Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01115

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01115

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: П.Т-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 155/2021/00712/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2012 онд танилцаж 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуримаа хийсэн. Гэрлэлтээ 2014 оны 6 дугаар сард бүртгүүлж бидний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Т.М төрсөн.

Намайг малд яваад ирэхэд П.Т гэрээсээ явсан байсан. Жил гурван сар хүлээсэн ирээгүй болохоор нь амьдрахаа болихоор шийдсэн байна гэж бодоод гэрлэлтээ цуцлуулж өөрийн цаашдын амьдралыг бодохоор шийдсэн.

Хариуцагч нь хамт амьдарч байх хугацаандаа хүү бид хоёрт хайр халамж үзүүлж байгаагүй. Жирэмсэн байхад над руу хутга шидэж байсан. Яагаад хутга шидсэн талаар нь асуухад зүгээр байж байгаад хутга шидсэн гэж хариулсан. Малд явуулахаар алга болчихдог, нэг бол айлд очоод унтсан байдаг. Хамт амьдрахад их хэцүү байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр миний гуйлга ирж, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуримаа хийх гэж байгаа. Хүү Т.Мыг хариуцагчийн асрамжид өгөх боломжгүй. Хүүхдээ би өөрийн асрамжид авна.

Иймд П.Т бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Мийг өөрийн асрамжид авч, эцэг П.Таас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

....2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байнаХариуцагч өөрөө тусдаа амьдрахаар шийдэж явсан. Намайг малдаа яваад ирэхэд явсан байсанЯрилцаж байгаагүй. Ахтайгаа ирээд өөрийнхөө малыг аваад цаашид хамт амьдрах боломжгүй гэж хэлээд явсан. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүхдээ цэцэрлэгээр хүмүүжүүлж байгаа. Хөдөө даалгаврыг нь авч хийлгэн шүлэг, дуу бүгдийг цээжлүүлж байгаа.

...Хариуцагч нь хүнээр гуйлгаж байж ажил хийдэг. Мөн малд явуулахаар хэсээд явчихдаг нэг бол айлд очоод унтсан байдаг....гэв.

Хариуцагч П.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2012 оны хавар танилцаж 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуримаа хийж нэг гэртээ орж 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Т.М төрсөн.

Бидний амьдралд болохгүй зүйл байгаагүй. Энэ хүн дараагийн амьдралаа бодож хүнтэй сууж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Т.Мыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа учраас тэтгэлэг төлөхгүй. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаруулж авна. Ямар нэгэн мэрүүл маргаан гарах үед байнга намайг зайл гэх мэтээр хөөдөг байдаг учраас би гэрээсээ явсан. Би залхуу байсан нь үнэн. Өмнөх шүүх хуралдааны дараа Б.Бийнд очих гэсэн боловч одоо нөхөр нь болох гэж байгаа залуу байгаа гэж сонсоод очоогүй. ... Би эцэг, эхийн хамт мал маллаж амьдардаг. Малаа маллаж хүүхдээ тэжээн тэтгэнэ.

...Хэрүүл маргаан үүсэх болгонд хөөгөөд байхаар нь явсанХэрүүл маргаан үүсэх бүрт зайл, яв гээд хөөгөөд байдаг. ...Тэтгэлэг төлж чадахгүй учраас өөрийн асрамжид авна. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Би ажилд муу....гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь П.Тад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2012 онд танилцаж, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 6758000014 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Т.М төрсөн болох нь 6752000041 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 7-8 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч П.Т нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүү Т.Мын асрамжийн талаар маргах боловч хүү Т.Мыг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Тодруулбал, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.Мын нас болон хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдийн өсч байгаа орчин нөхцлийг өөрчлөхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдийг эх Б.Бийн асрамжид үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч П.Таас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.Мыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч П.Тын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг П.Таас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.Б нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч П.Т төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Т.Мд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөг, нийт 105,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч П.Тад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар П.Т, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.М-ыг эх Б.Бийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Т.М -ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг П.Таас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч П.Тад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Бт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Таас улсын тэмдэгтийн хураамж 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч П.Тад тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ