Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баргачууд овогт Дархижавын Батжаргалд холбогдох 201711000181 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Дорнод  аймгийн Баянтүмэн суманд 1976 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс үзэмчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 12 сарын 12-ны өдрийн 147 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 12 сарын 24-ний өдрийн 51 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар, 23 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 05 сарын 14-ний өдрийн 60 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т, мөн хуулийн 1231 –р зүйлийн 3-т зааснаар нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 04 сарын 10-ны өдрийн 07 тоот шүүгчийн  захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан, бие эрүүл Баргачууд овогт Дархижавын Батжаргал. /РД: *******/

 

Шүүгдэгч  ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” баарны гадаа 2017 оны 04 сарын 20-ны орой 21 цагийн орчимд согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/   

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Баргачууд овогт Дархижавын Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.     

            Хохирогч Гончигийн Батнасан хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 сарын 20-ны өдөр Бат-Эрдэнэ гэх залуутай 1-р байрны зүүн талд нэг шил “Их Монгол” нэртэй 0.75 гр архи хувааж уугаад “Лемонс” караокед ороод хоёр 0.5 гр “Нийслэл” нэртэй пиво уугаад согтсон байсан. Миний толгой, хамар орчимд зүсэгдэж үүдэн нэг шүд унасан байсан. Тэгээд эмнэлэгт очсон гэх мэдүүлэг. /хх-ийн 14-16/  

   Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би Батнасан ахтай Дорнод аймаг Хэрлэн сумын 9-р баг, 1-р байрны хойно гудамжинд таараад архи уухаар болоод Батнасан ах дэлгүүрээс 0.5 гр 1 шил “Водка” гэсэн шошигтой архи аваад 1-р байрны зүүн талын сандал дээр сууж байгаад тэр архиа хувааж уусан. Тэндээсээ Батнасан ах Хэрлэн сумын 6-р багт байдаг “Лемонс” нэртэй караокед орье гээд бид хоёр “Лемонс” караокед орж 6 шилтэй “Сэнгүүр” гэсэн шошготой пиво аваад сууж байхад Батнасан ах хойд талын ширээнд сууж байсан эгчийг урьж бүжиглээд байсан. Тэр эгчтэй цуг сууж байсан намхан бор хар дарапан пальтотой хар саравчтай малгайтай ах, тэр эгчийг Батнасан ахтай хардаад, Батнасан ахтай муудалцаад байсан. Тэгээд тэр ах манай ширээн дээр ирж суугаад Батнасан ахтай муудалцаад, ууж байсан

пивыг ширээн дээр асгаад байсан. Тэгээд тэр хоёр караокеноос гарсан. Би араас нь дагаад гарахад тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Тэр залуу Батнасан ахыг гараараа нүүрэн тус газарт нь цохиж унагаасан. Би болиулах гэсэн надруу тэр залуу “...ойртуул чинь ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би зугтаагаад 24-р байрны урдаас такси бариад буцаж очиход Батнасан ах хашааны гадаа нүүр, ам нь цус болчихсон зодуулсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь караокены ресевшин, цагдаа нар ирсэн байсан. 103 дуудаад Батнасан ах бид 2 эмнэлгийн машинаар хүлээн авах руу явсан. Харин нөгөө муудаж, зодолдоод байсан залуу харагдахгүй байсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 17-18/

Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” караокед менежерийн ажил хийдэг. 2017 оны 04 сарын 20-ны орой манай караокед хүн багатай байсан. Би 22 цаг болж байхад гадагш гаргахад манай караокен төмөр сараалжин хашааны гадна баруун урд модны дэргэд нэг залуу хэвтэж байхаар нь би жижүүрээ явуулаад ямар хүн хэвтэж байна хараад ир гэсэн чинь манай жижүүр Мөнхнаст тэр цаана байгаа залуу нь цохиод унагаасан гэсэн. Тэгэхээр нь би “... чи очоод босго” гээд ажил руугаа орж дээгүүрээ хувцасаа өмсөөд гарч ирээд газар хэвтэж байсан залуугийн дэргэд очиход тэр залуу “..яачихваа орж архи ууя” гээд босож байсан. Түүний нүдний дээрээс нь цус гараад нүүр нь цус болсон байсан. Мөн газарт цус гоожсон байсан. Би түргэн дуудсан. Тэр үед бас 2 цагдаа ирсэн байсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 19-20/

Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Дорнод аймагт манай ээж, аав байдаг юм. Би газрын тосноос урагшаа хадлан дээр ажиллаж байгаад аймагт ирээд байна. Би 2017 оны 04 сарын 20-ны орой “Лемонс” караокен гадаа хоёр хүүхэнтэй танилцаад бид гурав дотор ороод нэг, нэг пиво аваад сууж байхад манай найз Батжаргал гаднаас орж ирээд цуг суусан. Бид нарын хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуугийн нэг нь, манай ширээнд сууж байсан нэг хүүхнийг нь сандал дээгүүрээ татаж чангаагаад байсан. Тэр үед Батжаргал түүнийг “..зүгээр бай” гээд тэр залуутай маргасан. Тэр хоёр хүүхэн “..энэ бүтэхгүй газар байна, явъя” гээд гарсан. Батжаргал бид хоёр дагаад гарахад нөгөө хоёр хүүхэн баруун тийшийгээ явахаар нь би араас нь дагаад явсан. Батжаргалыг араас ирэх байх гэсэн чинь ирээгүй. Би тэр хоёр хүүхэнтэй 24-р байрны урд таксины зогсоол хүртэл цуг явсан. Нөгөө хоёр хүүхэн таксинд суугаад яваад өгсөн. Батжаргалын гэр нь СМУ-д байдаг болохоор нь гэр лүүгээ явах юм байгаа биз гээд би шууд гэр лүүгээ явсан. Би Батжаргалыг хүнтэй зодолдож муудах үед нь цуг байгаагүй. Түүнийг хүнтэй муудаж, зодно ч гэж санаанд ороогүй. Харин караокед байхдаа тэр хоёр хүүхнээс болоод “..зүгээр бай” гэж маргаад байсан     гэх мэдүүлэг.  /хх-ийн 21-22/

Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 сарын 20-ны орой найз Болороо гэдэг хүүхэнтэй хоёулаа Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг “Лемонс” нэртэй караокед орж ганц, хоёр цаг дуулах гээд  явж байгаад караокен гадаа Мөнхбаяр гэдэг залуутай танилцаад ганц, ганц лаазтай пиво аваад уугаад сууж байхад гаднаас Мөнхбаярын найз Батжаргал гэдэг залуу орж ирсэн. Тэгээд бид нар сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуугийн нэг нь Болороог “...бүжиглье” гээд татаж чангаагаад байсан. Тэгэхэд тэр Батжаргал тэр залуутай “...чи хүн зүгээр, суулга” гээд маргалдсан Тэгэхээр нь Болороо бид хоёр “...явлаа” гээд тэндээс гарахад Батжаргал нь  “Лемонс” караокен гадаа үлдсэн. Харин Мөнхбаяр нь бид хоёрыг 24-р байрны урд таксины зогсоол хүртэл хүргэж өгөөд тэндээ үлдсэн. Бид хоёр гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 23-24/

Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 сарын 20-ны орой СМУ-гийн хашаанд Оюунгэрэл гэдэг эгчтэйгээ таараад бид хоёр уулзаагүй удсан болохоор 6-р багт байдаг “Лемонс” нэртэй караокед орж ганц, ганц пиво уухаар болсон. Караокен гадаа Мөнхбаяр гэдэг залуутай танилцаад караокед орж лаазтай пиво аваад сууж байхад гаднаас Мөнхбаярын найз Батжаргал гэдэг залуу орж ирсэн. Тэгээд бид нар танилцаад пивоо уугаад сууж байхад, хажуу талын ширээнд сууж байсан нэг согтуу залуу намайг “...бүжиглье” гээд татаж чангаагаад, би “..бүжиглэхгүй” гэсэн чинь “...байн, байн” чангаагаад байсан. Тэгэхэд Батжаргал гэдэг залуу нь “...чи хүн бүжиглэхгүй гэж байхад хүн чангаалаа” гээд тэр хоёр маргалдсан. Нөгөөх нь чамд хамаагүй гэж байсан. Тэгээд пиво уугаад тэндээс Мөнхбаяр гэдэг найзтай нь цуг гараад 24-р байрны урд таксины зогсоол хүртэл цуг яваад Оюунгэрэл эгч бид хоёр таксинд суугаад явсан. Мөнхбаяр нь тэндээ үлдсэн. Харин Батжаргал нь “Лемонс” караокен гадаа үлдсэн. Өөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.  /хх-ийн 25-26/

 

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 225 тоот актын дүгнэлтэд

            1. *******ийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, дээд үүдэн 1 шүдний булгарал, дух, баруун хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, дух, баруун хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.2-т зааснаар 1 шүдний булгарал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамтаарна гэжээ.

     Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 08/

     Камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 09/

     Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 10/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 11-13/

Хохирогч У.Батнасангийн шүүгдэгч *******тай эвлэрсэн тухай бичгээр гаргасан хүсэлт / хх-ийн 82/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 49/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Баргачууд овогт Дархижавын Батжаргал нь согтуугаар 2017 оны 04 сарын 20-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” баарны гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх, дээд үүдэн 1 шүдний булгарал, дух , баруун хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, Б.Бат-Эрдэнэ, С.Сарантуяа, М.Мөнхбаяр, Б.Болормаа, М.Оюунгэрэл нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 225 тоот актын дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 08/, камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр,  согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

  Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч ******* нь “шүүгдэгч ******* надад эмчилгээний зардал бүрэн төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Дархижавын Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 380000 төгрөгний үнэ бүхий BING HIKNG маркийн хөлдөөгч, 60000 төгрөгний үнэ бүхий LISE IAO маркийн  зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.       

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.       

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон эрүүгийн хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баргачууд овогт Дархижавын Батжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Дархижавын Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгосугай.

4. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 380000 төгрөгний үнэ бүхий BING HIKNG  маркийн хөлдөөгч, 60000 төгрөгний үнэ бүхий LISEIAO маркийн  зурагт зэргийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгосугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ