Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2022/0058

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Гүлбарша би, Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Б.А тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохгүй байгаад аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохыг даалгахнэхэмжлэлийн шаардлага  бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би хариуцагчаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг тодорхойлж, Б.А хөдөлмөр чадвар алдалтын тэтгэвэр олгохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  Б.А тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохгүй байгаад аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Б.А тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохгүй байгаад аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.А нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША