Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

 

 

 

 

2025       02          03                                          2025/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч А.Я, түүний өмгөөлөгч Я.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ... дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Т ургийн овогт Аийн Я (РД: ....), 1978 оны 08 дугаар сарын 09-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... аймгийн ..... ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын .. дүгээр багийн ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн Б ургийн овогт М-ын О (РД: ...), 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: ... аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч А.Я нь ... аймгийн .... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.О-ийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор батлагдсан журмын дагуу сумын сайн малчнаар шалгарах болзол шаардлагыг хангаагүй байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлж М.О-ийг сумын сайн малчнаар шалгаруулж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн .... дугаартай дансаар 500’000 төгрөгийн хахууль авсан;

- Мөн ... аймгийн ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сард тус сумын 3 дугаар багийн иргэн Я.О-той утсаар ярьж түүний нөхөр М.Т-ийг 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх шаардлагатай тул 500’000 төгрөг эсхүл 2 тооны хонь хандив өгөх шаардлагатай гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Я.О-оос хахууль өгөхийг шаардсан”;

- Шүүгдэгч М.О нь ... аймгийн .... сумын 2022 оны сумын сайн /аварга/ малчнаар шалгарахын тулд тус сумын Засаг дарга А.Я-д 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500’000 төгрөгийг өөрийн ....тоот дансаар шилжүүлэн өгч бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж дүгнэн, шүүгдэгч А.Я-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Оийн үйлдлийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэрч Х.О-гийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 15-16, 18 дугаар хуудас), гэрч Д.А-ийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 20-21, 23 дугаар хуудас), гэрч Т.Тын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 25-26, 28-29 дүгээр хуудас), гэрч М.Тийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 31-32, 36 дугаар хуудас), гэрч Ц.Гын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас), гэрч Б.Ггийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрч Я.Оын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 51, 56-57 дугаар хуудас), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас), гэрч Т.Э-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас), гэрч М.Цгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), гэрч М.Эгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас), ... аймгийн ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай “Сумын тэргүүний байгууллага, хамт олон, хүмүүсийг шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, хавсралтын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас), ... аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/94 дугаартай А.Яыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ... сумын Засаг даргаар томилох тухай захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр хуудас), Хаан банкны ... аймаг дахь салбарын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5822/482 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Аийн Я, Мын О нарын эзэмшлийн дансны хуулга, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 202-225 дугаар хуудас), шүүгдэгч М.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсанд тооцуулсан;

- Шүүгдэгч А.Яы өмгөөлөгч: Шүүгдэгч А.Яы гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас), 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/120 дугаартай ... аймгийн ... сумын Засаг даргын захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 82 дугаар хуудас), Сумын тэргүүний байгууллага, хамт олон, хүмүүсийг шалгаруулах журмын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас), Хаан банк дахь шүүгдэгч А.Яы харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 208-211 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 26 дугаар хуудас), гэрч Г.Тын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 32 дугаар хуудас), 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 219-247 дугаар хуудас), шүүгдэгч А.Яы хувийн байдлын талаарх баримтууд (2 дахь хавтаст хэргийн 182-190 дүгээр хуудас), нэхэмжлэх, зарлагын баримт гэх баримтуудын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас), гэрч Т.Тын тайлбар гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 194 дүгээр хуудас), гэрч Т.Эын тайлбар гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 191 дүгээр хуудас), гэрч Я.Оын дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэрэг), гэрч М.Тийн дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэрэг), Жимобайл ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Х-01/15 дугаар албан бичиг хавсралт (3 дахь хавтаст хэрэг), Хаан банк дахь шүүгдэгч А.Я, гэрч Г.Т нарын хамтран эзэмшдэг хугацаагүй хадгаламжийн дансны хуулга (3 дахь хавтаст хэрэг), ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч Б.Алтангэрэлийн тодорхойлолт (3 дахь хавтаст хэрэг), шүүгдэгч А.Яы урьд эмнэлгийн оношилгоо, шинжилгээ хийлгэж байсан баримтууд (3 дахь хавтаст хэрэг), Юнител ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12-01/233 дугаартай албан бичиг (3 дахь хавтаст хэрэг), галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Айраг хяргас нуур ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (3 дахь хавтаст хэрэг);

- Шүүгдэгчийн М.Оийн өмгөөлөгч: Шүүгдэгч М.Оийн 2020, 2021, 2022 оны мал тооллогын баримт (1 дэх хавтаст хэргийн 98-108 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (2 дахь хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), гэрч О.Зонховжавын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Шүүгдэгч А.Яы ... аймгийн ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.Оийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор батлагдсан журмын дагуу сумын сайн малчнаар шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч М.Оээс Хаан банк дахь гэрч Г.Ттай хамтран эзэмшдэг .... дугаартай дансаар 500’000 төгрөгийг авсан нь:

- Гэрч Х.Огийн дахин өгсөн “...2022 оны сумын сайн малчнаар манай багаас М.О, М.Т гэдэг хүмүүс тодорсон. Манай багийн иргэдийн хурлын дарга М.Цэрэндэжид болон бусад иргэдийн төлөөлөлтэй хэлэлцэж багаас сумын сайн малчинд Ц.Г, С.Х гэх хүмүүсийг шалгуур үзүүлэлт, болзол хангаж байгаа гэж үзээд сумын сайн малчнаар тодорхойлж сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.А гэдэг хүнд холбогдох материал болон багийн Засаг даргын тодорхойлолтыг өгсөн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр тодорхойлоогүй байсан. М.О, М.Т гэх хүмүүсийг сайн малчнаар шалгаруулсан байсан. Сумын сайн малчин шалгаруулахаар өмнө Засаг дарга надтай уулзаад “М.О, М.Т гэх хүмүүсийг сайн малчинд тодорхойлох хэрэгтэй байна, чи багаасаа материал бүрдүүлээд өг” гэхээр нь манай багаас тодорхойлох ёстой хүмүүсээ тодорхойлсон гээд би зөвшөөрөөгүй. Гэтэл сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.А гэдэг залууг бүрдүүл гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би манай багаас хүмүүсийн материалаа өгсөн байгаа бүрдүүлж өгөх шаардлагагүй гэж хэлсэн. Яаж бүрдүүлснийг нь мэдэхгүй, сайн малчнаар шалгаруулсан байсан. Мөн энэ онд багаас аймгийн аварга малчнаар багийн иргэн Ц.Б гэдэг хүнийг тодорхойлсон гэтэл Засаг дарга А.Я “Ц.Г гэдэг хүнийг аймгийн аварга малчнаар тодорхойл, би Ц.Б, Ц.Г нарыг хоёуланг нь аймгийн аварга малчин өрх болгоно” гэж хэлсэн. Тэгээд хоёуланг нь тодорхойлсон Ц.Г гэдэг хүн аймгийн аварга малчнаар шалгарсан байсан.

Сумын сайн малчин өрхөөр шалгаруулсан шалтгаан нь М.Оээс Засаг дарга А.Я нь сайн малчнаар шалгаруулж өгөхөөр 500’000 төгрөг, М.Төөс хонь авсан талаар багийн иргэд ярьж байсан. Ц.Гын хувьд нэг намын харьяалалтай хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч Х.Огийн дахин өгсөн “...2023 оны 01 дүгээр сард санагдаж байна. Манай багаас сумын сайн малчнаар Ц.Г, С.Х нарыг шалгаруулахаар материалыг сумын мэргэжилтэн Д.Ат өгсөн. Сумын Засаг даргын зөвлөлийн хурал болоход сумын Засаг дарга А.Яаас манай багаас тодорхойлсон Ц.Г, С.Х нарыг шалгаруулахгүйгээр өөрөө М.Т, М.О нарыг шалгаруулсан байсан. Би зөвлөлийн хурал тарсны дараа тэр талаар сонсож сумын Засаг дарга А.Яд “яагаад манай багаас тодорхойлсон хүмүүсийг шалгаруулаагүй юм бэ” гэхэд “би мэдэж шалгаруулдаг юм” гэж байсан. Би багийнхаа хүмүүсийг тодорхойлж байх үед сумын Засаг дарга А.Я нь надад хандан танай багийн М.Т, М.О нарыг тодорхойлоорой гэж хэлж байсан удаатай” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

- Гэрч Д.Аийн “...2023 оны 01 дүгээр сард ... сумын 3 дугаар багаас сумын сайн малчинд тодорхойлохоор багийн даргаас Ц.Г, С.Х гэх хүмүүсийн нэрсийг материалын хамт ирүүлж байсан. Би тухайн хүмүүсийн нэрс, материалыг ажил үүргийн хуваарийн дагуу сумын Засаг даргад танилцуулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдэх ёстой байдаг. Гэтэл Засаг даргын зөвлөлийн хурал болохоос өмнө сумын Засаг дарга А.Я намайг дуудаж “3 дугаар багаас М.О, М.Т гэдэг хүмүүсийн материалыг сайн малчинд тодорхойлохоор оруулж ир” гэхээр нь би “тухайн багаас малчдаа тодорхойлж ирүүлсэн. Таны хэлсэн М.О, М.Т гэх хүмүүсийг би тодорхойлж Засаг даргын зөвлөлд оруулах боломжгүй” гэдгээ хэлсэн боловч зөвлөлийн хурлаас М.О, М.Т гэх хоёр хүнийг сумын сайн малчнаар шалгаруулсан байсан. Тухайн 2 хүний хувьд ямар нэгэн материал бүрдүүлээгүй байсан. Тухайн хоёр иргэнийг сайн малчнаар шалгаруулсны дараа сумын иргэд болон тамгын газрын ажилчид дунд М.О нь 500’000 төгрөг, М.Т нь мал Засаг даргад хандив нэрээр өгсөн тул шалгаруулсан гэсэн яриа гарсан. ...Би тухайн багаас ирүүлсэн материал нэрсийг Засаг даргын зөвлөлд танилцуулах ёстой байсан боловч Засаг дарга өөрөө “намайг чи орох шаардлагагүй” гээд оруулаагүй. Гэтэл тодорхойлсон нэрсээс өөр хүмүүсийг сумын сайн малчинд тодорхойлж шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);

- Гэрч Д.Аийн дахин өгсөн “...Манай сумын 3 дугаар багийн Засаг дарга Х.Огоос сумын сайн малчнаар Ц.Г, С.Х нарыг шалгаруулахаар материалыг надад ирүүлсэн. Би тухайн материалыг сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Тт танилцуулсны дараа сумын Засаг дарга А.Яд танилцуулсан. Тэгэхэд А.Я нь Ц.Г, С.Х нарын материалтай танилцаад материалыг нь аваад өрөөндөө орсон ба маргааш нь байх сумын Засаг дарга А.Я намайг дуудаж “3 дугаар багаас сайн малчнаар М.О, М.Т нарыг шалгаруулахаар материалыг нь бүрдүүлээд ир” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр материалыг нь бүрдүүлж өгөх боломжгүй, багаас нь материалаа ирүүлсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас);

- Гэрч Т.Тын “...Би сумын Засаг даргын зөвлөлд байдаг тухайн зөвлөл 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж сумын багуудын сайн малчин, бусад аварга, тэргүүнийг шалгаруулах асуудал хэлэлцэж 3 дугаар багаас М.О, М.Т гэх хүмүүс малчнаар шалгаруулах саналтай байгааг сумын Засаг дарга танилцуулж зөвлөлийн гишүүд дэмжсэн. Үгүй ямар нэгэн материал танилцуулаагүй. Амаар танилцуулж, ямар нэгэн материал байхгүй байсан тул гишүүд дэмжээд явсан.

... Миний мэдэж байгаагаар хандив тусламж өгч байсан зүйл байхгүй. Харин би цагаан сарын баяраар сумын сайн малчин тодруулж, шагнал өгч байхад М.О гэдэг хүнийг Засаг даргад 500’000 төгрөг өгсөн талаар хүмүүсийн дунд маргаан үүссэн. Тухайн асуудлыг М.Оийн нагац ах С.Х гэх хүмүүс яриад байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);

- Гэрч Т.Тын дахин өгсөн “...2022 онд манай сумын сайн малчнаар шалгарсан М.О, М.Т нар нь ямар нэгэн байдлаар намайг сайн малчнаар шалгаруулаад өг гэж мөнгө, эд зүйл /шан харамж/ өгсөн удаа байхгүй.

Тэгэхдээ нэг зүйл хэлмээр байна. Сумын сайн малчнаар шалгарсан М.Оийн шагналыг миний бие цагаан сарын өмнө гардуулж байсан. Тухайн үед багийн Засаг дарга Х.О нарын хамтаар очсон. М.Од шагналын гардуулаад тэдний гэрт цай, хоол болоод сууж байтал тус багийн малчин С.Х гэх хүн М.О-д хандан “чи 500’000 төгрөг өгч сумын аварга болсон биз дээ” гээд маргаан үүсгэж эхэлсэн ба М.О нь юм хэлээгүй. Тэгтэл С.Х нь багийнхаа Зараг даргад хандан “чи ямар учиртай хүн шалгаруулаад байна” гэж хэлсэн. Тэгэхэд багийн Засаг дарга нь “би ямар ч хамаагүй шүү би багийнхаа хурлаар таны нэрийг дэвшүүлсэн боловч сумын Засаг дарга өөрөө энэ хүмүүсийг сонгосон” гээд маргаан үүсгэсэн. Тэгэхэд би энэ 500’000 төгрөгийн талаар сонссон.

Цар тахалтай жил буюу 2020-2021 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Эад М.Оээс өгсөн гэж 500’000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж бэлэн мөнгө өгөөгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой.

2023 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Эад М.Оээс өгсөн гэж 500’000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж бэлэн мөнгө өгөөгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой. Т.Э нь надад ямар нэгэн байдлаар сумын Засаг даргаас өгсөн мөнгө гэж 500’000 төгрөгийг авч ирсэн, уг мөнгийг нэмэлт санхүүжилтийн дансанд хийсэн, хийлгэсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);

- Гэрч Д.Б-ийн “...2023 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Эад М.Оээс өгсөн гэж 500’000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж бэлэн мөнгө өгөөгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);

- Гэрч Т.Эын “...Би ажилд орсноос хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын дундуур А.Я нь надад М.О гэх хүн 500’000 төгрөг өгсөн гэж бэлнээр 500’000 төгрөг өгч байсан удаа байхгүй. ...Сумын Засаг дарга ямар шалтгааны улмаас миний нэр хэлж, М.О хүнээс өгсөн 500’000 төгрөгийг надад бэлнээр өгсөн гэж хэлснийг мэдэхгүй байна. Надад сумын Засаг даргаас таны хэлсэн 500’000 төгрөгийг болон өөр хүмүүсээс өгсөн гэж 500’000 төгрөг болон бусад дүнтэй мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан удаа байхгүй. Хурал дээр энэ талаар хэлж байгаагүй. Би суусан тамгын газрын хурал дээр ийм зүйл яригдаж байгаагүй. Би таны асуусан зүйлийг анх удаа сонсож байна. Ямар нэгэн байдлаар сумын Засаг даргаас надад 500’000 төгрөг өгсөн гэж хүнд хэлсэн, тэгж хэлээрэй, ингэж хэлээрэй гэж уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

- ... аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/94 дугаартай А.Яыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ... сумын Засаг даргаар томилох тухай захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр хуудас);

- Хаан банкны ... аймаг дахь салбарын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5822/482 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Аийн Я, М-ын О нарын эзэмшлийн дансны хуулга, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 202-225 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.О-ийн яллагдагчаар өгсөн “...Уг шагналын авахаар сумын Засаг дарга А.Ятай утсаар ярьж түүнээс намайг сумын сайн малчнаар шалгаруулах боломжтой эсэх талаар гуйж санал тавьсан. Тэр надад хандан хандив тусламж өгөх юм бол болно гэхээр нь би түүний данс руу нь 500’000 төгрөгийг өөрийн сайн дураар шилжүүлж байсан. Тэр 500’000 төгрөгийг сумын сайн малчин болох зорилгоор өгч байсан. Уг мөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга А.Ятай утсаар яриад дууссаны дараа түүнд шилжүүлж өгсөн байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.

2.2. ... аймгийн ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 10-аас 15-ны өдрийн хооронд тус сумын 3 дугаар багийн иргэн Я.Отой утсаар ярьж түүний нөхөр М.Тийг 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх шаардлагатай тул 500’000 төгрөг эсхүл 2 тооны хонь хандив өгөх шаардлагатай гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Я.Ооос хахууль өгөхийг шаардсан нь:

- Гэрч М.Тийн “Би 2022 оны өвөл ... аймгийн ...мандал суманд отроор өвөлжсөн. Тухайн газар өвөлжиж байхад сумын Засаг дарга А.Я миний эхнэр Я.О руу утсаар холбогдож “танайхыг сумын сайн малчин өрхөөр шалгаруулах гэж байна. Танайх надад 2 хонь өгөөрэй” гэж ярьсан байсан. ...Удалгүй мөн Засаг дарга миний эхнэр рүү утсаар холбогдож “танайхыг сайн малчнаар шалгаруулсан” талаар хэлсэн. Миний эхнэр цагаан сарын баярын өмнө сумын төв ороод ирэхдээ “Засаг даргатай уулзлаа, танайд сайн малчны шагнал гардуулж өгнө, танайх надад 2 хонь өгөөрэй гэж байна” гэж хэлж ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);

- Гэрч М.Тийн дахин өгсөн “...Би ... сумын сайн малчин /аварга малчин/-аар 2022 онд нэг удаа шалгарч байсан. Намайг хэрхэн яаж шалгаруулсан талаар надад мэдэх зүйл огт байхгүй. Учир нь би ямар нэгэн байдлаар сумын сайн малчин болно гэж сум, багийн Засаг дарга нарт материал бүрдүүлж өгсөн, сонгон шалгаруулалтад орсон зүйл байхгүй. Харин 2023 оны 01, 02 дугаар сард ...мандал суманд өвөлжиж байхад ... сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Я нь миний эхнэр Я.Отой утсаар ярьсан байсан. Би тэднийг ярьж байхад гэрт байгаагүй, мал хариулж байсан. А.Я эхнэрт танайхыг сумын аварга малчин /сайн малчин/-аар сонгон шалгаруулж байгаа гэж хэлсэн байлаа. Тэгээд сумын аварга малчны шалгаруулалтын дагуу танайх сумандаа хандив өгсөн байх ёстой юм гэж хэлсэн. Тэр хэлэхдээ шалгаруулах журмын дагуу 500’000 төгрөг эсхүл 2 тооны хонь өгч болно гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь эхнэр “манайд мөнгө байхгүй, заавал өгөх ёстой юм уу гэж хэлэхэд танайх шаардлага хангаад байгаа, шалгаруулах журам нь сумандаа хандив өгсөн байх ёстой” гэж хэлэхээр нь тэр журмынхаа дагуу 2 хонийг хандив болгож авч болно гэж хэлсэн. Тэгэхдээ манайхан А.Я даргад болон суманд хандиваар мал /хонь/ болон мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар хуудас);  

- Гэрч М.Тийн сумын сайн малчны өргөмжлөлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 37 дугаар хуудас);

- Гэрч М.Тийн дахин өгсөн “...Манай ... сумын Засаг дарга А.Я нь миний эхнэр Я.Отой тэр жилийн цагаан сараас бараг сар гаруйн өмнө намайг сумын аварга малчин болгон гэж ярьж байсан. Одоо санахад 2023 оны 01 дүгээр сарын дундуур ярьж байсан санагдаж байна. ...А.Я нь намайг сумын аварга малчин болгон гэж ярихдаа миний эхнэр Я.Оын 98651585 дугаар руу ярьсан гэсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэрэг);

- Гэрч Б.Ггийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн намайг ажиллаж байх хугацаанд буюу одоог хүртэл тухайн ... сумын нэмэлт санхүүжилтийн дансанд ямар нэг байдлаар хандивын мөнгө төвлөрүүлсэн зүйл байхгүй. Тухайн дансаар Байгаль хамгаалах сангаас 1’080’000 төгрөгийн нэг удаагийн орлого 2023 оны 02 дугаар сард гүйлгээ хийгдсэн. Өөрөөр ямар нэг байдлаар мөнгөн гүйлгээ хийгдэж байгаагүй. Намайг тухайн ... сумын ЗДТГ-т орж ажилласнаас хойш хандив өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. ... сумын Засаг дарга А.Я хандив болон мөнгө орж ирсэн талаар мэдэгдэж байгаагүй юм. Хэрэв хандиваар мөнгө, хөрөнгө орж ирсэн тохиолдолд сумын Засаг дарга Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд байршуулах журамтай байдаг юм. Засаг дарга А.Я нь хандив орж ирсэн талаар болон мөнгөн хөрөнгө зарцуулалтын тайланг Засаг даргын тамгын газарт ямар нэг байдлаар тавьж байгаагүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар хуудас);

- Гэрч Я.Оын “...манайх 2022 оны сумын сайн малчин өрхөөр шалгарсан. Шалгарсан шалтгаан нь 2023 оны өвөл манай ... аймгийн ...мандал суманд отроо нүүж өвөлжиж байхад сумын Засаг дарга А.Я яриад “танайхыг сумын сайн өрхөөр шалгаруулах гэж байна, танайх хандив тусламж өгөх хэрэгтэй байна, 500’000 төгрөг юм уу мал өгөх хэрэгтэй” гэхээр би олон жил мал дагасан болохоор нэг шагнал авъя гэж оодоод Засаг даргад мөнгөний боломж байхгүй 2 тооны хонь өгье гэдгээ хэлсэн. Засаг дарга тухайн малыг зун мал сэргэхээр боломж боломжоороо аваад зарцуулна гэж хэлсэн. Тэгсэн цагаан сарын өмнө нь сумын төв ороход сумын Засаг даргын жолооч таараад “танайд маргааш сумын сайн малчны шагнал гардуулахаар явах гэж байна” гэж хэлсэн. 2 хоногийн дараа Засаг дарга, холбогдох хүмүүстэй ирээд сумын сайн малчны шагнал өгөөд явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас);

- Гэрч Я.Оын дахин өгсөн “...Миний нөхөр М.Т нь 2022 онд сумын аварга малчин болж байсан. А.Я надад танайхыг сумын аварга малчин /сайн малчнаар/ сонгон шалгаруулж байгаа гэж хэлсэн. Тэгээд сумын аварга малчны шалгаруулалтын дагуу танайх сумандаа хандив өгсөн байх ёстой юм гэж хэлсэн. Тэр хэлэхдээ шалгаруулах журмын дагуу 500’000 төгрөг эсхүл 2 тооны хонь /мал/ өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд мөнгө байхгүй, заавал өгөх ёстой юм уу гэж хэлэхэд “танайх шаардлага хангаад байгаа, шалгаруулах журам нь сумандаа хандив өгсөн байх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх мөнгө өгч чадахгүй, харин тэр журмынхаа дагуу 2 хонийг хандив болгож авдаг юм байлгүй гэж хэлсэн. Би сумын Засаг даргын хэлээд байгаа аварга малчин болохоор сумандаа хандив өгөх журмын талаар мэдэхгүй байна. Сумын Засаг дарга хэлж байгаа тул тийм журамтай байгаа байх гэж бодсон. Тэр үед сумын Засаг дарга утсаар ярихдаа тэр хоёр хонийг зундаа мал таргалахаар нь авч, хандивын дагуу хэрэглэн гэж хэлсэн. ...2023 оны 05 дугаар сард манай сумын Засаг дарга А.Я нь манай багийн иргэн М.О болон миний нөхөр М.Т нараас хонь авч сумын аварга малчин болгосон яриа ард иргэдийн дунд гарсан байхаар нь би А.Я дээр очиж уулзаж “юу яриад байгаа юм бэ, чи зүгээр байсан хүмүүсийг сумын аварга малчин болгож байгаа гэж утсаар хэлсэн биз дээ, ямар гэдэг шагнал өгсөн юм” гэж хэлээд түүнд сумын аварга малчин гэж миний нөхөр М.Тт өгсөн өргөмжлөл, туузыг нь шидээд өгсөн. ...ерөнхийдөө бол сумын Засаг дарга А.Я нь “хэрэг шалгаж байгаа мөрдөгч рүү битгий яв, өмгөөлөгч битгий ав” гээд байсан. Сумын сайн малчин шагналыг авна гэж миний нөхөр М.Т бид хоёрын зүгээс сумын Засаг дарга А.Ятай холбогдсон уулзсан, түүнд шан харамж өгсөн, санал болгосон удаа байхгүй. Харин сумын Засаг дарга А.Я нь танайх сумын аварга малчин болох болзлыг хангасан байна, аварга малчин болох журмын дагуу 500’000 төгрөг эсхүл хоёр тооны хонь өгөх талаар хэлсэн. Түүний хэлсэн хоёр хонийг болон 500’000 төгрөгийг нь өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас);

- Гэрч Я.Оын дахин өгсөн “...2023 оны туулай жилийн цагаан сар 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж байсан. Цагаан сарын өмнө буюу бидний ярьдгаар хуучны 29-ний өдөр миний нөхөр М.Тийг сумын аварга малчнаар шалгаруулсан шагнал ирж байсан. Тэр шагнал авахаас бараг сарын өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын дундуур, одоо санахад 10-аас 15-ны үед байх А.Я нь миний 98651585 дугаарт нэг юнителийн 88-тай дугаараас /тэр дугаарыг нь санахгүй байна/ залгаад миний нөхөр М.Тийг сумын аварга малчин болгож байгаа талаар хэлсэн. Мөн сумын аварга малчин болоход сумандаа хандив өгөх шаардлагатай талаар хэлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэрэг);

- Гэрч М.Цгийн “...Шалгаруулах хуралдаан явуулахдаа сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааныг хийж шалгаруулдаг юм. Сумын сайн малчдын нэрийг болон бусад аварга, тэргүүнүүдийг сумын Засаг дарга өөрийн биеэр орж ирж зөвлөлийн хуралд танилцуулдаг. Зөвлөлийн гишүүд санал хэлэхээс биш эцсийн шийдвэр гаргах эрх байхгүй. Тэр утгаараа сумын Засаг дарга аварга тэргүүнийг шалгаруулдаг. Манай 3 дугаар баг буюу Хяргас нуур багийн малчин болох М.Т, М.О нар нь хоорондоо болон сумын Засаг даргатай төрөл садны холбоогүй хүмүүс. М.О, М.Т нарыг сумын Засаг дарга А.Я нь өөрөө санал болгож, танилцуулж байсан. Хурал болсны дараа манай 3 дугаар багийн Засаг дарга Х.О нь сумын Засаг дарга А.Яд манай багаас өөр хүмүүс сайн малчин болох байсныг шалгаруулсангүй гэж маргасан гэж яриа гарч байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас);

- Гэрч М.Эгийн “...Таны асууж байгаа сумын 3 дугаар багаас сайн малчнаар шалгарсан М.О, М.Т нарыг болон бусад хүмүүсийн нэрийг сумын Засаг дарга өөрөө танилцуулж байсан. Миний хувьд М.О, М.Т нарыг сайн малчин болгох талаар санал гаргасан удаа байхгүй. Харин сумын Засаг даргаас нэрсийн танилцуулсан хүмүүсийг дэмжсэн. Би зөвлөлийн гишүүний хувьд санал хэлдэг ба эцсийн шийдвэрийг сумын Засаг дарга гаргадаг. ...М.О, М.Т нар нь ямар нэгэн байдлаар намайг сайн малчнаар шалгаруулаад өг гэж мөнгө, эд зүйл өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.

2.3. Шүүгдэгч М.О ... аймгийн ... сумын 2022 оны сумын сайн малчнаар шалгарахын тулд тус сумын Засаг дарга А.Яд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500’000 төгрөгийг өөрийн ....тоот дансаар шилжүүлэн өгч бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн нь:

Тодорхойлох хэсгийн 2.1-т заасан дээрх нотлох баримтуудаас гадна Хаан банк дахь шүүгдэгч А.Яы гэрч Г.Ттай хамтран эзэмшдэг .... тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч М.Оийн ....тоот данснаас “О” гэх утгаар 500’000 төгрөгийн орлого орсон, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “од” гэх утгаар 500’000 төгрөгийг өөрийн 5804031371 тоот данс руу шилжүүлсэн” гэх агуулгатай хуулга (1 дэх хавтаст хэргийн 203 дугаар хуудас);

- Хаан банк дахь шүүгдэгч А.Яы эзэмшдэг 5804031371 тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч А.Яы Г.Ттай хамтран эзэмшдэг .... тоот данснаас “од” гэх утгаар 500’000 төгрөгийн орлого орсон” гэх агуулгатай хуулга (1 дэх хавтаст хэргийн 208 дугаар хуудас);

- Хаан банк дахь шүүгдэгч М.Оийн эзэмшлийн дансны “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Яы Г.Ттай хамтран эзэмшдэг  ....тоот данс руу “О” гэх утгаар 500’000 төгрөг шилжүүлсэн” гэх агуулгатай хуулга (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр хуудас);

- Дээрх баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч М.Оийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Уг шагналын авахаар сумын Засаг дарга А.Ятай утсаар ярьж түүнээс намайг сумын сайн малчнаар шалгаруулах боломжтой эсэх талаар гуйж санал тавьсан. Тэр надад хандан хандив тусламж өгөх юм бол болно гэхээр нь би түүний данс руу нь 500’000 төгрөгийг өөрийн сайн дураар шилжүүлж байсан. Тэр 500’000 төгрөгийг сумын сайн малчин болох зорилгоор өгч байсан. Уг мөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга А.Ятай утсаар яриад дууссаны дараа түүнд шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) зэргээр нотлогдсон байна.

2.4. Гэрч Т.Тын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “2024 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр аймгийн цагдаагийн газраас Ц.Ц гэх комиссар утсаар ярьж тайлбар байцаалт өг гэж хэлсэн. Тэрний дагуу цагдаад ирж тайлбар байцаалт өгсөн. Танай сумын Засаг дарга А.Я иргэн М.Оээс 500’000 төгрөгийн хахууль авсан талаар мэдэх үү гэж асуухад би үнэндээ тэр талаар мэдэхгүй гэх тайлбар мэдүүлэг өгсөн. Өөр их зүйл асуугаагүй. Ийм үйл ажиллагаа болсныг мэдсэн үү, тэр хүнийг таних уу гэдэг зүйлийг асуусан. Үнэхээр авлига авсан эсэхийг мэдэхгүй гэх тайлбар өгсөн. Би шүүхэд тайлбар гаргасан байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед А.Я дарга ийм хэрэгт холбогдсон байгаа тул үүнтэй холбоотой хэлэхэд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус суманд аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан харилцан хүндэтгэе гэх тойргийн 3-4 сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад нэг сумаас 10 орчим хүн ирсэн. Аймгийн Байгаль орчны газраас 6, 7 хүн, сумаас 50 гаруй эмэгтэй ирсэн 100 орчим эмэгтэйн чуулга уулзалт болсон. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт тараад эмэгтэйчүүдийн танилцах үдэшлэг элдэв зүйл болж байхад Засаг дарга намайг өрөөндөө дуудсан. Ороод иртэл аймгаас ирсэн 6, 7 эмэгтэй суучихсан. Дээр нь сум сумаараа орж ирээд суучихсан байсан.  Би Засаг даргад хань барам болж эмэгтэйчүүдийг хүлээн авах хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг хамтран хийсэн. Ирж байгаа сумууд гарын бэлэгтэй ирсэн. Энэ үйл ажиллагаанд таваг жимс тавихаас илүүтэй тэр хүмүүст гарын бэлэг өгөх гээд нярвыг дуудаж Засаг даргын өрөөнд ширээ таваг засуулах, сумын брэнд бүтээгдэхүүнд ингэний айраг, загасны консерв, бэлгийн зүйлс нярваар авхуулж тэр үйл ажиллагаанд зарцуулсан. Засаг дарга сүүлд ийм ийм асуудал болчихлоо, нярав та хоёр энэ асуудалд оролцсон хүмүүс учраас болсон үйл ажиллагааны талаар шүүхэд тайлбар гаргаж өгөөч ээ гэж хэлсний үндсэн дээр шүүхэд хүсэлт гаргаж өгсөн. Хүмүүс бужигнаад тэр энэ гэж ярих боломж олдоогүй. Няравыг дуудаж Засаг дарга мөнгө өгч явуулсан. Нярав яваад 2, 3 дэлгүүрээс ингэний айраг, загасны консерв, чихэр үзэм, жимс бэлэг татаасны юмнууд өгсөн. М.О гэх хүний өгсөн хандивын 500’000 төгрөг байсан гэдгийг тэр хүн дараа нь ярьсан. Тэр үйл ажиллагаанд нярав бид хоёр байлцаад хамтран оролцсон нь үнэн. Ийм л үйл ажиллагаа болсон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас);

- Гэрч Т.Эын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “Би 2022 оны 10 дугаар сараас хойш тамгын газарт нярваар ажиллаж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аппаратын хурал дээр 3 дугаар багийн малчин М.О нь 500’000 төгрөгийн хандив өгсөн гэдгийг Засаг дарга хэлж байсан. Мөн харилцан хүндлэлийн аяны хүрээнд Байгаль орчны газраас зохион байгуулсан хөрш зэргэлдээ сумдын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тухайн өдрийн орой 18 цагийн үед Засаг дарга намайг өрөөндөө дуудахаар нь яваад ортол сумын олон эмэгтэйчүүд суучихсан, тамгын газрын дарга бас ирчихсэн байсан. Надад 500000 төгрөгийг өгөөд би Түмэнжаргалын дэлгүүрээс 180’000 төгрөгийн загасны мах, Сүлд Уулын хишиг дэлгүүрээс 280’000 төгрөгийн ингэний айраг, Айраг нуур дэлгүүрээс 40’000 төгрөгийг чихэр самар авч ирж өгөөд тэр орой тэр хүмүүст үйлчлээд хамт байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 234 дүгээр хуудас) тус тус өгсөн байна.

Мөн шүүгдэгч А.Яы өмгөөлөгчөөр дамжуулж гэрч Т.Т “Миний бие Түвдэндоржийн Т нь 1973 онд төрсөн 51 настай, эхнэр 4 хүүхдийн хамт ... аймгийн ... суманд амьдардаг. 2005 оноос өнөөг хүртэл тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд тус сумын Засаг дарга А.Ятай холбогдох асуудлаар дараах тайлбарыг гаргаж байна.

2023 онд тус сумын Хяргас нуур багийн малчин Мын О нь нийгмийн хариуцлагын хүрээнд суманд 500’000 (таван зуун мянга) төгрөгийн хандивыг өгсөн гэдэг мэдээллийг Засаг дарга А.Я нь сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аппаратын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд дээрх Хяргас нуур багийн малчин Мын Оийн хандив болох 500’000 (таван зуун мянга) төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус суманд зохион байгуулагдсан “Харилцан Хүндэлье” нэртэй аймгийн Байгаль орчны газраас хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон тойргийн сумдын эмэгтэйчүүд болох ... аймгийн Наранбулаг, Өлгий, Өмнөговь сумдаас зөвлөгөөнд оролцохоор ирсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд миний бие тухайн үед хамт байж тэр хүмүүсийг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд оролцсон.

Тухайн үед дээрх үйл ажиллагаанд нийт 500’000 (таван зуун мянга) төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг иргэн М.Оийн өгсөн хандивыг нярваар дамжуулан санхүүжүүлсэн болно.

Энэхүү үйл ажиллагаанд төсвөөс аливаа ямар нэгэн байдлаар зарлага давхцаж гараагүй гэдгийг нотолж байна” гэх тайлбар (2 дахь хавтаст хэргийн 194 дүгээр хуудас);

- Гэрч Т.Э “Т овогтой Э би 1997 онд төрсөн 27 настай, эхнэр 2 хүүхдийн хамт ... аймгийн ... суманд амьдардаг. 2022 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл тус сумын ЗДТГ-ын нярвын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд тус сумын Засаг дарга А.Ятай холбогдох асуудалд дараах тайлбарыг гарган хүргүүлж байна.

Засаг дарга А.Я нь сумын ЗДТГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны аппаратын хурал дээр Хяргас нуур багийн малчин Мын О нь суманд 500’000 төгрөгийг хандивласан гэдгийг албан ёсоор хэлж байсан бөгөөд дээрх Хяргас нуур багийн малчин Мын Оийн хандив болох 500’000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой намайг өрөөндөө дуудаж бэлнээр өгч суманд зохион байгуулагдсан хөрш зэргэлдээ сумдын эмэгтэйчүүдийг хүлээн авах ажиллагаанд зарцуулахаар өгсөн. Тэр мөнгөөр нь миний бие тэр дор нь Айраг-Хяргас нуур дэлгүүрээс 40’000 мянган төгрөгийн чихэр, самар, Сүлдуулын хишиг дэлгүүрээс ингэний айраг 280’000 мянган төгрөгөөр, иргэн А.Түмэнжаргалын дэлгүүрээс загасны мах 180’000 мянган төгрөгөөр тус тус худалдан авч нийт 500’000 төгрөгийн бараа материалыг Засаг даргын өрөөнд авчирч өгөн дээрх үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд миний бие тухайн үед Засаг дарга болон Тамгын газрын дарга нартай хамт байлцан тэр хүмүүст үйлчлэн, хүлээн авах хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд хамт оролцсон болно.

Тухайн үед иргэн М.Оийн өгсөн 500’000 төгрөгийн хандивыг нярав надаар дамжуулан зарлагадсан болохыг гэрчилж байна.

Энэ үйл ажиллагааны талаар төсвөөс аливаа ямар нэгэн байдлаар зарлага давхцаж гараагүй гэдгийг нотолж байна” гэх тайлбар (2 дахь хавтаст хэргийн 191 дүгээр хуудас) тус тус ирүүлсэн байна.

Гэрч Т.Тын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлгээс агуулгын хувьд ноцтой зөрүүтэй буюу өмнөх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн байна. Мөн гэрч Т.Эын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ няцаан үгүйсгэсэн байна.

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Ц “...А.Я нь хэргийн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авагдсан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Ттай 2 удаа утсаар яриад “... Би чамаас болж хэрэгт яллагдагчаар татагдлаа, би гэрээслэл бичиж амиа хорлон, чамайг шалгуулан...” гэсэн утгатай зүйлийг хэлээд намайг дарамтлаад байна гэж Т.Т нь мөрдөгч, комиссар миний 92008200 дугаарт 88458989 дугаараас 13 цагт залгаж мэдээлсэн тул тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргав” гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 37 дугаар хуудас), гэрч Я.Оын дахин өгсөн “...ерөнхийдөө бол сумын Засаг дарга А.Я нь хэрэг шалгаж байгаа мөрдөгч рүү битгий яв, өмгөөлөгч битгий ав гээд байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас)-тэй харьцуулан дүгнэвэл гэрч Т.Т, Т.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж өгсөн мэдүүлгээ нэг жил гаруй хугацааны дараа дээрх мэдүүлэг, тайлбараар үгүйсгэсэн, уг тайлбарыг шүүгдэгч А.Яд биечлэн уулзаж өгсөн талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байх ба шүүгдэгч гэрч нарыг хэргийн талаар ярилцсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтэйгөөр гэрч нар нь шүүгдэгчийн шууд удирдлагад ажилладаг байсан ба ажил хэргийн хувьд байнга уулзаж, харилцдаг байдлаас улбаалан шүүгдэгч А.Я нь гэрч нарт нөлөөлсөн байж болзошгүй байна.

Нөгөөтэйгөөр гэрч Т.Т, Т.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь хэрэг цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно. Харин тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Яы өмгөөлөгчөөр дамжуулж өгсөн тайлбар, нэхэмжлэх, зарлагын баримт гэх баримтуудын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас)-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

2.5. Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Я нь “Гэм буруугийн маргаан байхгүй учир мэдүүлэг өгөхгүй” гэж, шүүгдэгч М.О “Мэдүүлэг өгөхгүй” гэж тус тус мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Улсын яллагчийн “Шүүгдэгч А.Яаас асууя. Таныг улсын яллагчаас М.Оээс 500000 төгрөгийн хахууль авсан мөн иргэн Я.Ооос 500000 төгрөг юм уу эсвэл 2 тооны хонь хахуульд өгөхийг шаардсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Дээрх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна уу?” гэх асуултад шүүгдэгч А.Я “Тиймээ, Миний буруу” гэж, мөн улсын яллагчийн “Сумын аварга малчин болох зорилгоор 500’000 төгрөг өгсөн үү?” гэх асуултад шүүгдэгч М.О “Тиймээ” гэж тус тус шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Прокуророос шүүгдэгч А.Яы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулан зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлжээ.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нийтийн албан тушаалтан хахууль авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр байсныг 1 дэх хэсэг болгон өөрчлөн найруулж, оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хассан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг тогтоогоогүй бөгөөд уг хуулийг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02(1250) дугаарт нийтэлснээр 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль авсан нийтийн албан тушаалтанд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох, зорчих эрхийг хязгаарлах зэрэг хөнгөн төрлийн ялуудыг хасаж, зөвхөн хорих ял оногдуулахаар заасан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нийтийн албан тушаалтныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Я нь шүүгдэгч М.Оээс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500’000 төгрөгийг авсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-аас 15-ны өдрийн үед гэрч Я.Ооос 500’000 төгрөг, эсхүл 2 тооны хонь өгөхийг шаардсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох тул прокуророос шүүгдэгч А.Яы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж хахууль авах гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг хуульчилжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (a)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж;

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж;

- Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус  иш татаж тодорхойлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаал; төрийн захиргааны албан тушаал; төрийн тусгай албан тушаал; төрийн үйлчилгээний албан тушаал гэж ангилах бөгөөд тус зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна. Мөн тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаалууд хамаарах бөгөөд тус хэсгийн 11.1.9-т зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаарч байна.

... аймгийн ... сумын Засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байх тул шүүгдэгч А.Яыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Яы ... аймгийн ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.Оийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор батлагдсан журмын дагуу сумын сайн малчнаар шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шүүгдэгч М.Оээс Хаан банк дахь гэрч Г.Ттай хамтран эзэмшдэг .... дугаартай дансаар 500’000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх шинжийг;

- Мөн ... аймгийн ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 10-аас 15-ны өдрийн хооронд тус сумын 3 дугаар багийн иргэн Я.Отой утсаар ярьж түүний нөхөр М.Тийг 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх шаардлагатай тул 500’000 төгрөг, эсхүл 2 тооны хонь хандив өгөх шаардлагатай гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Я.Ооос хахууль өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэх хахууль авах гэмт хэргийн зэрэгцээ шинжийг тус тус хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Тодруулбал гэмт этгээдийн хийсэн нэг удаагийн үйлдэл дангаараа тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд өөр өөр цаг хугацаанд үйлдсэн хэд хэдэн үйлдлүүд нэгдэж байж тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдлыг ойлгоно.

Шүүгдэгч А.Яы хахууль авсан болон шаардсан үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зэрэгцээ шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах үндэслэлгүй юм. Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр буюу давтан үйлдсэн гэж үзэх нь Эрүүгийн хуулийн зорилго, агуулгад нийцнэ.

3.3. Прокурор шүүгдэгч М.Оийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн бол” гэх хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж ялласан байна.

Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч М.О ... аймгийн ... сумын 2022 оны сумын сайн малчнаар шалгарахын тулд тус сумын Засаг дарга А.Яд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500’000 төгрөгийг өөрийн ....тоот дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл дээрх хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв.

3.3. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон. Тодруулбал хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирдаг.

Хахууль авах болон өгөх гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын хувийн ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Мөн дээрх гэмт хэргүүдийн улмаас төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршгийг учруулдгаараа нийгмийн аюулын шинжтэй гэмт хэрэг болохыг дурдах нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Оийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч А.Яы эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 26 дугаар хуудас), гэрч Г.Тын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 32 дугаар хуудас), шүүгдэгч А.Яы хувийн байдлын талаарх баримтууд (2 дахь хавтаст хэргийн 182-190 дүгээр хуудас), ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч Б.Алтангэрэлийн тодорхойлолт (3 дахь хавтаст хэрэг), шүүгдэгч А.Яы урьд эмнэлгийн оношилгоо, шинжилгээ хийлгэж байсан баримтууд (3 дахь хавтаст хэрэг) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Я нь ... аймгийн ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Оийн 2020, 2021, 2022 оны мал тооллогын баримт (1 дэх хавтаст хэргийн 98-108 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (2 дахь хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), гэрч О.Зонховжавын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.О нь эхнэр, гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч А.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, тус хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч А.Яыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэх, шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Яд оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч М.Од оногдуулах хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримлан шүүгдэгч А.Яаас гэмт хэрэг үйлдэж олсон 500’000 төгрөгийг түүний хувьд ноогдох эд хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгч А.Яы өмгөөлөгч “...А.Я нь тархины хавдар гэх оноштой мөн эмэгтэйчүүдийн талын өвчтэй бөгөөд 6 сар тутамд эмчийн үзлэг хяналтад байх ёстой. А.Яы хувьд 83 хоног цагдан хоригдсон бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Иймд А.Яы хувийн байдал эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай санал;

- Шүүгдэгч М.Оийн өмгөөлөгч “...Анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсэж байна” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.

3.1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байна.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болдог.

Шүүгдэгч М.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хамаарч байгаа, мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх урьдач нөхцөлийг хангаж байгаа боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөлүүд хангагдахгүй байна.

Учир нь эрүүгийн эрх зүйн онол, практикт хохирлыг нөхөн төлөгдөх, нөхөн төлөгдөх боломжгүй гэж ангилдаг. Нөхөн төлөгдөх боломжтой гэмт хэргийн хохирлыг мөнгөн дүнгээр тооцож гэм буруутай этгээдээс гаргуулах замаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой байдаг. Харин нөхөн төлөгдөх боломжгүй хохирол гэдэгт мөнгөн дүнгээр тооцож гаргуулах боломжгүй, хүний зарим төрлийн эрх, эрх чөлөө болон нийтийн, үндэсний ашиг сонирхол хамаардаг ба тэдгээрт учирсан сөрөг үр дагаврыг материаллаг байдлаар нөхөн сэргээх боломж байдаггүй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхол зөрчигддөг тул нөхөн төлөгдөх боломжгүй хохиролтой гэмт хэрэг гэж үздэг. Нөхөн төлөгдөх боломжгүй хохирол учруулдаг гэмт хэргүүдийн хувьд хохирол нөхөн төлөх болох нөхөн төлөхөө илэрхийлэх гэх хууль зүйн ойлголтууд бий болдоггүй тул гагцхүү гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэнд тооцдог болно.

Иймд шүүгдэгч М.Оийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө” гэх саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Иймд ял шийтгэл гарцаагүй байх зарчимд үндэслэн шүүгдэгч М.Од торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч А.Яы анх удаа хорих ял эдэлж байгаа гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх журамтай.

Иймд шүүгдэгч А.Яы хахуульд авсан 500’000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

3.5. ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/465 дугаартай шүүгчийн захирамж (2 дахь хавтаст хэргийн 208-210 дугаар хуудас)-аар шүүгдэгч А.Яыг тус өдрөөс эхлэн шүүгдэгчээр цагдан хорьсон. Шүүгдэгч А.Я нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 83 хоног шүүгдэгчээр цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.

4. Шүүгдэгч А.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Мөрдөгч 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч М.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (2 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч М.Од торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч А.Я-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт А-ын Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ургийн овогт Мын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 3’000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’000’000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч А.Яд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Яы энэ хэрэгт цагдан хоригдсон 83 (наян гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Я-ы хувьд ногдох эд хөрөнгөөс 500’000 (таван зуун мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шүүгдэгч А.Я-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА