Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/52

 

187/2020/0583/Э

 

 

 

  2021             01            07                                        2021/ДШМ/52    

 

Б.А-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мижиддорж,

хохирогч Э.С-,

хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч Д.Болормаа,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, хохирогч Э.С-, Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А-эд холбогдох эрүүгийн 2010006020564 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

 

Б.А- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд “машины сэлбэг захиалж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.А-ээс 2.400.000 төгрөгийг,

 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “”” ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-гаас өөрийн эзэмшлийн 5022783885 дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг,

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-180 тоот байрыг “Миний гэрийг авраач шоунд оролцуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан Э.С-ээс 5 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.А-д, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.С-т, 15.595.393 /арван таван сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б- нарт тус тус олгож, хохирогч нар гэм хор, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Б.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Б- давж заалдах гомдолдоо: “...миний бие тус шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд хохирогч надад 15.595.393 төгрөгийн хохирол бус, нийт мөнгөн дүнгээр 63.556.309 төгрөгийн хохирол, мөнгөн дүнгээр тогтоогдоогүй бусад хохирол учирсан гэж гомдол гаргасан бөгөөд хохирлын хэмжээг үнэн зөвөөр дүгнээгүй. 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Б.А- нь “...“” ХХК-тай хамтран ажилладаг, телевизийн шоу медиа төсөл хэрэгжүүлж байгаа” гэж цахим орчинд зар оруулан, хохирогч намайг төөрөгдүүлэн, бий болоогүй телевизийн нэвтрүүлгийг болсон мэтээр итгүүлэн хууран мэхлэж Хаан банкны 5022783885 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөнгө шилжүүлсэн даруй А- “яаралтай гэрээсээ нүү” гэж шаардахаар нь ажлын хөлсний хямдыг нь бодож интернэт орчноос нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг хүнтэй холбогдон 700.000 төгрөгөөр гэрийн тавилгаа бүхэлд нь нүүлгэн, байраа суллаж түлхүүрээ А-эд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш засварын ажил эхлэх байх гэсэн боловч сарын гаруйн хугацаанд огт ажил эхлүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын эхээр байраа эргэж очиход байрны нураалтын ажил эхэлсэн гээд байрны маань шал, хаалга зэрэг бүтэн байсан эд зүйлийг бүхэлд нь машинд ачаад явсан. ...Тухайн үед А-эд буулгасан дотоод заслын материалаас шал, хаалга гэх мэт бүтэн дотоод заслын материалаа авах санал тавьсан боловч “бид өөрсдөө авдаг юм, танайд шинэ материалаар хийж өгнө” гэж хэлээд аваад явсан. Эдгээр орон байрны дотор талыг буулгах ажлыг Долгор гэх хүний ахалсан барилгын бригад хийж гүйцэтгэсэн. А- нь Долгортой барилгын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоод Долгорыг манай байр луу оруулсан. Тэгэхдээ мөн л тэр хүнд нэг ч төгрөг өгөөгүй. Долгор ч төлбөр мөнгөө өгөөгүй тул ажлаа шууд зогсоосон. Үүнээс хойш А-тэй байнга холбогдож асуухад “удахгүй, одоохон эхэлнэ, хүлээж бай, энэ 7хоногт хийх гэж байна, 14 хоногт хийгээд дуусгах болно.” гэх зэргээр худал хэлж 2020 оны 1 дүгээр сар гарсан. ...” ХХК-ийн худалдааны газарт очиж А-ийг асууж тодруулсны дараа худал хэлж байгааг нь мэдсэн тул гэрийн дотор заслаа өөрөө хийж гүйцэтгэж эхлүүлэхээр барилгын материалыг өөрөө авч, засварын ажлыг Долгорыг гуйж, хөлс мөнгийг нь өгнө гэж хэлээд эхлүүлсэн. Энэ тухай мөрдөн байцаалтын шатанд гаргасан гомдол, мэдүүлэгт шүүх хуралдаанд хийсэн тайлбар, иргэний нэхэмжлэлдээ дурдсан. ...Шүүх хохирлыг хэмжээг буруу тогтоосон гэж үзсэн тохиолдолд өөрөө хохирлын хэмжээг тогтоох боломжтой. Прокуророос хохирогч Б.Б-д 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд заасан боловч миний бие цагдаад гаргасан гомдол, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар мэдүүлэгт бэлэн шилжүүлсэн 10.000.000 төгрөгнөөс гадна байрны дотор тохижилтын материал, барилгын засвар үйлчилгээний зардал, гэр оронгүй байх хугацаанд байр түрээслэн амьдарсан тул түрээсийн зардал зэрэг хохирол учирсан талаар хохирлын хэмжээгээ гаргаж хэлж байсан. Мөн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд тус иргэний нэхэмжлэлээр Б.А-ээс нийт 63.556.306 төгрөгийн мөнгөн хохирол, мөнгөн хөрөнгөөр тогтоогоогүй хохирол учирсан гэж хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. ...Иймд дансаар шилжүүлсэн 10.000.000 төгрөг, Парк-9 хотхоны 03-07 тоот хаягт байрлах орон сууцны засварын ажилд зарцуулсан 47.260.913 төгрөг, орон байргүй байх хугацаанд түрээсийн байр хөлслөн амьдарсан төлбөр 6.295.393 төгрөг, нийт 63.556.306 төгрөгийг Б.А-ээс гаргуулж өгнө үү. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, Парк-9 хотхоны 03-07 тоот хаягт байрлах орон сууцны хуучин дотоод заслын материалыг шинжээчийн дүгнэлт гаргуулан, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжийг нээлттэйгээр хангаж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийг шалгасан мөрдөгч, түүнд хяналт тавьсан прокурор хэргийн бодит байдлыг нотлох, намайг яллах, цагаатгах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр хэт нэг талд үйлчилсэн байдлаар ажилласныг шүүх өөгшүүлэн нэр бүхий хохирогч нарын мэдүүлэгт хөтлөгдөн шийдвэр гаргаж, иргэн миний эрх чөлөөг хязгаарласан нь хууль, шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Э.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгч шүүх хурал дээр шийдвэр гаргаж танилцуулахдаа миний Б.А-эд өгсөн 12.000.000 төгрөгөөр миний хохирлыг тогтоож Б.А-ээр төлүүлэхээр тогтоосон. Гэтэл шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болгон техникийн шинжтэй алдаа гарган нэг тэг бууруулж бичсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Б-гийн өмгөөлөгч Д.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.  Хавтас хэргийн 118 дахь талаас эхлээд барилгын материалтай холбоотой бүхий л баримтууд байгаа.  Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэлэлгүй хохирлын хэмжээг бууруулж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдож байгаа хэмжээгээр хохирлыг тооцох бүрэн боломжтой байсан. Харин тогтоох боломжгүй барилгын дотор заслыг шинжээч томилон, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой байсан. Иймээс нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.А-ийн зүгээс иргэний шинжтэй маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Б.А- нь “хэрэв надад залилах санаа, зорилго байсан бол анхнаасаа гэрээ хийж, дансаар мөнгө авах зэргээр нотлох баримт үлдээсэн үйлдэл хийхгүй байсан” гэдэг. Хохирогч Ч.А-д холбогдох үйлдлийн тухайд, анхан шатны шүүхээс дүгнэхдээ авто сэлбэг зарж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй байж сэлбэгийн захиалга авч 2.400.000 төгрөг залилсан гэж Б.А-ийг буруутгасан. Бидний зүгээс сэлбэгийн үйл ажиллагаа эрхэлж байсантай нь холбогдуулж талбай түрээсэлж байсан болон хувь хүн, хуулийн этгээдүүдэд сэлбэг зарж байсан талаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн Ч.А-ийн сэлбэгийг Батбуян гэж хүнд захисан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А- удаа дараа мэдүүлсэн. Тэгэхээр сэлбэг зарах үйл ажиллагаа явуулдаггүй гэж үзэх үндэслэлгүй байна.  Мөн “миний гэрийг авраач” төсөлтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээнүүд хавтас хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс үйл ажиллагааны эрсдэл гарсан гэж үзэж байна. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх боломжгүй төслөөр мөнгө залилсан гэж Б.А-ийг буруутгаж байна. Б.А- нь “” ХХК-ийг үүсгэн байгуулж, энэ компаниараа дамжуулан “миний гэрийг авраач” төслөө хэрэгжүүлэхээр тодорхой үйл ажиллагаа эрхэлж, хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч төслөө хэрэгжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хохирогч Э.С-т 12.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолд техникийн алдаа гаргаж 1.200.000 төгрөг гэж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Б.Б-гийн хохирлын тухайд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 700.000 төгрөгийг төлсөн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 15.595.393 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн. Үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн учир Б.Б-гийн хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлгүй. Мөн Б.А- нь автомашины сэлбэгийг оруулж ирээгүй байж хохирогч А-ээс мөнгийг нь урьдчилж авсан, мөн “миний гэрийг авраач” төслийн талаар хамтран ажиллах ямар нэг гэрээ хийгдээгүй, энэ талаар гэрч н.А мэдүүлэхдээ “Б.А- нь миний гэрийг авраач гэх контентийн санаа байна гэж ярьж байсан болохоос албан ёсоор хэрэгжсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн үйлдлээр “машины сэлбэг захиалж өгнө”, “Миний гэрийг авраач шоунд оролцуулна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 3 хохирогчоос нийт 24.400.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.А-ийн “...Б.А-ээс сэлбэг авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр түүний данс руу 300.000 төгрөг хийсэн. “Сэлбэгийг Эрхүүгээс захина, нийт зардал хөлстэйгөө нийлээд 2.400.000 төгрөг болно” гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг өгсөн. “Эрхүү дээр сэлбэг чинь ирсэн байна” гэж хэлсэн боловч сэлбэгээ аваагүй. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 300.000 төрөг, 1 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн. ...” /1хх 10/,

 

хохирогч Б.Б-гийн “...фейсбүүкээс “таатай нөхцөлөөр гэрээ засуулах хүмүүс холбогдоно уу” гэсэн зарын дагуу холбогдож үйлчилгээний талаар мэдээлэл авахад тухайн хүн намайг “-ийн байран дээр ирж уулз” гэсэн. Очиж уулзахад А- гэж өөрийгөө танилцуулсан. Тэрээр хэлэхдээ “манай байгууллага миний гэрийг авраач” гэдэг медиа төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Хэд хэдэн айл сонгон шалгаруулж байна. Таны гэрээ засуулах гэж байгаа мөнгөнд тааруулаад илүү гарсан зардлыг манайх өөрөөсөө буюу ивээн тэтгэгч байгууллагуудаасаа гаргаад нэвтрүүлэг, контент бэлдээд хүмүүст хүргэх юм. ...Манай байгууллагатай “” ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Танай байрыг таны хүссэн нөхцөлөөр засаж өгье” гэж хэлсэн. Медиа төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, “Уран ган” ХХК-тай хамтран ажиллана гэсэн үгэнд итгээд А-ийн 5022723885 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. …” /1хх 158-159/,

 

хохирогч Э.С-ийн “...фейсбүүк дээр “миний гэрийг авраач нэртэй реалити шоу эхэлж байна. Таны гэрийг аварсан ч яахав дээ” гэсэн сурталчилгаа явж байсан. Ингээд би 91115755 дугаарын утсаар холбогдсон. Бадарчийн А- гэх хүн ганцаараа ирж манай хашаа байшинг харчихаад “танайд засвар их орох юм байна, мөн их том хэмжээтэй байна. Тийм учраас реалити шоуны оролцогчоор танайхыг сонголоо” гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Б.А-тэй байгуулсан юм. Ажлын нийт хөлсийг 12.000.000 гэж тохирсон ажлын хөлс болох 12.000.000 төгрөгийг өгч эхэлсэн юм. ...”  /1хх 205-206/,

 

гэрч Б.А “...А- надад “миний гэрийг авраач” нэртэй контентын санаа байна, чи миний санааг дэмжих үү” гэдэг саналыг тавьсан. Түүнээс биш “” ХХК-тай албан ёсоор холбогдсон зүйл байхгүй. ...“ ХХК-ийн зүгээс Б.А-ийн яриад байгаа шиг түүний засаж байгаа байрнууд дээр түрээслэгч нараас бараа материал нийлүүлээд сурталчилгаа явуулна гэж тохиролцсон, ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний зүгээс ч амаараа тохирсон зүйл байхгүй. А- “” ХХК дээр өрөө түрээслэн суудаг байсан. ...” /1хх 169-170/,

гэрч Д “...Нүхтэд А- гэдэг хүний захиалгаар 5 өрөө байранд засварын ажил хийх гэрээтэй ажил эхэлсэн. Тухайн үед гэрээн дээр 5 хоногийн дараа эхний санхүүжилт болох 6.900.000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл А- гэдэг хүн нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд би 8 хүн ажиллуулсан. ...” /1хх 171-172/,

Б.А-ийн яллагдагчаар өгсөн “...анх 300.000 төгрөг сэлбэгийн урьдчилгаа гэж шилжүүлсэн. ...Э.С-ээс авсан 12.000.000 төгрөгийг хувьдаа болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулаад дуусгасан. Э.С-ийн байшинг янзлах гэж ямар нэгэн барилгын материал аваагүй. ...” /1хх 54-55, 224-225/ гэсэн мэдүүлгүүд,

 

Ч.А- /1хх 18-21/, Б.А- /1хх 45-46/, Б.Б-г /1хх 100/ нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Э.С-ийн Б.А-ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн баримт /1хх 228-231/, Хаан банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 48-49/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ийнхүү хууль бусаар будсын эд хөрөнгийг авахдаа тэрээр өөрийн хэрэгцээндээ ашиглах санаа зорилгоор хохирогчдыг хуурч мэхлэх болон итгэлийг эвдэх аргаар өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь огт аваагүй сэлбэгийг “Эрхүү дээр сэлбэг чинь ирсэн байна” гэж урьдчилж мөнгийг нь авсан, мөн хэн нэгэнтэй хамтран ажиллах ямар нэг гэрээ байгуулаагүй атлаа “Миний гэрийг авраач” медиа төслийг “” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа” гэж худал хэлэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн энэ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.А-ийн “...хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргаагүй, хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл иргэний эрх зүйн шинжтэй харилцаа гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Б- “...дансаар шилжүүлсэн 10.000.000 төгрөг, орон сууцны засварын ажилд зарцуулсан 47.260.913 төгрөг, түрээсийн төлбөр 6.295.393 төгрөг, нийт 63.556.306 төгрөгийг Б.А-ээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Тэрээр зарын дагуу шүүгдэгч Б.А-тэй холбогдон түүний хэлсэн үгэнд итгэн орон сууцаа засуулахаар 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байраа суллан нүүсэн ба Б.А-ийн ярьж байсан зүйл худлаа болохыг мэдэж өөрөөсөө зардал гарган орон сууцаа засуулсан болон энэ хугацаанд байр түрээслэн амьдарсан зардлаа нэхэмжилсэн байх байх бөгөөд анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм.

 

Харин шүүгч гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа “....12.000.000 төгрөгийг хохирогч Э.С-т олгохоор ...” шийдвэрлэлээ гэсэн атлаа дээрх шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа “...1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.С-т олгосугай. ...” гэж зөрүүтэй бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Мөн “хохирогч Б.Б-д шууд хохиролд 9.700.000, шууд бус хохиролд 6.295.393 төгрөг, нийт 15.595.393 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “10.000.000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 5.595.393 төгрөг, нийт 15.595.393 төгрөгийг хохирогч Б.Б-д тус тус олгох нь зүйтэй байна” гэж өөрөөр дүгнэсэн байгаа ч эцсийн дүндээ нийт гаргуулахаар шийдвэрлэсэн дүн тохирч байна. /шүүгдэгч Б.А- нь Б.Б-д 700.000 төгрөг төлснийг /хх 91/ хасч 9.300.000+6.295.393=15.595.393 төгрөг/

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил боловч шүүгдэгч Б.А-ийн гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, хэргийг дахин шалгах ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Энэ зөрчил нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй байдалтай холбоотой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.

 

Иймд дээрх дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Э.С-ийн давж заалдах гомдлын хүлээн авч, хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “...1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.С-т...тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “...12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хохирогч Э.С-т ...тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.С-ийн давж заалдах гомдлын хүлээн авч, хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН