Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/

Хохирогч *******, *******

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002320479 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* номин худалдааны төвд үсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг дэрстийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хот руу явах чиглэлтэй авто замд туслах замаас төв зам руу орох зорилгоор өөрийн эзэмшлийн ДОУ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ДОУ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *******ийн эрүүл мэндэд баруун 4, 5, 6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч *******ийн биед сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед жолооны дүрэм зөрчсөн нь миний буруу. Гэхдээ нэгэнт зам дээр машин орсныг харсан бол эсрэг талын жолооч зогсоох арга хэмжээ авахгүй юмаа гэхэд бага зэрэг хурдаа сааруулсан бол  энэ хэмжээний хохирол гарахгүй байсан. Үүнд бага зэрэг гомдолтой байна. ...Мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. ...Би хүний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг төлнө. Харин хүний наад захын хэрэглээний хүнс, ахуйн хэрэглээний зардлыг төлж чадахгүй...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд номын санч, бичиг хэргийн ажилтнаар ажилладаг. Надад 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын виз гарсан. Тиймээс 2024 оны 05 дугаар сард ажлаа хүлээлгэн өгч 06 дугаар сарын 07-ны өдөр БНСУлс руу нисэх байсан. Тэгээд бэлтгэлээ хангаж ажлаа зохицуулсан. Гэвч би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэнэтийн байдлаар авто осолд орж эрүүл мэндийн болон сэтгэл санааны хувьд маш хүнд хохирол амссан. БНСУлс руу явахын тулд 9,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Гэвч тэр мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүх эмчилгээний зардал, цалингийн зээл, ахуйн хэрэглээнд зарцуулж дуусгасан. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас надад эрүүл мэнд болон сэтгэл санааны маш хүнд хохирол учирсан. Осол болоход хэргийн газарт байсан хүмүүсээс “түргэн тусламж дуудаад өг” гэж гуйсан боловч хэн ч надад тусламж үзүүлээгүй. Зөвхөн ах надад тусалж намайг машинаас гаргасан. Харин эсрэгээрээ осол гаргасан жолооч болон эхнэр нь биднийг ямар ч шалтгаангүйгээр загнасан. Би үүнд үнэхээр гомдолтой байна. Осолд орсон хүмүүсийг загнахын оронд тусламж дуудаагүйг үнэхээр ойлгохгүй байна. Миний гар утас ойрхон байсан учраас гэр бүл, ажлын хамт олон руугаа залгаж тэднээр дамжуулан түргэн тусламж авч чадсан. БОЭТ-өөс анхны тусламж үзүүлээд оройдоо буцаасан. Гэртээ очоод тайвшруулах эм ууж унтаж шөнийг өнгөрөөсөн боловч маргааш өглөө биеийн байдал муудаж түргэний тэргээр эмнэлэг очсон. Тухайн үед надад ямар ч хөдлөх, идэж, уух чадвар байгаагүй. Намайг Улаанбаатар хотод томограф хийлгэх шаардлагатай гэсэн учраас ах дүү нарын хамт 3 машинтай явсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтээд сээр нурууны 7, 8 дугаар үе хугарсныг мэдсэн. Эмч нар азаар чиний хугарал нугас руу биш эсрэг тал руу хугарсан учраас хагалгаанд орох шаардлага байхгүй, хэвтрийн дэглэм барьж эмчилгээ маш сайн хийлгэх шаардлагатай гэсэн учраас буцсан. Би хөдөө нэг сарын хугацаанд учирсан гэмтлээс болж босож шээж чадахгүй маш хүнд нөхцөлд байсан. Тухайн үед осол гаргасан жолооч надтай холбогдоод “очно, эргэнэ” гэж хэд хэдэн удаа ярьсны дараа ирсэн. Энэ хүмүүс эгчид минь “машин байхгүй үнэхээр хэцүү байна” гэх мэтээр машинаа нэг номерт тавьж ярьсан байсан. Эгч минь ийм зүйл сонсоод уурлаж “та нар машинаа л яриад байх юм, цаана чинь миний дүү өөрөө ч явж чадахгүй үнэхээр хүнд байдалд байгаа” гэж хэлсэн. Би сарын дараа арай гэж хөл дээрээ босоод Шонны мед эмнэлэгт нурууны зураг авхуулсан. Гэвч нуруу бүрэн бороолоогүй, гам барих шаардлагатай болсон. Гэртээ харих гэсэн боловч огилт өгч, дотор муухай оргиж, хоол орохгүй, бүтэн нойргүй, шөнө унтахгүй болохоор Итгэл ивээлт эмнэлэгт хэвтсэн. Би зуны 3 сар нойрны эм уусан ч бүтэн нойртой унтаж чадаагүй. Намайг суманд хэвтэж байхад жолоочийн ар гэрийнхэн нэг удаа эргэж ирсэн. Тэгэхэд намайг ямар хүнд байдалтай байгааг нүдээр харсан. Надаас байнга цагаан хөөс сагаж, огидог байсан. Ажлаас надад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт, 07 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон. БНСУлс явахаар авсан 9,500,000 төгрөгийн цалингийн зээл эрүүл мэндэд минь зарцуулагдаж дууссан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөнгөгүй болсон учраас цалингийн зээлээ төлөхийн тулд ажилдаа орсон боловч миний ажил хийх чадвар 100 хувь алдагдсан. Би цалингийн зээлээ төлөхийн тулд ажилд орж 1 сар ажилласан ч 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд л халагдах хүсэлт өгсөн. Шөнө нойргүй 5-6 цаг хүртэл сэрвэлзэж байгаад өглөө 08 цагт ажилдаа явах чадваргүй болчихдог. Өглөө байнга ажлаасаа хоцордог болсон. Намайг ажлаасаа гарчихлаа гэхэд цалингийн зээлийг хэн төлөх юм бэ, ажил хийх чадвар байхгүй ч гэсэн цалингийн зээлэнд баригдаад ажлаа хийсээр байна. Өнөөдөр шүүх хуралдаанд жолооч эмчилгээний зардлаас бусад зардлыг төлж чадахгүй гэж хэлж байна. Жолоочоос надад эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг өгсөн. Би жолоочийн буруутай үйлдлийн улмаас бие болон сэтгэл санааны маш их хохиролтой байна. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Хэрвээ би осолд ороогүй байсан бол цалингийн зээлэнд дарлуулахгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй, амьдралын чадвар, амьдрах нөхцөл огт өөр байх байсан. Эмчилгээний зардалд баримттай 1,247,109 төгрөг, үүнээс гадна баримтгүй хэдэн төгрөг зарцуулсан. Ослын дараа хот, аймаг, сумын хооронд хэд хэдэн удаа явсан. Миний бие юунаас болоод өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй, даралт унаж, дотор муухай оргидог байсан. Би ослоос хойш өнөөдрийг хүртэл 12 цагийн бүтэн нойр авч үзээгүй. Нийт эмчилгээний баримттай зардалд 1,247,109 төгрөг, ахуй хоол хүнсний зардалд 1,593,931 төгрөг, бусад буюу замын унааны зардал, эмч, сувилагчид өгсөн мөнгө, бас бөө, ламд өгсөн хөлс гээд 1,295,600 төгрөг зарцуулсан. Өөрийн дансанд байсан мөнгөнөөс 5,192,290 төгрөгийг авто осолд орсноос хойш зайлшгүй гарсан зардалд хэрэглэсэн. БНСУ-ын визийг 3 удаа сунгасан. Мөн 08 дугаар сараас хойш цалингүй чөлөө авсан. Хэрвээ би ажлаа хийж байсан бол цалингаа бүрэн авах байсан. БНСУлс руу явахын тулд авсан цалингийн зээл болох 9,500,000 төгрөг ослын улмаас өөр зүйлд зарцуулагдсан учраас цалингийн зээлээ нэхэмжилж байна. Миний сэтгэл санааны хохирол 3 дугаар зэргээр тогтоогдсон. Тиймээс сэтгэл санааны хохирлоос гадна 5,191,290 төгрөг, цалин 1,880,940 төгрөг, цалингийн зээл 9,500,000 төгрөг нийт 16,572,230 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар осол гарсны дараа жолооч түргэн тусламж дуудаагүй. Түргэн дуудахын оронд эхнэрээ дуудчихаад эхнэр нь биднийг загнаж уурласан.  Өөрөө түргэн дуудах гэсэн боловч утас минь олдоогүй.  Би ослын дараа Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт үзүүлж холбогдох бүх шинжилгээг хийлгэсэн. Миний эмчилгээний зардал нийт 1,669,956 төгрөг болсон. Мөн өөрт учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санааны хохирол 3 дугаар зэргээр тогтоогдсон..” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би машины засварын мөнгө 4,488,600 төгрөг, ачилтын хөлс 70,000 төгрөг, журмын хашааны төлбөр 530,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Өчигдөр даатгалаас 4,488,600 төгрөг орсон учраас одоо ачилтын хөлс 70,000 төгрөг болон журмын хашааны төлбөр 530,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил тараад 18 цаг өнгөрөөгөөд байх сургуулийн багш , түүний нөхөр , 9 дүгээр ангийн сурагч нарын хамт Дорнод аймгийн төв рүү явахаар ахын "Приус-10" машинаар сумаасаа гарсан. ах жолоодож байсан ба эгч жолоочийн хажуу суудалд эгчийн харалдаа арын суудал дээр сууж явсан. Ингээд аймгийн төв рүү орох гээд аймгийн баруун захад "Сод Монгол" колонк уруудаад малтай айлуудын орчимд явж байхад гэнэт түс тас гээд дуугарсан. Тэгээд нэг сэрэхэд жолооч намайг " босоорой, гараад ир" гээд би сэрээд ойр тойрноо харахад манай машин замын хажууд онхолдоод талаараа харчихсан байж байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24, 27-28/

"...Тухайн ослын улмаас миний хувьд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй. Ийм учраас би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөөтэй байсан учир үүнийгээ нэхэмжлэх бодолтой байна. Миний нэг сарын цалин 1,880,940 төгрөг гэсэн байгууллагын даргын тодорхойлолт байгаа би үүнийг хэрэгт хавсаргах болно. Миний хувьд эрүүл саруул байсан бол цалингийн зээлээ төлж дуусгаад цаашид амьдрах орчин нөхцөл сайжирсан байх ёстой байтал энэ ослоос болоод зээлээ ч төлж чадахгүй, хүнд нөхцөл байдалд ороод байна. Үүнийг хэрхэн үнэлж миний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой зүйл хэлж чадахгүй хэдий ч энэ бүх хохирлыг минь холбогдох хуулийн байгууллага нь бүрэн төлүүлж барагдуулаасай гэж бодож байна. Одоогоор миний биеийн байдал осол гэмтэлд орсноос хойш 7 сар өнгөрсөн хэдий ч нойргүйдэлтэй, нуруу байнга өвдөлттэй, өдрийн 8 цагийн ажлын ачаалал даахгүй, толгой өвдөлттэй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн байнга өөрчлөлт өгч, дотор муухайрах, компьютер, гар утасны дэлгэцийг удаан харах чадваргүй байдалтай байна. Эмчилгээний зардалд 1,247,109 төгрөг, эмчилгээ хийлгэх зорилгоор аймаг, хот, сум дундын унааны зардалд 1,147,651 төгрөг, эмчилгээтэй холбоотой хүнсний болон ахуйн хэрэглээнд 1,500,930 төгрөг, ослын улмаас баримтгүйгээр эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 1,295,600 төгрөг зарцуулсан. Ингээд нийтдээ 5,191,290 төгрөг нэхэмжлэх болно. Энэ мөнгөн дүн дээр миний нэг сар цалингүй чөлөөтэй байсан хугацааны хохирлоо нэхэмжлэх болно. Өвчтэй байх хугацаандаа цалингийн зээлээ төлж байсан мөнгөн дүн нь надад хүндрэл учруулж байсан учраас энэ төлөлтийг бас буруутай этгээдээр төлүүлэх бодолтой байна. Учир нь би цалингийн зээлийг тодорхой ажил хийхээр төлөвлөж авсан бол ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй болсон тул энэхүү зээлийг буруутай этгээдээр төлүүлэх бодолтой байна.  ...Мөн хэргийн материалтай танилцаж байхад нь гаргасан хүсэлт дундаа үхэр, мал, хөөж явсан гэх утга бүхий зүйл бичсэн байна. ...Тухайн үед нь эхнэрийнхээ хамтаар ирж байсан бөгөөд түүний хувьд надад хэлэхдээ “би тухайн замаар осол болсон гэх цагт тогтмол явдаг, учир нь би ажлаа тараад явж байсан, миний ажил тухайн осол болсон замаас урагшаа яваад байдаг, миний санамсаргүй байдлаас болоод ийм үйл явдал болсон, миний буруу” гэж ярьж байсан. Харин мал явж байсан гэх яриа огт яриагүй. Ийм учраас би түүнийг яагаад ийм хүсэлт бичсэн талаар гайхаж байна. Би гэх этгээдээс эмчилгээний зардалд нэг ч төгрөг аваагүй, тусламж гуйсан зүйл огт байхгүй. Өнөөдрийг хүртэл өөрийн хохирлоо бүрэн дааж эмчилгээ хийлгэж ирсэн. Иймд буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нөхөр ийн хамтаар сумаас Дорнод аймаг руу явсан. Тухайн үед нөхөр маань өөрийн ДОУ гэх Приус 10 маркийн машинаа жолоодож явсан бөгөөд би жолоочийн хажуугийн суудалд, манай машины арын суудал дээр гэх охин, номын санч  нар зорчиж явсан юм. Бид нар сумаас 18 цаг өнгөрөөгөөд гарсан байх. Ингээд аймаг руу дөхөөд аймгийн баруун талд Өүлэний хөшөө өнгөрөөд явж байгаад мөн 2 колонк өнгөрөөгөөд чигээрээ явж байтал гэнэт машины хажуугаас машин гарч ирээд мөргөж манай машин гэрлийн шон хавсарч мөргөөд, нэг өнхрөөд замаас гарч замын хойд талын шороо руу унасан. Би нөхрөө харахад зүгээр юм шиг хэрнээ "хөөе ээ” гэхэд манай нөхөр шоконд орсон байсан уу яасан гэнэт сэргэхээр нь би "хүмүүсээ гаргаачээ" гэхэд машинаасаа гараад ард сууж байсан , хоёрыг машинаас гаргаад намайг машинаас гаргах гэж их удсан. Би чинь хамгаалах бүс зүүчихсэн байсан хүн тэр нь хүзүүгээр орооцолдчихсон, дээрээс нь жин ихтэй хүн машин доошоо хөмөрчихсөн болохоор доошоо харсан байдалтай нөхөр маань нэлээн удаан ноцолдож байж намайг гаргасан. Машинаас гараад харахад манай машиныг мөргөсөн машин зам дээр хөндлөн харчихсан байж байсан. Тухайн үед хөл өвдөөд, ийн нуруу өвдөөд байсан болохоор нь түргэн дуудах гэхэд замын машинууд зогсоогүй. хүн рүү ярьж түргэн дуудуулсан байсан. Тэр үед нөгөө машины жолооч түргэн дуудаж өгөхгүй эхнэрээ дуудсан байсан. Эхнэр нь ирээд "та нар замаа харж яваач" гээд намайг загнаад байсан. Ингээд түргэн ирээд , хоёрыг аваад явсан. Тухайн үед миний бие өвдөж байсан ч нөхрөө орхиод яах вэ гээд хамт үлдсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/

"...Манай машин хот хоорондын замын төв замаар баруунаас зүүн чиглэлтэй аймгийн төв рүү явж байсан. Тэр үед би машиныхаа жолоочийн хажуугийн урд суудалд сууж явсан ба осол болохоос өмнө тухайн замыг хөндлөн гарч байгаа үхэр бол огт харагдаагүй. Харин туслах замаас машин ирж байгааг харсан. Манай нөхөр 2-4 удаа сигнал дарсан. Тэгээд тэр машиныг зогсох байх гэтэл зогсолгүй туслах замаас орж ирээд шууд манай машиныг мөргөсөн. Тэгээд л осол болсондоо. Ослын дараа манай машинтай мөргөлдсөн залуу түргэн дуудаж өгөхгүй хэрнээ өөрийнхөө эхнэр хүүхдээ дуудаад эхнэр нь ирээд бид нарыг загнаад байсан. ...Миний хувьд 2024 оны 05 дугаар сарын 03-ны орой ...болсон ослын улмаас хувийн эмнэлэгт биеэ үзүүлэх, шаардлагатай эм тариа авах, замын зардал зэрэгт нийт 1,669,956 төгрөг зарцуулсан. Үүнийг баримтаар гаргаж хэрэгт хавсаргаж байна. Мөн миний хувьд баримтгүйгээр эм тариа авсан зүйл байгаа. Надад үүнийг батлах ямар нэгэн баримт байхгүй. Шаардлагатай гэвэл уг хэргийн шүүх хурал дээр өөрийн эм тариа авсан тухай дансны хуулгыг барьж ороод нэхэмжлэх бодолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48, 50/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 03-ны орой 18 цаг 30 минутын орчимд ажил тараад гэртээ очиж хоол бэлэн байсан учраас хоолоо идчихээд эхнэрийн хамтаар аймгийн төв рүү явах гэж байхад эхнэртэй хамт сургуульд ажилладаг номын санч нь эхнэртэй холбогдоод хамт аймгийн төв рүү явахаар болсон байсан бөгөөд эхнэр бид хоёрын хувьд гэрээсээ гараад ...төрсөн дүү худалдан аваад нэрээ шилжүүлээгүй байгаа өөрийн эзэмшлийн "Тоёота Приус-10" маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ийн гэрийн гадаа очиход гэрээсээ нутгийн хүүхэд болох хамтаар гарч ирээд арын суудал дээр суугаад бид нар аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд сумаас гараад төв замаар аймгийн төвд орж ирээд ******* сумын 3 дугаар багт ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байхад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй туслах замаас төв зам руу бараан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл уулзвар нэвтрэх гээд явж байсан бөгөөд гэрлээ асаагаагүй байсан юм. Тухайн үед намайг ирж явааг харсан байх гэж бодож байхад уулзвар нэвтрээд туслах замаас төв зам руу ороод ирсэн бөгөөд тэр үед би дуут дохио өгөхөд сонсоогүй бололтой байсан учраас дахин дуут дохио өгөхөд мөн сонсоогүй төв зам руу орж ирсэн бөгөөд би 60 орчим км цагийн хурдтай явж байсан учраас торомз гишгэж амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөөд улмаар цааш төв замын хойно байх гэрлийн шонг мөргөж унагаад замын хойд тал руу онхолдсон. Тэгээд миний жолоодож явсан машин бүтэн эргээгүй хажуу талаараа газарт унасан бөгөөд машинаас хамгийн түрүүнд би өөрөө буугаад хажууд сууж явсан эхнэрийн хамгаалах бүсийг салгаад эхнэрээ буулгаад түүний дараа арын суудалд сууж явсан буулгаад араас нь ийг буулгасан. Ингээд осол гаргасан Т.Приус-30 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ирэхэд жолооч гэх залуу нь өөрийнхөө машины аваарын гэрлийг асаагаад бууж ирсэн ба тэр үед би тухайн жолоочид хандан "чи яагаад туслах замаас ороод ирэв" гэж асуухад миний өөдөөс "би машин ирж байхыг хараагүй" гэж хэлж байсан бөгөөд удалгүй тэр жолооч гар утсаараа түргэн тусламж дуудсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/

"...Осол болохоос өмнө зам хөндлөн ямар ч үхэр гарч байгаагүй. Тухайн үед гадаа харанхуй болоогүй их гэгээтэй байсан. Гэхдээ харуй бүрий болж байсан болохоор би машиныхаа бүдэг гэрлийг асаачихсан явж байсан юм. Би миний машинтай мөргөлдсөн машиныг миний зорчиж явсан төв замын хажуугийн туслах замын тэнд байхыг нь харсан. Тэгээд би мэдээж төв замаар яваа учир тухайн машинд анхааруулга өгч сигнал дарж дуут дохиог 2-4 удаа дарсан. Би тэр машиныг намайг хараад зогсчих байх гээд төв замаараа зорчиж байхад тэр машин зогсолгүй манай машиныг тэр чигээрээ ирж мөргөсөн. Тэр үед манай машин гэрэлтүүлгийн шон мөргөөд замын хажуу руу унасан. Нөгөө машины жолооч гэх залуу бол дараа нь надтай уулзахдаа “приус-30 машины багана өргөн байдаг ахаа би хараагүй юм аа” гэж хүртэл өөрөө ярьж байсан. ...Миний бие төрөлхийн нүдний гажигтай ч гэх юмуу энгийн хүний нүднээс бол өөр хэлбэртэй нүдтэй. Тэрнээс биш нүд маань хардаггүй, хараа муутай гэсэн үг бишээ. Анх 1998 онд нүднийхээ асуудлаар группт орж байсан. Одоо 80 хувийн групптэй. 2014 онд анх жолооч болж байсан. Машин тэрэг барихдаа  ямар ч асуудалгүй бариад явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхтэй. Миний нүдний талаар дэлгэрэнгүй онош зэргийг тодруулах бол намайг хариуцсан эмчээс асууж болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний хувьд ийн аль нүд гэдгийг бол мэдэхгүй байна. Ямартай ч нэг нүд нь төрөлхийн хялар, орчин тойрноо харна. нь өөрөө өөртөө үйлчлэх бүрэн чадвартай. Түүнийг орчин тойрноо бүр харах чадваргүй хүн гэж хэлэхгүй. Баруун нүд нь 2 метр 50 см, зүүн нүд нь 1 метр зайд харна..." гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 93/

Насанд хүрээгүй гэрч, иргэний нэхэмжлэгч У. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил тарсны дараагаар манай сургуулийн багш , номын санч нарын хамтаар багшийн нөхөр гэх ахын ногоон өнгөтэй Приус-10 маркийн машинд суугаад аймгийн төв рүү сумаас хөдөлсөн. Ингээд явж байгаад би замдаа унтаад өгсөн. Тэгтэл гэнэт  түр тар гээд манай машин осолдсон. Намайг жолооч ах машинаас гаргаж өгөөд харахад аймгийн баруун талд байдаг нэг колонк өнгөрөөд нэг хар машинтай манай машин мөргөлдөөд осол гарсан байсан. Хохирол нэхэмжлэх баримт тооцоогоо авчирч өгнө. Мөн осол болох үед машинд байсан миний Самсунг А30 маркийн гар утас маань хагараад ажиллагаагүй болсон. Тухайн утсаа би 2024 оны 03 дугаар сард 320,000 төгрөгөөр худалдан авч байсан. Утсаа төлүүлмээр байна. Самсунг А30 маркийн гар утсаа би аваад удаагүй байсан учраас авсан үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/

“...Тухайн ослын улмаас миний гар утас алга болсон бөгөөд уг зам тээврийн хэргийг мөрдөж байсан мөрдөгч нь надад хүлээлгэн өгсөн бөгөөд осол болсон газраас миний гар утсыг олсон гэж хэлсэн. Миний хувьд гар утсаа хүлээн авахад дэлгэц нь тэр чигтээ хагарч шатсан  байсан. Дахин ашиглах боломжгүй болсон байсан учир уг гар утсаа шинээр нь төлүүлэх бодолтой байна. Өөрөөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд эмчилгээндээ зарцуулсан зардал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83/

Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн эрүүгийн 242100232 дугаартай хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирогч *******, ******* нарын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд ******* ()-ийн эмчилгээний зардалд 456,594 төгрөг, ******* ()-ийн эмчилгээний зардалд 1,215,242 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс *******, ******* нарын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тээврийн хэрэгсэл худалдаж авсан 6,000,000 төгрөгийг нэхэмжлэх болно гэж өмнө мэдүүлсэн. Одоо бол миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг Дамно ХХК нь 4,488,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй танилцсан. Би энэ үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжлэх болно. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд 2  сарын хугацаанд байлгасан. Би тээврийн хэрэгслээ уг хашаанаас авахын тулд  530,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өөрийн Хаан банкны ... тоот данснаас шилжүүлэн өгсөн. Үүнийг нэхэмжлэх болно. Мөн тухайн тээврийн хэрэгслийг ослын дараагаар Дорнод аймгийн дуудлагын ачигч машин дуудаж ачуулсан тул түүний төлбөр гээд 70,000 төгрөгийг өөрийн данснаас мөн адил холбогдох хүний дансанд тухайн өдөр шилжүүлсэн. Ингээд би нийтдээ 5,088,600 төгрөг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 242100232 дугаартай хэргийн улмаас "Дамно" ХХК-ны эдийн засгийн шинжээчээр "Тоёота Приус-10" маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг үнэлүүлж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтийн зардал 118,000 төгрөг бөгөөд тухайн зардлыг Дорнод аймгийн цагдаагийн газрын 2024 оны батлагдсан төсвийн зардлаас 2024 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр "Дамно" ХХК-ын Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд ... шилжүүлсэн. Энэ төлбөрийг зохих ёсны хариуцлага хүлээж байгаа этгээдээс гаргуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150/

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46/16, 24/179 дугаартай “...Зам тээврийн осол материалтай танилцахад Тоёота приус XW30 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota prius-10 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Уг зам тээврийн осол гарахад замын орчин болон байгаль цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Toyota prius-30 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-186/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийн амьдардаг Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг Танк гэх газраас үхрээ урагшаа чиглэлтэй  төв замаар хэсэг тууж байгаад буцаж гэр рүүгээ явах гээд гэрийнхээ урд талын замаар хойшоо чиглэлтэй хөндлөн гарах гэж байгаад төв автозамын зорчих хэсэгт ойрхон ирж буй машин харагдаагүй учир зам руу орсон. Гэтэл тухайн үед гэнэт л миний хажуу хэсгээс  ертөнцийн зүгээр баруун талаас миний унаж явсан миний эзэмшлийн Тоёота приус-30 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт мөргөсөн. Миний машиныг мөргөсөн машиныг буугаад харахад хар ногоон өнгийн Т.приус-10 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн машин дотор энэ хэргийн хохирогч , болон жоохон охин , жолооч нар явж байсан. Миний хувьд зам гарах гээд зогсож байх үед цаг ойролцоогоор 20 цаг болж байсан гэж бодож байна. Тухайн үед харуй бүрий болсон байсан. Мөн зам руу нэвтэрч орох үедээ 2 тийшээ харсан бөгөөд уг машин харагдаагүй нь үнэн. Иймээс би уг тээврийн хэрэгслийг гэрэлгүй явж байсан гэж бодож байна. Мөн надад ямар нэгэн байдлаар дуут дохио сонсогдоогүй. Мөн уг тээврийн хэрэгсэл нь бараан өнгийн тээврийн хэрэгсэл учраас харуй бүрий үед харагдаагүй байх гэж бодож байна. ...Миний хувьд хэргийн зүйлчилсэн байдалтай маргах зүйл байхгүй. Харин осол болох үед нөгөө машины жолооч нь машинаа зогсоох арга хэмжээ яаралтай авсан бол уг хэргийн хохирогч нарын хохирлын хэмжээ бага байх байсан болов уу хэмээн бодож байна. ..Хохирлыг өөрийн боломжоороо төлж барагдуулах болно гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 162 тоот дүгнэлтэд:

            1.” V/4” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /1-р хх-ийн 105-106/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 163 тоот дүгнэлтэд:

            1.” V/4” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /1-р хх-ийн 111-112/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 287 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед баруун 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн хөх, зүүн бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Баруун 4, 5, 6-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 127-130/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 259 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, дух, эрүүний зүүн булангийн зулгаралт, зүүн зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрхи сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /1-р хх-ийн 136-138/

 

Хөдөлгөөний соёл ТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот дүгнэлтэд:

1. Гол зам гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу 3.1, 3.3абв, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ. Мөн осол болсон А цэг уулзварын голд байх ба ДОУ тээврийн хэрэгслийн мөргөлдсөн гэх хэсэг нь зүүн урд хэсэгт байх нь уг тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх үйлдлийг зөв гүйцэтгээгүй нь тодорхой байна.

ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ЗХД-ийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ, 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 15.9-д Гол ба туслах замын уулзварт  туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан зүйл заалтуудыг зөрчсөн байна.

2. ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ЗХД-ийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Замын хөдөлгөөн ЗХД-ээр зохицуулагдана.

3. ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ЗХД-ийн 1.2.16-д “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ, 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 15.9-д Гол ба туслах замын уулзварт  туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан зүйл заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болжээ.

4. ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан зүйл заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон байна гэжээ. /1-р хх-ийн 178-179/

Шинжээч 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46/16, 24/179 тоот дүгнэлтэд:

1.Зам тээврийн ослын материалтай танилцахад Toyota prius XW30 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota prius-10 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрсөн гэх үндэслэлгүй байна.

3. Уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Toyota prius-30 маркийн ДОУ улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэжээ. /1-р хх-ийн 185-186/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 07/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-16/

- Зам тээврийн ослын схем зураглал /1-р хх-ийн 17/

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 18-19/

- Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт /1-р хх-ийн 33/

- Хохирогч *******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 34, 37-40, 238-240/

- Хохирогч *******ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 52-56/

- *******, ******* нарын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /1-р хх-ийн 58, 60/

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 261 тоот дүгнэлт, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 288 тоот дүгнэлт /1-р хх-ийн 117-118, 122-123/

- *******ийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, ГССҮТ-ийн хүзүү нурууны гэмтэл согогийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт /1-р хх-ийн 134-135/

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 255 тоот дүгнэлт /1-р хх-ийн 143-144/

- Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-248, РЦ-24-241 тоот шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 154-158, 164-17/

- *******, ******* нарын жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 217, 219/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон иргэний нэхэмжлэгч утасны төлбөр төлсөн талаарх дансны хуулга, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нийт 3 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хот руу явах чиглэлтэй авто замд туслах замаас төв зам руу орохоор өөрийн эзэмшлийн ДОУ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ДОУ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *******ийн эрүүл мэндэд баруун 4, 5, 6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, *******ийн биед сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч У., нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг,  Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 287 тоот “...*******ийн биед баруун 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн хөх, зүүн бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун 4, 5, 6-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 259 тоот “...*******ийн биед сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, дух, эрүүний зүүн булангийн зулгаралт, зүүн зулайн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт болон зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи сээрний 7, 8-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот дүгнэлт, шинжээч 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46/16, 24/179 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Батжаргалын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох эм тарианы үнэ, эмчилгээ, үзлэг оношилгооны төлбөр, шатахууны үнэ, замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зээл, бусад зардалд нийт 16,572,230 төгрөг, хохирогч ******* нь үзлэг оношилгоо, эм, эмчилгээ, замын зардалд 1,669,956 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр, машин ачилтын зардалд 600,000 төгрөгийг тус тус шүүгдэгч *******аас нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан хохирогч *******ийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эм, эмчилгээ, замын зардалд зарцуулсан 1,784,706 төгрөг, хохирогч *******ийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эм, эмчилгээ, замын зардалд зарцуулсан 1,401,656 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ийн тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр, машин ачилтын зардалд зарцуулсан 600,000 төгрөгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар  шүүгдэгч *******аас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч *******т 1,000,000 төгрөг, хохирогч *******эд 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.д 230,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 118,000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг гаргаж өгсөн байна.

Иймд шүүхээс хохирогч нарт шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлоос шүүгдэгчийн төлсөн мөнгийг хасаад хохирогч *******т 784,706 төгрөг /1,784,706-1,000,000=784,706/,  хохирогч *******эд 901,656 төгрөг /1,404,656-500,000=901,656/, иргэний нэхэмжлэгч *******эд 600,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгож, хохирогч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан 2,000,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Үүнээс гадна хохирогч *******, ******* нарт уг гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирч Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлсэн бөгөөд тэдний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,671,836 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт /хх-ийн 67-68/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. 

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагатай байна” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Иймд хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч У.д 230,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 118,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн   хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2,286,362 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т 784,706 төгрөг, хохирогч *******эд 901,656 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******эд 600,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа авсан 2,000,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******, ******* нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 1,671,836  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

8. Хохирогч *******, ******* нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 118,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.д 230,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА