| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01188/И |
| Дугаар | 155/ШШ2021/01288 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2021/01288
| 2021 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2021/01288 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 155/2021/01188/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э нь нөхөр болох Бтэй 2015 онд танилцан, үерхэн дотносож 2016 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр том охин Г, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бага охин А нар мэндэлсэн. Нөхөр болох Бтэй гэр бүл болон амьдарсан эхний 2 жил амар тайван, аз жаргалтайгаар өрх гэр минь элэг бүтэн сайн сайхан амьдарч байсан. Гэтэл 2019 оноос эхлэн нөхөр Бнь гэр орондоо тогтож суухгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй, эхнэр хүүхдүүдээ орхин явах болсон.
Тэрээр нэгэнт явсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хоорондоо хальтхан буюу зун, намрын улиралд ирээд сураг тасарсан. Миний хувьд түүнийг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, бусадтай эр эмийн харилцаа үүсгэж байна гэж хардаж, сэжиглэх болсон. Ингээд сураг ажиг тавихад, манай нутгийн 3 дугаар багийн иргэн Хүрэлбаатар буюу Х гэж хочилдог айлд хоног төөрүүлж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд арга ядаад тэр айлын эхнэр болох Ариунаатай холбогдож утсаар ярихад ...би танай нөхрийг өвөртөлж унтдаг, угаасаа энэ хүн чинь миний нөхөр болсон, чам шиг хүүхэнд өгөхгүй... гэх мэтээр элдэв доромж үгээр харааж, загнаад хавьтуулдаггүй. Ингээд зогсохгүй, нөхөр болох Бг элдэв үгээр хоргоож, залилж байгаад гэр лүү нь явуулж, 2020 оны намар харанхуй шөнөөр бод мал болох 20-30 толгой азарга адуу, 70-80 толгой үхэр зэргийг тууж явсан байсан. Миний хувьд үнэхээр тэвчээр алдарч, эр нөхрөө ирэхийг хүлээж ядаад, тухайн байгаа айлын хүмүүс рүү ахин дахин залгаж, нөхөртэйгээ яриулахыг хүсдэг боловч гутааж доромжлоод ерөөсөө яриулдаггүй. Түүнээс хойш өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болсон шалтгаанаар миний хувьд төрсөн ээжийнхээ гэрийн хаяаг бараадан айл саахалт болон амьдарч байна.
Мөн түүнчлэн Х нь нөхөр Бгийн төрсөн ах Цтэй уулзаж, ...танай бэрээс 2 хүүхдийг нь салгаж авах хэрэгтэй байна, 2.000.000 төгрөг хэрэгтэй... энэ мөнгийг өгөхөд түүнээс хүүхдүүдийг нь салгаж авахгүй гээд яадаг юм... гэх зэргээр худал хэлэн мөнгө авсан байдаг.
Миний хувьд Х гэх хүний гэр бүл манай гэр бүлийн эд хөрөнгөд шунахайрч, нөхөр бид хоёрын харилцааг таслаж, гэр бүлийг минь үймүүлсэн гэж ойлгож байгаа. Хэдий тийм боловч, хаа хамаагүй хүмүүсийн сувсаг үгэнд автаж, өөрийн гэсэн бодол санаагүй, амьдралаа сүйрүүлж байгаа нөхрийнхөө арчаагүй занд үнэхээр гомдож, гутарч байна. Иймд эхнэр болон 2 хүүхдийнхээ төлөө гэх сэтгэлгүй болсон нөхөртэй цаашид дахин амьдрах ямар ч хүсэлгүй болсон гэж ойлгож болно.
Энэ шалтгааны улмаас 2 хүүхдийнхээ цаашдын гэрэл гэгээт амьдралын төлөө гэрлэлтээ цуцлуулахаас өөр аргагүй боллоо. Эхнэр болох Ш.Э миний бие өөрийн асрамжид хоёр хүүхдээ авч үлдэхийг хүсэж байгаа бөгөөд эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 онд танилцаж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Х гэж энэ хүний амьдарч байгаа айлын гадаа айл гэр болсон. Тэгэхэд би 4 настай хүүтэйгээ, 4 сартай жирэмсэн очиж байсан. Эхний өвөл асуудалгүй өвөлжиж дараа өвөл нь хүүхдийн минь бие муудаж унаж татдаг хүүхдээ аваад сумын төв орж 2 жил болсон. Энэ хүн намайг нэг ч удаа эргэж ирж байгаагүй. Би өөрийнхөө ээжийн гэрт амьдарч байсан. Энэ хүн манай хүргэн болох хүнээс 8,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авсан. Дараа жил нь охиноо төрүүлэхдээ тэр байранд нь амьдарсан. Одоо надад энэ хүнтэй цаашид хамт амьдарна гэдэг үнэхээр хэцүү байна. Би сална гэж салаагүй, энэ хүнийг тэр Х гэдэг хүн ятгаж, гэр орноос мал махыг нь зөөлгөөд явсан. Би тэрнээс хойш ээжтэйгээ амьдраад явж байна. Хүүхэд маань унаж татдаг байснаа зүгээр болсон. Энэ хүн идэх хоолгүй байхад ээж нь 4 сарлаг үхэр өгсөн. Тэгтэл тэр 4 сарлагийн нэгийг нь хүнсэндээ идэж хоёрыг нь өөрөө хөөгөөд явсан, нэг үлдсэнийг нь мөнгөний хэрэг болоод зарсан. Энэ хүн амьдралаа нэг ч удаа эргэж хараагүй. Эцэг хүний хувьд хоёр хүүхдэдээ 2 жил болоход нэг мянган төгрөг ч өгөөгүй. Би өөрийнхөө өмчний хэдэн малаа зарж хоёр хүүхдээ хүний дайтай хүн болгох гээд явж байна. Энэ хүнтэй хамт амьдарна гэхэд үнэхээр хэцүү. Тийм учраас энэ хүнээс хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би Этай 2015 онд танилцаж, үерхэж байгаад 2016 онд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. 2020 оны намар 10 сард Эд зодуулж гэрээсээ хөөгдсөн. Мөн 2021 оны 6 сард сумын хэсгийн төлөөлөгчийн дэргэд зодуулж, баруун нүдэндээ гэмтэл авч одоо болтол эдгэрээгүй, хөхрөлттэй явж байна. Энэ байдлуудаас болж 3 дугаар багийн иргэн Х гэж хочилдог Хүрэлбаатар гэдэг айлд очиж малыг нь маллаж өгч байгаа юм. Э нь намайг Хүрэлбаатарын эхнэртэй холбогдуулан харддаг. Би бусдын гэр бүл үймүүлээд байх юу байхав. Нөхрийнх нь дэргэд улаан цайм эхнэртэй нь унтаад байна гэж юу байхав. Нөхөр нь мэдвэл ямар ч хэрэг төвөг гарч болно шүү дээ. Би хоёр хүүхдээ бодоод гэртээ очихоор хүлээж авдаггүй, элдвээр хэлж доромжлон хөөдөгт нь гомдож байна. Би гэрээсээ хөөгдөж явахдаа давхар эсгий бүрээстэй, 5 ханатай гэрээ иж бүрэн хэрэглэлтэй, эд хогшилтой нь, мөн Баянзүрх суманд байх 5х6 харьцаатай өвлийн дүнзэн сууц байшингаа, 3х3 харьцаатай эд хогшил агуулах амбаартай, мөн 4 тугалтай үнээг эхнэр, хүүхэддээ өгч үлдээсэн юм. Би гэрээсээ өмсөх хувцастай гарч явж одоог Хүрэлбаатар гэдэг айлд амьдарч байна. Дээр дурдсан эд хөрөнгөөс булаацалдах юм байхгүй. Өөрт нь өгнө. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. 2020 онд тууж явсан малны хувьд миний эхийн азарга адуу, 70-80 толгой үхэр байсан юм. Бид хоёр эхийнхээ малыг хамтад нь малладаг байсан юм. Миний хувьд одоо өөрийн гэх мал, хөрөнгөгүй. Э намайг гэр бүлээс гадуур бусадтай эр, эмийн харилцаатай гэдгийг зөвшөөрөхгүй байна.
Би Эын гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Бнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнтэй 2015 онд танилцаж 2016 онд айл болсон. Тэр 4 сарлагийн 3 нь байхгүй болсон гэж байна. Тэрийг би аваагүй, надад тэгж явах зав байгаагүй. Намайг хөөгөөд явсан гэж худлаа ярьж байна. Одоо би гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид өгч, хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Шүүхэд гаргасан тайлбарын дагуу хашаа байшин, гэр, мал зэрэг эд хөрөнгүүдээ хүүхдийн тэтгэлэгт тооцуулмаар байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Э, хариуцагч Бнар нь 2015 онд танилцан улмаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №6710000018 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, хамтын амьдарлын явцад 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Бгийн Гэрэлгэгээ төрсөн болох нь №6710000032 дугаар төрсний гэрчилгээ, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин Бгийн Амингэгээн нар төрсөн болох нь №6710000036 дугаар төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Охин Г, А нар нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар Б сумын их эмч Л.Пүрэвдоржийн тодорхойлолт хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Э нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э нь охин Г, А нарыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан хариуцагч Бнь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул охин Г, А нарыг эх Эын асрамжинд үлдээж эцэг Бээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгч Э, хариуцагч Бнарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Бгийн Г, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Бгийн А нарт эцэг Бгээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгээс 140.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б, Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Г (0), охин 0 Бгийн А (0) нарыг эх Жийн Эын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Бгийн Г (0), 0 Бгийн А (0) нарыг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б-ээс хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.874 (нэг зуун дөчин мянга найман зуун далан дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгээс 140.874 (нэг зуун дөчин мянга найман зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА