дөхүүлж буулгаад гэр рүүгээ буцаж малаа бөөгнүүлэх гээд яваад өгсөн юм. Тэгэхэд орой харанхуй болж байсан ба ээж дахиад над руу утсаар залгаж “М.М нь манай малаас тасалсан хэдэн ямааг өөрийн малтайгаа нийлүүлж хашаа руугаа шахаад оруулчихлаа. Тэгээд өөрийн тасарсан малынхаа араас яваад өгсөн, чи одоо хүрээд ир” гэж ярьсан. Би удалгүй яваад очиход ээж М.Мын малын хашаа руу очоод манай мал байгаа эсэхийг шалгахад манай 7 ямаа харагдаж байсан гэж надад хэлсэн. Тэгээд ээжийн хамт М.Мын гэрийн ойролцоо ажиглаад сууж байтал М.М нь гэрээсээ гарч ирээд нэг саарал сэрх ямааг мотоцикл дээрээ дүүрээд гэрээсээ Наранбулаг сумын төвийн чиг рүү яваад өгсөн. Ээж бид хоёр араас нь дагаж яваад нагац эгч Э.Д рүү ээж утсаар залгаж “М.М манай ямааг аваад сумын төв орлоо хаана ямар айлд очихыг нь ажиглаад байж байгаараа, бид хоёр араас нь дагаад яваад очно” гэж ярьсан юм. Бид хоёр сумын төв ороод Э.Д эгчийн автомашинд суугаад Д.Г-ын дэлгүүрийн гадна очиход М.М нь саарал сэрх ямааг Д.Г-ын хашаа руу хөтлөөд орчихсон байсан. Гарч ирээд мотоциклынхоо хажууд сууж байх хооронд манай ээж цагдаад мэдэгдсэн юм. Цагдаа ирэхэд М.М нь зугтаад алга болчихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Гэрч Д.Гын “...Наранбулаг сумын 01 дүгээр багт хувиараа Ирээдүй нэртэй цайны газар ажиллуулдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үхэр сааж байтал манай ээж Дариймаа утсаар залгаад “танай гэрт цагдаа болон хүмүүс ирчихсэн байна, хүрээд ир” гэхээр нь би гэртээ ирэхэд манай малын хашаан дотор 1 ямаа уяатай байсан юм. Тэгсэн М.М нь тухайн ямааг авч ирж манай хашаанд оруулж уясан байсан. Надад ямаагаа зарах гэж байсан юм шиг байсан. Тухайн үед надтай бол холбогдож утсаар ярьсан зүйл байхгүй. М.М нь манай хашаанд цагдаатай хамт орж ирээд тухайн хулгайн мал бололтой саарал зүсмийн сэрхийг авч явсан. Тухайн үед ямар учиртай ямаа болох талаар асуухад М.М миний хийсэн хэрэг би хулгайн мал авч ирээд танайд зарах гэж байсан юм гээд толгойгоо маажиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);
- Гэрч Б.А-гийн өгсөн “...Би Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багт нөхрийн хамт Ирээдүй нэртэй цайны газар ажиллуулдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийн хамт аавын хашаанд очиж үхэр сааж байхад ээж Дариймаа залгаад “танай гэрт цагдаа болон хүмүүс ирээд явлаа” гэхээр нь үхрээ саачхаад гэртээ ирэхэд манай ар талын хашаанд 1 ямаа уяатай байсан. Ямар учиртай ямаа болох талаар асуухад М.М гэх залуу ямаа авч ирээд манай хашаанд оруулчихсан байсан. Удалгүй цагдаа, М.М нар ирээд тухайн ямааг аваад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудаар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч М.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 03 дугаар багийн нутаг “Хашаатын гэсэн” гэх газраас хохирогч Ц.Ц-ын 8 тооны ямааг өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын, улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоциклоор тууж өөрийнхөө малын хашаанд хашиж, уг 8 тооны ямаанаас нэг тооны ямааг мотоциклоор Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт байх гэрч Д.Г-ын хашаанд хүргэсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч М.М нь хохирогч Ц.Ц-ын найман тооны ямааг буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангажээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны малыг хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч хохирогчийн найман тооны ямааг буюу бог малыг хулгайлсан тул дээрх олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.
“Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно[1].
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогчийн мал бэлчиж байсан “Хашаатын гэсэн” гэх газар нь шүүгдэгч М.Мын малын хашаанаас 4 км зайтай болох нь тогтоогджээ. Мөн хохирогч Ц.Цын мэдүүлэг болон мөрдөгчийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч нь хохирогчийн 8 тооны ямааг тасалж өөрийн малын хашаанд хашихдаа Мустанг-5 загварын мотоцикл ашигласан нь нотлогджээ. Энэхүү үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч хохирогчийн малыг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор уг мотоциклыг ашигласан гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгчийн хохирогчийн найман тооны ямааг мотоциклоор тууж хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх болон мөн тус хэсгийн 2.4-т заасан “энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байна.
3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бол тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгчийн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-д 685’000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний 257 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас)-ээр нотлогджээ.
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би хулгайд алдсан 8 тооны бог малаа эргүүлэн авсан. Ямар нэгэн хохирол байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) өгсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Харин хохирогч Ц.Ц “...Надад тухайн алдсан малынхаа араас хайж явахад 20 литрийн бензин шатахууны зардал гарсан. Би баримтаа гаргуулан өгнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) өгсөн байх боловч бензиний зардлыг буюу хор уршгийг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр гэмт хэрэг гарсан “Хашаатын гэсэн” гэх газраас Увс аймгийн Наранбулаг сумын төв хүртэл 11 км-ийн зайтай болох нь тогтоогдож байна. Энэхүү үйл баримтыг дээр тогтоогдсон үйл баримттай харьцуулан үйл баримтыг сэргээн дүрсэлбэл хохирогч нь шүүгдэгчийн араас мотоциклоор дагаж сумын төв орж буцахдаа 20 гаруй км зайг туулсан байх бөгөөд тухайн зайг мотоциклоор туулахад 20 литр бензин зарцуулсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй юм.
Мөн 20 литр бензин авсан гэх баримт хэрэгт байхгүй тул хохирогчийн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрсэн хүн тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дугаар хуудас)-аар нотлогдсон байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 32 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас)-ээр шүүгдэгч М.М нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй гэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дугаар хуудас), шүүгдэгчийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар (хавтаст хэргийн 120-124 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудас), мөн тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 110-112, 129-131 дүгээр хуудас), Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1944 тоот албан бичиг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь ах дүү нарын хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, мөн тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, уг тэнссэн хугацаа дуусаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгч нь урьд хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж ял эдэлж байсан, мөн дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна. Тодруулбал шүүгдэгч нь урьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
3. Улсын яллагч “...М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч М.М нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн. Одоо уг ялыг эдэлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолоос 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 3 жилийн хорих нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг улсын орлогод оруулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хорих ял оногдуулах санкцтай. Иймд хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосноос багасгаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Мт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн ба Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1944 тоот албан бичиг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас)-ээр уг тэнссэн хугацаа дуусаагүй болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох журамтай.
Иймд шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, уг шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.
3.3. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3.4. Шүүгдэгч хохирогчийн найман тооны ямааг хулгайлахдаа Мустанг-5 загварын мотоцикл ашигласан нь хохирогч Ц.Цын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)-ээр нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөв шилжүүлэх үндэслэлтэй байна.
4. Мөрдөгч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч М.Мт энэ хэрэгт холбогдуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, уг шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч М.М-т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Мын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг хураан авч, худалдан борлуулж олсон орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
9. Энэхүү хэрэгт шүүгдэгч М.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол