Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/00683

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр           Дугаар 182/ШШ2017/00683         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “У” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г” холбогдох, 

 

“Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүрэгт 63,090,862 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай У ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамжны 62, 65, 67, 68 дугаар байрнуудын гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байсан Г ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр АБ/16-06 тоот “Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ”-г байгуулсан.

Уг АБ/16-06 тоот гэрээгээр манай У ХХК нь өнгө асфальт бетон хольцыг нэг тонныг 165,000 төгрөгөөр, битумын эмульс цацлага нэг тонныг нь 1,350,000 төгрөгөөр нийлүүлэх үүргийг, харин Захиалагч тал болох Г ХХК нь тухай бүх заасан хугацаанд барагдуулах үүргийг тус тус хүлээж, захиалагч тал нь төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд манай У ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 08 болон 10-ны өдрүүдэд нийт 50,513,100 төгрөгийн үнийн дүн бүхий 306,140 тонн асфальт бетон зуурмагийг нийлүүлсэн.

Бүтээгдэхүүн нийлүүлсний дараа бид захиалагч компанийн нягтлан бодогч Л.Мөнххишигтэй 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр харилцан тооцоо нийлж акт үйлдсэн ба холбогдох нэхэмжлэхэд нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50,513,100 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлөхийг шаардан хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг төлбөрийг Г ХХК нь төлөөгүй байна.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн АБ/16-06 тоот “Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ”-ний дагуу манай У ХХК-ийн нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 50,513,100 төгрөгийг, гэрээний хоёрын 4-т заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алданги болох 12,577,761.9 /2016.07.01-2016.09.22-ны өдөр хүртэл нийт 83 хоногийн алданги/ төгрөгийн хамт нийт 63,090,862 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,404 төгрөгийг тус тус Г ХХК-иас гаргуулан өгч, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч О.Наранбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У ХХК-ийн нэхэмжлэлтэй Г ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 50,513,100 төгрөг алданги 12,577,761.9 төгрөг, нийт 63,090,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.Нэхэмжлэгч У ХХК-ийн Г ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх асфальт бетон хольц нийлүүлэх гэрээнд зуучлагчаар “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэн оролцож нэхэмжлэгч талын хүмүүстэй бүтээгдэхүүн авах талаар тохиролцсон. Н.Жамбалцэрэнгийн авчирсан гэрээнд тус компани гарын үсэг зурж баталгаажуулсан.

2.Г ХХК-ийн зүгээс У ХХК-ийн ажилтан албан хаагч хэн нэгэнтэй бүтээгдэхүүн авах талаар уулзсан, гэрээ хэлцэл байгуулсан, төлбөр тооцоо тохирсон зүйл огт байхгүй.

3.Г ХХК нь “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэнгийн авчирсан У ХХК-ийн асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний дагуу төлбөр 50,513,100 төгрөгийг Н.Жамбалцэрэнд бүрэн төлсөн. Н.Жамбалцэрэн нь дээрх төлбөрийг У ХХК-д бүрэн төлөх талаар манай компанид албан бичиг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан “Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүрэгт 50,513,100 төгрөг, алданги 12,577,761.9 төгрөг, нийт 63,090,862 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

У ХХК нь Г ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №АБ/16-06 дугаартай “Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу асфальт бетон хольц 1 тонн 165,000 төгрөгөөр, битумын эмульс 1 нэг тонн 1,350,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл нийт 50,513,100 төгрөгийн үнэ бүхий өнгө асфальт нийлүүлсэн, У ХХК нь хариуцагч Г ХХК-тай тооцоо нийлсэн актаар 50,513,100 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Асфальт бетон хольц нийлүүлэх” №АБ/16-06 дугаартай гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Асфальт бетон зуурмаг нийлүүлэх тухай акт, Тооцооны үлдэгдлийн 03/06 дугаартай баталгаа болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-7, 8 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан “Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ”-ний 2.4-т зааснаар захиалагч төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө 100 хувь барагдуулна. Хэрэв төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцохоор заажээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн нягтлан бодогч Л.Мөнххишиг, нэхэмжлэгч У ХХК-ийн нягтлан бодогч Н.Номин-Эрдэнэ нар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд 50,513,100 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг тооцсон тооцооны үлдэгдлийн баталгаа, мөн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн актаар нийт асфальт бетон зуурмагийн төлбөр 50,513,100 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг тооцон талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж хоёр компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” болон Акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... АБ/16-06 тоот гэрээгээр У ХХК нь өнгө асфальт бетон хольцыг нэг тонныг 165,000 төгрөгөөр, битумын эмульс цацлага нэг тонныг нь 1,350,000 төгрөгөөр нийлүүлэх, захиалагч тал нь төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон.

 У ХХК-ийн нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 50,513,100 төгрөгийг, гэрээний хоёрын 4-т заасны дагуу алданги 12,577,761.9 төгрөгийн, нийт 63,090,862 төгрөгийг Г ХХК-иас гаргуулан...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэх асфальт бетон хольц нийлүүлэх гэрээнд зуучлагчаар “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэн оролцож нэхэмжлэгч талын хүмүүстэй бүтээгдэхүүн авах талаар тохиролцсон. Н.Жамбалцэрэнгийн авчирсан гэрээнд тус компани гарын үсэг зурж баталгаажуулсан. Г ХХК-ийн зүгээс У ХХК-ийн ажилтан албан хаагч хэн нэгэнтэй бүтээгдэхүүн авах талаар уулзсан, гэрээ хэлцэл байгуулсан, төлбөр тооцоо тохирсон зүйл огт байхгүй.

Г ХХК нь “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэнгийн авчирсан У ХХК-ийн асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний дагуу төлбөр 50,513,100 төгрөгийг Н.Жамбалцэрэнд бүрэн төлсөн. Н.Жамбалцэрэн нь дээрх төлбөрийг У ХХК-д бүрэн төлөх талаар манай компанид албан бичиг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасны дагуу худалдан авагч тал нь болох хариуцагч Г ХХК нь худалдан авсан асфальт бетон хольцын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд худалдагч тал болох нэхэмжлэгч У ХХК нь гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцон нэхэмжлэх эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Г ХХК-иас гүйцэтгээгүй үүрэг болох 50,513,100 төгрөгөөс гэрээний 2.4-т зааснаар алдангийг хэтрүүлсэн хугацаагаар тооцож шаардах эрх нь хууль болон гэрээнд зааснаар нээлттэй ба 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаанд тооцогдох алданги 12,577,761 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь “Кристалхилл капитал” ХХК-ийн захирал Н.Жамбэлцэрэнд 50,513,100 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч үүнийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Г ХХК-иас асфальт бетон хольцын төлбөрт 50,513,100 төгрөг, алданги 12,577,761 төгрөг, нийт 63,090,862 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатарт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан журмын дагуу О.Наранбаатарт 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-иас 50,513,100 төгрөг, алданги 12,577,761 төгрөг, нийт 63,090,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 473,404 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС